Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, 

Улсын яллагч Д.Ууганцэцэг,  

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох 2108000001634 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт : 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, яс үндэс халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хэсэг, гудамж, ** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, ** тоотод оршин суудаг, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасныг журамлан 3 жил 1 хоног хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ч-ийн Б /РД:******/,       

Холбогдсон хэргийн талаар :         

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Тоёота Приус-20 маркийн *** УНК улсын дугаартай автомашиныг жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Т-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон автомашиныхаа хойд талын хаалгаар чирч буулган, цүнхтэй эд зүйлсийг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :     

  1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон үйл баримтын агуулга :          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :            

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ны өдөрт   шилжих шөнийн цагт Тоёота Приус-20 маркийн ** УНК улсын дугаартай автомашиныг жолоодон такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Т-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон болох нь :    

- Д.Т-аас 2021.10.21-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баянхошууны шинэ эцсийн хойд талын гудамжинд үл таних хүнд дээрэмдүүлсэн тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

- хохирогч Д.Т-ын...2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр найз Бямбацэрэнтэй уулзахаар Баянгол дүүргийн ** дугаар хороолол Г паркт гэрт  нь очсон ба тэнд 2 лаазтай пиво уусан. Би найзын гэрээс нь гарч, Дарь-эх рүү гэртээ харих гээд 10-р хорооллын автобусны буудлаас найз Б намайг таксинд суулгаж өгөөд улсын дугаарыг нь хараад би таксинд суугаад явсан. Явж байх явцад би зүүрмэглээд хэсэг унтаад сэрэхэд нэг гудамж руу орж байсан. Тэгэхээр нь энэ хаана явж байгаа юм бэ гэсэн чинь машинаа зогсоогоод үгийн зөрүү байхгүй хойд талын хаалгаар чирч буулгаад Самсунг маркийн М-12 гар утас, жижиг хүрэн цүнх, түрүүвч, бэлэн 110,000 төгрөг, гадаад паспорт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, түрийвчин дотор байсан монетон бөгж 1 ширхэг, тасархай гинж, баруун талын чихэнд зүүсэн өрөөсөн ээмэг 1 ширхэг, ягаан өнгийн сам, түлхүүр, крем болон кремний порлон зэрэг эд зүйлсээ алдсан...Манай найз таксинд суух үед улсын дугаарыг нь тэмдэглэж авсан байна лээ...Намхан жижиг биетэй, 30-35 насны, саарал цамцтай залуу байсан, би харвал танина...Намайг чирч буулгасан...Би газар сайн мэдэхгүй, тухайн дээрэмдүүлсэн газрын гудамжнаас гарч, төв замаас такси бариад энэ хаана байгаа талаар асуухад Баянхошууны эцэс гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,    

- 2021.10.26-ны өдөр Ч.Б-ээс 1 ширхэг шар өнгийн бөгж хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

-  2021.10.21-ны 21 цагт эд зүйлд /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас/,    

- хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,        

- хөрөнгийн үнэлгээний тайлан...нийт 2.271.400 төгрөгийн үнэлгээ тогтоов.../хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, 

- Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  өөрийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Шөнө 00 цагийн үед 10 дугаар хороололд явж байхад автобусны буудал дээр хоёр эмэгтэй гар өргөхөд нь очоод авсан. Нэг эмэгтэй нь суугаад нөгөө эмэгтэй суугаагүй үлдсэн. Машинд суусан эмэгтэйгээс хаашаа явах талаар асуухад Дарь-эх орно гэхээр нь тэндээс явсаар байгаад Дарь эх ороод буулгах гэсэн чинь буухгүй унтаад байхаар нь би Дарь эхээс хөдлөөд Баянхошууны эцэс Жанцан дээр ирээд тэр эмэгтэйг гараас нь татаад, чирч буулгасан. Тэгээд хойд талын сандал дээр байсан цүнх байхыг хараад тэр чигээрээ яваад өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, 

- Ч.Б-ийн шүүгдэгчээр өгсөн...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...Хохирогч Дарь-эхийн шинэ буудал дээр бууна гэж л хэлсэн...Дарь эхийн шинэ буудлаас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны Жанцан хүртэл 7-8 километр зайтай байх...Хохирогчийг  гараас нь татаж чирч буулгасан...Эргээд харахад цүнх нь байсан...Өмнө нь мэдүүлэг өгөхөд ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгасан асуудал байхгүй...Хохирогчийг Баянхошуунд буулгаж, тийм болчимгүй зүйл болчихсон...тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :      

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.  

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-53-57, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон гэрчээр өгсөн...2021 оны 10 дугаар сарын 20-с 21-нд шилжсэн шөнө 00 цагийн үед 10 дугаар хороололд явж байхад автобусны буудлаас нэг эмэгтэй гар өргөхөд нь хаашаа явах уу гэхэд Дарь-эх орно гэхээр нь суулгасан, Дарь эхийн хуучин эцэст очоод хаягаа хэлж өгөхгүй байхаар нь хөдлөөд Баянхошууны эцсийн хойд гудамжинд орж машинаа зогсоогоод зүүн хойд талын хойд хаалгаар үл таних эмэгтэйг чирч буулган орхиод машины хойд сандал дээр байсан цүнхийг аваад зугтсан тухай мэдүүлэг /хх-31-34/-үүд хооронд  зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.                           

2. Тус шүүгдэгчийн үйлдсэн “хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор халдан довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг дараах үндэслэлээр зөв гэж дүгнэв.       

2.1. Хохирогч согтууруулах ундааны зүйл болох пиво хэрэглэснээс өөрийгөө хамгаалах чадвар харьцангуй сул байгаа болохыг тухайн үед шүүгдэгч илэрхий мэдсэн атлаа түүний биедээ авч явсан цүнхтэй эд хөрөнгийг авах шунахай сэдэлт,  зорилгоор өөрийн биеийн хүч чадал, тээврийн хэрэгсэл жолоодож буй зэрэг илэрхий давуу байдлаа илтэд ашиглаж улмаар тухайн шөнийн цагаар хохирогчийг буух ёстой газраас нь эсрэг чиглэлд, хол зайд, эзгүй газарт буюу Баянхошууны шинэ эцсээс хойд зүгт авч яван харанхуй гудамжинд зориуд аваачин, түүний эсрэг “үгийн зөрүүгүй”-гээр бие махбодын хүчирхийлэл үйлдэн автомашины арын суудлаас хүч хэрэглэн чирч буулгаж орхисноор буюу хохирогчийн гэртээ очих хүсэл зориг, биедээ авч явсан эд хөрөнгөө хамгаалах боломж буюу эсэргүүцлийг хүчээр таслан зогсоосон тэр даруйд хохирогчийн цүнхтэй эд хөрөнгийг өөрийн хууль бус эзэмшилд оруулсан болох нь тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг “хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.     

2.2. Талуудын хэлцэл, харилцан итгэлцлийн хүрээнд хохирогч такси барьсан тухайн тохиолдолд өөр газарт бус гагцхүү гэртээ очих буюу хүргүүлэх үйлчилгээ авах, биедээ авч явсан эд хөрөнгөө халдлагад өртөн алдах бус харин хамгаалах, аюулаас сэрэмжлэх хүсэл зорилготой байсан нь эргэлзээгүй байх бөгөөд шүүгдэгч такси үйлчилгээнд явж байсан жолоочийн хувьд үйлчлүүлэгчид аюулгүй үйлчлэх,  үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх үүрэгтэй атлаа эсрэгээр шунахай сэдэлт зорилгоор  хохирогчийг буух ёстой газраас нь эсрэг чиглэлд, хол зайд, эзгүй гудамжинд зориуд аваачин түүний эсрэг шууд хүч хэрэглэн халдлага үйлдсэнээр хохирогчийн тус хүсэл зоригийг хүчээр няцааж, таслан зогсоосон буюу хохирогч гэмт хэрэг үйлдэгдэх тухайн агшинд “хаана явж байгааг нь асуусан” байтал тэр даруйд халдлага, аюултай байдал илтэд бодитой тулгарч, хэрэгжсэн байх тул “хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон” гэж үзэх үндэслэл тогтоогдсон. 

Хохирогчийн...Дарь-эх рүү гэртээ харих гээд 10-р хорооллын автобусны буудлаас таксинд суусан, явж байх явцад би зүүрмэглээд хэсэг унтаад сэрэхэд нэг гудамж руу орж байсан. Тэгэхээр нь энэ хаана явж байгаа юм гэхэд үгийн зөрүү байхгүй хойд талын хаалгаар чирч буулгаад цүнхтэй эд зүйлсээ алдсан...Намхан жижиг биетэй, 30-35 насны, саарал цамцтай залуу байсан, харвал танина...Намайг чирч буулгаад, миний цүнхтэй эд зүйлсийг  авч явсан...Би газар сайн мэдэхгүй, тухайн дээрэмдүүлсэн газрын гудамжнаас гараад төв замаас такси бариад энэ хаана байгаа талаар асуухад Баянхошууны эцэс гэж байсан гэх мэдүүлэг /хх-24-25/-ээс үзэхэд хохирогч нь өөрийн цүнх бүхий эд хөрөнгийг өөрийн сайн дураар шүүгдэгчид өгөөгүй буюу түүний автомашинд илтэд мартаж үлдээгээгүй харин эсрэгээр шүүгдэгчийн хүч хэрэглэсэн халдлагад тийнхүү өртсөнөөр эд зүйлээ дээрэмдүүлсэн улмаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн ухамсар, ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх чадвараа бүрэн алдаагүй байсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон” гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, үйл баримтгүй гэж үзнэ.   

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн тус хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн эсрэг “үгийн зөрүүгүй” шууд хүч хэрэглэн чирч буулгаснаар буюу бие махбодод нь хүчээр халдан довтолсноор төгссөнд тооцогдох тул шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэн халдаж, чирч буулгасан даруйд түүний цүнхийг автомашины арын суудал дээрээс эсхүл хохирогчийн биеэс салгаж авсан эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

2.4. Шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн нь хохирогчийн биедээ авч явсан цүнх бүхий эд хөрөнгийг авах сэдэлт, зорилготой байсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон.

 Тухайлбал, тэрбээр хохирогчийн цүнхийг авч улмаар тухайн цүнхэнд нь байсан бөгжийг авч, эзэмшиж байсныг тусад нь илрүүлэн хурааж  авсан /хх-11-12/,  мөн хохирогчийн мэдүүлснээр цүнхэнд 110.000 төгрөг байсан /хх-23-25/, шүүгдэгч нь хохирогчид 90.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-100/ байхаас гадна хохирогч нь өөрийн найз эмэгтэйгээс шүүгдэгчийн тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэмдэглэж авсныг мэдсэнээр буюу 2021.10.21-ний 13 цагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан /хх-2/, улмаар цагдаагийн байгууллагаас Ч.Бат-Эрдэнийг дуудан 2021.10.21-ний 21 цагт тухайн унаж явсан автомашиныг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хашаанд авчруулсны дараа үзлэг хийж /хх-03-05/ улмаар бөгж, 90.000 төгрөгөөс бусад эд зүйл, үлдэх мөнгө зэргийг цүнхний  хамт хураан авсан /хх-13-14/ зэрэг үйл баримт нь шүүгдэгчийн тус сэдэлт, зорилгыг бодитой илэрхийлсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч нь хохирогч анх такси барин суухдаа өөрийн биед цүнхтэй явж байсныг харж мэдсэн, мөн хохирогчийг хүчээр чирч буулгасан даруйд автомашины арын суудал дээр байсан цүнхтэй эд зүйлсийг авсан болохоо мэдүүлсэн байх ба тус мэдүүлэг нь хохирогчийн...“хаана явж байгаа юм гэхэд үгийн зөрүү байхгүй хойд талын хаалгаар чирч буулгаад цүнхтэй эд зүйлсээ алдсан, тухайн дээрэмдүүлсэн газрын гудамжнаас гараад төв замаас такси бариад энэ хаана байгаа талаар асуухад Баянхошууны эцэс гэж байсан” тухай мэдүүлэг болон шүүгдэгчээс хохирогчийн бөгж, цүнх бүхий бусад эд зүйлсийг тус тус хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурвалжаар давхар нотлогдсон буюу зөрүүгүй байх тул шүүгдэгчийн шунахай сэдэлт, зорилгыг үгүйсгэх үндэслэлгүй.  

2.5. Шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад дуудагдан 2021.10.21-ний 21 цагт тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед унаж явсан автомашинаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хашаанд авчрахдаа хохирогчийн цүнх бүхий зарим эд зүйлсийг автомашины арын суудлын дор чихэж оруулсан байдалтайгаар тавьж үзлэг хийлгүүлсэн байх /хх-03-05/ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл, үйл баримт болохгүй байна.      

2.6. Дээрх үйл баримт бүхий 2.1-2.5-д заасан үндэслэлээс үзэхэд :          

- хохирогч нь өөрийн биедээ авч явсан тухайн цүнх бүхий эд хөрөнгийг өөрийн гэм буруу, санамсаргүй тохиолдлоор шүүгдэгчийн автомашинд орхиж буусан буюу гээгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт  хэргийн шинжгүй, мөн   

- шүүгдэгч нь цүнх бүхий эд хөрөнгийг нь авах зорилгоор хохирогчийг шөнийн цагаар гэрээс нь эсрэг зүгт, хол  зайд, эзгүй гудамжинд аваачин “үгийн зөрүүгүй”-гээр хүч хэрэглэж буюу хүчээр автомашинаас буулган эд хөрөнгийг нь илээр авч явсан, түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдсэн орчин нөхцөлд хохирогчийн хүсэл зориг, эсэргүүцлийг хүчээр таслан зогсоосноос гадна хохирогч “хаана явж байгааг нь асуусан” буюу эсэргүүцэх даруйд хохирогчид халдлага, аюултай байдал илтэд бодитойгоор тулгарсан байх тул хулгайлах, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх, далайлган сүрдүүлэх зэрэг төсөөтэй байж болох гэмт хэргийн шинж тус тус хангагдахгүй байна.       

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

  1. Хохирол, хор уршиг :    

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ч.Б-ээс 1 ширхэг  бөгж хураан авч хүлээлгэн өгсөн /хх-11-13/, шүүгдэгч нь хохирогчид 90.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-100/, 2021.10.21-ны 21 цагт шүүгдэгч тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгүүлэн улмаар бусад эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-3-10, 13/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :       

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-97, 104-107/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тус гэмт хэргийг  үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхэдтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 56, 69-74, 75-77, 78-82, 84-96, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэр ба учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гагцхүү хорих ял оногдуулахаар хуульчлагдсан тул өөр төрлийн хөнгөн ял оногдуулах тухай шүүгдэгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :   

1. Шүүгдэгч Ч.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ийн биечлэн эдлэх 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Б-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.01.06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ч.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР