Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

                             

 

                                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч П.Ганбаатар, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01505 1207 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овгийн Ж.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг ** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо эгч, таван дүү, хүргэний хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Б нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошууны эцсийн автобусны буудлын орчим 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.М-ыг архи уулгасангүй гэх шалтгаанаар зүүн гуяны дунд хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Н овгийн Ж.Б нь хүргэн болох Ц.М-ын хамт З-ийн гэрт очиж 1 шил архи хувааж уусан. З-ийн гэрээс гараад Ж.Б нь “гэртээ харихгүй, дахин архи уумаар байна” гэж хэлэхэд Ц.М “маргааш ажилтай, одоо харь” гэснээс үүдэн Ж.Б уурлаад явсан байна. Удалгүй хохирогч Ц.М-ыг автобусны буудал дээр зогсож байхад нь шүүгдэгч Ж.Б буцаж очоод, гудамжнаас олсон хутгаар зүүн гуя руу нь хутгалж, хохирогч Ц.М-ын биед “...зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ц.М-ын “...Нарангийн голд гэр нь байдаг ажлын газрын З-д очоод Б ах бид хоёр З, О нартай хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Удалгүй Б ах бид хоёр З-ийн гэрээс гарсан. Б ах өөр айлд очиж архи ууна гээд байхаар нь би уурлаад, би ажилтай байна гээд бид 2 маргалдсан. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошууны хуучин эцэс дээр ирээд Б ахыг гэр рүүгээ орж амар гэсэн чинь “орохгүй найзындаа очиж уумаар байна” гэж уурлаад намайг заамдаад авахаар нь би гарыг нь салгасан чинь Б ах яваад өгсөн. Тэгээд би Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын замын зүүн талд зүс таних Д гэдэг залуутай юм яриад зогсож байтал араас нэг юм мөргөх шиг болоод, хамаг бие сулраад эвгүй болохоор нь эргээд хартал Б ах ард зогсож байсан, миний зүүн гуя руу хутгаар дүрсэн байсан. Миний толгой эргээд хөлөө даахаа болиод газар унасан. Тухайн үед Д хажууд зогсож байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэрч А.Д-ын “...М, Б нар надтай тухайн өдрийн 10 цагийн үед согтуу таарсан. Тэд надтай уулзахаас өмнө маргалдсан янзтай Б ах гэнэт уурлаад яваад өгсөн. Тэгэхээр нь би М-оос ах чинь яасан юм бэ гэтэл Б ах гэр рүүгээ явахгүй гээд байгаа юм, гэртээ харьчих байх аа гэж хэлсэн. Удалгүй Б ах ирээд М-ыг араас нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрч Ж.О-ы “...хамтран амьдрагч М 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр залгаад Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол гуяндаа хутгалуулсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад танай ах Б миний зүүн гуя хуу хутгалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), эд мөрийн баримтаар хураагдсан хутга, өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-19 дахь тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6545 дугаартай “...Ц.М-ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3325 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. Хутган дээрээс хүний цус нь 2 дугаар бүлэг, цусны ДНХ-нь Ц.М-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 88- 89 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Б нь яллагдагчаар “...гэрээс нь гарч яваад манай хүргэн М бид 2 Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцэс дээр ирсэн юм. Тэгээд М намайг гэр рүүгээ харь гээд байсан юм. Би нэлээн архи уусан байсан болохоор гэртээ орж чадахгүй, эгчийндээ согтуу орж чадахгүй гээд М-той маргалдаж байгаад салсан. Тэгээд гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ хойд талын гудамжинд шар бор өнгийн иштэй хутга хэвтэж байхыг олоод баруун ханцуйдаа нуусан. М-ыг очиж айлгах санаа төрөөд Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр очтол М автобусны буудал дээр нэг танихгүй залуутай юм яриад зогсож байсан. Би М дээр хүрч очоод хутгаараа зүүн гуяанд нь 1 удаа хатгачихсан юм...” гэж (хавтаст хэргийн 120-121 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б нь боловсролгүй, монгол хэл, бичиг мэддэггүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт зааснаар, мөн түүний зөвшөөрснөөр шүүх хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн Хууль зүйн туслалцааны төвөөс томилогдсон өмгөөлөгч оролцсон болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021  оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6545 дугаар дүгнэлтээр хохирогч Ц.М-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.М-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, мөн шүүгдэгч Ж.Б нь хутга хэрэглэн хүний биед халдсан боловч түүний үйлдэл гаднын хүчин зүйлийн улмаас туйлдаа хүрч чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ болох хүнийг алахаар завдах гэмт хэрэгт хамаарахгүй, харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээгээр зүйлчлэх нь зөв байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ж.Б-ийн хутгаар хохирогчийн зүүн гуянд хатгасан үйлдэл болон хохирогч Ц.М-ын зүүн гуянд ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ж.Б нь архидан согтуурсны улмаас хохирогч Ц.М-ын зүй ёсны шаардлагыг хүлээж авалгүй маргаан үүсгэснээс гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, жинсэн өмдийг устгах саналтай байна. Хохирогч баримт ирүүлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Иймд 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хувийн байдлын хувьд тэрээр 3 сарын хугацаанд 1,200,000 төгрөгийн орлоготой байсан болох нь түүний дансны хуулгаас харагдаж байна, мөн нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг байжээ. Иймд торгууль төлөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 38 хоногийг торгуулийн ялаас хасаж тооцож өгнө үү...” гэв.

    1. Ял шийтгэл, хууль зүйн үр дагавар

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 105 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 109-110 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 204 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ж.Б нь тогтвортойгоор эрхэлсэн ажилгүй ч хувиараа хөдөлмөр эрхлэн орлого олдог болох нь түүний дансны хуулга болон нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байсан баримтаар нотлогдох боловч шүүх түүнийг хутга мэс хэрэглэн хүний амь биед аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн байгааг үндэслэн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн аваагүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн арга хэлбэрийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т хоёр зуун ерэн зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, 2-т “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна....” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, түүнд биечлэн эдлэх ял үлдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй суллах нь зүйн хэрэг.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Н овгийн Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т хоёр зуун ерэн зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 296 (хоёр зуун ерэн зургаа) цагийг хасаж, түүнд биечлэн эдлэх ял үлдээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тусгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА