Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          01             26                                          2022/ШЦТ/34

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-т холбогдох эрүүгийн 2238000000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.П.

Шүүгдэгч Г.П- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.А-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамрын баруун талын гадна ханын хугарал, уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.П- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.А-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын баруун талын гадна ханын хугарал, уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 19-нд би Бөмбөгөр дээр аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм. Тэгээд тэмцээний 3 дахь тоглолтод 11 цагийн үед оролцохоос өмнө бие засах гээд нойл руу орчихоод бие засчихаад гарч ирээд явж байхад миний урдаас 5-6 орчим хүүхэд явж байсан. Тэр хүүхдүүдийн эхний хүүхэд нь хажуугаар зүгээр өнгөрөөд явсан. Харин хоёр дахь хүүхэд надаас нэлээд зайтай явж байснаа над руу хүрч ирээд намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандаж “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд намайг үгийн зөрүүгүй шууд миний хамар руу нэг удаа цохисон. Тухайн үед би цохиулаад хойшоо унахад ард явж байсан гурван хүүхэд нь намайг босгож байсан. Бас миний хамраас их цус гараад байхаар нь би буцаж нойл ороод хамрынхаа цусыг угаасан. Тухайн үед намайг хамрынхаа цусыг угааж байхад намайг цохисон хүүхэд нойл руу орж ирээд надад уучлаарай хөгшөөн гэж хэлээд гараад явсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоохондоо надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цаашид хэрвээ нэхэмжлэх бол иргэний журмаар нэхэмжилнэ. Манай хүүхдийг зодсон хүүхдэд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 19-нд Мөрөн сумын Бөмбөгөр дээр аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болж байсан. ...Тэгээд нойл орох гээд явж байтал Эрдмийн далай цогцолбор сургуульд сурдаг Д.А- гэдэг хүүхэдтэй Г.П- нь мөрөөрөө мөргөлдсөн. Г.П- нь тухайн үедээ дуугүй цаашаа яваад өгсөн. Тэгэхэд Д.А- нь Г.П-ын араас нь дуудаад аятайхан яваач лалар минь гэж хэлсэн. Тэгэхэд Г.П- буцаж эргээд Д.А-ы урд ирээд айн гэж хэлсэн чинь Д.А- нь аятайхан явчихаач гээд байгаа юм биш үү гэж хэлэхэд нь Г.П- шууд Д.А-ы хамар руу гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгэхэд нь Д.А- газар унаад өгсөн. Тухайн үед би Д.А-ыг газар унасан байхад нь босгоод нойл оруулаад өөрийнхөө зүүж явсан маскийг өгөөд цусыг арчуулаад угаалгасан. Тэгээд байж байхад нь Г.П- нойлд орж ирээд Д.А-ас уучлаарай гэж хэлэхэд Д.А- чи зүгээр зайл гэж хэлээд явуулсан. ...Тэгээд Г.П- зогсож байгаад яваад өгсөн. Зүгээр зөрөхдөө хоорондоо санаандгүй мөргөлдсөн. Тухайн үед Д.А- нь доошоо хараад нүүрээ арчаад явж байсан. Г.П- ч гэсэн доошоо харсан явж байсан. Тэгээд хоорондоо мөргөлдөхөд Д.А- нь Г.П-ын араас нь дуудаад маргаан эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай: “1. Д.А-ы биед хамрын баруун талын гадна ханын хугарал, уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Д.А-ы биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба хамрын баруун талын гадна ханын хугарал, уруулын шарх, зовхи, хамрын цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 12 дугаар сарын 19-нд Мөрөн сумын Бөмбөгөр спорт зааланд аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болж байсан. ...би багийнхаа Б.Н-, Пүрэвхишиг бас сургуулийн танихгүй хоёр хүүхэдтэй цуг дэлгүүр орчихоод буцаад Бөмбөгөр спорт заал руу ороод нойл руу юм бодсон явж байгаад нэг хүүхэдтэй шүргэлцсэн. Тухайн үедээ би их тоогоогүй явж байхад нөгөө мөрлүүлсэн хүүхэд миний араас дуудаад хөөе пизда минь яаж яваад байгаа юм бэ гэхэд нь албаар мөрлөсөн юм уу гээд цаашаагаа явах гэсэн чинь миний араас дахиад дуудсанаа чи сохор юм уу пизда минь наад замаа харахад яадаг юм гэсэн. ...доромлоод байхаар нь би тэр хүүхдийн хамар руу гараа атгаж байгаад нэг удаа, зүүн талын нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...миний араас орж ирээд хамрын цусаа угааж байхаар нь би уучлаарай гэж хэлэхэд намайг зайл пизда минь гэж хэлэхээр нь би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.П-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.П- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.П-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Д.А-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Э- нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, хохирлын талаар тооцоо хийх боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.П-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд миний үйлчилүүлэгч ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх төлбөргүй, өндөр настай ээжийн хамт амьдардаг зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.П-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч Д.А-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Э- нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.П-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР