Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: М.Цэнд-Аюуш

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч   Л.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Жаргалан  овогт Лхамсүрэнгийн Хатанбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625010937 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Жаргалан  овогт Лхамсүрэнгийн Хатанбаатар, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд  төрсөн, 28 настай, эрэгтэй,   боловсролгүй,   мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт  Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Өндөр хошуу гэдэг газарт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод ганцаараа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны Нийтийн байрны 7 тоот өрөөг түрээслэн амьдарч байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЖГ88053073

Холбогдсон хэргийн талаар:

         Л.Хатанбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны задгайд оршин суух  М.Мөнхтөрийн гэрт нэвтрэн орж Асер маркийн зөөврийн компьютер, марк тодорхойгүй 17 инчийн зурагт,ТВС хүлээн авагч зэргийг хулгайлан авч 460.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

         Шүүгдэгч Л.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

         Шүүгдэгч Л.Хатанбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байх 18.00 цагийн орчимд ганцаараа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархаданд байх танил Төрөө гэх айлын гэрт очиход цоожтой байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад тэднийхээс эд зүйл хулгайлах санаа төрж тэдний гэрийн хаалганы хар өнгийн зүүдэг цоожны 9999 дугаарын кодыг мэддэг болохоор кодыг хийж онгойлгон орж хойморт нь байдаг мөлхөө тавилга дээр байсан харөнгийн улаан хүрээтэй 17 инчийн байх маркийг нь мэдэхгүй зурагт, хажууд нь байсан МВС кабель хүлээн авагч төхөөрөмж, тавиур дээр ил байсан маркийг нь мэдэхгүй хар өнгийн жижиг зөөврийн компьютер зэргийг хулгайлж авсан. Өөр эд зүйл аваагүй. Тэндээсээ гараад явган яваад Цайз захын орчимд байдаг зурагтны засварын газар 40 орчим насны эрэгтэй хүнд миний зурагт, кабель хүлээн авагч гэж худал хэлээд нийлүүлээд 20.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ буюу цайз захын хойд талын автобусны буудлаас хорооллын улаан хүрэн өнгийн автобусанд сууж яваад хорооллын эцэс дээр буухдаа автобусны зүүн хойд талын суудал дээр зарим зүйлээ мартаад үлдээчихсэн байсан. Би тэр айлтай миний амьдардаг байсан нийтийн байранд хажуу өрөө түрээслэж байхад нь танилцаж мэддэг болсон. Гэрт нь очиж байхдаа цоожны кодыг нь мэддэг болсон. Би Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Багаасаа мал дээр байсан болохоор сургуульд сураагүй. Надад эхнэр хүүхэд гэж байхгүй. Эхээс 3-уулаа. 2 дүү, аав Лхамсүрэн Булган суманд хүний мал дээр байдаг. Ээж Туяа ажилгүй гэртээ байдаг. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Цэргийн алба хаасан. Намайг батлан даалтанд авах хүн байхгүй. Ар гэрийнхээ хүмүүсийн утсыг би мэдэхгүй гэжээ. /хх-ийн 30/

    Хохирогч М.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17.00 цагт гэрээсээ гараад 19.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы гадаахи кодоор онгойдог цоожийг онгойлгоод дотор хаалганы цоож эвдээд хулгайч орсон байсан. Би эд зүйлээ бүртгэж үзэхэд 17 инчийн марк нь тодорхойгүй Хятад зурагт, МВС-ийн хүлээн авагч алга болсон байсан. Манай код хийдэг цоожийг мэддэг хүн л хулгай хийсэн байх. Тэр цоожийг кодоор тайлаад буцаагаад цоожилсон байсан. Би зурагтаа 2013 онд 120.000 төгрөгөөр авч байсан юм. Хажууд нь байсан МВС хүлээн авагч төрөөрөмж мөн 120.000 төгрөгөөр үнэлнэ. Сүүлд нь эд зүйлээ бүртгэж үзэхэд Асер маркийн хар өнгийн жижиг зөөврийн компьютер алга болсон байсан. Уг компьютерийг 2013 онд 450.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би өнгөрсөн жил нийтийн байранд өрөө түрээслэж байсан Хатанбаатар гэдэг залуутай танилцаж байсан ба тэрээр манайхаар орж гараад явж байхдаа манай хаалганы цоожны кодыг мэддэг байсан. Тэрээр хулгай хийсэнд нь гомдолтой байна гэжээ.  /хх-н 4,10-13/

         Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: МВС хүлээн авагч төхөөрөмж, HYUNDAI  маркийн 17 инчийн зурагт зэргийг Чакей овогтой Тилеүбекээс хураан авсан байна./хх-н 6/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: МВС хүлээн авагч төхөөрөмж, HYUNDAI  маркийн 17 инчийн зурагт зэргийг хохирогч М.Мөнхтөрд өгсөн байна./хх-н 7/, Эд зүйлийн үнэлгээнд : Зурагт 120.000 төгрөг,хүлээн авагч 90.000 төгрөг, зөөврийн компьютер- 250.000 төгрөг гэж тус тус үнэлжээ./хх-н 8-9/

          Гэрч М.Мөнхчулуун  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17.00 цагаас 19.00 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны задгай тоот манай төрсөн ах Мөнхтөрийн монгол гэрийн хаалганы  зүүдэг кодтой цоожны кодыг тайлж онгойлгон дотор нь орж хойморт нь байсан мөлхөө тавилганы дээр байсан марк нь тодорхойгүй 17 инчийн хар өнгийн улаан хүрээтэй хавтгай дэлгэцтэй зурагт, 2013 онд худалдан авч байсан, мөн Асер маркийн хар өнгийн жижиг зөөврийн компьютер, МВС хүлээн авагч төхөөрөмж зэрэг зүйл алдагдсан байсан. Эдгээр зүйлүүдийг 2013 онд худалдан авч байсан. Өөр зүйл алдагдаагүй гэсэн. Манай ахын гэрийн зүүдэг кодтой цоожны кодыг Хатанбаатар гэдэг залуу мэддэг байсан. Тэр залууг л сэжиглэж байна гэжээ. /хх-ийн 15/

           Гэрч Ч.Тилеүбек  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 3 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайз захын уулзвар дээр байх Их цайз худалдааны төвд зурагт засварын газраа ажиллуулж байхад үл таних Хатанбаатар гэх залуу орж ирээд хөдөө явах гэсэн юм мөнгөний хэрэг болоод энэ зурагт, МВС кабель хүлээн авагч төхөөрөмжийг сэлбэгэнд өгөх гэсэн юм 25.000 төгрөгөөр авчих гэхээр нь 20.000 төгрөгөнд өгвөл авья гэхэд зөвшөөрөөд өгсөн. Тухайн үед Лхамсүрэн овогтой Хатанбаатар ЖГ88053073 гэсэн өөрийнхөө бичиг баримтыг үзүүлж миний өөрийн эд зүйл байгаа юм гэж хэлээд өгсөн болохоор итгээд авсан. Би Хатанбаатарыг танихгүй. Миний өөрийн юм гээд байхаар нь итгэсэн гэжээ. /хх-ийн 16/

           Гэрч Л.Бадамдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний төрсөн ах Лхамсүрэнгийн Хатанбаатар нь 1988 онд Дорнод аймагт төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ганцаараа хотод байр түрээслэн амьдардаг юм. Хүнтэй гэрлэж гэр бүлтэй болоогүй. Харин цэргийн алба хаасан. 18-19 настайдаа цэргийн алба хаагаад хар бор ажил хийж биеэ дааж ганцаараа амьдрах болсон. 3-4 жилийн өмнө хотод амьдарна гээд явсан ямар ажил хийдгийг нь би мэдэхгүй. Бидний төрсөн аав Лхамсүрэн бидний багад нас барсан. Ээж Энхтуяа өөр хүнтэй суугаад хөдөө байдаг юм. Бид эхээс 5-уулаа боловч одоо бараг холбоогүй байдаг юм. Хатанбаатар ааш зангийн хувьд түргэн зантай, бидэнтэй ааш зангаараа таардаггүй юм. Биеэ даагаад явдаг болохоор бидэнд хүндрэл учруулдаггүй сайн талтай. Хүнд хэцүү амьдралаасаа болоод л энэ хэрэгт орсон байх. Би энэ хүнийг батлан дааж авч чадахгүй. Хөдөө ээжтэй холбоо барихад өөрөө хэргээ үүрнэ биз гэж байсан гэжээ. /хх-ийн 17-18/          

          Сэжигтнийг баривчлах тогтоолоор Л.Хатанбаатарыг 2016.3.15-ны өдөр баривчилсан тогтоол /хх-н 19/, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна./ хх-н 20-27/

           Л.Хатанбаатарыг  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н  28-32/,

         Л.Хатанбаатарын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 34/, Л.Хатанбаатарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байгааг тодорхойлсон тодорхойлолтууд /хх-н 35-38/ зэрэг болно.

         Л.Хатанбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны задгайд оршин суух  М.Мөнхтөрийн гэрийн гадна хаалганы кодоор нь онгойлгож  доторх хаалгыг эвдэн орж хэвтээ тавилган дээр байсан  Асер маркийн зөөврийн компьютер, марк тодорхойгүй 17 инчийн зурагт,ТВС хүлээн авагч зэргийг хулгайлан авч 460.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.       

Л.Хатанбаатар нь өөрт нь мөнгөний шаардлагатай болох үед  урьдын танил М.Мөнхтөрийн гэрийн хаалганы кодыг мэддэг байснаа ашиглан гэрт нь нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдэлд нь зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Л.Хатанбаатарыг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хулгайлсан эд зүйлсээс зөөврийн компьютерээс бусдыг нь буцаан өгсөн байна. Үлдсэн зөөврийн компьютерийн үнийг гаргуулж М.Мөнхтөрд олгох нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

       Энэ  хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй,   битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй  болохыг дурьдах нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Л.Хатанбаатарын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Жаргалан  овогт Лхамсүрэнгийн Хатанбаатарыг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутай болохыг   тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2  дэх хэсэгт зааснаар Л.Хатанбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Хатанбаатарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Л.Хатанбаатарын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          5.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Өндөр хошуу гэдэг газарт оршин суух /РД: ЖГ88053073/ Л.Хатанбаатараас 250.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны задгайд оршин суух /РД: ЖЬ86121771/ М.Мөнхтөрд  олгосугай.

          7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Хатанбаатарт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ    авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН