Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Отгонбаярт холобгдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Одончимэгийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн О.Отгонбаяртай 2013 оноос эхлэн мөнгө зээлүүлж эхэлсэн. Ингэж мөнгө зээлүүлэхдээ гэрээ байгуулдаггүй байсан бөгөөд дансаар, бэлнээр, гадаадад байхад нь олон улсын шилжүүлгээр өгдөг байсан. Энэ хугацаанд 50 000 000 орчим төгрөг өгөөд 20 орчим сая төгрөгийг эргүүлж өгсөн. 2014 оны 3, 4 сарын орчим бүх зээлээ дуусгаад бид тооцоо дууссан байсан боловч өөрөө гуйсаар байгаад дахин зээл авч эхэлсэн. Ингээд 2014 оны 10 дугаар 21-нд өмнөх зээлийн үлдэгдэл 50 орчим сая төгрөг дээр нэмээд 19 000 000 төгрөгийг өгч, нийлээд 70 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үед иргэн О.Отгонбаяр нь надтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба барьцаа хөрөнгө хэмээн Теди худалдааны төвийн 3-н лангуу (лангууны дугаар I. 2F /14-07, II. 4F/12-07, III. 4F/12-08) болон Баянзүрх дүүргийн 26-р хорооны Нарны замын 401-р байрны зоорийн 40 тоот авто зогсоолийг барьцаалсан ч лангуунуудыг надад мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан. Миний зүгээс зээлийн гэрээг сунгая, автозогсоолыг барьцаалсан тэмдэглэгээг үл хөдлөх хөрөнгийн газарт хийлгэе гэсэн саналыг удаа дараа О.Отгонбаярт тавьсан боловч тэрээр иргэний үнэмлэхээ гээсэн хэмээн шалтагладаг ба мөнгийг эргүүлэн төлөлгүй өдий хүрлээ. Мөн энэ хугацаанд удаа дараа утсаар залгаж холбогдох гэсэн боловч зарим тохиолдолд утсаа авахгүй, авсан ч өнөө маргааш өгнө хэмээн аргацаадаг. Зээлийн хугацаа дууссанаас хойш 2016 оны 5 сар хүртэл өдий болтол О.Отгонбаяр нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Улмаар миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч О.Отгонбаярын оршин суух хаяг тодорхойгүй улмаас нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзсан бөгөөд О.Отгонбаярыг эрэн сурвалжлах дахин хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхийн шийдвэр гарч, Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах хэлтэст даалгаснаар тус газар эрэн сурвалжилж, амьдран суугаа газрыг тогтоосон албан бичгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хүргүүлсэн болно. Мөн зээлийн барьцаа болгож надад Ланд Круйзер 200 маркийн УНЯ 59-99 дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн ч түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн ломбарданд тавьсаны улмаас эрүү үүсгэгдэн шалгагдаж улмаар тус хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон.  Иймд О.Отгонбаяраас үндсэн зээл болох 70 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 2 сарын хүү 7 000 000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцсоны дүн болох 51 828 000 төгрөг, нийт 128 828 000 төгрөг байгаа Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 38 500 000 төгрөг, үндсэн төлбөрт 70 000 000 төгрөг, хүүний төлбөр 7 000 000 төгрөг нийт 115 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одончимэгээс 2013 оноос эхлэн зээл авч, эргүүлэн төлж байсан. Хэрэгт өгсөн банкны баримтаар 2013 оноос хойш 161 893 000 төгрөгийн зээл авч, 270 006 540 төгрөгийг эргүүлэн төлсөн нь харагдана. Зөрүү 108 113 540 төгрөгийг илүү төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ хийсэн 70 000 000 төгрөгийн хувьд бэлнээр мөнгө хүлээн аваагүй, харин өмнөх зээлийн мөнгийг нийлүүлж хийсэн гэрээ. Зээлийн гэрээ бол мөнгийг хүлээлгэн өгснөөр байгуулагдсанд тооцогддог тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан О.Отгонбаяраас 31 350 000 төгрөг гаргуулан Б.Одончимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 150 000  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одончимэг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа үндэслэл нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 115 000 000 төгрөгөөс 84 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй надад хэт их хохиролтойгоор хэргийг шийдвэрлэсэн. О.Отгонбаяр нь 2013 оноос эхлэн надаас мөнгө зээлж эхэлсэн. Би мөнгө зээлүүлэхдээ/дансаар болон бэлнээр зээлүүлж байсан бөгөөд бэлэн мөнгийг Отгонбаярт, дансаар шилжүүлж байсан мөнгийг Отгонбаярын Хаан банкин дахь данс болон түүний өгч байсан тодорхой данс руу тус тус хийж байсан болно.

Миний хувьд энэ хариуцагч гэх хүнд мөнгө зээлүүлсэн гэдгийг миний нөхөр Д.Даваадорж, Б.Ариунчимэг, н.Бат-Эрдэнэ гэх гэрчүүд бүгд мэднэ, мөн миний дансны хуулга болон хувийн тооцооны дэвтэр бусад нотлох баримтаар бүгд нотлогдоно. Иймд би Отгонбаярт дараах саналыг тавьсан. Барьцаа хөрөнгө надад өгөхийг хүссэн. Хэрэв барьцаа хөрөнгө өгвөл би зээлийн хүүгээ 5% хувь болгоё гэсэн. Ингээд.Отгонбаяр миний хүсэлтийг хүлээн авч Land 200 маркийн УНЯ 59-99 дугаартай арабад үйлдвэрлэсэн 2010 оны машинаа буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлсэн ба өөрөө бичиг баримтыг авч, машинаа Отгонбаяр унаж хэрэглэж байхаар тохиролцсон.

Яг энэ асуудал дээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн намайг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Эрүүгийн байцаан шийтггэх ажиллагаанд хохирогчоор оролцож, одоо хэрэг прокурорын хяналтанд яллах дүгнэлтийн саналтайгаар шилжсэн байгаа болно. Энэ нь шүүхийн шийдвэрээс хойш гарсан байгаа юм . /Шинэ нөхцөл байдал үүссэн/

Улмаар 2015 оны 05 дугаар сарын 14-н гэхэд бид хоёрын тооцооны үлдэгдэл далан долоон сая төгрөг болсон байсан. “Мөнгө дахин зээлээч" гэж гуйгаад зээлэх мөнгөө шилжүүлэх дансаа надад хэлээд түүний дагуу би тухайн хэлсэн данс руу нь мөнгийг шилжүүлдэг байсан юм. Тухайлбал, Баяржаргалын Баттулгын Хаан банкны 5126003399 данс руу 2014 оны 07 сарын 24-25 ны хооронд нийт 33 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар 05-нд 10 000 000 төгрөг, мөн Отгонбаярын нөхөр Бямбасүрэн гэх хүний данс руу 2013 оны 07 дугаар 25-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 26-нд 11 500 000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 27-нд 4 400 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 8 140 000 төгрөг. Б.Батчимэгийн данс руу 2014 оны 10 дугаар 24-нд 14 000 000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 29-нд 4 768 925 төгрөгийг тус тус О.Отгонбаярын хүсэлтийн дагуу данс руу нь шилжүүлж байсан эдгээр хүмүүсийн данс руу миний Хаан банкны 5068129384 тоот данснаас нийт 86 408 925 төгрөг шилжсэн байдаг. Дээр дурдсан хүмүүсийн холбогдох дансны хуулгыг миний зүгээс шалгуулах буюу хуулбарыг гаргуулах, мөн гэрчүүдийг асуулгах хүсэлт тавьсан. Эдгээр хүмүүсийн данс тооцоог шалгуулснаар миний данснаас эдгээр хүмүүс рүү шилжүүлж байсан нийт үнийн дүн болон энэ шилжүүлсэн мөнгийг тухайн үед хэн гаргуулж авч байсан талаар дэлгэрэнгүй тодруулах шаардлагатай байгаа юм. Энэ нь хэрэгт ач холбогдолтой буюу надаас Отгонбаяр мөнгө зээлж авч байсныг нотлох юм. Энэхүү харилцаа үргэлжилсээр 2014 оны 10 дугаар сарын эхээр над уруу байнга утасдаж, ажил уруу гүйж ирээд мөнгө нэмж зээлээч, одоо нэг бараандаа явж ирчихээд л мөнгийг чинь өглөө гэж гуйгаад байсан ба 2014 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар Отгонбаярын зээлийн үлдэгдэл 53 231 075 төгрөг байсан. Тэгээд Отгонбаяр "одоо дахиад 2 сарын хугацаатай л өгчих, одоо албан ёсоор гэрээ байгуулаад өмнөх өрийн үлдэгдэл болон одоо авах зээлээ нийлүүлээд 70 000 000 төгрөг болгочих" гэж гуйгаад над уруу 2014 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 21 000 000 төгрөг хийсэн. Үүний дараа бид хоёр 2014 оны 10 дугаар сарын 19-ны байдлаар өмнөх зээлийн үлдэгдлийг 32 231 075 гэж тохирон нэмж 37 768 925 төгрөг шилжүүлэхээр тохиролцоод 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 70 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж зээлдүүлэхээр тохирсон юм. Гэрээнд тохирсон 2 сарын хугацаа дууссан. Зээлийн гэрээ байгуулаад би 2014 оны 10 дугаар сарын 21-нд 19 000 000 төгрөг Отгонбаярын 5126008489 данс руу, 2014 оны 10 дугаар сарын 24-нд 14 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 29-нд 4 768 925 төгрөгийг тус тус Хаан банкны 5035138546 тоот Батсайханы Батчимэгийн данс уруу. шилжүүлсэн.

...Хууль мэдэхгүй мөн намайг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, мөн эрх, үүрэг бүрэн дүүрэн танилцуулаагүйгээс болоод холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэг болохоос өмнө холбогдох нотлох баримтууд байгаа талаар хүсэлт тавьж байсан боловч миний хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Миний зүгээс О.Отгонбаяр надаас их хэмжээний мөнгө зээлж байсан бүх нотлох баримтыг тухайн үед шүүхэд гаргаж өгөх боломж олдоогүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заалтыг шүүх зөрчсөн байна. Энэ нь миний зүгээс шүүх хуралдааны явцад миний зүгээс 5 000 ам.доллар өгсөн баримт болон бусад баримтуудыг гаргаж өгнө гэсэн боловч шүүх хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч О.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 115 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “зээлдүүлсэн гэх 70 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй, харин өмнөх зээлийн мөнгийг нийлүүлж хийсэн гэрээ” гэж маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам 401 байр, зоорийн давхар 40 тоот 18 м.кв автозогсоол, “Теди” төвд байрлалтай 2F/14-07, 4F/12-07, 4F/12-08 дугаартай лангууг тус тус барьцаалж 70 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч нь мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн талаар бичгээр хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ хэрэгт авагдсан байна. /хх 3, 4/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд хариуцагчийн 2013 оноос хойш нэхэмжлэгчээс зээл авч, буцаан шилжүүлж байсан дансны хуулга 183 хуудас баримтыг гаргажээ. /I-хх 65-247, II-хх 249/

 

            Шүүх нэхэмжлэгчид хариуцагчийн гаргасан уг баримтуудтай танилцах, нотлох баримт, тайлбар гарган мэтгэлцэх боломжийг олгоогүйн улмаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой зохигчдын хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бүрэн бодитой дүгнэлт өгөх боломжгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан заалтыг тус тус зөрчжээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Хариуцагчийн гарган өгсөн баримтаар миний явуулж байсан мөнгө дутуу байна. Би өөрийн дансны хуулгаа аваад ирж чадна, энэ баримтуудыг авч ирэх хүсэлтэй байна” /II-хх 251/ гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд “хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Одончимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН