| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00334/И |
| Дугаар | 00322 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00322
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-7-6 тоотод оршин суух, Баянцагаан овогт Батдэлгэрийн Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Г.Батдэлгэрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00334/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-7-6 тоотод оршин суух, Баянцагаан овогт Батдэлгэрийн Сэлэнгэ /РД: ГЮ94110509/, нарийнбичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний аав Г.Батдэлгэр нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сард цэрэгт татагдах хүртлээ ачигч, грушикээр ажиллаж байсан. Аав маань 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ослоор өөд болсон. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч байгаагүй юм байна лээ. Ажлаас гарсан тушаал нь олдохгүй байгаа тул миний аав Г.Батдэлгэрийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь Г.Батдэлгэрийг Булган аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Сэлэнгийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай цалингийн лавлагаа, Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай ажилд томилох тухай тушаал, тухай үед Г.Батдэлгэртэй хамт ажиллаж байсан гэрч Д.Батбаярын өгсөн ...Би 1986-1990 онд Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан Г.Батдэлгэр нь 1987 оны 03 дугаар сард Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд грушикээр ажилд орж, 1988 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан ... гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагважавын өгсөн ... Г.Батдэлгэр нь намайг 1987 оны 04 дүгээр сард Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд ороход грушикээр ажиллаж байсан бөгөөд 1988 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан юм. Би мөн грушикээр ажиллаж байсан бөгөөд Г.Батдэлгэр бид нар ээлжээр ажилладаг байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баянцагаан овогт Гомбажавын Батдэлгэрийг 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, грушикээр Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ачигч /грушик/-аар 1/нэг/ жил, 6 /зургаа/ сар, 14 /арван дөрөв/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН