Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          01             26                                            2022/ШЦТ/36

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч Д.П-,

Шүүгдэгч О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г-ад холбогдох эрүүгийн 2238000000038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Г.

Шүүгдэгч О.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.П-г зодож улмаар биед нь баруун чих, баруун бугалга, зүүн өгзөг, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Да лам” гэх газарт нутаглах хажуу айл Ц.Б-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.П-г “гэртээ унтахгүй айлд унтлаа” гэж уурлан баруун гар, нуруу руу нь өшиглөж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь “баруун чих, баруун бугалга, зүүн өгзөг, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүний их эмч Ц.М-ийн тодорхойлолт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр О.Г- согтуу ирээд гадаа надад агсам тавиад байхаар нь зугтаад хажуу талын айл болох Ц.Б-ынд ороод амарсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 05 цагт манай нөхөр О.Г- айлд орж ирээд намайг гэр орондоо хонохгүй айлаар унтлаа гэж хэл амаар доромжлон зодсон. Тухайн үед миний баруун гар руу хөлөөрөө өшиглөж дал доогуур 2-3 удаа өшиглөж үснээс зулгаагаад тэгээд би тэр айлаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баруун талын чихний омог хянга яс улаарч хавдсан байдалтай байсан. Мөн баруун бөөр, ууц, нуруу руу өшиглүүлсний улмаас улаан болсон байсан. Толгой хэсэгтээ өшиглүүлсний улмаас лугшиж дүүрч өвдсөн шинж тэмдэгтэй байсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед гэртээ байхад нь манай нөхөр согтуу орж ирээд зодсон гэсэн. Тэгэхээр хүүхдүүдээ аваад зугтаагаад өглөө айлд байхад бас ирж зодсон. Тэгэхэд тухайн унтаж байсан айлын хүмүүс салгасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
  • Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед манайд ирэхдээ хөдөө нөхөр О.Г- намайг зодлоо гэж ирсэн. Би хоол хийж өгөөд эмнэлэгт аваачиж тус сумын их эмч Ц.М-эд үзүүлсэн. Д.П- манайд ирэх үедээ намайг харахад айсан, сандарсан, цочирдсон, сэтгэл санаагаар унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай: “1. Д.П-гийн биед баруун чих, баруун бугалга, зүүн өгзөг, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Д.П-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхийдөө хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 65-67 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө гэртээ сэрээд харахад манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би хажуу талын айл Ц.Б-ын гэрт ороод харахад манай эхнэр Д.П- нь хоёр хүүхэдтэйгээ газар унтаж байсан. Тухайн үед би эхнэрээсээ айлд айлд унтаад юу хийж байгаа юм босооч гэж хэлэхэд чамаас л болоогүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь босооч гэж хэлээд Д.П-гийн нуруу руу нь 2 удаа хөлөөрөө өшиглөөд толгойноос нь өндийлгөөд босгох гэтэл босохгүй байхаар нь би хоёр хүүхдээ аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Г.Д, Г.Н, Г.Н, Г.Д нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, гэр бүлийн харилцааны таарамжгүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Г-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.П-, шүүгдэгч О.Г- нар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “...О.Г- би эхнэр Д.П-гээс уучлалт гуйж, ахин ийм асуудал гаргахгүй гэж амлаж байна. ...Д.П- би нөхөр О.Г-ыг уучилж эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ гэсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 73х/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Г-ад оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР