Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/03292/И |
Дугаар | 001/ХТ2019/00552 |
Огноо | 2019-04-18 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2019/00552
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2332 дугаар магадлалтай
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Н” ХХК-д холбогдох
“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 67 551 833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй иргэн Х.Пүрэвхүү, Батлан хамгаалах яам, “Актив групп” ХХК, “Дэхор” ХХК, “Н” ХХК-иуд нь өөрийн барьж буй барилга байгууламжийнхаа бохир усны шугамыг шинээр угсруулан гүйцэтгүүлэхээр нэгдэж, манай компанитай 337 759 163 төгрөгийн санхүүжилттэй Барилгын шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Энэхүү ажлаар манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын музей орчмын захиалагч нарын объектуудын бохир усны шугамыг, магистраль Ф-400 мм голчтой 407 метр шугамын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Захиалагч нараас “Дэхор” ХХК, иргэн Х.Пүрэвхүү, Батлан хамгаалах яам санхүүжилтээ 100 хувь, “Актив групп” ХХК нь санхүүжилтээ 50 хувь тус тус өгсөн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байгаа бөгөөд санхүүжилтгүйн улмаас ажил түр зогссон байгаа болно. Анх гэрээ байгуулагдахаас өмнө захиалагч нар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ус сувгийн удирдах газрын 111 тоот өрөөнд хуралдаж Ф-400 мм бохир усны шугам шинээр угсрах ажлын санхүүжилтийг 5 тэнцүү хувааж гүйцэтгэгч компанид олгохоор шийдвэрлэгдсэн.Гүйцэтгэгч компанийн зүгээс “Н” ХХК-иас санхүүжилт хүсэх тухай албан хүсэлт, нэхэмжлэхийг удаа дараа хүргүүлж байсан боловч удахгүй санхүүжилтийг олгоно, компани санхүүжилтгүй байна гэх шалтгаанаар гэрээний санхүүжилт, ажлын хөлсийг шийдвэрлэхгүй өдийг хүргэсэн. “Н” ХХК-иас олгох санхүүжилтийн асуудлаас шалтгаалан бусад захиалагч нарын хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа болно. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх БУШ-0601 дугаартай гэрээний захиалагчаар “Энхжих түвшин өргөө” ТББ, гүйцэтгэгчээр “А” ХХК хоёрын хооронд байгуулагдсан гэрээ хэдий боловч захиалагчийг төлөөлж “Н” ХХК-ийн захирал С.Билэгт, “Дэхор” ХХК-ийн захирал Ч.Мягмарсүрэн, “Актив групп” ХХК-ийг төлөөлж захирал н.Батзул, иргэн Х.Пүрэвхүү нар гарын үсгээ зурсан. Мөн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн протокол, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн протокол, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн протоколын тэмдэглэлээс үзэхэд тухайн цаг үед хийгдсэн гэрээ нь “Н” ХХК, “Дэхор” ХХК, иргэн Х.Пүрэвхүү, “Актив групп” ХХК, Батлан хамгаалах яам, “Алтайн үндэс консракшн” XXК-ийн хооронд байгуулагдсан гэрээ болно.
Иймд захиалагч “Н” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 67 551 833 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагыг хариуцагчаар татсан, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хөлс 67 551 833 төгрөгийг гаргуулах тухай гэсэн шаардлага бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийн материалтай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” №БУШ 0601-г манай байгууллага сайн дурын үндсэн дээр байгуулаагүй. Учир нь, энэ яригдаад байгаа Ф-400 мм бохир усны шугам шинээр угсрах ажлыг хийж гүйцэтгэхэд манай байгууллагын 2013 онд өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, ашиглаж байсан бохир усны шугамыг ашигласан. Тийм ч учраас “А” ХХК энэ ажлыг гүйцэтгэх, мөн гэрээ байгуулах асуудал сөхөгдөхөд бид өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн шугамыг ашиглуулж байгаа гэсэн үндэслэлээр одоо энэ байгуулагдах гэрээнд захиалагчаар орохгүй, орсон ч өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бохир усны шугамыг ашиглуулж байгаа учир гүйцэтгэгчид нэмж ажлын төлбөр мөнгө төлөх ёсгүй, харин ч манай шугам дээр өргөтгөл хийх гэж байгаа байгууллага манайхаас зөвшөөрөл авах, манайд төлбөр төлөх ёстой гэж маргасан. Гэсэн хэдий ч ус суваг, шугам ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын зүгээс уг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний таван захиалагчийн нэг болж орохыг шаардсан. (энд нэхэмжлэгч талын ямар оролцоо байгааг бид мэдэхгүй)
Манай байгууллага тухайн үед өөрөө өөр барилгууд барьж байсан учир ус суваг, шугам ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудын шахалтанд орж, “Ажил гүйцэтгэх гэрээ” №БУШ 0601-ний нэхэмжлэгчийн бэлдсэн төсөл дээр гарын үсэг зураад гарсан. Энэ үед хариуцагч надад Ф-400 мм бохир усны шугам шинээр угсрах ажлыг хийж гүйцэтгэхэд суурь болгох бохирын шугамыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байгууллагын хувьд дээр дурдсан гэрээнд өөрийн эрх ашгийг хамгаалах заалтыг тухайлан оруулах боломж олгоогүй. Эрх бүхий байгууллагын удирдлага дарамт шахалт үзүүлээд, эрх тэгш гэрээ байгуулах боломж олголгүй, нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн нь уг гэрээг манай хариуцагч тал сайн дурын үндсэн дээр байгуулаагүйг илтгэж байна. Ийм учир энэ нь гэрээг талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаагүй, нэг талд хууль бусаар давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Ийм учир шалтгаанаар гэрээний дагуу төлбөр төлөх удаа дараагийн шаардлагыг хангахаас өдий хүртэл татгалзаж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэв нэхэмжлэгч манай шугамыг ашиглаж энэ гэрээнд дурдсан ажлыг хийж гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрч, манай зардлаар барьж гүйцэтгэсэн шугамыг ашиглан энэ ажлыг хийж гүйцэтгэснээр тийм шугамгүй байсан бол гарах ёстой байсан зардлыг хэмнэснээ тооцоолох саналыг хүлээн зөвшөөрөх бол харилцан хариуцсан мэргэжилтнээ томилж, эвлэрэн хэлэлцэхэд бид уулзахад бэлэн байна.
Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан ажлыг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгэхээр төсөвлөсөн, уг төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулсан, мөн хянуулсан, төсвийн гүйцэтгэл ямар байгаа, үүнийг хөндлөнгийн Аудитаар хянуулсан эсэх, мөн уг төсвийн зарцуулалтыг тайлан тооцоондоо тусгасан, тайлангаа хөндлөнгийн Аудитаар хянуулсан тухай баримт байхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нэгэн үндэслэл болохыг анхаарна уу гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 67 551 833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 495 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2332 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2018.11.21-ний өдөр хянан хэлэлцээд 2332 дугаар магадлал гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд энэ гомдлыг гаргаж байна.
Хэргийг хянан хэлэлцсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2018.9.19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрээт ажилд “Н” ХХК буюу хариуцагчийн бохирын шугамыг холбоогүй байгаа тухай маш тодорхой хэлсэн нь тусгагдсан байгаагаас үзвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төлбөрийг төлөх нөхцөл бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тийм ажил үйлчилгээ нэхэмжлэгчээс аваагүй байгаа учир үүрэг хүлээхгүй байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүй, хариуцагчийг 100 хувь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үүрэг оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.9.19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
Тухайлбал, хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдагдсан ажлыг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгэхээр төсөвлөсөн, мөн уг төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулж, хянуулсан эсэх, төсвийн гүйцэтгэл ямар болсон, үүнийг хөндлөнгийн Аудитын байгууллагаар хянуулсан эсэх, нэхэмжлэлд дурдагдсан ажлын зардлын тооцоо нь тайланд нь тусгасан эсэх талаар нотлох баримтгүй байсан.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан 67 551 833 төгрөгийг нэхэмжлэлд дурдсан ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан гэдгээ нотлох баримт гаргаж чадахгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нэгэн үндэслэл тул холбогдох нотлох баримт гаргуулахыг хүсч, энэ тухай хүсэлт гаргасан.
Шүүгч хариуцагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэн захирамж гаргасныг нэхэмжлэгч биелүүлээгүй.
Хариуцагчийн хувьд шүүгчийн захирамжийг хангасны дараа нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлтэй танилцсаны эцэст шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа шүүх хурал дээр илэрхийлж, энэ тухай хүсэлтээ дахин гаргасан ч шүүгчийн захирамжийг биелэгдээгүй байхад шүүх хуралдааны тов зарласнаар хариуцагч “нэхэмжлэгч шаардах эрхгүйг нотлох”-ын тулд “нотлох баримтыг шинжлүүлэх” /ИХШХШ 108, 110/ боломжийг олгоогүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг нотлох нэхэмжлэлд дурдагдсан ажлыг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгэхээр төсөвлөсөн, мөн уг төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулж, хянуулсан эсэх, төсвийн гүйцэтгэл ямар болсон, үүнийг хөндлөнгийн Аудитын байгууллагаар хянуулсан эсэх.
Нэхэмжлэлд дурдагдсан ажлын зардлын тооцоо нь тайланд нь тусгасан эсэх талаар нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” үндэслэл болж байна.
Иймд ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2332 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ХХК нь ”Н” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 67 551 833 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК, “Энхжин түвшин өргөө” ТББ-тай Ажил гүйцэтгэх БУШ-0601 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр “А” ХХК нь Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууц, “Н” ХХК, “Дехор” ХХК, “Актив групп” ХХК, иргэн Пүрэвхүү нарын эзэмшлийн барилгын гадна бохир усны гол магистрал ф-400 мм голчтой 407 метр шугамын ажлыг хийж ашиглалтанд өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхөөр, гэрээний 3.1. дэх заалтаар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагийн протоколыг санхүүжилтийн хуваариар хавсаргажээ.
2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ус сувгийн удирдах газар болсон хуралдаанд Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн алба, “Н” ХХК, “Актив партнерс” ХХК, “Дехор” ХХК, иргэн Хишигбадрах, “А” ХХК-ийн төлөөлөгчид оролцож, ажлын хөлс 337.7 сая төгрөгийг 5 хуулийн этгээд тэнцүү хувааж, нэг байгууллага 67.5 сая төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэрээний дагуу “А” ХХК барилга байгууламжийг барьж, ажлын гүйцэтгэл 95%-тай байгаа бөгөөд санхүүжилтгүйн улмаас ажил түр зогссон гэжээ.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн байна.
Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар зохигч маргаагүй, гүйцэтгэгч гэрээний дагуу ажлыг зохих хэмжээгээр гүйцэтгэсэн, ажлын хөлсийг “Дехор” ХХК, иргэн Пүрэвхүү, Батлан хамгаалах яам 100 хувь, “Актив групп” ХХК 50 хувь төлж, “Н” ХХК-иас төлбөр төлөгдөөгүй болох нь баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нь “...ажлын гүйцэтгэлийг нотлосон баримтгүй, төсвийн гүйцэтгэлийг захиалагч нарт танилцуулж, хянуулсан эсэх, төсвийн гүйцэтгэл ямар болсон, үүнийг хөндлөнгийн Аудитаар хянуулсан эсэх, ажлын зардлын тооцоо, тайлан хэрэгт авагдаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Гүйцэтгэгч “А” ХХК ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын актаар хүлээлгэн өгч, Улсын комисс ажиллуулахаар шийдвэрлэсэн, Пүрэвхүүгийн барилга, Батлан хамгаалах яамны барилгын холболт хийгдсэн, “Дехор” ХХК үлдэгдэл мөнгөө 10 сард өгнө гэсэн, “Дехор” ХХК-ийн холболтыг хийвэл Нийн барилгын холболт хийгдэнэ, “Н” ХХК-ийн санхүүжилттай холбогдуулан тэдний барилгаас холболт хийгдээгүй байгаа гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.
Ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүсээгүй, гэрээний талууд ажлын төсвийг хэлэлцэн, гэрээгээр баталгаажуулж, санхүүжилт авах урьдчилсан нөхцлөө гэрээгээр тодорхойлсон, захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр гүйцэтгэгч ажлын хөлсөө нэхсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 353 дугаар зүйлийн 353.5.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02959 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2332 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анугийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495 710 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД