Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 751

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Э Х” ХХК РД:,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н.

Гомдлын шаардлага: “2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... анх 2003 онд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Х*******ын рашаан сувилал хувьчлагдсаны дараа “Э Х” рашаан сувиллыг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласаар байна. Гэтэл тус бүс нутагт рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд нэмэгдэж, мөн “Х******* рашаан сувилал”-аар үйлчлүүлэгчдийн тоо цэвэрлэх байгууламж байгуулагдсанаас хойш 10 дахин өссөн зэрэг шалтгаанаар анх байгуулсан цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэх болсон. “Э Х” ХХК нь бохирын 3 машиныг худалдан авч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор авч ажиллуулдаг байсан бөгөөд хамгийн сүүлд Солонгосын шинэ технологитой бохирын машин авч ашиглаж байгаа.

Гэтэл тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт рашаан сувиллын газарт шалгалт хийж, бохирын усаа гол уруу шууд нийлүүлж буй бусад байгууллагад арга хэмжээ тооцохдоо зөрчлийг хянан шалгах үүргээ бүрэн гүйцэт биелүүлэлгүй нийтэд нь зөрчил тогтоож, торгууль тавих үйл ажиллагаандаа “Элма Х*******” ХХК-ийг хамруулсанд гомдолтой байна.

Мөн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан атлаа “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “Бохирын усаа стандартын түвшинд цэвэрлээгүй гэх” үндэслэлээр торгосон. Торгох болсон шалтгаан торгосон зүйл анги хоёрын хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан яг ямар шаардлагыг ямар үндэслэлээр зөрчсөн нь тодорхойгүй болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ өгөхдөө бодитой үнэлэлтийг өгөөгүй. Хөрсний бохирдлыг дүгнэхдээ стандарт журамд тусгагдсан арга хэрэгслээр тогтоолгүй, хангалтгүй гэсэн үнэлгээг илэрхийлэх тоог шууд тус хуудсан дээр бичсэн. Энэхүү хяналт шалгалтын хуудсаар манай байгууллагыг “Их эрсдэлтэй” аж ахуй нэгж гэдэг ангилал уруу оруулах үр дагаврыг үзүүлсэн.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н-ын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар “Шийтгэлийн хуудас” болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас нь хууль ёсны бус тул уг шийтгэх хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 6.10.1.3-д заагдсанаар зорилгодоо нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Байгаль орчинд нарийвчилсан байдлын үнэлгээ гэдэг үг байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг зөрчсөн зөрчлийг энэ хуулиар зохицуулаагүй байгааг анхаарч үзнэ үү. Тухайн актыг гаргахдаа  2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хяналтын хуудсыг бөглөсөн. Тус хяналтын хуудсыг үндэслэж арга хэмжээ авсан байдаг. Нарийвчилсан үнэлгээ болон ерөнхий үнэлгээний талаар яриагүй бөгөөд татгалзлын үндэслэлийг үүнтэй холбон баримт гаргаж өгч байгаатай санал нийлэхгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон ерөнхий үнэлгээг хянадаг тусдаа төрийн захиргааны байгууллага байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас нийт 7 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Яг аль аж ахуйн нэгж зөрчил гаргасан гэдгийг ялган тогтоох, лаг нь юунаас үүсэлтэй гэдгийг шалган тогтоох ажиллагаа хийгдээгүй бөгөөд хэрэгт зургууд авагдсан байгаа. Байгаль орчинд хортой үгүйг шалгах ажиллагаа хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа :

“... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/157 дугаар нэгдсэн удирдамжийн хүрээнд болон Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13/1975 дугаар албан бичгийг үндэслэн “Э Х” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно. Хяналт шалгалтаар “Э Х” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт болох 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох байгууллагаар буюу Төрийн захиргааны төв байгууллага яамаар батлуулаагүй үйл ажиллагаа явуулж байсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан байдаг.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтийн хангуулахын тул жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн ерөнхий үнэлгээг баталсан газраар батлуулан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг 12 сард багтаан өгч дүгнүүлэн 80% -иас дээш үнэлгээтэй үнэлэгдсэн тохиолдолд дараа оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  баталдаг гэсэн үг юм. Харин “Э Х” ХХК-ийн хувьд ерөнхий ба нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар тухайн жилийн буюу 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байж үйл ажиллагаа явуулах ёстой.

“Э Х” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагуудыг биелүүлж ажиллаагүй.

Жишээлбэл: Үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, аваагүй, Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаараас тогтоосон хугацаанд дээж авдаггүй, итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр бохир усны шинжилгээний дүн өндөр гарсан байсан. Мөн газар дээр хийгдсэн хяналт шалгалтаар “Э Х”” ХХК-ийн бохир ус цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан ба бохир ус цэвэрлэх цэвэрлэгээ огт хийгдээгүй байгууламж бохир усаар дүүрсэн бөгөөд хальж байгаль орчинд шууд урсаж хаягдаж байсан болно.

Иймд “Э Х” ХХК нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд орсон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж ажиллаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно.

Тухайн үед “Э Х” ХХК-ний захирал Д.Г нь гарсан зөрчлөө хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудас, ЗШША-2 тэмдэглэл, мэдүүлэг зэрэгт гарын үсэг зурж, тамга дарсан. Мөн холбогдогчоос авсан мэдүүлэгт, холбогдогчид эрхийг тайлбарлан өгч үйлдсэн зөрчил, дутагдлын талаар хэлсэн бөгөөд “Э Х” ХХК-ийн захирал Д.Г нь хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тус мэдүүлэгт 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд бохир ус цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч буй усыг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүн стандартын шаардлага хангахгүй байгааг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг, тамга дарсан болно.

            Хариуцагч С.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Байгаль орчны хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд хийсэн. Хариу тайлбарт хүргүүлсэнчлэн Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн газрын бичгийг тус тус үндэслэж хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтад 6 аж ахуй нэгж байгууллага орсон. Аж ахуй нэгж байгууллага бүрт арга хэмжээ авагдсан. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 3-д зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, үнэлгээний тайлан хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авсан. Төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчны бүх үнэлгээг баталдаг. Төрийн хяналт шалгалтын хуулинд хэрэгжилтийн хяналтыг хангуулж ажиллах бүрэн эрх мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Хяналт шалгалт бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэн даруй нэмэгдүүлэх үүрэг даалгавар яамнаас өгсөн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийснээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т: “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 5.11, 5.12, ... 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, ... 7.1, 7.2, 7.3, .... 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал түүнд авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шалгалт явуулахдаа илрүүлсэн, холбогдогч нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг хангаж ажиллаагүй гэх зөрчилд шийтгэл оногдуулсан нь бодит нөхцөлд тохирсон байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д: “төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд ... байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина”, 9 дүгээр зүйлийн 9.1-д: “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ... зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулан”, 9.2-т: “байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж хуульчилснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж ажиллаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд туссанаар байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж ажиллаагүй зөрчилд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг баримтлан “Э Х” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н-ын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Э Х”” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН