Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00324

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт /Харчулуут/ оршин суух, Нуга овогт Бямбасүрэнгийн Даваасүрэнд холбогдох, 337784 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00302/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22553220 тоот гэрээ байгуулан 99715266 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung galaxy j7 гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 337784 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Даваасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Даваасүрэн би Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 337784 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Мобиком корпораци ХХК нь Б.Даваасүрэнд холбогдуулан 337784 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Даваасүрэн нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 337784 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарМобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт /Харчулуут/ оршин суух, Нуга овогт Бямбасүрэнгийн Даваасүрэнд холбогдох, 337784 /гурван зуун гучин долоон мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 337784 /гурван зуун гучин долоон мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.Даваасүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10784 /арван мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 5392 /таван мянга гурван зуун ерөн хоёр/ төгрөг, хариуцагч Б.Даваасүрэнгээс 5392 /таван мянга гурван зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН