Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00326

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт /Жаргалант/ оршин суух, Тэрт овогт Хоролсүрэнгийн Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б-2-13 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Цогтын Баттулгад холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00317/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, группт байдаг, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт /Жаргалант/ оршин суух, Тэрт овогт Хоролсүрэнгийн Саранчимэг /РД: ГЙ75021509/,

хариуцагч: 1973 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Спортын дунд сургуульд жудогийн багш ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 6б-2-13 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Цогтын Баттулга /РД: ГЮ73012316/, нарийнбичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Ц.Баттулгатай 2002 оны 04 дүгээр сараас хамт амьдарч эхэлсэн ба 2003 оны 05 дугаар сард хүүтэй болсон боловч түүнийгээ алдсан. Бидний дундаас 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Баярцэцэг төрж 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ц.Баттулга нь Булган аймгийн Тэшиг сумын 8 жилийн дунд сургуульд багшилдаг байсан бөгөөд Л.Наранзаяа гэгчтэй 2010 оноос эхлэн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэх болсон. Л.Наранзаяа нь 2014 оны зун Тэшиг суманд ирж Ц.Баттулгатай хамт байж байгаад явсан. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Баттулга нь Булган аймгийн Спортын сургуульд багшлахаар явснаас хойш тусдаа амьдарч байна. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тэрээр над руу утасдаж би өөр хүнтэй хамт амьдрах болсон тул та хоёр ирэх хэрэггүй гэж хэлсэн. Ер нь л Баттулга нь байнга хүүхэнтэй холбогдож байдаг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болохоор энэ бүгдэд сэтгэлээр их унаж, шаналж байсан. Гэхдээ би охиноо бодож Батулгатай эвлэрч, хамт амьдрах бодол байсан. Баттулгыг ч зөндөө хүлээсэн. Одоо бол Ц.Баттулгатай цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Б.Баярцэцэгийг миний асрамжид үлдээж, эцэг Ц.Баттулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй. Би архи уух нь уудаг байсан. Сүүлийн хоёр жил уухгүй байгаа гэв.

Хариуцагч Ц.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Х.Саранчимэгтэй 2002 оны 04 дүгээр сард гэр бүл болж, 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл хамт амьдарсан. 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Баярцэцэг төрсөн нь бидэнд маш их аз жаргал бэлэглэсэн. Х.Саранчимэгтэй хамт амьдарч байх хугацаандаа зовлон, жаргалыг хамтдаа туулж, амьдралын төлөө хамт тэмцэж, охин Б.Баярцэцэгийг эрүүл, эрдэм номтой болгохын төлөө амьдарч байсан. Х.Саранчимэг нь анх танилцсан үеэс л архи уудаг байсан ба сүүлдээ энэ байдал нь улам даамжирч, гэр бүлийн сайхан харилцаа зөрчилдөөнтэй болж эхэлсэн. Эхэн үедээ надаас уучлалт гуйж, дахин архи уухгүй гэдэг байсан. Мөн зүйн бус авирлаж, агсан согтуу тавьж, маргалдаж, зодоон хийх болсон. Үүнээс болж охин бид хоёр сэтгэлийн дарамттай амьдрах болсон. Би цаашид сайхан амьдрахыг хичээсэн боловч Х.Саранчимэгийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Энэ нөхцөл байдлуудаас болж бид хоёр бие, биедээ хайр сэтгэлгүй болж, хэн аль нь гэр бүлээс гадуур харьцаатай болсон. Саранчимэгтэй 2015 оны 9 сараас хойш тусдаа амьдарч байна. Би одоо 1 дүгээр 12 жилийн бүрэн дунд сургуулийн багш Л.Наранзаяатай хамтран амьдарч байгаа. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Баярцэцэгийг ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Ер нь цаашид охин Б.Баярцэцэгийнхээ төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулах болно. Энэ хорвоод аав, ээж, охин нараас минь үнэтэй зүйл байхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Саранчимэг нь хариуцагч Ц.Баттулгад холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Саранчимэг, хариуцагч Ц.Баттулга нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Баярцэцэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрснийгэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Саранчимэг, хариуцагч Ц.Баттулга нар нь 2015 оноос хойш тусдаа амьдарч, цаашид бие, биеэ хайрлах, хүндлэх, хамт амьдрах боломжгүй нөхцөл байдлуудыг харгалзан шүүх тэднийгэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Баттулга нь охин Б.Баярцэцэгийг эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж байх тул 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Баярцэцэгийг эх Х.Саранчимэгийн асрамжинд үлдээж эцэг Ц.Баттулгаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тэрт овогт Хоролсүрэнгийн Саранчимэг, Хиад боржигон овогт Цогтын Баттулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Баяцэцэгийг эх Х.Саранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Баярцэцэгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Баттулгаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Саранчимэгт даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагчаас48262 /дөчин найман мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН