Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00319

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, Булган овогт Дамдингийн Ганзүрхийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00321/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзүрх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантай тасагт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганзүрх нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантай тасагт 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл трактор, комбайны жолоочоор ажиллаж байгаад цэрэгт явсан. 1982 оны 6 сард цэргээс халагдаж ирээд мөн оныхоо 7 дугаар сарын 17-ны өдрөөс тус сангийн аж ахуйдаа трактор, комбайны жолоочоор ажилд орж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Түүний тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй байгаа тул дээрх хугацаанд улсад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзүрх нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантай тасагт 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Ганзүрхийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний өмгөөлөгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав нэгдлийн зөвлөлийн даргийн 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаартай ажилд томилох тухай тушаал, Батлах хамгаалах яамны төв архивын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000010663 дугаартай албан бичиг, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Р.Оюуны өгсөн ...Би 1973-1991 онуудад Магсаржав САА-н нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Ганзүрх нь 1977 оноос Магсаржав нэгдэл болон Магсаржав сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Мартын өгсөн ..Би 1971-1999 онд хүртэл Магсаржав нэгдэл болон САА, Хантай ХК, Гурванборхууд ХК-нд традтор комбайны жолоочоор ажиллаж байсан. Д.Ганзүрх 1977 онд Магсаржав нэгдэлд трактор, комбайны жолоочоор ажилд орж байсан. 1978 онд Магсаржав нэгдэл нь сангийн аж ахуй болсон бөгөөд Д.Ганзүрх нь үргэлжлүүлэн Магсаржав сангийн аж ахуйд 1978-1991 онуудад мөн трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. 1992 онд Магсаржав сангийн аж ахуй нь Хантай ХК болж өөрчлөгдсөн бөгөөд тус ХК-д 1992-1995 оныг хүртэл мөн трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Бид дээрх хугацаанд хамт ажиллаж байсан. Харин сүүлдээ Хантай ХК нь 6 салаа болж хуваагдсан ба Д.Ганзүрх нь 5 дугаар салаанд, харин би 3 дугаар салаанд ажиллах болсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Булган овогт Дамдингийн Ганзүрхийг 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор 14 /арван дөрөв/ жил, 5 /тав/ сар, 17 /арван долоо/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН