Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0010

 

Н.Д нарын 5 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Д нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нарын 5 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах амины орон сууцны бичил хороололд амьдардаг. Бид энэ байрныхаа 0,7 га газрыг гэр бүлээрээ хувьчилж авсан. Энэ үеэс хашааныхаа өмнө байгаа шорооны нуралтаас хамгаалсан налуу даланг өмчилж авсан. Газрын аюулгүй бүрэн бүтэн байдлын салшгүй хэсэг гэж үзэж, энэ инженерийн байгууламжаа хашиж хамгаалсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжаар П.Бд автомашины угаалгын газар байгуулах зориулалтаар энэ далангийн газрыг эзэмшүүлэх болсон байна… Хамгаалалтын даланг нурааж, барилга барихаар бэлдэж байгаа нь амьдрах орчингүй болгож, эрүүл ахуйн нөхцөл алдагдаж, дүрвэж нүүхэд хүргэж байна. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн П.Б, Ж.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...П.Бд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 163 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байршуулан 750 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэн баталгаажуулжээ. П.Бийн эзэмшил газрын урд хэсэгт төвийн дулааны шугам байрлаж байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу П.Бд газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: П.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн гэрчилгээнд иргэн Ж.С хамтран эзэмшигчээр нэмэх хүсэлт гарган холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын “газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх” үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар оруулан хэлэлцүүлж, дэмжигдсэн тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжаар П.Б, Ж.С нарт худалдаа үйлчилгээний чиглэлээр 750 м.кв газрыг 2 жил 4 сарын хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд Ж.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие барилга барихаар Нийслэлийн эрх бүхий байгууллагуудад хандан зөвшөөрөл хүссэн бөгөөд зөвшөөрлөө авмагц барилга барих үйл явцыг эхлүүлсэн. Газар эзэмших хугацаандаа Монгол Улсын хууль, дүрэм журмыг зөрчиж байгаагүй, тухай бүр газрын төлбөрийг төлж барагдуулсан. Дуудлага худалдааны анхны үнэ болох 11.800.000 төгрөгийг Нийслэлийн Газрын албаны дансанд тушаасан. Дээрх далан нь Н.Дн эзэмшлийн газрын хөрсний гулгалтаас хамгаалсан далан биш бөгөөд тэрээр барилгын норм дүрмийг зөрчин асгамал шороон хөрсөн дээр барилга барьсан. Миний бие өөрийн барилгаа барихдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, барилгын арын хэсэгт тодруулбал, Н.Дн эзэмшил газартай залгаа хэсгийн ханыг түшиц ханын зориулалтаар бүрэн цутгамал төмөр бетон хийцээр хийлгэсэн... Нэхэмжлэгч Г.Ж, Д.Г, Б.Б нар өмнө нь яг энэ асуудлаар буюу гуравдагч этгээд Д.Тийн газрын эрхийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж байсан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 366 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, уг хэргийн нэхэмжлэгч нараас Г.Ж, Д.Г, Б.Б нарыг хасч өгнө үү... нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасанчлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.

Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Уг барилгыг барих хөрөнгө оруулалтыг Ж.С, П.Б нар нь хамтран гаргасан тул талууд тухайн эзэмшил газрыг хамтран эзэмшигчээр Ж.С нэмэх тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргаж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжаар газрын хамтран эзэмшигчээр Ж.С бүртгэсэн. Газар эзэмших эрх нь Д.Таас П.Б, Ж.С нарт шилжсэн явдал нь шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй... гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д, П.Х нарын “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгийг хүчингүй болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн П.Б, Ж.С нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан Б.Б, Д.Г, Н.Жаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э давж заалдах гомдолдоо: 1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болох нь: ...Маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн захиргааны актын талаар нэхэмжлэл гаргахаар байна. Гэтэл Н.Д, П.Х нарын нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 115 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/919 дүгээр захирамжийн П.Б, Ж.С нарт холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч Н.Д, П.Х нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн П.Б. Д.Т нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан тул тэдний зүгээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол дор дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзсэнгүйгээр үл барам гаргасан шийдвэртээ энэ талаар нэг үг, үсэг дурдалгүй хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргалаа.

Үүнд: а/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07-11/2034 тоот дүгнэлтээр газар олгохдоо хөрсний гулсалтаас сэргийлэх зориулалттай даланг нурааж, Н.Дн өмчилсөн газрын урд хэсэг, хашааг нураах нөхцлүүдийг бүрдүүлсэн нь тогтоогдсон.

б/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт явуулсан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/914 тоот албан бичгээр барилгын эх загвар зураг батлахдаа зэргэлдээх буюу Н.Дн эдэлбэр газар болон барилгын ашиглалтын аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчиж байна гэсэн.

в/ Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 2 дугаар зүйлийн 2.11-д “2-3 давхар сууцны барилгын тууш хоорондох зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй ...байх ёстой” мөн 9 дүгээр зүйлийн 9.19-д “Сургууль. цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц олон нийт, иргэний барилга, байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг байхаар тооцож төлөвлөн” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

г/ Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/354/616 тоот актад зааснаар “...авто засварын барилга нь дулааны 300 мм голчтой хос шугамаас 2.5 м зайтай байрлаж байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.4-ийн “шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор барилга, байгууламж барихыг хориглоно, хамгаалалтын зурвас нь шугамаас хоёр тийш 5 м байна” гэсэн заалтын шаардлага хангахгүй байна гэсэн.

2.   ...Нэхэмжлэгч нарын зүгээс эзэмшил, өмчлөлийн газрын давхцалын талаар маргаагүй, харин эрх бүхий байгууллагын улсын байцаагчдын дүгнэлтээр тогтоогдсон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаар маргалдаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж шийдвэрийн үндэслэл болголоо гэж үзэж байна.

3. ...Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын зөвшөөрөл олгох тухай 262 дугаар захирамжийн Д.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр Б.Б, Д.Г, Н.Жаргал нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлааӨөрөөр хэлбэлнэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байна гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэлийг энэ хуулийн 34.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зөөж өгч, нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаадаг. Хуулийн энэ заалтыг үндэслэл болгон үзэхэд шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахдаа татгалзах асуудлыг зохицуулсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээрээ нэхэмжлэлийг буцаах талаар зохицуулаагүй асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг буцаах бол шүүх захирамж гаргахаар байна.

б/ Нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийг бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэндийн ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг нотлох баримттай ярьж мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нарын зүгээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг хэрэглэж, шийдвэр гаргах үндэслэл байсан. Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Д, П.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б, Д.Г, Г.Ж нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Н.Д нараас “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн иргэн П.Бд холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн П.Б, Ж.С нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

1.  Маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн талд АОС /амины орон сууц/-ны доорх далангийн откосыг ашиглан 15х200 буюу 3000 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Д.Тт эзэмшүүлэхээр Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамж гарсан байна.

2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Т, П.Б нар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, мөн өдрөө иргэн Д.Т нь Нийслэлийн Баянгол дүүргийн Газрын албанд хандаж “...дээрх захирамжаар эзэмшиж байгаа газраасаа 750 м.кв газрыг иргэн П.Бд шилжүүлэн эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 163 дугаар захирамжаар маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн урд АОС-ны урд 750 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн П.Бд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй дээрх 750 м.кв газраа баталгаажуулж авахаар П.Б нь 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хүсэлт болон холбогдох баримтуудыг гарснаар Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжаар түүнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн урд АОС-ны урд 750 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж өгсөн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай тус тус нийцэж байна. 

Түүнчлэн “...Ж.С газар эзэмшигчээр нэмж бүртгүүлэх тухай” иргэн П.Бийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжаар иргэн П.Б, Ж.С нарт маргаан бүхий газрыг хамтран эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн БГД/355 дугаартай “архитектур төлөвлөлтийн даалгавар” болон түүнд хавсаргасан иргэн П.Бийн захиалгаар “Авто машины угаалга, засварын газрын барилга”-ын барилгажих талбайн схем зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 303/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Б.Баатархуягийн 474/12 дугаартай “Техникийн нөхцөл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1698/2014 дугаартай “Техникийн нөхцөл”, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 66/2015 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч Н.Д, П.Х нарын газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчөөгүй.

Тодруулбал, иргэн П.Бд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамж, П.Б, Ж.С нарт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамж нь нэхэмжлэгч Н.Д, П.Х нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07-11/2034 тоот дүгнэлт болон Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.4-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б, Д.Г, Г.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, анх “маргаан бүхий газрыг иргэн Д.Тт Баянгол дүүргийн Засаг дарга 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамжаар эзэмшиж байсныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Д.Г, Б.Б, Г.Ж нар шүүхэд гаргаж байсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн урд АОС-ны урд 3000 м.кв газрыг иргэн Д.Тт эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас Д.Г, Б.Б, Г.Ж нар татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамжаар Д.Тт олгосон 3000 м.кв газраас 750 м.кв газрыг иргэн П.Бд шилжүүлэн эзэмшүүлсэнтэй маргаж байх тул нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.