Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01635 1720 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Я овгийн А.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 33-26 тоотод оршин суудаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид яллагдагчаар шилжүүлэн цагдан хоригдсон, регистрийн дугаар: ***, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 05 cap 04 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх албаны 141 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 20/30 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 315 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд хохирогч С.Н-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зулайн хуйх, дух, зүүн хөмсөг, баруун чих өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Я овгийн А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд хохирогч С.Н ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодод нь зүүн нүдний алимын салстын цус харвалт, зүүн зулайн хуйх, дух, зүүн хөмсөг, баруун чих, зүүн өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч С.Н-ийн “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хуурай ахын хамт архи уучхаад гэр лүүгээ харихаар 22 цагийн үед гарсан. Гудамжинд алхаад явж байтал өөдөөс нэг согтуу залуу гарч ирээд надаас тамхи байна уу, архины мөнгө байна уу гэж асуухаар нь байхгүй гэхэд тэр залуу миний цамцнаас зулгаагаад хоолой боогоод би газар унасан. 4 хөллөөд босох гэхэд миний нүүрэн тус газарт гараараа олон удаа цохисон. Намайг зодсон залууг харвал сайн танина, Б гэдэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6956 дугаартай “...С.Н ийн биед зүүн нүдний алимын салстын цус харвалт, зүүн зулайн хуйх, дух, зүүн хөмсөг, баруун чих, зүүн өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан “...Б-тэй ижил төстэй 5 хүний зургийг хөндлөнгийн гэрч нараар дурын байрлалд байрлуулан С.Н-ийг оруулж ирээд таныг зодсон хүний зураг байвал зургийн дээд талын тоог зааж, ямар шинж тэмдгээр нь таньж байгааг хэлнэ үү гэхэд ширээн дээр байсан 5 хүний гэрэл зургийг хараад эргэлзээгүй 5 дугаарт байгаа А.Б-ийн гэрэл зургийг зааж тухайн үед согтуу, надаас архины мөнгө нэхсэн залуу мөн байна, би хараад шууд таньж байна гэснийг тэмдэглэлд тусган ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхошууны тойрог дээр ганцаар 0.75 литрийн архи уучхаад явж байгаад хүнтэй маргалдсанаа санаж байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэж (хавтаст хэргийн 33-34 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад санаж байгаа зүйлээ мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн боловч шүүх түүний гэм буруугаа зөвшөөрсөн байдлыг бусад нотлох баримтаар нягталж үзвэл дээр дурдсан хохирогч С.Н-ийн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургаар хангалттай батлагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм. Харин шүүхийн хэлэлцүүлэгт няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021  оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6956 дугаар дүгнэлтээр хохирогч С.Н-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр согтуурхан хохирогч С.Н-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.Б-ийн хувьд хохирогч С.Н-оос архи, тамхины мөнгө нэхэж хоргоосон үйлдэл хийсэн боловч шүүх хохирогч С.Н-ийн “...тэр залуу миний цамцнаас зулгааж хоолой боогоод, би газар унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дахь тал) болон шүүгдэгч А.Б нь хохирогчийг зодож байхдаа ямар нэгэн эд зүйлийг нь авах боломж байсан ч тийм оролдлого хийгээгүй нөхцөл байдалд үндэслэн түүнийг шунахайн сэдлээр бус согтуурхаж буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодсон гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, мөн тэрээр гудамжинд хохирогч руу хүч хэрэглэж нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн боловч бусадтай бүлэглээгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.  

Шүүгдэгч А.Б-ийн хохирогчийг зодсон үйлдэл болон хохирогч С.Н-ийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдсэн зүүн нүдний алимын салстын цус харвалт, зулгаралт бүхий гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч А.Б-ийн согтуурсан байдал, танхай зан авир, харилцаа хандлага нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Н  нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс түүнд хуралдааны тов мэдэгдэх үед тэрээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн илэрхийлсэн баримт хэрэгт байх тул шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон сольж 1 сар 20 хоногийн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 8 сар 20 хоногийн хорих ял эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч А.Б: “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж, одоо эдэлж байгаа хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.

    1. Ял шийтгэл, хууль зүйн үр дагавар

Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх түүний хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), урьд 4 удаа ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд (хх-ийн 48-69 дэх тал), хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 76 дахь тал), ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал), цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 89 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 36-41 дэх тал) зэрэг нотлох баримтуудад үндэслэн тогтоов.

 Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн урьд 4 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалд нийцсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Мөн тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг хасаж тогтоосон 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлж байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түүний ялын тооцоог хийж, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул түүний эдлээгүй үлдсэн хорих ялын хугацааг 7 сараар /хх-ийн 77 дахь тал/ тооцож, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б нь энэ хуралдаанаар хэлэлцсэн хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хорих ялаас нь тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь, түүний хувьд 2020-2021 оны хооронд нийт 4 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр эдлээгүй үлдсэн хорих ялтай байх тул хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр төрлийн ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аргачлалаар шүүхийн шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч А.Б-т урьд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний    өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 сар 20 хоногоор тогтоолоо.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, 2-т “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Я овгийн А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т урьд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн долоон сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ сар 20 /хорь/ хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 8 /найм/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА