Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Оюунболдын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Оюунболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Наранчимэг, Г.Бат-Оргил нарт холбогдох

Гэм хорын хохиролд 53 195 920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Оюунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дээд сургуульд нэг ангид хамт сурч байсан Бат-Оргилтой уулзахад өөрийгөө найз нь Мөрөн хурандаагийн эхнэр Наранчимэг гэдэг эгчтэй эгч, дүүгийн холбоотой хамтарч ажиллаж, хятад ажилчид оруулж ирдэг болсон гэж итгүүлсэний дагуу би түүнтэй 31 хятад ажилчдын квотыг гаргуулахаар тохиролцсон. Ингээд маргааш нь буюу 2013 оны 07 дугаар сарын 13-нд Бат-Оргил нь 31 хүний ажлын визийг Мөрөн даргын эхнэр Наранчимэг эгчдээ хэлээд боломжтой гэсэн гээд яг 7 хоногийн дотор л гаргаж өгнө гэж хэлсэн бөгөөд миний бие эхний удаад тус өдөр 10 000 000 төгрөгийг материалын хамт түүнд өгсөн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул би уг мөнгийг бусдаас зээлж өгсөн. Дараа нь буюу 2013 оны 08 дугаар сарын 05-нд Бат-Оргил дахиж над руу утасдаад “найзаа бүх виз бэлэн болсон, одоо сайд ирж, гарын үсэг зураад л болоо, үлдэгдэл 9 623 000 төгрөгөө яаралтай өг, сайд мөнгө дутуу материалуудыг нь буцаана, гүйцэд төлснийг нь шууд гарын үсэг зурна гэсэн гэж Наранчимэг эгч хэлсэн” гэж надад хэлэхээр нь миний бие Бат-Оргилд мөн л өөрийн 9911-тэй дугаараа барьцаанд тавьж байгаад зээлж өгсөн. Хэсэг хугацааны дараа ямар ч хятад ажилчдын квот олгогдохгүй төдийгүй Наранчимэг гэгч эмэгтэй Мөрөн хурандаагийн эхнэр биш болохыг нь мэдэж, өөрийгөө тус 2 хүнд залилуулсан болохоо ойлгож Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг прокурорт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Наранчимэг, Бат-Оргил нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, шүүхээс 2206 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн юм. Ч.Наранчимэг, Бат-Оргил нар нь бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас 31 ажилчин Монгол улсад оруулж ирнэ гэж иргэн Оюунболдоос 19 623 000 төгрөгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон яллагдагч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хэргийн холбогдогч нар өөрсдийн гэм буруугийн талаар маргаангүй тул Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1758 тоот тогтоол гарч Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү иргэн миний бие хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Энэ бүхний үр дүнд Бат-Оргил, Наранчимэг нарын иргэн намайг худал үгэндээ итгүүлж, залилж эхлэх хугацаа болон эрүүгийн хэргийн шийдвэрлэх хугацаа буюу өнөөдрийг хүртэлх 2 жил гаруй хугацаанд эд мөнгө, сэтгэл санааны хувьд иргэн миний бие маш их хохирч байна. Иймд Бат-Оргилд өгсөн үндсэн мөнгө болох 19 623 000 төгрөг үүнээс Бат-Оргилын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 2 700 000 төгрөг, Наранчимэгийн 1 500 000 төгрөгийг барагдуулсныг хасч үлдсэн 15 423 000 төгрөгийг мөн уг гэмт этгээдүүдийн намайг залилан мэхэлсэнээс үүсэх гэм хор болох тус мөнгийг миний бие хувь хүн болон ББСБ-аас зээлсэн мөнгөний хүү болох 37 772 920 төгрөг, нийт 53 195 920 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1-т заасны дагуу нэхэмжилж байна” гэжээ. 

Хариуцагч Ч.Наранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд иргэн Оюунболдоос 15 000 000 төгрөгийн өглөг үүссэн. Оюунболд надаас одоогийн байдлаар 53 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 15 000 000 төгрөгийн төлбөрийг бол төлнө гэжээ. 

Хариуцагч Г.Бат-Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан Оюунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Оюунболд нь миний их сургуулийн ангийн хүүхэд бөгөөд 2013 оны 07 дугаар сард барилга дээр ажиллуулах хятад ажилчид оруулж ирэх гэсэн юм. Энэ ажлыг хөөцөлдөөд зөвшөөрөл гаргуулахад туслаад өгөх хүн байна уу? гэж надад хандсан. Түүний хүсэлтийн дагуу урьд нь надад туслаж байсан Ч.Наранчимэг гэдэг эгчтэй холбож өгсөн. Улмаар БНХАУ-аас 31 хятад ажилчин оруулах ажлын хөлс, тусгай зөвшөөрлийн хураамж болон бусад төлбөр гээд 19 623 000 төгрөг болно гэсэн. Миний хувьд гадуур дотуур ажил хөөцөлдсөн ажлын хөлс болон зуучлалын хөлс гэж 2 700 000 төгрөгийг уг мөнгөнөөс авсан. Энэ талаараа Н.Оюунболдод хэлж байсан. Үлдсэн мөнгийг бүгдийг нь Ч.Наранчимэгт өгсөн болно. Улмаар Ч.Наранчимэг эгч хөөцөлдөн тухайн үед “ЧоноБөртэ” ХХК-ийн нэр дээр 34 хятад ажилтан оруулж ирэх зөвшөөрөл гаргасан боловч Н.Оюунболд нь өөрөө ажилчдыг оруулахаа болилоо мөнгөө авна, гээд шүүх цагдаад хандсан. Миний хувьд Ч.Оюунболдоос авсан 2 700 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард мөрдөн байцаагчаар дамжуулан түүнд өгсөн. Иймд түүнээс авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул хохирол нь бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Мөн түүнд бодитойгоор учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад Н.Оюунболд нь өөрийнхөө зээлийн хүүнд төлсөн гэх 37 772 920 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Иймээс Н.Оюунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Наранчимэг, Г.Бат-Оргил нараас 15 423 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 772 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наранчимэг, Г.Бат-Оргил нараас 235 065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунболдод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 37 772 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Бат-Оргил, Ч.Наранчимэг нар нь прокурорын газарт гаргасан хүсэлтдээ учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөө амалсан. Мөн шүүх хурал хэлэлцэхээс өмнө буюу хүсэлт хэлэлцэх үед хохирлыг бүрэн хариуцахаа мэдүүлсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө буюу нэхэмжлэгч гэрч Н.Анармааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу асуулгуулах хүсэлтийг гаргах үед хариуцагчаас хэргийг хүлээхгүй байх талаар зааж, хөтөлж асуулт асууж хариултыг авч байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар өөрт нь үүрэг болгосон ажиллагаанаас бусдыг хэргийн оролцогчдын хүсэлтээр хуульд нийцүүлэн явуулах бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачилгаараа оролцсон нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчлөө хэмээн үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас гэм хор учруулсан талаар талууд маргаагүй ба тухайн гэм хорыг учруулсан субьектив санаа нь шууд санаатай шунахайн сэдэлтэй байсан нь харагддаг. Гэрч Бямбасүрэнгийн мэдүүлэгт “Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд нэг хүний урилга 8 000 төгрөг, монголд орж ирсний дараа үйлчилгээний хураамж үйлчилгээний хураамж 17 000 төгрөг төлдөг гэх мэдүүлэг, манай квотыг Наранчимэг нь цааш нь нэг ширхэгийг нь 3 500 юаниар зарсан байсан гэх хохирогч Оюунболдын мэдүүлгүүд”-ээс хариуцагч Наранчимэг нь нийт 51 750 000 орчим төгрөгийг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олсон болох нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагч нар нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдснаар хэрэг нь хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Нэхэмжлэгч нь Бат-Оргилд итгэснээр Хадгаламж зээлийн хоршоонд эд хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хэрэв хариуцагч  Бат-Оргил нь нэхэмжлэгч Н.Оюунболдод итгэл үнэмшил төрүүлээгүй бол өөртөө эрсдэл үүрч тус мөнгийг бүрдүүлж өгөх шаардлагагүй байсан талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Гэрч Н.Анармааг асуулгах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэхэ хэсэгт заасан гэм хорыг учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг дагаж мөрдсөнгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Н.Оюунболдын хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан хугацаа нь хариуцагч Г.Бат-Оргилд мөнгө өгсөн өдөртэй давхцаж байгаа нь харагддаг. Иймд шүүхийн шийдвэрийн 37 772 920 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Н.Оюунболд нь хариуцагч Ч.Наранчимэг, Г.Бат-Оргил нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 53 195 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Ч.Наранчимэг, Г.Бат-Оргил нар нь БНХАУ-аас 31 ажилтан оруулж ирэх квот бүтээж өгнө гэж 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н.Оюунболдоос 19 623 000 төгрөгийг авсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлснээр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-т зааснаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор нотлогдсон, уг мөнгөнөөс хариуцагч Г.Бат-Оргил нь 2 700 000 төгрөг, Г.Наранчимэг нь 500 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй ба шүүх төлөгдөөгүй үлдсэн 15 423 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Оюунболд нь бусдаас 19 623 000 төгрөгийг зээл авч хариуцагч нарт өгөхийн тулд хүү төлж хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч хавтаст хэргийн 58-116 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нарт өгөхийн тулд бусдаас зээл авсан гэж үзэх, үүнтэй холбоотойгоор хүү төлж хохирсон гэх үндэслэл, шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

           

            Нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зориулалт нь өрхийн хэрэглээний зориулалтаар авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээр харагдаж байна.

 

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд н.Анармааг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Оюунболдын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН