Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О-д холбогдох 2108018911462 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт :    

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, бэр эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн *** тоотод оршин суух хаягтай, урьд: Нийслэлийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дүгээр зүйлд заасны дагуу 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2002 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл 1 жил 14 хоногийг хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сар 06 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор 3 жил 10 сар 6 хоногийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл 1 жил 5 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан, Б овогт П-ын О /РД:*******/,     

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч П.О нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **** тоотод оршин суух иргэн Г.Б байнга амьдрах монгол гэрт 2021 оны 07 дугаар сард хууль бусаар нэвтэрч Samsung фирмийн 32 инчийн зурагт 1 ширхэг, хонины мах 5 кг зэргийг хулгайлан авч 307,500 төгрөгийн бодит хохирол, гэмт хэргийн улмаас 45.000 төгрөгийн хор уршиг учруулсан,  

Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Зээлийн *** тоотод оршин суух иргэн Ц.Б байнга амьдрах монгол гэрт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч LG маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, МНБС фирмийн телевизийн хүлээн авагч төхөөрөмж 1 ширхэг, Акира фирмийн будаа агшаагч 1 ширхэг зэргийг хулгайлан авч 245,000 төгрөгийн шууд хохирол, 50,000 төгрөгийн хор уршиг нийт 295.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн *** тоотод оршин суух иргэн Р.З-ын эзэмшлийн **** УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд зүйл хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :

Шүүгдэгч П.О нь : 

1. Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн *** тоотод оршин суух иргэн Г.Б байнга амьдрах монгол гэрт 2021 оны 07 дугаар сард хууль бусаар нэвтэрч Samsung фирмийн 32 инчийн зурагт 1 ширхэг, хонины мах 5 кг зэргийг хулгайлан авч 307,500 төгрөгийн бодит хохирол, 45.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.10.09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Зээлийн *** тоотод суух Ш.Б монгол гэрээс 2021.07 сарын сүүлчээр хулгайч орж эд зүйл алдагдсан...тэмдэглэл /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,     

- иргэн Ш.Бэс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо зээлийн *** тоотод...үзлэгийг гэрийн хоймор хэсэгт явуулахад модон мөлхөө тавилга байх ба түүний дээр алдагдсан зурагт байрлуулсан гэж хохирогч Ш.Б заав. Үзлэгийн явцад гэрийн хоймор хэсгийн модон хананы шийр нь хугарсан талаар ярьсан тул хөшгийг дээш сөхөж харахад модон шалтай залгаа хэсгээрээ 2-3 хананы шийр хугарсан байдалтай эвдрэлтэй тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 156-161 дүгээр хуудас/,   

- хохирогч Ш.Б... Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны К н хүүхдийн сангийн асрамжаас 2020 онд насанд хүрч бие дааж тусдаа амьдрахаар гарсан. Энэ үед цуг асрамжид байсан Б гэгч залуу мөн насанд хүрсэн тул бид хоёрт Сонгинохайрхан дүүргийн ** хороо Зээлийн *** тоотод хашаа, монгол гэр өгч өөрсдөө бие даан амьдардаг болсон юм. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр л Б бид хоёр хувиараа барилга дээр ажиллаж байсан. Өглөө нь Зээлийн *** тоот гэрийн хаалгаа түгжээд гараад явцгаасан юм. Орой ажлаа тараад ирсэн хаалганы цоожны цүү нь хөшигдсөн байдалтай байхаар нь гайхаад онгойлгож гэртээ ортол хоймрын мөлхөө тавилга нь дээр байдаг зурагт байгаагүй тул хулгай орсон гэж мэдсэн юм. Тухайн үед монгол гэрийн ар хэсгийн хөшиг сөхөгдсөн байдалтай байхаар нь хартал хананы шийрийг хугалан хулгайч орсон юм шиг байгаа. Одоо ч хананы шийр нь хугарч эвдэрсэн хэвээрээ л байгаа бас хөргөгчид байсан хонины мах 5 кг орчим алга болсон байсан. Манай гэрээс 32 инчийн Samsung брэндийн зурагт алдагдсан. Тухайн үед бид хоёр өдрийн цагаар л хулгайч орж одоо ч өнгөрсөн байлгүй дээ гэж нээх юм бодолгүй цагдаагийн байгууллагад хандаагүй орхисон юм. Саяхан цагдаагаас танайх хулгайд зурагт алдсан уу гэж асууж ирэхээр нь тиймээ алдсан гэдгээ хэлсэн учир би тус хэлтэст болсон зүйлээ мэдүүлж байна...Уг зурагтаа 2020 онд 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

 - гэрч О.Б-ийн...Хүүхдийн сангаас Б бид хоёрт Сонгинохайрхан дүүргийн ** хороо Зээлийн ** тоотод хашаа, монгол гэр авч өгч өөрсдөө бие даан амьдардаг болсон юм. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр л Б бид хоёр хувиараа барилга дээр ажиллаж байсан..Орой ажлаа тараад ирсэн хаалганы цоожоо онгойлгоод гэрт ортол...гэрийн ар хэсгийн хананы шийрийг хугалан хулгайч орж 32 инчийн Samsung брэндийн зурагт алдагдсан. Одоо ч ханын шийр нь хугарч эвдэрсэн нь хэвээрээ л байгаа бас хөргөгчид байсан хоолны мах алга болсон байсан...Саяхан цагдаагаас танайх хулгайд зурагт алдсан уу гэж асууж ирэхээр нь алдсан гэдгээ хэлсэн учир би тус хэлтэст ирж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дугаар хуудас/,  

- гэрч Ц.С-ын...2021 оны 07 дугаар сарын үед хадам ээжийн гэрт нь ирсэн чинь О байж байсан ба хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь би харсан юм. Тэгээд түүний дараа 7 хоногийн дараа ээжийнд ирсэн чинь Норов ахаас авсан зурагт, бид нар энд үзэхгүй юм чинь чи аваад яв гээд байхаар нь авсан юм. Од ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Уг зурагтаа 2021 оны 08 дугаар сарын сүүлээр бас л фэйсбүүкийн зарын хэсэгт зурагт зарна гэж 100,000 төгрөгөөр зарчихсан...Уг зурагт нь хар өнгийн Samsung брэндийнх, харин инчийг нь сайн мэдэхгүй, уг зурагтны гар утсаар авсан гэрэл зураг байгаа...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,  

- “Мастер үнэлгээ“ ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан:...Samsung брэндийн 32 инчийн зурагт 250.000 төгрөг, хонины мах 57500 төгрөг, хананы шийр 45000 төгрөг нийт 352,500 төгрөгөөр тогтоов...гэх /хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан...П.О-н заасны дагуу Зээлийн ** дугаар гудамжаар дээш өгсөж явахад эхнийх нь тэр ногоон хашаатай айл гэж зээлийн ** тоот ногоон өнгийн хашааны хаалгатай модон хашааг заав. Уг үйл явдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Энэ хашаанд 2021 оны 8 дугаар сарын 10-ны үед л байх 2 монгол гэр зэрэгцээ байсан. Би дээд талд байрлах монгол гэрээс хар өнгийн зурагт, хөргөгчнөөс нь 1-2 хоолны мах хулгайлсан...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,   

- шүүгдэгч П.О-н...2021 оны 7 дугаар сарын сүүлээр л байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай гэрийн ойролцоо байх Маргад хүнсний дэлгүүрийн гудамжинд ногоон өнгийн төмөр хаалгатай, банзан хашаа руу ороход 2 монгол гэр цоожтой байсан. Тэгэхээр нь би баруун талынх нь гэрийн ар талын ханын шийрийг нь хугалж ороод марк инчийг нь мэдэхгүй нэг хавтгай зурагт, хоёр хоол хийчихээр хоёр бондгор хонины мах зэргийг аваад зурагтыг нь бас хүнд зарсан. Махыг хоол хүнсэндээ хэрэглэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, мөн      

2. Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **** тоотод оршин суух иргэн Ц.Б байнга амьдрах монгол гэрт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч LG маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, удирдлага  1 ширхэг, телевизийн хүлээн авагч төхөөрөмж 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг зэргийг хулгайлан авч 245,000 төгрөгийн шууд хохирол, 50,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо Зээлийн *** тоотод 2021.08.12-ны өдөр гэрт хулгай орчихсон байна...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, Зээлийн *** тоот байх ба гэрийг тойрч үзэхэд гэрийн зүүн хойд хэсэгт хананы шийр моднууд хугарсан байдалтай байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,

- хэргийн газрын схем зураг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан...зээлийн **** тоот хашааны гадна ирж уг ногоон хашаанд байрлалтай монгол гэртээ гэрч П.О нь уг айлыг зааж,  энэ айлаас 2021 оны 8 дугаар сарын дундуур гэж санаж байна, монгол гэрийн хананы шийрийг хугалан эвдэж дотогш орон зурагт, удирдлага, суваг хүлээн авагч, хоолны мах, тогоо хулгай хийсэн гэж ярьсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

- хохирогч Ц.Б-ын...2021 оны 8 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ 8 цагийн үед ажилдаа явсан. Орой 17 цагийн үед ажлаа тараад ирсэн чинь гэрийн хаалга цоожтойгоо байсан ба гэртээ ороод харахад гэрийн эд зүйлийг буулгасан байсан ба гэрийн хойд талд байсан LG маркийн 32 инчийн хар өнгийн зурагт болон MNBC төхөөрөмж зэргийг хээтэй бор өнгийн орны бүтээлэгт боогоод аваад явсан байсан...Будаа агшаагч алдагдсан...Энэ талаар хандаж дуудлага өгсөн юм. Алдагдсан зурагтаа Нарантуул захаас 2021 оны 5 сарын үеэр 350,000 төгрөгөөр авч байсан, зурагтын төхөөрөмжөө манай эгч өгч байсан ба 50,000 төгрөгөөр, будаа агшаагчаа 45000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 38-39 дугаар хуудас/,   

- иргэний нэхэмжлэгч Ч.Г-ын...Би Зээлийн *** тоотод эхнэр Н-гийн хамт амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сар дундаа орж байх үед л ар талын хашаанд Ж гэгч нь амьдардаг бөгөөд түүний дүү болох Ө гэгч залуу байдаг. Би Ж-тай олон жил хөрш болж амьдарч байгаа юм. Би эхнэрийн хамт Хархорин зах дээрээс хүнсний юм цуглуулаад явж байтал Ж-ны дугаараас дүү Ө гэгч нь залгаад та зурагт авах уу гэхээр нь би юун зурагт юм гэхэд би гэр оронгүй байгаа болохоор зурагтаа зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Зарах гээд байгаа зурагт чинь чинийх мөн юм уу гэж асуухад тиймээ миний зурагт байгаа юм гэж хэлэхээр нь авсан ч яахав гээд утсаараа ярьсан. Оройхон гэртээ ирээд хойшоо Ж-ы гэрт ортол Ж, Ө нар байсан юм. Ө нь орон дээрээ нэг хар өнгийн 32 инчийн зурагт тавьчихсан нөгөө чинь энэ гэж надад үзүүлээд наадах чинь ажилдаг юм уу гээд тогонд залгаж шалгахад дүрс нь зүгээр хэвийн гарч байхаар би бэлэн 40.000 төгрөг байна, үлдэгдэл 20,000 төгрөгийг цахилгааны төлбөртөө 2 сараар төлөгдсөн гэж бодоод тохирох уу гэхэд за за тэгье гэж хэлж байсан. Уг зурагтын удирдлага нь цуг авсан. Зурагтаа авчхаад гэртээ оруулаад залгаад л хэрэглэж байсан юм...Би худалдаж авсан зурагтаа хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би зурагтаа хураалгасан учир 40,000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,  

- эд зүйл хураан авсан тухай...32 инчийн LG брэндийн зурагт, удирдлагын хамт иргэн Ч.Г-оос хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, 

- хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай...32 инчийн LG брэндийн зурагт, удирдлагын хамт иргэн Ц.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,      

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...LG фирмийн 32 инчийн зурагт 150,000 төгрөг, төхөөрөмж 50,000 төгрөг, будаа агшаагч 45,000 төгрөг, Ханын шийр 50,000 төгрөг, нийт 295,000 төгрөгийн хохирлыг тогтоов. /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,   

- шүүгдэгч П.О-н...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн орчим байсан байх манай гэрийн ар талын гудамжинд байдаг ногоон өнгийн хаалгатай хашаа руу ороход хашаанд хоёр монгол гэр байсан. Уг хоёр гэр нь хоёулаа цоожтой байсан. Би баруун талын гэрийн хойд талын хаяаг нь сөхөөд ханын шийрийг нь гараараа хугалаад дотогшоо ороод тэр айлаас хар өнгийн хавтгай зурагт /инч маркийг нь мэдэхгүй гэх/ удирдлагын хамт бас зурагтын хүлээн авагч зэргийг аваад гэрийнхээ урд талын хашааны Н гэдэг хүнд 40,000 төгрөгөөр зарсан. Дараа нь би цагдаад баригдаад зурагт зарсан айлаа зааж өгсөн. Цагдаа нар тэр айлаас зурагтыг нь аваад буцаагаад эзэнд нь хүлээлгээд өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, мөн    

3. Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **** тоотод оршин суух иргэн Р.З-ын эзэмшлийн *** УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд зүйл хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Р.З-аас 2021.08.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Зээлийн ** тоот хашаанд байсан тээврийн хэрэгслээсээ гар утсаа хулгайд алдсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,  

- хохирогч Р.З-ын... Тэр үед манай хөдөөний ах дүү нараас цагаан идээ өгч явуулсан гэсэн учир түүнийг очиж авах гэж нөхрийн хамт хуучин хашаандаа 2021 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 12 цагийн үед очсон. Уг зээлийн *** тоот хашааны гадна том хаалгаа онгойлгон ***-УББ улсын дугаартай приус 20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслээ хашаанд оруулж хашааны том хаалгаа хаагаагүй, мөн унаж ирсэн автомашинаа түгжихгүйгээр урд талын 2 цонх онгорхой чигээр нь хаалгүйгээр дүүгийнхээ гэр лүү орсон, удахгүй юм чинь гэж бодоод энэ үедээ голын хайрцгийн хэсэгт нөхөр бид хоёрын Самсунг А7 болон А12 маркийн гар утаснуудаа үлдээсэн. 15 орчим минутын дараа хүнтэй утсаар ярих хэрэг гараад машинаасаа гар утаснуудаа авах гээд хүүхдээ гаргатал гар утас чинь байхгүй, олдохгүй байна гэхээр нь би өөрөө гараад машин дотроо нэг бүрчлэн хайж үзтэл олдоогүй тул 2 ширхэг гар утас алдсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Самсунг  А7 маркийн гар утсаа 2019 оны 09 сард Драгон төвийн мобикомоос 250.000 төгрөгөөр, Самсунг А12 маркийн гар утсаа 2021 оны 07 дугаар сард Драгон төвийн мобикомын салбараас 599.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулан худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

- гэрч Ц.С-ын...2021 оны 08 дугаар сарын үед архи уугаад шартсан байдалтай байсан. О гэгч залуу нь надад хэлэхдээ би гудамжнаас 3 ширхэг гар утас олсон, арын айлд 40.000 төгрөгөөр өгсөн, чи жоохон нэмээд авах уу, юу ч хамаагүй хэлээд буцаагаад авчих гэхээр нь би арын айлаас наадах чинь хулгай хийсэн гар утас байна гэж хэлээд би мөнгийг нь төлөөд авчихсан юм. Нөгөө А7 маркийн гар утсыг доош уруудаад нэг айлд өгсөн гэхээр нь О уг айл руу орж уулзаад намайг 35.000 төгрөг өгчих гэхээр нь би төлөөд гар утсыг нь буцаагаад авсан юм. Би нийт 75.000 төгрөгөөр уг 3 ширхэг гар утсыг буцааж аваад Од би 40.000 төгрөг нэмж өгсөн. А12 маркийн гар утас нь цэнхэр өнгийн нөгөө А7 маркийн 2 гар утас нь хар өнгийн байсан. Одоо надад уг гар утаснууд байхгүй, уг гар утаснуудыг эхнэр О фейсбүүк зар тавиад зарчихсан юм...Хулгайнх гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,     

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: ...Самсунг фирмийн А7 загварын гар утас 250,000 төгрөг, Самсунг фирмийн А12 маркийн гар утас 500,000 төгрөг, нийт 750,000 төгрөгөөр тогтоов. /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,   

- шүүгдэгч П.О-н...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Маргад хүнсний дэлгүүрийн гудамжны үзүүр дээр саарал өнгийн машины жолооч талын цонх нь онгорхой, дотор нь ямар нэг хүн байхгүй байхаар нь уг онгорхой цонхоор харахад машины урд талын суудал цэнхэр болон хар өнгийн хоёр ширхэг гар утас байхаар нь гараа цонхоор оруулаад тэр хоёр гар утсыг авч яваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг С гэдэг хүнд хоёуланг нь 40,000 төгрөгөөр зарчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :           

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид эргэлзээ, зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан,            

2. Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 3 удаагийн гэмт үйлдэл тус бүрд тухайн  гэмт хэргийн субьектив болон обьектив шинж бүрэн тогтоогдсон байна.        

Шүүгдэгчийн 2021 оны 07 дугаар сар, 2021 оны 08 сарын 12, 30-ны өдрүүдэд тус тус үйлдсэн хулгайлах гэмт үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох 300,001-50,000,000 төгрөг хүртэлх,  мөн тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүн байнга амьдрах зориулалттай орон байр“ гэсэн шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй буюу тухайн нэг гэмт хэрэг тус бүрд тус бүр ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй, түүнчлэн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж бүрэн хангагдаагүй байх тул тус шүүгдэгчийн үйлдсэн 3 удаагийн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнийх нь шинж болон хүнд ялтай хэсгээр эцсийн зүйлчлэл хийгдсэн байгааг зөв гэж үзнэ.       

Иймд шүүгдэгч П.О-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 295.000 төгрөгийн хохирол учирснаас 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизорыг буцаан олгож /хх-28, 51-52/, үлдэгдэл 145.000 төгрөг, хохирогч Р.З-т 750.000 төгрөгийн, Ш.Б-д 352.500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г-т 40.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй /хх-178-179, 138, 192, 34-35/ байх тул тус шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг буцаан олж хохирогч нарт өгсөн гэж мэдүүлсэн боловч тус мэдүүлэг нь хэрэгт цугларсан, шинжлэн судалсан баримтуудаар үгүйсгэгдсэн байгааг тэмдэглэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:       

Тус шүүгдэгч урьд 2004, 2008, 2012 онуудад эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-70, 73-91, 109-110, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сар 06 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор 3 жил 10 сар 6 хоногийн хорих ялаар болгон өөрчлөлт оруулж, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн эдлээгүй үлдсэн хорих ялыг сэргээн эдлүүлэх үндэслэл үүссэн байна.    

Шүүгдэгч нь ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-96, 97, 99, 101, 103, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.О-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулах нь Эрүүгийн хуулийн холбогдох зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.         

Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор: П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сар 06 хоногийн хорих  ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны  өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.13-ны 385 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, П.О-н биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 10 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021.04.22-ний өдрийн 72 дугаар захирамжаар хоригдол П.О-г эдлээгүй үлдсэн 1 жил 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон /хх-70, 91, шүүх хуралдаанд шинжилсэн шүүхийн шийдвэрүүд/ байтал П.О тухайн хяналт тогтоосон хугацааны дотор дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9  дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэж, улмаар түүний биечлэн эдлэх нийт хорих 5 жил 05 хоногоор тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.      

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч нь 2021.11.01-ний өдрөөс 2021.12.23-ны өдрийн байдлаар нийт 52 хоног цагдан хоригдсон /хх-58-59, 207-208/ байх тул түүний эдлэх ялд оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч П.О-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч П.О-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тогтоолоор П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр, Улсын Дээд шүүхийн 2019.10.02-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.13-ны 385 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар П.О-н биечлэн эдлэх 3 жил 10 сар 6 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 жил 5 хоногийн хорих ялаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.О-н биечлэн эдлэх 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.               

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О-н цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.        

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар П.О-гээс 1.287.500 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Б-д 145.000 төгрөг, хохирогч Р.З-т 750.000 төгрөг, хохирогч Ш.Б-д 352.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Г-т 40.000 төгрөгийг тус тус олгосугай.  

7. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

8. Шүүгдэгч П.О-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.12.23-ны  өдрөөс эхлэн тооцсугай.    

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   П.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР