Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 116

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нарыг оролцуулан “Х Ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Х Ш” НҮТББ,

Хариуцагч: НЗД.

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Ш” ТББ-ын төлөөлөгч Г.М-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарт: “...“Х Ш” ТББ нь НЗД-ын 2016 оны А/247 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 18643******* дугаар нэгж талбарын дугаартай, 2376 м.кв хэмжээ бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрхтэй болсон бөгөөд НЗД-ын 2018 оны А/1159 дүгээр захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2376 м.кв газрыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрөөс 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00000******* дугаартай гэрчилгээг олгосон. Газар эзэмшигч өөрийн эзэмшил газартаа Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн МЗХ2018/17-23 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0002701 494/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21/01/2019 дугаартай Барилга эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөлүүд болон бусад зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу тус тус авч эдгээр эрхийн актуудын үндсэн дээр 24.0x18.0 метр 60 айлын орон сууц, 30.0x15.0 метр спорт чийрэгжүүлэлтийн барилга, 24.0x12.0 метр дээрээ тохижилт, тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоолтой 3 ба 12 давхар барилгыг барих ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажлыг, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “И Т” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа бөгөөд барилгын 12 дугаар давхрын цутгалтыг хийж, одоогоор гүйцэтгэл 90 хувьтай байна. Манай байгууллага нь газар эзэмшигчийн хувьд газрын төлбөрөө хугацаанд нь төлж, газраа зориулалтын дагуу, ямар нэгэн эрх зүйн зөрчилгүйгээр эзэмшиж, барилга барихад нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа. Гэтэл НЗД нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаар захирамж гаргаж манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэ талаар бид 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр албан бусаар олж мэдсэн бөгөөд Засаг дарга уг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар болон шийдвэр гаргасны дараа ч хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, шийдвэрээ гардуулах ажиллагааг хийгээгүй. Хэдийгээр Засаг дарга захиргааны актын талаар хуульд заасан журмын дагуу манайд мэдэгдэж гардуулаагүй боловч нэгэнт гарсан шийдвэрийг бид мэдсэн, шийдвэрийг мэдэгдэх, гардуулах ажиллагааг захиргааны байгууллагаас явуулахыг нь хүлээж цаг алдахгүйн тулд, мөн Засаг даргын гаргасан шийдвэрийнх нь талаар гомдол гаргах дээд шатны албан тушаалтан байхгүй тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь заалтыг үндэслэн шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаар захирамжийг хуульд нийцээгүй, манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тодруулбал, Засаг дарга манай байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй этгээд /Төрийн өмчийн хороо/-с манай байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 2016 оны А/247 тоот захирамжаар хууль бус гэж үзэж мөн энэ хууль бус захирамжид үндэслэн гаргасан газар эзэмших эрхийн  гэрчилгээний хугацаа сунгасан 2018 оны А/1159 тоот захирамжаа тус тус өөрөө хүчингүй болгож буй гэх агуулгаар тодорхойлж шийдвэр гаргажээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлын талаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээдүүд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдлийг хангасан хүсэлтийг гаргаж, Засаг дарга тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “...Эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэх тухай хүсэлтийг ...Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна...”гэсэн заалтын дагуу уг хэсгийн 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 8.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-д эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулж хянаад мөн хуулийн 38.4-д заасны дагуу Засаг дарга 2016 оны А/247 тоот захирамжийг гаргаж манай байгууллагад газар эзэмших эрх үүсгэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-38.3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа нөхцөлд эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэрийг Засаг дарга гаргахаар хуульчилсан бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 2016 оны А/247 тоот захирамж /шийдвэр/ хуулийн хүрээнд гарсан, хууль зөрчөөгүй гэж үзнэ. Нэгэнт манай байгууллагад газар эзэмших эрх үүсгэсэн шийдвэр хууль ёсны тул түүнд үндэслэж гарсан эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуульд заасан журмын дагуу сунгасан шийдвэр /2018 оны А/1159 тоот захирамж/-г хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй.

Засаг дарга захиргааны актын хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг буюу Төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөнөөс газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргааныг шийдвэрлэхээр хуульчилсан хэм хэмжээг хэрэглэжээ. Манай эзэмшил газрын талаар Төрийн өмчийн хороо болон хэн нэгэн гуравдагч этгээд гомдол гаргаагүй, мөн газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас манай байгууллага болон аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин манайд газар эзэмшүүлэхийг зөвшөөрч Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 38 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “ ...төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга хот, байгуулалтын яам, Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөнө...” гэснийг удирдлага болгон Төрийн өмчийн хороонд НЗД-ын 2014 оны А/113 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 143006/0130 дугаар бүхий 2376 м2 газрыг “Х Ш” ТББ-ын нэр дээр шилжүүлэхээр зөвшилцсөн талаар тухайн үеийн Барилга хот байгуулалтын яаманд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/3420 тоот албан бичгээр хүргүүлсэн. Улмаар Барилга хот байгуулалтын яам нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/3880 тоот албан бичгээр Төрийн өмчийн хороо нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 143006/0130 дугаар бүхий 2376 м.кв газрыг “Х Ш” ТББ-д шилжүүлж байгааг цохон тэмдэглээд уг газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэр дүрэм, журамд заасан зөвшилцөл, зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ.

Шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй тухайд, НЗД манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэг”-т заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-г буюу мөн хуулийн 24 дүгээр зүйл. Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйл. Нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйл. Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах, 43 дугаар зүйл. Захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг огт хэрэгжүүлээгүй. Харин Барилга угсралтын ажил явагдаж байхад Нийслэлийн газрын албанаас манай байгууллагад 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 01-06/668 тоот “...НЗД-ын 2016 оны А/247 дугаар захирамжаар танай байгууллагад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй...” гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье...'’ гэсэн албан бичгийг ирүүлсэн. Үүний хариуд бид бодит нөхцөл байдлыг тусгасан тайлбарыг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02/19 тоот албан бичгээр хүргүүлсний дараа Нийслэлийн газрын албанаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01-06/1011 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын дагуу Барилга хот, байгуулалтын яамны 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/3880 тоот, Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16/3420 тоот албан бичгүүдээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай зөвшилцсөн байна. Иймд танай байгууллагын зүгээс цаашид уг газар дээр зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх; Газрын тухай хуульд заасан журам болон газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг мөрдөж ажиллана уу...” гэсэн хариуг ирүүлсэн. Захиргааны байгууллага тухайн үедээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулж бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрч дээрх бичгээрээ энэ тухай илэрхийлсэн гэж бид ойлгож байгаа. Гэтэл Захиргааны байгууллагаас өмнө нь бодит нөхцөл байдлыг тогтоож манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн атлаа 4 сарын дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр А/686 дугаартай захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Захиргааны үйл ажиллагаанд ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ...”, мөн зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.1-т “...хуульд үндэслэх...”, 4.2.6-д “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...” гэсэн заалтуудад нийцээгүй болно. НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаар захирамжийн улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, улмаар одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгын ажилдаа оруулсан нийт 3.5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үнэгүйдэж, бидний эрх ашиг хохироход хүргэж байна. Иймд хууль зөрчсөн НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаартай захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн өмчийн хороо болон Барилаг хот байгуулалтын сайдтай зөвшилцсөний үндсэн дээр мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар, эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрд Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж НЗД нарт үүрэг болгосугай гэсний дагуу энэхүү 2016 оны А/247 дугаартай захирамжаар манай байгууллагад газар эзэмших эрх олгогдсон байгаа. Үүний хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу эрх хамаарахгүй гэж заасан боловч хууль тогтоомж болох Монгол Улсын Засгийн газрын тухай тогтоолыг үндэслэсэн. Учир Монгол Улсын Засгийн Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр заавал биелэгдэх гэсэн зарчимд үндэслэх ёстой. Захиргааны байгууллага нь захиргааны хууль бус акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй учир нь захиргааны байгууллагаас 2019 оны 02 дугаар сард нэхэмжлэгчид албан бичиг ирүүлсэн бөгөөд үүний хариу нь “Х Ш” ТББ-аас зохих хариуг хүргүүлсний үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01-06/1011 дугаар албан бичгээр зохих журмын дагуу мөрдөн ажиллахыг дурдсан. Монгол Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолын дагуу Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо нь зөвшилцсөн байна гэжээ. Гэтэл хэдэн сарын дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн НЗД-ын А/686 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг илт зөрчиж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх зөрчигдөж буй оролцогчид нь уг захиргааны сөрөг үр дагавар үйлчлэлтэй актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчдыг сонсоогүй, нотлох баримт гаргах, тайлбар гаргах боломжоор хангаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасныг ноцтой зөрчсөн. Учир нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаар захирамжийг гаргахдаа оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт нь Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд Монгол Улсын Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж заасан үүний үндсэн дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу 2016 оны А/247 дугаартай захирамж нь гарсан байгаа. Дээрхээс үндэслэн захиргааны байгууллага болох НЗД нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн захирамжийг гаргахдаа оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, оролцогчийн захиргааны сөрөг акт гаргахдаа уг ажиллагааг огт мэдэгдээгүй нь нэхэмжлэлийн үндэслэл болсон. Иймд захиргааны акт хууль бус болох тул хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна. Мөн НЗД-ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаартай захирамжийг гаргахдаа захирамжийн нэг дэх хэсэгт “Х Ш” ХХК гэж заасан гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Х Ш” ТББ-ын гэрчилгээгээр Төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байгаа боловч бидний зүгээс газар эзэмших эрх зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг гаргасан. Манай байгууллагын нэрийг ХХК гэсэн байгааг анхааран үзнэ үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...НЗД-ын 2019 оны А/686 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай “Х Ш” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2376 м.кв газрыг Төрийн өмчийн хороо НЗД-ын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн дагуу орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан бөгөөд “Х Ш” ТББ нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн НЗД-ын 2016 оны А/247 дугаар захирамжаар “Х Ш”  ТББ-д орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон. “Х Ш” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын газар эзэмших эрхийн хугацааг НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж 2376 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар төрийн байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд Төрийн өмчийн хороо эзэмшил газраа “Х Ш” ТББ-д шилжүүлснийг Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаар захирамжаар “Х Ш” ТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Уг төрийн бус байгууллагын эзэмшиж байгаа газар нь Төрийн өмчийн хорооны эзэмшилд байсан газар бөгөөд Төрийн өмчийн хороог төрийн байгууллага гэж үзнэ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Х Ш” ТББ-аас  “НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/686 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй байна.

          Шүүх, хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг харьцуулан судалж дараах байдлаар дүгнэж шийдвэрлэлээ.

          Төрийн өмчийн хороо НЗД-ын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/113 дугаар захирамжаар[1] орон сууцны зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар 2376 м.кв газар эзэмшиж байсан ба уг газраа НЗД-ын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” А/247 дугаар захирамжаар[2] “Х Ш”  ТББ-д шилжүүлжээ. Ингэхдээ 2376 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, Нийслэлийн газрын албанаас газар эзэмших эрхийн 0003******* дүгээр гэрчилгээ олгосон байна.

          Улмаар НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамжаар[3] газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 15 жилээр сунгасан ба Нийслэлийн Газрын албанаас 2735 м.кв хэмжээгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, газар эзэмших эрхийн 00000******* дугаар гэрчилгээ, нэгж талбарын 18643******* дугаарт бүртгэж олгосноор нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болжээ.

          Ийнхүү нэхэмжлэгч “Х Ш” ТББ газар эзэмших эрхтэй болсон үеэсээ эхлэн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/09-09 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар[4], “М Х С” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ТН-В444/2018 дугаартай техникийн нөхцөл[5],  “УБДС” ТӨХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас гарсан 346/2018 дугаар техникийн нөхцөл[6], Ус сувгийн удирдах газрын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 528/18 дугаартай техникийн нөхцөл[7], Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 59/2018 дугаартай техникийн тодруулга, мөн газрын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 147/2018 дугаар техникийн тодруулга[8] зэргийг хийлгэж, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн МЗХ2018/17-23 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг[9] дахин баталгаажсанаар, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 494/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлсэн, одоо зоорийн давхар бүхий 12 давхар дуусаагүй барилга баригдсан байгаа болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр[10] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Х Ш” ТББ-ын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжим бүжгийн сургуулийн хойд талд байрлах нийтийн орон сууцны дуусаагүй барилга, спорт чийрэгжүүлэлтийн төвийн дуусаагүй барилгад  хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан байх бөгөөд уг үнэлгээгээр 5.052.313.900 /таван тэрбум тавин хоёр сая гурван зуун арван гурван мянга есөн зуу/-н төгрөг, нил суурьтай, арматур зангидаж цутгасан, карказ суурийн ажил бүрэн хийгдсэн, барилгын нийт гүйцэтгэл 55 хувьтай байна гэсэн хөрөнгийн үнэлгээг “И Э” ХХК гүйцэтгүүлсэн байна. Тэрчлэн нэхэмжлэгч нь газрын төлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 4.975.344 /дөрвөн сая есөн зуун далан таван мянга гурван зуун дөчин дөрөв/-н төгрөг төлжээ.

Үйл баримтын хувьд авч үзвэл, газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилгын ажил үргэлжлэх явцад, Нийслэлийн Газрын албаны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-06/668 дугаар албан бичгээр[11] нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн талаарх НЗД-ын 2016 оны А/247 дугаар захирамж нь “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “ Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасныг зөрчсөн” гэх агуулгаар газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох болсныг мэдэгдэж сонсох ажиллагааг явуулсан байна. Уг сонсох ажиллагааны явцад Нийслэлийн Газрын албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-06/1011 дүгээр албан бичгээр[12] “танай байгууллагын зүгээс цаашид уг газар дээр зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, Газрын тухай хуульд заасан журам болон газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг мөрдөж ажиллана уу” гэх хариуг өгсөн байдаг, үүнийг нэхэмжлэгч талаас “захиргааны байгууллага хууль зөрчигдсөн асуудал байхгүй талаар итгэл төрүүлж, барилгын ажил цааш нь хэвийн үргэлжилсэн” гэж үзэж байгаа бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “энэхүү сонсох ажиллагаа маргаан бүхий энэ захиргааны актад хамаарна” гэж тайлбарлаж байна.

Шүүх үзэхдээ, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж зааснаар хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий захиргааны акт батлан гаргахын өмнө явагдсан сонсох ажиллагаа гэж үзэхэд учир дутагдалтай, тодруулбал, актыг батлан гаргахаас таван сар орчмын өмнө маргаан бүхий асуудлаар хийсэн сонсох ажиллагааг одоо маргаж буй захиргааны актын хувьд хуульд заасны дагуу явуулсан гэж үзэх боломжгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан зохих журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/686 дугаар захирамжаар[13], Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан 2376 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчиж “Х Ш” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн НЗД-ын 2016 оны А/247 дугаар захирамжийн “Х Ш” ХХК-д холбогдох хэсгийг, уг хууль бус захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан НЗД-ын 2018 оны А/1159 дүгээр захирамжийн “Х Ш”  ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Энэхүү захирамжийг нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж байгаа ба уг актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл, хэдийгээр Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар НЗДд олгосон байгаа боловч маргаан бүхий энэ тохиолдолд дараах байдлаар хууль зөрчсөн, үндэслэлгүй, алдаатай гарсан захиргааны акт болсон байна.

          Анх Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  1б/3420 дугаар албан бичгээр[14] Барилга хот байгуулалтын сайдад хандахдаа:  “Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөнө...” гэснийг үндэслэн Төрийн өмчийн хороонд НЗД-ын 2014 оны А/113 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 143003/0130 дугаар бүхий 2376 м.кв газрыг тус хорооны ажилчдын үүсгэн байгуулсан “Х Ш” Төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэхээр зөвшилцөл хүргүүлж байна” гээд хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

          Ингэснээр Барилга, хот байгуулалтын яамны  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Зөвшилцөл хүргүүлэх тухай” 3/3880 дугаар албан бичгийг[15] Төрийн өмчийн хороонд хүргүүлэхдээ: “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөнө...” гэж заасан. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт НЗД-ын 2014 оны А/113 дугаар шийдвэрээр нэгж талбарын 143006/0130 дугаар бүхий 2376 м.кв орон сууцны зориулалттай газрыг Төрийн өмчийн хороонд 5 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлсэн. Мөн түүнчлэн Төрийн өмчийн хорооны хамт олны 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэлд өөрийн эзэмшлийн 1376 м.кв орон сууцны зориулалттай газрыг тус хорооны ажилчдын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд газар эзэмших эрхийн зориулалт, тус хорооны ажилчдын хамтын шийдвэрийг үндэслэн ажилчдын орон сууцны барилга барихад зориулж 2376 м.кв газрыг “Х Ш” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн ба уг албан бичгийн хувийг мөн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

          Дээрх албан бичгүүдэд Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолыг удирдлага болгосон байх ба уг тогтоолын 6 дахь хэсэгт: “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, НЗД нарт үүрэг болгож” зохицуулсан байна. Энэ тогтоолын дурдагдсан заалтад Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Тогтоол, журамд өөрчлөлт оруулах тухай” 166 дугаар тогтоолын 1-д зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн “Төрийн өмчийн хороотой” гэснийг “Сангийн яамтай” гэж өөрчлөлт орсон, түүнчлэн Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Тогтоол, журамд өөрчлөлт оруулах тухай” 79 дүгээр тогтоолын 1-д зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн “Сангийн яамтай” гэснийг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай” гэж өөрчлөлт орсон байх бөгөөд одоо хуулийн хүчинтэй байна.

          Эндээс үзэхэд, дээр дурдсан Төрийн өмчийн хороо өөрийн эзэмшиж байсан газраа нэхэмжлэгч ТББ-д шилжүүлэхдээ, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлсэн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг зөрчиж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж үзэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу биш гэж үзэх боломжгүй байна. Яагаад гэвэл, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэснээр төрийн өмчийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах тохиолдолд урьдчилан холбогдох төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөн байхыг зохицуулсан, тухайн үедээ үүнийг хангаж “Х Ш” ТББ-д буюу газар эзэмшигчид шилжсэн, Газрын тухай хуулийн 35.2 дахь заалт хатуу хэрэгжих ёстой, хуулиас давсан хэм хэмжээ байна гэж шүүх үзсэнгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд бий болоогүй, энэ байдал тогтоогдож хэрэгт авагдсан баримт байхгүй байхад түүнчлэн Засаг даргаас гаргасан шийдвэрт итгэн үйл ажиллагаа явуулж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх буюу бодит хөрөнгө гаргасан байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн буруутай, өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар 5.052.313.900 /таван тэрбум тавин хоёр сая гурван зуун арван гурван мянга есөн зуу/-н төгрөг бүхий мөнгөн дүнгээр тооцогдох хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргасныг хариуцагч анхаараагүй үүгээрээ нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, маргаан бүхий захиргааны акт хууль бус байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдэг нь нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхыг ойлгодог байна.

             Тэгэхээр маргаан бүхий захиргааны акт гарснаар нэхэмжлэгчийн хувьд, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Газрын хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах” зарчим алдагдахад хүрсэн, хариуцагч нь захирамжиндаа “ХХК” гэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу томъёолсон, захиргаа өөрөө өмнө нь хүчингүй болгосон захирамжаа дахин хүчингүй болгосон /А/247-ийн хувьд/, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нөхцөл байгаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” эрх өмнөх газар эзэмшигч Төрийн өмчийн хороонд шууд хориглогдох зохицуулалт байхгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т гэж заасан ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага бүрэн зөв явуулаагүй зэргээр нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага ТОГТООХ нь.

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгэр зүйлийн 4.2.8,  26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Ш” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/686 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               У.БАДАМСҮРЭН


[1] Хавтаст хэргийн 71-73-р хуудас

[2] Хавтаст хэргийн 68-70-р хуудас

[3] Хавтаст хэргийн 65-67-р хуудас

[4] Хавтаст хэргийн 28-29-р хуудас

[5] Хавтаст хэргийн 30-31-р хуудас

[6] Хавтаст хэргийн 32-33-р хуудас

[7]Хавтаст хэргийн 34-35-р хуудас

[8] Хавтаст хэргийн 36-37-р хуудас

[9] Хавтаст хэргийн 18-21-р хуудас

[10] Хавтаст хэргийн 128-135-р хуудас

[11] Хавтаст хэргийн 26-р хуудас

[12] Хавтаст хэргийн 27-р хуудас

[13] Хавтаст хэргийн 64-р хуудас

[14] Хавтаст хэргийн 24-р хуудас

[15] Хавтаст хэргийн 25-р хуудас