Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00321

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт /Харчулуут/ оршин суух, Мандал овогт Сүхбатын Ичинхорлоод холбогдох, 312630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00303/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21893607 тоот гэрээ байгуулан 95604834 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung galaxy j3 гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан блон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймйд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 312630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ичинхорлоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мобиком ХХК-ийн Булган аймаг дахь салбарт 312630 төгрөгийн тооцоотой бөгөөд үүнээс 134500 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн. Үлдсэн 178130 төгрөгийг С.Ичинхорлоо миний бие хариуцаж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангагнаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Булган аймгийн Рашаант сумын гэрээт борлуулагч С.Ичинхорлоо нэгж борлуулах дугаараар гар утас зээлээр авч худалдагчдаа өгсөн бөгөөд гар утасны төлбөр болох 18500 төгрөгийг сар бүр төлж байсан боловч ярианы төлбөрийг төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдаж үлдсэн үнийн дүнг түүнээс нэхэмжилсэн. Хариуцагч С.Ичинхорлоо нь 134500 төгрөгийн төлбөрийг төлсөн. Одоо 178130 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд түүний төлсөн 134500 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Мобиком корпораци ХХК нь С.Ичинхорлоод холбогдуулан 312620 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 134500 төгрөгийг төлж үлдэх төлбөр болох 178130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарМобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт /Харчулуут/ оршин суух, Мандал овогт Сүхбатын Ичинхорлоод холбогдох, 312630 /гурван зуун арван хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Ичинхорлоо нь 134500 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлж, үлдэх төлбөр болох 178130 /нэг зуун далан найман мянга нэг зуун гуч/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10029 /арван мянга хорин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 5014 /таван мянга арван дөрөв/ төгрөг, хариуцагч С.Ичинхорлоогоос 5014 / таван мянга арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН