Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0012

 

Б.Ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч Г.Э, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд анх Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гэрээт ажилчнаар орж, 2012 оноос Ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Гэтэл тус газрын дарга Г.Э нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4аймгийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамжаар батлагдсан “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, дүрэм”-ийг үндэслэн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн тул Ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо нь хасагдсан, шинэ ажлын байранд мэргэжил таарахгүй гэсэн шалтгаанаар намайг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр албан тушаалаас чөлөөлсөн. Миний ажиллах нөхцөл байдлыг хааж зориудаар ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг өөрчилж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 32 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгуулж, ажилгүй байсан бүх хугацааны цалин болох 2.781.543 төгрөгтэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ойн албаны 3 мэргэжилтэн шинэ бүтэцзохион байгуулалтаар 2 мэргэжилтэн болсон. Орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг эргүүлэн авах тушаал гаргаж, орон тооны цомхотголд орсон төрийн албан хаагч Б.Нд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3.059.688 төгрөг олгосон. Хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг сарын өмнө өгч танилцуулсан. Б.Н нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хоёр ч удаа авсан. Энэ бүгд ажлын байранд тэнцэж үлдээх үү, үгүй юу гэдэг асуудлын шалгуур болж байсан. Үүнээс үндэслээд Б.Г, Б.Н хоёроос Б.Ныг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөөд сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгонБ.Гг ажилд нь үлдээсэн. Байгууллагын бүтэцзохион байгуулалтыг Засаг даргын захирамжаар өөрчилдөг. Би өөрийн санаачилгаар Б.Ныг ажлаас чөлөөлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2012-2015 онд тус байгууллагад ургамлын нөөц ашиглалт, хамгаалалт, ойн дагалт нөөцийн ашиглалт хамгаалалт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ой хээрийн түймэр, цөлжилт, бэлчээрийн асуудлыг хариуцан ажиллаж байна. 2015 оны 05 дугаар сараас эхлэн Ойжуулалт, байгалийн гамшиг, хортон шавж, цөлжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа ба ойжуулалт, ойн дагалт нөөцийн ашиглалт хамгаалалт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ой хээрийн түймэр /гамшиг/, хортон шавж, цөлжилт, бэлчээрийн асуудлуудыг хариуцан ажиллаж байна. Үүнээс харахад урьд эрхэлж байсан албан тушаалаас шинэ ажлын байранд томилогдсон нь үйл ажиллагааны хувьд өөрчлөлт орсон ба хасагдсан чиглэл нь байгалийн ургамал, нэмэгдсэн чиглэл нь ойжуулалт, хортон шавьжийн асуудал юм. Энэ нь бүтцийн өөрчлөлтөөр миний ажил үүргийн хуваарьт бага зэргийн өөрчлөлт орсныг харуулж байна. Нэхэмжлэгч Б.Н нь ойжуулалт, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн асуудлыг хариуцан ажиллаж байсан ба бүтцийн өөрчлөлтөд орсноос хойш ойжуулалтын ажлыг би, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн асуудлыг мэргэжилтэн Э.Батсайхан хариуцан ажиллаж байгаа гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.3-д заасныг тус тус баримтлан, Б.Ны нэхэмжлэлийн шаардлагыг

бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ныг Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин болох 2781543 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

              Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна. 

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар тушаалаар тус газрын Ой нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн Б.Ныг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 8 дугаар тогтоолоор Байгаль орчны газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар болж, уг тогтоолын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-76 дугаар тушаалаар Аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын үлгэрчилсэн дүрмийг баталсан байна.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар болгон өөрчилж, Байгаль орчны газрын орон тоон дээр Соёл, спорт аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог шилжүүлж, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-76 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар тус газрын мэргэжилтний орон тоо 3 байсныг 2 болгон цөөрүүлсэн ба Ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавьж цөлжилт хариуцсан мэргэжилтний орон тоо 1, төрийн албан хаагчийн ТЗ-5 гэсэн ангилал зэрэглэлд хамаарагдахаар баталжээ.

              Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтний орон тоо, албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинээр батлагдсан Ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавьж цөлжилт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэн байна.

              Нэхэмжлэгчээс “Миний диплом шинээр ажлын байранд тавигдсан шаардлагатай 100 хувь нийцэж байгаа. Би 4 жил ажиллаж туршлагажсан, тэр хугацаандаа тодорхой хэмжээний мэргэжил дээшлүүлсэн учраас өөрийгөө мэргэжлийн боловсон хүчин гэж үзэж байна” гэж, хариуцагчаас “төрийн албанд мэргэжлийн хүн ажиллах ёстой, мэргэжлийн биш хүн мэргэшинэ гэж байхгүй, ойн нөхөрлөл хариуцсан мэргэжилтний ажлын байр бүр байхгүй болоогүй /орон тоо хасагдаагүй/, харин усны мэргэжилтнийг цомхотгож, хог химийн хорт бодисыг усны мэргэжилтэнтэй нэгтгэн 1 мэргэжилтэн болгож орон тоог хассан” гэж, гуравдагч этгээдээс “би экологич, байгаль хамгааллын биологич мэргэжилтэй учраас байгаль орчны ямарч салбарт ажиллах бүрэн эрхтэй гэж” тус тус тайлбар гарган маргаж байна.

              Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

              Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн албан хаагчийн хуулиар олгосон дээрх нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ны ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтийн дагуу бий болсон нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгчийг уг албан тушаалд ажиллуулахгүй, “Ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтний ажлын байр, орон тоо хасагдсан, шинэ ажлын байранд мэргэжил таарахгүй” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

              Хэдийгээр нэхэмжлэгч Б.Н нь агрономич мэргэжилтэй боловч Ой, нөхөрлөл хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан “ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой судлаач, агрономич” гэсэн шаардлагыг хангасны үндсэн дээр Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17б дүгээр тушаалаар дээрх ажил, албан тушаалд авч ажиллуулсан, нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа ойн талаарх сургалтуудад хамрагдсан байхад шинэчлэн боловсруулсан Ойжуулалт, байгалийн гамшиг, хөнөөлт шавж цөлжилт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан “ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой судлаач, ой зүйч гэсэн мэргэжлийг эзэмшсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгчийг ажил, албан тушаалтаас нь чөлөөлсөн атлаа “тухайн мэргэжилтний ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуур, үзүүлэлт, ажлын гүйцэтгэлийг харгалзан үзэж Экологи, байгаль хамгааллын биологич мэргэжилтэй учраас гуравдагч этгээд Б.Гг эгүүлэн ажилд авсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

              Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,781,543 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн, маргаан бүхий 32 дугаар актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол хөндөгдсөн байх тул энэхүү шаардлагын хүрээнд анхан шатны шүүх дээрх цалин хөлстэй тэнцэх олговрыг захиргааны байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1.    Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР