| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00322/И |
| Дугаар | 00317 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00317
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багт газар оршин суух, Боржигон овогт Жумбажамцын Ариунаагийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00322/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багийн Хантай гэх газар оршин суух, Боржигон овогт Жумбажамцын Ариунаа /РД: ГН67111304/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд мөн оныхоо 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажилд орж 1988 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус сумын Магсаржав компаний конторт гал гарсны улмаас тухайн үед ажиллаж байсан талаарх баримт шатаж үгүй болсон. Иймд Ж.Ариунаа намайг 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунаа нь 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ариунаагийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, 1988 онд Ж.Ариунаагийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ц.Хишигжавын өгсөн ... Би 1977-1992 оныг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон төвд гуталчнаар ажиллаж байсан. Ж.Ариунаа нь 1983 оны намар буюу 11 дүгээр сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажилд орж байсан бөгөөд 1988 оны 04 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад гэр бүлтэй болж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг руу явсан ... гэх мэдүүлэг, гэрч Ч.Батцэцэгийн өгсөн ... Би 1985 оны 04 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарыг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Ж.Ариунаа нь намайг ажилд ороход гуталчнаар 2 жил ажилласан байсан. Бид хамт ажиллаж байсан найзууд учраас Ж.Ариунааг хэзээ ажилд орсон гэдгийг сайн мэдэж байна ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Жумбажамцын Ариунааг 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Ахуйн үйлчилгээнд гуталчнаар нийт 4 /дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар, 18 /арван найм/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН