Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Болормаа;

иргэдийн төлөөлөгч Х.Энхчимэг;

улсын яллагч Б.Цогтгэрэл;

хохирогч Б.Галрагчаа;

иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбат, түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан;

гэрч П.Бямбаа, Г.Чимэддамба;  

шүүгдэгч Х.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Хадбаатарын Үүрцайхад холбогдох эрүүгийн 2015250000002 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос ноолуурын үйлдвэр урлалын менежмент мэргэжилтэй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 5 дугаар гудамжны 1889 тоотод оршин суух,

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, НД93081912 регистерийн дугаартай, Тайж овогт Хадбаатарын Үүрцайх.

 

             Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

             

             Яллагдагч Х.Үүрцайх нь шунахай сэдэлттэй давтан үйлдлээр:

             

             1. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр
хороо Шарга морьтын зуслангийн 2-208 тоотод оршин суух Ц.Сандагдоржийн
байшинд нэвтэрч зөөврийн компьютер, камер, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг
хулгайлан авч 1.310.000 төгрөгийн,

              2. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгайд байрлах Б.Батцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн болон гуулин аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 742.000 төгрөгийн,

              3. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн зуслангийн задгайд байрлах З.Энхцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, савханы тавиур, уур нүдүүр зэрэг эд зүйлийг хулгайлан авч 3.585.000 төгрөгийн,

              4. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ц.Дөлбадрахын байшинд нэвтэрч мөнгө, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.047.980 төгрөгийн,

              5. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн зуслангийн задгайд байрлах Ш.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтэрч зургийн аппарат хулгайлан авч 520.000 төгрөгийн,

              6. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ш.Ууганбаярын байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, мөнгөн бүс, алтан ээмэг, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлан авч 3.095.000 төгрөгийн,

            7. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн 198 тоотод байрлах М.Дамдинсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 373.000 төгрөгийн,

             8. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн 208 тоотод байрлах Б.Галрагчаагийн байшинд нэвтэрч мөнгө, хөөрөг, ээмэг, бөгж, кулон, хавчаар зэрэг эд зүйлийг хулгайлан авч 24.228.000 төгрөгийн,

             9. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах В.Алтанцэцэгийн байшинд нэвтэрч алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.950.000 төгрөгийн,

            10. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ч.Жүгдэрдэмидийн байшинд нэвтэрч хөөрөг хулгайлан авч 380.000 төгрөгийн,

            11. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ц.Оюунцэцэгийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, мөнгөн аяга, гар утас, цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 480.000 төгрөгийн,

            12. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зуслангийн задгайд байрлах Д.Энхболдын байшинд нэвтэрч зургийн аппарат, ай пад зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн,

          13. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 5-123а тоотод оршин суух Д.Цэцгээгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.375.000 төгрөгийн,

            14. 2014 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54-330 тоотод оршин суух П.Өлзийсайханы байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлан авч 580.000 төгрөгийн тус тус хохирол учруулан нийт 40.665.980 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 14 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энд миний аваагүй эд зүйлс байгаа юм. Тухайлбал Батцэцэг гэх айлаас мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлаагүй. Ийм эд зүйл огт байгаагүй. Мөн хөөрөгний үнэлгээ нэмэгдсэн байна. Хоёр өөр газар үнэлгээ хийсэн ч гэсэн ийм их зөрүүтэй байна гэж байхгүй. Мөн хөөрөгний толгойг шууд үнэлэх боломжгүй. Учир нь зургийг нь хараад үнэлгээ хийх боломжгүй. Энэ хөөрөгний толгойн талаар зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Галрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хот руу явж байсан чинь манай манаач Батжаргал утсаар яриад “байшингийн чинь цонх онгойсон байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Би 102-т дуудлага өгөөд буцаад гэррүүгээ явсан. Цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийхэд миний ааваас надад ирсэн шүрэн толгойтой, алтан нуухтай, гартаам судалтай дунд гарын бор манан хөөрөг, эхнэрийн ээмэг бөгж, зургийн аппарат зэрэг эд зүйл алга болсон байсан. Цагдаад тэмдэглүүлээд байж байтал хоёр хоногийн дараа байцаагч надруу утсаар яриад “таны хөөрөгний сураг гарлаа “Урт цагаан”-ны тэнд лангуун дээр очоод уулз” гэж хариуцагчийн лангууг зааж өгсөн. Би зааж өгсөн лангууг нь хоёр хоног сахьсан боловч уулзаж чадаагүй. Тэгээд байцаагч дараа нь надруу залгаад “таны хөөрөг ирсэн та хүрээд ир” гэж хэлсэн. Яваад очсон чинь миний хөөрөгний их бие нь байсан бөгөөд толгой нь байхгүй байсан. Тэгээд Баярбат гэх залуутай уулзахад халааснаасаа хоёр “даваа толгой” гаргаж ирээд “та энэ хоёр толгойны нэгийг нь сонго, би алтан нуух тавиад өгье” гэж хэлсэн. Хэрвээ миний хөөрөгний толгойг аваагүй бол энэ хүн “толгой хийж өгье” гэж хэлэхгүй шүү дээ. А.Баярбат нь “шүрэн толгой биш байсан хагархай байсан” гэж ярьдаг, миний хөөргийг нутаг усны хөгшчүүл мэднэ. Ямар хөөрөг болохыг энэ талаар гэрчийн мэдүүлэг ч өгсөн байгаа. Зураг дээрээс хараад үнэлгээ хийлгэх боломжгүй гэж байна. Манай нутгийн уулзалт болоод би хөөрөгнийхөө зургийг нутгийн хөгшчүүлийн хөөрөгтэй эгнүүлж тавьж байгаад зургийг нь авсан байсан. А.Баярбат нь өөрөө бас мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. “Манай эхнэр шүүрдээд хаячихсан байж магадгүй” гэж хэлж байсан. Би иргэний хариуцагч А.Баярбатаас хөөрөгний толгойныхоо хохирлыг гаргуулж авмаар байна гэв.

 

Иргэний /нэхэмжлэгч/ хариуцагч А.Баярбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 30-ны орой шүүгдэгч Х.Үүрцайх манай лангуу дээр ирээд надад алтан цагирга, мөнгөний хог үзүүлсэн. Би “хаанаас авсан юм бэ” гэхэд “манай ээж ломбард ажиллуулдаг юм” гэж надад урд нь итгүүлсэн байсан учир би тэр эд зүйлийг нь авсан. Х.Үүрцайх гадаа гараад буцаад орж ирэхдээ “нэг ийм юм байна” гэж хэлээд өврөөсөө толгойгүй хөөрөг гаргаж ирсэн. Би тэр хөөрөгний их биеийг  нь үзээд “доргиотой хөөрөг байна, үнэ хүрэхгүй дээ” гэж хэлтэл “манай ээжийн ажиллуулдаг ломбардад нэг архичин хямдхан тавиад алга болчихсон юмаа. Та хүү алдангийн мөнгийг нь шингээгээд хямдхан авчих” гэхээр

нь би “толгой нь хаана байна” гэж асуусан. Тэгсэн Х.Үүрцайх “толгой нь хэрэггүй дээ” гээд халааснаасаа дундуураа хагарсан, нуухнаас нь салгаад хоёр хэсэг болгосон зүйл гаргаж өгсөн. Тэгээд би хөөрөгний их биеийг нь 200.000 төгрөгөөр аваад “толгойг нь надад өгчихгүй юу дээ хэрэггүй юм бол” гэж хэлэхэд Үүрцайх өөрөө толгойг нь буцаагаад авсан. Дараа нь тэр толгойг П.Бямбаа гуайгаар “шүр мөн үү” гэж үзүүлэхэд “шүр биш байна. Дээр үед уулын шүр гэж нэг юм байсан, тэр л юм шиг байна, одоо бол марз гэдэг юм” гэж надад хэлсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөрөгний толгойны үнэлгээг би хариуцахгүй. Харин иргэний нэхэмжлэгчийн хувьд Үүрцайхаас хөөрөг авсан 200.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

Гэрч П.Баямбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Баярбаатартай хамт “Урт цагаан” дээр ажилладаг юм. Намайг юм хийгээд байж байхад А.Баярбат надад “би танд нэг юм үзүүлье гээд шүр мөн байна уу” гэж хэлээд нэг хөөрөгний толгой үзүүлсэн. Түүнийг нь хартал хуучин дундуураа хагархай, түүнийг маш цэвэрхэн наасан байж байгаад хагарсан юм уу гэхээр намхан шүр шиг толгой байсан. Тухайн үед орой бүрэнхий болсон байсан тул би гэрэлд хараад “энэ шүр биш юм шиг байна. Дээр үед уулын шүр гэж иймэрхүү чулуу байдаг байсан. Одоо бол марз гэдэг юм” гэж хэлсэн. Марз гэж улаан, ягаан бордуу чулуу байдаг юм. Би өөрөө малын их эмч, 1992 оноос хойш хөөрөг чулуу сонирхож энэ талаар мэдлэгтэй хүн гэв.

 

Гэрч Г.Чимэддамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Галрагчаагийн хөөргийг 1970-аад оны үеэс мэднэ. Галрагчаагийн аав нь барьдаг байсан. Би өөрөө ч тамхилж явсан. Уг хөөрөг нь 2 см орчим өндөр, ягаан шүрэн толгойтой, алтан нуухтай, гартаам судалтай дунд гарын мөртэй бор манан хөөрөг байсан. Толгой нь хагараагүй бүтэн шүрэн толгойтой байсан гэв.

 

 

            Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 7-13, 75-82, 121-139, 210-215, 3хх-ийн 26-35/, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 35-51/, хохирогч Ц.Сандагдорж /1хх-ийн 57-59/, Б.Батцэцэг /1хх-ийн 106, 3хх-ийн 81/, З.Энхцэцэг /1хх-ийн 150/, Ц.Дөлбадрах /1хх-ийн 164/, Ш.Пүрэвсүрэн /1хх-ийн 182/, Ш.Ууганбаяр /1хх-ийн 196-197/, М.Дамдинсүрэн /1хх-ийн 204-205/, Б.Галрагчаа /1хх-ийн 243-246/, В.Алтанцэцэг /2хх-ийн 13-15/, Ч.Жүгдэрдэмид /2хх-ийн 21/, Д.Цэцгээ /3хх-ийн 42-47/, Ц.Оюунцэцэг /2хх-ийн 28-30, 4хх-ийн 13/, Д.Энхболд /2хх-ийн 36-38, 85/, П.Өлзийсайхан /3хх-ийн 79, гэрч Б.Оюунцэцэг /1хх-ийн 108/, А.Баярбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх-ийн 5/, гэрч Г.Чимэддамба /4хх-ийн 19-20/, Ч.Нямгаваа /4хх-ийн 21/, П.Ванчигдорж /4хх-ийн 24/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 51, 104, 146, 161, 180, 195, 203, 232-236, 2хх-ийн 12, 17, 28-30, 35, 3хх-ийн 48, 62, 71, 79, 4хх-ийн 27-35, 37/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 99/, Х.Үүрцайхын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 100/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 134, 3хх-ийн 167/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 103-105/ Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Үүрцайх нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр
хороо Шарга морьтын зуслангийн 2-208 тоотод оршин суух Ц.Сандагдоржийн
байшинд нэвтэрч зөөврийн компьютер, камер, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг
хулгайлан авч 1.310.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгайд байрлах Б.Батцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн болон гуулин аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хулгайлан авч 742.000 төгрөгийн,

- 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн зуслангийн задгайд байрлах З.Энхцэцэгийн байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, савханы тавиур, уур нүдүүр зэрэг эд зүйлийг хулгайлан авч 3.585.000 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ц.Дөлбадрахын байшинд нэвтэрч мөнгө, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.047.980 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн зуслангийн задгайд байрлах Ш.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтэрч зургийн аппарат хулгайлан авч 520.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн ам зуслангийн задгайд байрлах Ш.Ууганбаярын байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга, мөнгөн бүс, алтан ээмэг, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлан авч 3.095.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн 198 тоотод байрлах М.Дамдинсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 373.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн 208 тоотод байрлах Б.Галрагчаагийн байшинд нэвтэрч мөнгө, хөөрөг, ээмэг, бөгж, кулон, хавчаар зэрэг эд зүйлийг хулгайлан авч 24.228.000 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах В.Алтанцэцэгийн байшинд нэвтэрч алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.950.000 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ч.Жүгдэрдэмидийн байшинд нэвтэрч хөөрөг хулгайлан авч 380.000 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн задгайд байрлах Ц.Оюунцэцэгийн байшинд нэвтэрч зөөврийн компьютер, мөнгөн аяга, гар утас, цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 480.000 төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зуслангийн задгайд байрлах Д.Энхболдын байшинд нэвтэрч зургийн аппарат, ай пад зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн,

- 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 5-123а тоотод оршин суух Д.Цэцгээгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.375.000 төгрөгийн,

 - 2014 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54-330 тоотод оршин суух П.Өлзийсайханы байшинд нэвтэрч мөнгө, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлан авч 580.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 40.665.980 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сандагдоржийн мэдүүлсэн /1хх-ийн 57-59/: “...2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зусланд байрлах гэрээсээ 12 цагийн орчим гараад хотын төв ороод орой 16 цагийн орчим гэртээ орох гээд явж байтал манай хажуу айлын зүс үл таних залуу намайг дуудаад “танай гэрт хулгай орсон байж магадгүй, танай нохой хуцаад байхаар нь харсан чинь танай хашааны гадна нэг зүс үл таних залуу хаалгыг чинь оролдоод зогсож байсан, тэгэхээр нь би юун хүн бэ гэтэл би айл андуурсан байна гээд яваад өгсөн” гэсэн. Тэгээд би байшиндаа орох гэтэл манай байшингийн урагшаа харсан цонх онгорхой байсан. Би гомдолтой байна алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-13/,

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож “Тошиба” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Сони” брэндийн камер 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, алтан ээмэг 1 хос зэргийг нийт 1.310.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 51/,

 

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батцэцэгийн мэдүүлсэн /1 хх-ийн 105-106, Зхх-ийн 81/: “...2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим манай хажуу талын хашааны хүн миний гар утас руу залгаад “танай байшингийн доод нэг давхараар нэг хүн ороод бид нарыг 2 давхараас буусан чинь гараад зугтчихлаа. Тэгээд танай цонхыг харсан чинь онгорхой байна” гэж хэлсэн. ... Би 16 цаг 30 минутын орчим гэртээ орж эд зүйлээ шалгатал манай байшингийн 2 давхарт авдар дотор байсан 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн тоноглолтой бүс, бурхан тахилын урд байсан 2 ширхэг 5000 төгрөг, доод нэг давхарт шарлуулсан аяга 1 ширхэг, модон аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Батдуламын мэдүүлсэн /1хх-ийн 107/: “ ... Би 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 50 минутын орчим гэрээсээ гартал манай тамбарын гадна зүс үл таних нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би эргэж гэртээ ороод ээж Батцэцэгт хэлсэн. Тэгтэл манай ээж гэрээс гарч тэр хүнтэй нэг юм яриад байх шиг байсан. Тэгтэл тэр зүс үл таних эрэгтэй хүн урагшаагаа хашаа даваад гараад явсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн /Зхх-ийн 84/:  “… Манайх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд байрлах Б.Батцэцэгийн байшингийн урд талын байшинд байдаг юм. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Батцэцэгийн байшингаас хулгай хийсэн хүн манайд орж ирсэнийг манай эхнэр гэртээ байсан тул мэдээд 2 давхараас бууж ирэхэд нь хулгай хийсэн залуу зугтсан гэсэн. Тэгээд манай эхнэр над руу “Батцэцэг эгчийнд хулгай орсон юм шиг байна, цонх нь онгорхой байна. Сая манайд орж ирсэн залуу хулгай хийсэн юм шиг байна” гэж ярьсан. Тэгээд цагдаа дуудсан…” гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 75-82/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож 6 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, гуулиар шарлуулсан аяга 1 ширхэг зэргийг нийт 742.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 104/,

 

         мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Энхцэцэгийн мэдүүлсэн /1хх-ийн 150, Зхх-ийн 70/: “...2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчим би Улаанбаатар хотод явж байтал манай зуслангийн байшингийн хөрш айлын хүний /нэрийг мэдэхгүй/ утаснаас над руу залгаад “танай зуслангийн байшингийн цонхыг хүн өшиглөөд орчихлоо” гэсэн. ...би зуслангийн байшиндаа 14 цаг 45 минутын орчим яваад очиход манай байшинийн арын вакум цонх онгорхой байсан. Манай жолооч Мөнхбат надаас түрүүлээд цонхоор орсон. Тэгээд надад байшингийн хаалга тайлж өгөөд би араас нь хаалгаар ороход манай байшингийн эд зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд ажиглатал мөнгөн аяга болон эртний хийцтэй дөш, мөнгөн савх зэрэг эд зүйл байхгүй байсан. Тэгтэл манай байшингаас граж руу ордог хаалганы наана нэг хар юм сүүтэгнээд хөдлөөд байсан. Тэгэхээр нь би “гараад ир” гэтэл нэг зүс үл таних залуу гарч ирсэн. Манай жолооч бид хоёр цүнхээ онгойлго гэтэл онгойлгосон ба цүнхэн дотор нь манай эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Мөнхбатын мэдүүлсэн /1хх-ийн 151/: “ …2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчим би ажлаа хийгээд явж байтал манай захирлын эхнэр 3.Энхцэцэгийн гар утас дуугараад “танай гэрийн хойд цонхоор хүн орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай захирлын эхнэр бид хоёр зуслангийн байшин руу нь очсон. Байшингийн гадна талын төмөр хашааг онгойлгон ороод байшингийн цонхыг шалгаад тойроод явж байгаад байшингийн хойд талын цонхыг шалгаад түлхэж үзтэл цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би цонхоор ороод байшингийн хаалгыг З.Энхцэцэгт тайлж өгөөд бид хоёр байшин дотор байж байтал байшингаас граш руу ордог хаалганы наад талын шүүгээний хажууд нэг хар юм сүүтэгнээд байсан. Бид хоёр “гараад ир” гээд орилтол нэг зүс үл таних залуу гарч ирсэн. З.Энхцэцэг эгч “чи наад цүнхээ онгойлгоодох” гэтэл тэр залуу цүнхээ онгойлгосон. Тэгтэл Энхцэцэг эгчийн гэрт байсан мөнгөн аяга, мөнгөн савх зэрэг эд зүйлийг цүнхэндээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд- /1хх-ийн 121-139/,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоож дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, гуулин уур, нүдүүр 1 хос, улаан модон савх 9 ширхэг зэргийг нийт 3.585.000 төгрөгөөр үнэлсэн баримт /3хх-ийн 71/

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дөлбадрахын мэдүүлсэн /1хх-ийн 163-164/: “…2014 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг гээд эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодойн ам” зусланд байрлах байшингаасаа гараад хот руу ажилдаа явсан. Орой 19 цаг гээд гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Гэрийн эд зүйлийг бүртгэхэд “Тошиба” маркийн нөүтбүүк, миний түрүүвчинд байсан япон улсын мөнгөн тэмдэгт болох 6000 иен алга болсон байсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Мөнхжаргалын мэдүүлсэн /1 хх-ийн 165/: “ …2014 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг гээд нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодойн ам” зусланд байрлах байшингаасаа гараад хот руу ажилдаа явсан. Орой 19 цаг гээд гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд “Тошиба” маркийн нөүтбүүк, нөхрийн түрүүвчинд байсан япон улсын мөнгөн тэмдэгт болох 6000 иен алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/

эд зүйлийн үнэлгээ тогтоож “Тошиба” маркийн нөүтбүүкийг 1.047.980 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 161/,

монгол банкны ханшийн лавлагаа /Япон улсын иен/- /1хх-ийн 178/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Пүрэвсүрэнгийн мэдүүлсэн /1 хх-ийн 182/: “ …2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би сайд нарын 2 дугаар эмнэлэгт хэвтээд 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Ар хустайн” зуслангийн задгай тоотод байрлах өөрийн зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан. Хаалгаа онгойлгоод гэр рүүгээ ортол баруун хойд талын өрөөний номын тавиур дээр байсан гадуураа хар өнгийн жижиг цүнхтэй “Канон” маркийн зургийн аппарат алга болсон байсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Хишигжаргалын мэдүүлсэн /1хх-ийн 60/: “…2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг 7 дугаар хороонд байрлах Сансgрын “Арвин” ломбардад намайг ажиллаа хийж байхад Х.Үүрцайх гэх залуу I3 үзүүлэлттэй “Тошиба” маркийн нөүтбүүк тавих гэсэн юм гэж орж ирсэн. Би нөүтбүүкийг асааж үзэхэд ямар нэг паспорт нэхэлгүй шууд асаж байсан учраас хулгайн эд зүйл гэж бодоогүй. Х.Үүрцайхад 300.000 төгрөгөөр авна гэхэд тэр зөвшөөрсөн. Түүнээс хойш Х.Үүрцайх нэг ч удаа ирж сунгуулаагүй. Нөүтбүүк тавихдаа тэмдэглүүлсэн 95976720 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан тул “2015 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр зарж борлуулна” гэж мессеж бичсэн. Тэгээд уг хугацаа дуусч 10 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь “Арвин” ХХК-ийн хохирлыг барагдуулахаар зарсан. Ямар хүнд зарснаа мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 175-176/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож “Канон D-350” маркийн зургийн аппаратыг 520.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 180/,

 

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ууганбаярын мэдүүлсэн /1хх-ийн 197, 2хх-ийн 167, Зхх-ийн 64/: “ …2014 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө зуслангийн байшиндаа /Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодойн” амны задгай тоотод байрлах/ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай очиход манай тамбарын цонх онгорхой байсан. Би цонхоо хаагаад унтлагын өрөөнд ороход манай орон дээр хувцас хунар сандаачсан байдалтай байсан. Тэгээд доошоогоо гал тогооны өрөөнд ортол манай ээжийн ээмэг, бөгжний савыг ширээн дээр тавьсан байдалтай байсан. Тэгэхээр нь би анзааралгүй унтсан. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өглөө хот руу ажилдаа яваад ажлаа хийгээд байж байтал орой 17 цаг өнгөрч байхад манай хажуу байшингийн Мөнхбаатар гэх найз надтай утсаар яриад “манай байшингийн цонхоор хулгайч орж эд зүйл хулгайлсан байна. Танайх зүгээр байсан уу, чи өчигдөр байшиндаа хоносон биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би гэнэт бодоод найз Мөнхбаатарыг “чи цагдаа дуудсан уу” гэж асуутал “дуудсан” гэж хэлсэн. Тэгээд би зуслангийн байшиндаа очсон...” гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цул мөнгөн бүс 1 ширхэг, оюу шигтгээтэй алтан ээмэг 1 хос, кулонтой монетон гинж 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж 2 ширхэг, талсттай ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, гинж, кулон, ягаан өнгийн жижиг шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулон зэргийг нийт 3.095.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 195/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Дамдинсүрэнгийн мэдүүлсэн /1хх-ийн 205/: “…2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим манай аав Галрагчаа миний гар утас руу залгаад “зуслангийн байшин /Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Шарга морьт”-ын 198 тоот/-д хулгайч орж эд зүйл хулгайлсан байна” гэж манаач хэлсэн гэхээр нь би 15 цагийн орчим зуслангийн байшиндаа очиж цагдаа дуудсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга, каучукан ултай, элгэн 42 размерийн гутал хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож дунд гарын 4 цэнгийн мөнгөн аяга 1 ширхэг, хагас түрийтэй элгэн гутал 1 хос зэргийг нийт 373.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 203/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Галрагчаагийн мэдүүлсэн /1хх-ийн 244-245, 246, Зхх-ийн 61/: “ …Манайх энэ жил Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьтын” 198-1 тоотод өвөлжиж байгаа юм. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад хотын төв ороод 14 цагийн орчим “Хөдөө аж ахуй”-н орчим явж байтал манай манаач Батжаргал утсаар яриад “байшингийн цонх чинь онгойсон байна” гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд өөрөө 17 цагийн орчим байшиндаа очтол урд талын вакум цонх онгойчихсон байсан. Байшинруугаа орж үзтэл 1 давхарын эд зүйлс хэвэндээ харин 2 давхарын бурханы эд зүйл байдаг тавиурын доод талын шүүгээнүүдийг бүгдийг нь онгойлгочихсон миний хөөрөгний уутыг дэлгэсэн хөөрөг алга болсон байсан..." гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 241-242/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож эмэгтэй хүний Эмирад шигтгээтэй алтан бөгж, гинж, кулон 1 ширхэг, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, суваровский шигтгээтэй гинж, кулон, цагаан өнгийн бүтэн дуураймал сувдан шигтгээтэй үсний хавчаар зэргийг нийт 2.228.000  төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-ийн 232-236, 3хх-ийн 62, 4хх-ийн /,

 

Гартааман судалтай, хүрэн халтар манан дунд гарын алтан нуухтай, шүрэн толгойтой хөөргийг 22.000.000 төгрөгөөр, хөөрөгний алтан нуухтай шүрэн толгойг 15.400.000 төгрөгөөр, Samsung NV10 загварын зургийн аппаратыг 50.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ /4хх-ийн 27/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Алтанчимэгийн мэдүүлсэн /2хх-ийн 14-15, Зхх-ийн 67/: “ …2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-15 цагийн хооронд миний эзэмшлийн өвлийн байшинд хулгай орж арслан хээ бүхий модон авдар дотор байсан цэнхэр өнгийн эмэгтэй хүний түрийвчнээс 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгжийг хулгайлсан байсан..." гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож 18 размерийн сувдан шигтгээтэй, 999 сорьцтой 4,8 грамм жинтэй алтан бөгж 1 ширхэг, товгор хээтэй 18 размерийн 999 сорьцтой 4,5 грамм жинтэй алтан бөгж 1 ширхэг, монетон 925 сорьцтой 6,2 грамм жинтэй бөгж 1 ширхэг зэргийг нийт 1.950.000 төгрөгөөр үнэлсэн баримт /2хх-ийн 12/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Жүгдэрдэмидийн мэдүүлсэн /2хх-ийн 18, 21-22/: “ …2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Шадивлангийн зусланд байрлах байшингаасаа хот руу орох гээд 11 цагийн орчим явсан. Маргааш нь 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай гал тогооны цонхны порчик нь онгорхой байсан. Би хаахаа мартаад явсан юм байх гэж бодоод гэртээ ороод хартал гал тогооны цонхны гадна талаас унтлагын өрөөны цонх руу явсан гутлын мөр байсан... манай хүү Ихбаярын бөөгийн тахил дээр байсан эд зүйлийг бүртгэж үзэхэд 12 см-ийн өндөртэй, нэг талдаа эвтэй 4-н амьтан, нөгөө талдаа очиртой Зоос гоёлын үйлдвэрийн хөөрөг нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож цулгай мөнгөн хөөргийг 380.000 төгрөгөөр үнэлсэн баримт /2хх-ийн 17/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оюунцэцэгийн мэдүүлсэн /2хх-ийн 29-30, Зхх-ийн 74/: “…2014 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ би хүүхэдтэйгээ 13 цаг 35 минутын орчим гараад явж байтал 14 цагийн орчим манай ах Төмөрсугар “танайд хулгай орсон байна, хурдан ир” гэсэн. Намайг ирэхэд байшингийн арын вакум цонх онгорхой байсан. ... эд зүйлээ бүртгэхэд том өрөөний баруун талын тавиур дээр байсан цагаан өнгийн мини нөүтбүүк, бага гарын мөнгөн аяга, “LG” маркийн гар утас, хар өнгийн эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоож жижиг мөнгөн аяга 1 ширхэг, “LG” маркийн гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг зэргийг нийт 130.000 төгрөгөөр үнэлсэн баримт /2хх-ийн 27/,

 

“ACER” маркийн 14 инчийн, 512 хардтай, I-3, цагаан өнгийн нөүтбүүкийг 350.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ /4хх-ийн 37/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхболдын мэдүүлсэн /2хх-ийн 37-38, Зхх-ийн 85/: “…2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би Жигжидийн зусланд байдаг байшиндаа 10 цагийн үед очсон. Буцаж гараад нүүрс аваад эргээд 16 цагийн үед гэртээ ирэхэд ертөнцийн зүгээр баруун талын жижиг цонх онгорхой байсан. Гэртээ ороод эд зүйлээ шалгахад байшингийн баруун хойд булангийн тавиур дээр байсан “Канон” маркийн зургийн аппарат, ай пад, гаансны соруул зэрэг эд зүйл алга болсон байсан..." гэх мэдүүлэг,

 

мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-51/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож “Канон” EOS маркийн мэргэжилийн зургийн аппарат 1 ширхэг, “Ай Пад” 1 ширхэг зэргийг нийт 1.000.000  төгрөгөөр үнэлсэн баримт /2хх-ийн 35/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэцгээгийн мэдүүлсэн /Зхх-ийн 42-47/: “...Манай байшингаас дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, /2014 онд манай дүү авч өгсөн, мөнгөлсөн аяга /1 ширхэгийг нь 60.000 төгрөгөөр худалдан авсан. Шинэ загварын аяга байгаа. Мөн 1 ширхэг амсар дээрээ багш Цэцгээд гэсэн бичигтэй цэвэр мөнгөн аяга байгаа. Түүнийг 2014 оны 06 сард бэлгэнд авч байсан. Зах зээлийн ханшаар 170.000 төгрөгийн үнэтэй байгаа. 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг байгаа. Түүнийг би 2013 оны 01 сард би 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цагаан алтан хос ээмэг, бөгж, кулонтой, сувдан шиптээтэй, эргэн тойрондоо цирконтой, түүнийг 2008 онд 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сорьц нь 22 краттай 16 граммтай байсан. Мөнгөн ээмэг, бөгж, шигтгээтэй, шигтгээ нь өнгө өнгийн байсан. Түүнийг 2013 онд 60.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн цирконон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгжийг 2013 онд 65.000 төгрөгөөр худалдан авч байсан..." гэх мэдүүлэг,

 

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 26-35/,

эд зүйлийн үнэлгээ тогтоож дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, цагаан алтан сувдан шигтгээтэй, эргэн тойрондоо цирконон шигтгээтэй ээмэг, бөгж, кулон мөнгөн ээмэг, бөгж, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, 60.000 төгрөг зэргийг нийт 1.375.000  төгрөгөөр үнэлсэн баримт /3хх-ийн 48/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Өлзийсайханы мэдүүлсэн /Зхх-ийн 77-78/: “...2014 оны 10, 11 сарын үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 54-330 тоотод байрлах 1 давхар, цагаан цэнхэр өнгийн байшингийн зүүн хойд талын вакум цонхоор  хулгай орж 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бурхан дээр байсан 20.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайд алдсан..." гэх мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоож их гарын мөнгөн аяга 1 ширхэг, том дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 20.000 төгрөг зэргийг нийт 580.000 төгрөгөөр үнэлсэн баримт /3хх-ийн 79/,

 

иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ А.Баярбатын мэдүүлсэн /1хх-ийн 248-249, 3хх-ийн 93/:  “…2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна. “Урт цагаан” дээр байдаг ажил дээрээ байж байтал 19 цагийн орчим байх нэг залуу орж ирээд “жаахан алт, мөнгө авах уу” гэхээр нь би “юу байгаа юм бэ? Үзэе” гэтэл бөөрөнхий цагирган ээмгийг базаад хаячихсан юм шиг алт, хэдэн ширхэг мөнгөн өрөөсөн ээмэг, мөнгөн аяганы урагдчихсан хуйлчихсан мөнгө зэргийг гаргаж ирж үзүүлэхээр нь мөнгөний өөдөснүүдийг нь жижиг алттай нь хамт 200.000 орчим төгрөгөөр авсан. Алт нь нэг грамм жаахан гарантай байсан 100.000 орчим төгрөг, мөнгөнүүд нь 100.000 орчим төгрөг болж байсан шиг санаад байна. Тэгтэл нөгөө залуу “бас нэг ийм юм байна” гээд гартаам судалтай Манан хөөрөг гаргаж ирээд би толгойных нь алтыг авах гэж байгаад толгойг нь хагалчихлаа гээд гаргаж ирсэн. Би хөөргийг нь үзэж байгаад “хагархай хөөрөг байна авахгүй” гэтэл “би ломбардандаа хямдхан авсан юмаа, та авчихгүй юу” гээд байхаар нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл 2015 оны 01 дүгээр сарын 10 орчим байх нөгөө надад алт, мөнгө, хөөрөг зарсан залуутай цагдаагийн хүмүүс хамт ирсэн. Би иргэн Галрагчаагийн манан хөөргийг шүрэн толгойны хамт аваагүй. Хагарсан шүрэн толгойг лангууны ойр орчимд тавьсан, эсвэл хуучин сольсон толгойнууд хийдэг аяга зэрэгтээ анзааралгүй хийсэн байж магадгүй “үзэж өгье” гэж Галрагчаад хэлсэн. Тэгээд юмандаа үзсэн чинь уг толгой нь байхгүй байсан. Эхнэрээсээ бас “хөөрөгний толгой лангуу орчмоор байсан, унасан байсан эсэх” зэргийг асууж байснаа Галрагчаад хэлсэн. Яг шүр биш гэж ойлгосон учраас нэг их тоолгүй орхисон юм. Уг хагарсан байсан хөөрөгний толгойг надад хөөрөг зарсан залуу буюу Үүрцайх нь буцаагаад аваад явсан эсэх, надад орхисон эсэхийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

гэрч П.Бямбаагийн мэдүүлсэн /Зхх-ийн 95-96/: “…2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Урт цагаан” дээр Баярбатаар хөөрөгний нуух хийлгэх гэж очиход "та байж байгаарай, би танд нэг юм үзүүлээдэхье" гэж хэлээд Баярбат нь дарханы газартаа намайг үлдээгээд гарч яваад удалгүй буцаж ирэхдээ надад хөөрөгний ягаан өнгийн, дундуураа наасан, 20 мөнгөний хэмжээтэй хөөрөгний намхан толгойг үзүүлээд "энэ шүр мөн үү, та үзээд өгөөч" гэж надад үзүүлсэн. Тэр хөөрөгний толгойг нь би үзээд Баярбатад “шүр биш юм шиг байна, марз гэдэг уулын шүр гэдэг чулуу юм шиг байна" гэж хэлсэн. Тухайн үед орой болсон, гэрэл муутай байсан. Тэгтэл Баярбат нь намайг үлдээгээд нөгөө хөөрөгний толгойгоо аваад гараад явсан. Баярбат нь буцаж ирэхдээ надад гартаам судалтай, хуучны, манан хөөргийг үзүүлээд толгойгүй хөөргийг 400.000 төгрөгөөр зарсан юм. Хэд хоногийн дараа Баярбат над руу яриад "нөгөө надаас худалдаж авсан, манан хөөрөг чинь танд одоо байгаа юу, хулгайн хөөрөг байсан байна, миний худалдаж авсан хүн нь цагдаагийн хүмүүстэй ирсэн байна" гэхээр нь "надад уг манан хөөрөг чинь байгаа, би зараагүй байгаа, гэхдээ би чамаас худалдаж авсан 400.000 төгрөгөө авч байж уг хөөргийг чамд эргүүлж өгнө" гэж хэлсэн. Баярбат нь надад 400.000 төгрөгийг буцааж өгөөд нөгөө толгойгүй, манан хөөргийг надаас аваад явсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Чимэддамбын мэдүүлсэн /4хх-ийн 19/: “... Би Галрагчаагийн барьж байсан хөөргийг мэднэ. Их гарын өндөрдүү толгойтой цагаан судалтай шар алаг манан хөөрөг байсан. Толгой нь алтан нуухтай, сэв байхгүй хуучны ягаан цэвэрхэн шүрэн толгойтой өндөр нь 20-25 см өргөнтэй хуучны сайн хөөрөг байсан. Би энэ хөөргийг 1968 оноос хойш мэднэ. Манай Завхан аймгийн Сонгино сумын нэг голд 3-н сайн хөөрөг байсны нэг хөөрөг нь байгаа юм. Манай ах яг энэ хөөрөгтэй адилхан хөөргийг 25.000.000 төгрөгөөр банкинд тавьсан байсан. Тэгэхээр их үнэд хүрэх хөөрөг байгаа юм” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Цэдэндамбын мэдүүлсэн /4хх-ийн 20/: “... Би энэ хөөргийг мэднэ. Энэ хөөрөг Галрагчаагийн аав Банзай нь барьж байсан шардуу манан хөөрөг, толгой сайтай хуучны шүрэн толгойтой, хавчигдуу дунд гараас арай том, толгой нь ч гэсэн том хөөрөг барьдаг байсан. Тэгээд аав нь нас бараад Галрагчаа барьдаг болсон байсан. Би энэ хөөргийг 1967 оны үеэс эхэлж мэднэ. Ерөнхийдөө үе уламжлаад ирсэн дээр үеийн хуучны хөөрөг. Содон шинж тэмдэг гэвэл их биен дээрээ цагаан зураастай толгой их сайхантай хөөрөг байсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Нямгаваагийн мэдүүлсэн /4хх-ийн 21/: “Би Галрагчаагийн барьж байсан хөөргийг маш сайн мэднэ, аав нь Банзай байлай гэж хүн байсан. Тэр хүний хөөрөг. Хэмжээний хувьд дунд гараас арай жаахан том, судалтай, өндөрдүү шүрэн толгойтой хавчигдуухан алтан нуухтай халтар манан хөөрөг байсан. Аав нь нас барснаас хойш Галрагчаад ирсэн. Жил болгон тамхилдаг, нутгийн зөвлөл дээр тамхилдаг нутгийн хүмүүст мэдэхгүй хүн байхгүй мэддэг” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Ванчигдоржийн мэдүүлсэн /4хх-ийн 24/: “... Би энэ хөөргийг мэднэ. Энэ хөөргийг Галрагчааагийн аав Банзай гэдэг хүн барьдаг байсан хөөрөг юм. Галрагчаа нь айлын хамгийн том хүү юм. Тэгээд ааваас нь уламжлан ирсэн хөөрөг. Намайг Завхан аймгийн Түдэвтэй суманд захиргааны орлогч даргаар очиход аав нь гартааман суудалтай шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг барьдаг байсан. Энэ хөөрөг ухалт сайтай хуучин хөөрөг байгаа юм. Толгой нь дээр үеийн үнэнч шүрэн толгой байсан” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Р.Наранбаярын мэдүүлсэн /1хх-ийн 184/: “… 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5а байрны 40 тоотод байрлах “Цахим алт” ломбарданд ажлаа хийгээд сууж байтал орой 20-21 цагийн хооронд X.Үүрцайх гэх залуу “Канон” Д-350 маркийн зургийн аппарат барьсан орж ирээд “зургийн аппарат тавих гэсэн юм” гэсэн. Би уг зургийн аппаратыг асаагаад ажиллуулж үзсэн. Тухайн үед ямар нэгэн гажиг байхгүй асаахад шууд асч байсан. Би  X.Үүрцайхад “120.000 төгрөгөнд авна” гэж хэлэхэд зөвшөөрөөд тавьсан. Түүнээс хойш X.Үүрцайх ирээгүй ба нэг ч удаа сунгуулаагүй. Зургийн аппаратны хугацаа 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр дуусахаар нь манай байгууллага X.Үүрцайхын ломбарданд тавихдаа байгуулсан гэрээнд бичсэн байсан 95976720 гэсэн утасны дугаар руу залгаж /ломбардны хугацаа дууслаа. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зарж борлуулна/ гэж хэлсэн. Тэгээд хугацаа дууссанаас хойш 5 хоног хүлээгээд ирэхгүй байхаар нь “Цахим алт” ХХК-ийн хохиролыг барагдуулах үүднээс ломбарданд тавьсан эд зүйлийг байгууллагын болгож зарж борлуулдаг. 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүн ирж хулгайн эд зүйл гэдгийг хэлээд хурааж авсан” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Үүрцайхын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Х.Үүрцайхыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 40.665.980 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Үүрцайх нь хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 422 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно /2хх-ийн 166/.

 

Шүүгдэгч Х.Үүрцайх нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 2 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэж суллагдан, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дээрх бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

 

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үүрцайхын хорих газраас тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамааруулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэж өршөөлд хамааруулав.

 

 Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Үүрцайхад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг  ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч Г.Чимэддамба, П.Цэдэндамба, П.Нямгаваа, П.Ванчигдорж нар хохирогч Б.Галрагчаагийн үе дамжиж ирсэн гартаам манан хөөрөг нь шүрэн толгойтой байсныг гэрчилсэн байна. Дээрх гэрч нар Б.Галрагчаагийн гартаам манан хөөрөгний хэмжээ, хөөрөгний толгойны өнгийг өөр өөрсдийн өнцгөөр тодорхойлж хэлсэн нь уг хөөргийг ерөөс “шүрэн толгойтой” байсныг үгүйсгээгүй, мөн гэрч П.Бямбаа “…марз шүр гэх уулын чулуу юм шиг байна…” хэмээн таамаглан мэдүүлсэн нь ч Б.Галрагчаагийн хөөргийг “шүрэн толгойтой” байсан эсэхэд эргэлзээ төрүүлэхгүй.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК хөрөнгийн үнэлгээний харьцуулан жиших аргаар хохирогч Б.Галрагчаагийн хөөрөгний их биеийг биет байдлаар үзэж, үнэлгээг гаргасан байна.

 

Ийм учраас шүүгдэгч, өмгөөлөгч нарын “хөөрөгний зураг үзэж үнэлгээ гаргасан, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, хөөрөг “шүрэн толгойтой” байсан нь эргэлзээтэй” зэрэг саналууд хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбат нь хохирогч Б.Галрагчаагийн гартаам-манан хөөргийг шүүгдэгч Х.Үүрцайхаас 200.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон.

 

Хэдийгээр иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбат нь “гартаам-манан хөөргийг анх худалдаж авахад хөөрөгний шүрэн толгой дагалдаж ирээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байх боловч тэрээр хохирогч Б.Галрагчаад хөөрөгний шүрэн толгойны оронд “Даваа” толгой санал болгож байсан, мөн хохирогчид олон салаа утгатай, тухайлбал “манай эхнэр хог руу хаясан байж магадгүй, хөөрөг зарсан хүн буцаагаад авсан байх, яаснаа сайн санахгүй байна” гэх зэргээр хэлж байсан байна. Мөн тэрээр П.Бямбаа гэгчид хөөрөгний толгой “шүр” мөн эсэхийг таниулахаар үзүүлээд, буцаагаад өөрөө авч явсан үйл баримт ч тогтоогдсон.

 

Энэ байдлууд нь шүүгдэгч Х.Үүрцайхын “хөөргийг толгойны” хамт зарсан гэх мэдүүлгийг үгүйсгэхгүй байх бөгөөд иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатын “толгойгүй хөөрөг худалдаж авсан” гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.

 

Ийм учраас хохирогч Б.Галрагчаагийн гартаам-манан хөөрөгний шүрэн толгой алтан нуухны үнэ 15.400.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Галрагчаа хулгайд алдсан эд хөрөнгөөс гартаам-манан хөөргийг (хөөрөгний бие) иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатаас буцаан авсныг тэмдэглэж байна.

 

Дээрх хохирлыг иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатаас гаргуулахаар болсон тул шүүгдэгч Х.Үүрцайхын хохирогч Б.Галрагчаад учруулсан нөхөн төлөх хохирлоос шүрэн толгой алтан нуухтай гартаам-манан хөөрөгний нийт 22.000.000 төгрөгийн хохирлыг хасч тооцов. Харин шүүгдэгч Х.Үүрцайхаас 200.000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатад олгох нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох нийт 14.880.980 төгрөгийг шүүгдэгч Х.Үүрцайхаас гаргуулж, үүнээс хохирогч Ц.Сандагдоржид 1.310.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 742.000 төгрөг, хохирогч Ч.Дөлбадрахад 1.047.980 төгрөг, хохирогч Ш.Ууганбаярт 3.095.000 төгрөг, хохирогч М.Дамдинсүрэнд 373.000 төгрөг, хохирогч Б.Галрагчаад 2.228.000 төгрөг, хохирогч В.Алтанцэцэгт 1.950.000 төгрөг, хохирогч Ч.Жүгдэрдэмидэд 380.000 төгрөг, хохирогч Д.Цэцгээд 1.375.000 төгрөг, хохирогч Ц.Оюунцэцэгт 480.000 төгрөг, хохирогч Д.Энхболдод 1.000.000 төгрөг, хохирогч П.Өлзийсайханд 580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Наранбаярт 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбатад 200.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Харин хохирогч З.Энхцэцэг, Ш.Пүрэвсүрэн нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан /1хх-ийн 148, 176/ тул шүүгдэгч Х.Үүрцайхыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бор өнгийн бариултай отвёртка (халив)1 ширхэг, никель төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт Хадбаатарын Үүрцайхыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үүрцайхыг  100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Үүрцайхын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Үүрцайх 565 /таван зуун жаран тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай отвёртка 1 ширхэг, никель төмөр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үүрцайхаас нийт 14.880.980 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Сандагдоржид 1.310.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 742.000 төгрөг, хохирогч Ч.Дөлбадрахад 1.047.980 төгрөг, хохирогч Ш.Ууганбаярт 3.095.000 төгрөг, хохирогч М.Дамдинсүрэнд 373.000 төгрөг, хохирогч Б.Галрагчаад 2.228.000 төгрөг, хохирогч В.Алтанцэцэгт 1.950.000 төгрөг, хохирогч Ч.Жүгдэрдэмидэд 380.000 төгрөг, хохирогч Д.Цэцгээд 1.375.000 төгрөг, хохирогч Ц.Оюунцэцэгт 480.000 төгрөг, хохирогч Д.Энхболдод 1.000.000 төгрөг, хохирогч П.Өлзийсайханд 580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Наранбаярт 120.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Баярбатад 200.000 төгрөгийг тус тус олгож, Х.Үүрцайх нь хохирогч З.Энхцэцэг, Ш.Пүрэвдорж нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч (нэхэмжлэгч) А.Баярбатаас нийт 15.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Галрагчаад олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Үүрцайхад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Үүрцайхад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                      

       ШҮҮГЧИД                                     Х.ИДЭР

 

                                                                                             Б.ДУЛАМСҮРЭН