Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0028/Э |
Дугаар | 2022/ШЦТ/53 |
Огноо | 2022-01-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Н.Ундрах,
Хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,
Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-ид холбогдох 2108010531636 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр гарам Баруун Туруу *** тоотод оршин суух хаягтай, Урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Б овгийн Г-ын Ц, регистрийн дугаар: ******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр гарам Баруун туруун ** дугаар гудамжинд хохирогч Б.Н-тай “Хашаа руу архины шил шидсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр гарам Баруун туруун ** дугаар гудамжинд хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид хүч хэрэглэж халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
-...Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт Б.Н нь бусдад зодуулсан тухай гомдол мэдээллийг хүлээн авсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- иргэн Б.Н-гаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
- хохирогч Б.Н-гийн...Манай хашааны хойд талд малын саравч хашаа байдаг бөгөөд ар талын айл манай малын саравчийг давуулаад хашаан дотор хог сүүлийн 2 хоног орж ирсэн ба 3 дахь хоног дээр нь буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед үнээгээ саах гээд гэрээсээ гараад явж байхад хашаан дотор хоосон архины шил байхаар нь тэрийг нь буцаад ар талын айл руу давуулж шидээд, үнээгээ сааж, малаа гаргаад хашаа руугаа орох гээд явж байсан чинь ард талын айлын нөхөр болох Ц явж байгаад намайг хараад “чамайг ална” гэж ирээд миний зүүн гарын шуунаас барьж аваад нөгөө гараараа миний эрүүнээс чанга барьж, базаад байхад нь би орилсон чинь эхнэр нь хашаанаасаа гарч ирээд салгасан...Ц эрүүнээс барьж, базаад, шахахад хиймэл шүд хоорондоо хавиралдаж, 3 ширхэг шүд унасан...тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- хохирогч Б.Н-гийн...Ц гараараа миний эрүүнээс шахаж базаад, дээш өргөж шахахад миний үүдэн 2 шүд гэмтсэн, би худал яриагүй тухай мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
- гэрч Д.Т-ын...Тухайн өдрийн 08 цагийн үед үхрээ усалчхаад хашаа руугаа орох гээд явж байсан чинь Ц гэрийнхээ гадна явж байгаад “муу гичий минь чамайг алаад өгье” гэж хэлээд манай эхнэр Н-гийн энгэрээс базаж дээшээ эрүү рүү нь шахаж бооход нь манай эхнэр “шүд шүд” гээд ёолсон чинь гараа аваад тэр гараараа нүүр лүү нь цааш нь түлхсэн. Тэгсэн Ц-ийн эхнэр нь хашаанаасаа гарч ирээд манай эхнэр тэр хоёр хоорондоо хөл рүүгээ өшиглөсөн. Манай манай эхнэрийн өөрийнх нь байсан шүд нь уначихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
- гэрч Д.Д-ийн...2021 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед нөхөр Ц бид хоёр Улаанбаатар хот руу явчхаад 16 цагийн орчимд гэртээ ирсэн чинь хашаан дотор архины шил ороод ирчихсэн байсан. Манай урд талын хашааны Н-гийн үхрийн саравчаар давуулаад шидсэн бололтой байхаар нь дургүй хүрээд 2, 3 архины шил хашаа руу нь давуулаад шидчихсэн. Тэгсэн 18-ны өглөө 06 цагийн үед босоод байж байхад манай ээж гэрт орж ирэхдээ “00 орчоод гэр лүүгээ орох гэсэн чинь архины шил шидээд цохиод алчихаа дөхлөө” гээд орж ирсэн...Н нөхөртэйгөө урдаас нь ирж явахаар нь Ц “Н битгий давраад байгаарай, архины шилээр хүн цохиод алах дөхлөө” гэж ярьж байгаа нь сонсогдохоор нь би гараад очсон. Тэгээд Ц-ийн өөдөөс Н “хохино, болж” гээд байхаар нь би очоод уурласан чинь өөдөөс шороо цацахаар нь би хоолойноос нь барьж багалзуурдаад хойш нь түлхсэн. Тэгсэн чинь Н өшиглөөд, миний нүүр лүү гараараа самардаад “чи зайлаач” гээд байхаар нь манай нөхөр Ц Н-гийн эрүү рүү нь гарынхаа алгаар цааш нь түлхсэн. Тэгээд Н цагдаад хэлнэ гээд явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,
- шинжээчийн 2021.06.17-ны өдрийн дүгнэлт : 1. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4244 тоот дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Б.Н-гийн биед доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Б.Н-гийн биед учирсан доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Б.Н-гийн биед доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тухайн үед учирсан байх боломжтой.../хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,
- шинжээчийн мэдүүлэг...Хохирогч Б.Н-гийн биед учирсан доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт гэмтэл нь эрүүг гараар базахад илүү үүсэх боломжтой гэмтэл.../хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
- шүүгдэгч Г.Ц-ийн...2021 оны 05 дугаар сарын 18-ны өглөө...би хашаанаас гараад ажлаа хийгээд явж байтал Б.Н, түүний нөхөр Т нар худгаас ирж байхлаар нь Б.Н-д хандаж “Чи яагаад архины шил давуулж шидээд байгаа юм бэ ? Настай хүн цохиод алах шахсан байна. Өчигдөр архины шил давуулаад шидсэн байхад чинь дуугаа өнгөрсөн” гэж хэлтэл Б.Н “яадаг юм бэ” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон...Манай эхнэр Д миний ардаас гарч ирээд эхнэр Нарангэрэл хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ бариад авсан, би дундуур нь ороод эхнэрээ татаж, хохирогч Б.Н-гийн эрүү, хүзүү орчим зүүн гараараа нэг удаа түлхсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2. Шинжээч нарын бүрэлдэхүүн 2021.06.17-ны өдөр дүгнэлт гаргасан дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуулиуд, холбогдох бусад заавар, журамд тусгайлан заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тус дүгнэлтээр шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 4244 тоот дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, шинжээч 2021.05.21-ний өдөр 4244 тоот дугаартай дүгнэлт гаргахдаа зөвхөн хэсэг газрын үзлэг хийж гаргасан, ингэхдээ баруун 1-р шүд сул, сугарсан, доод үүдэн зүүн 1, 2-р шүд сул ганхаж хөдөлнө...гэж үндэслэх хэсэгтээ бичсэн атлаа тус шүдний гэмтлийн талаар огт дүгнэлт гаргаагүй орхигдуулсан, өөр бусад шинжилгээний баримтуудыг огт үндэслэл болгоогүй /хх-20-21/ болох нь шинжээч нарын бүрэлдэхүүний 2021.06.17-ны өдөр гаргасан дүгнэлт, үндэслэх хэсэгт эх сурвалж болгосон шинжилгээний баримт зэргээр эргэлзээгүй тогтоогдсон байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
Тодруулбал, тус хэрэгт цугларсан, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжуудыг шалгахад хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлыг хохирогч өөртөө учруулаагүй, мөн Г.Ц-ийн эхнэр Д.Д учруулсан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
4. Хохирогч Б.Н-гийн...Ц миний зүүн гарын шуунаас барьж аваад нөгөө гараараа миний эрүүнээс чанга барьж, базаад байхад нь би орилсон...Ц эрүүнээс барьж, базаад, шахахад хиймэл шүд хоорондоо хавиралдаж, 3 ширхэг шүд унасан...тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/-ийн эх сурвалж нь :
- гэрч Д.Т-ын...Ц нь Н-гийн энгэрээс базаж дээшээ эрүү рүү нь шахаж бооход нь манай эхнэр “шүд шүд” гээд ёолсон чинь гараа аваад тэр гараараа нүүр лүү нь цааш нь түлхсэн...Эхнэрийн өөрийнх нь байсан шүд нь уначихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
- гэрч Д.Д-гийн...манай нөхөр Ц Н-гийн эрүү рүү нь гарынхаа алгаар цааш нь түлхсэн...Тэгээд Н цагдаад хэлнэ гээд явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,
- Н-гийн үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй, зүүн гар шуу хэсэгт хөхөрсөн, зулгаралттай шархтай тухай эмч С.Ч-ийн 2021.05.18-ны өдрийн тодорхойлолт /хх-37/,
- шинжээчийн 2021.06.17-ны өдөр гаргасан дүгнэлт, түүний үндэслэх хэсэгт бичигдсэн эх сурвалжууд /хх-33-36/ зэрэг үйл баримтаар хангалттай тогтоогдсон байх тул хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж бодит үнэн бөгөөд хангалттай нотлогдсон гэж үзнэ.
5. Гэрч Д.Д, хохирогч Б.Н нар харилцан маргалдаж улмаар бие биеэ өшиглөх, самардах хүч хэрэглэсэн байх нь шүүгдэгч Г.Ц-ийн үйлдсэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тухайн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал болохгүй байна.
Тухайлбал, хохирогч Б.Н, гэрч Д.Т, Д.Д, Г.Ц-ийн яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлгээс зэргээс /хх-15-16, 18, 48, 50, 83-84/ үзэхэд анх Г.Ц-ийн зүгээс Б.Н-гийн эсрэг үйлдэл хийхэд гэрч Д.Д тухайн газарт байгаагүй, харин тэдний маргааныг сонссон даруйд Д.Д араас нь очиж улмаар Б.Н-тай маргалдаж, тэд харилцан хүч хэрэглэсэн, тэдний үйлдлийг салгахдаа Г.Ц нь Н-гийн эрүү рүү нь гарынхаа алгаар түлхсэн болохыг Д.Д гэрчилсэн байх тул Д.Д, Б.Н нар харилцан маргалдах явцад хохирогчийн шүд гэмтсэн байж болох тухай шүүгдэгчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ бодит эх сурвалж, үндэслэлгүй, харин шүүгдэгч Г.Ц нь хохирогчийн эсрэг 1-ээс дээш удаа хүч хэрэглэсэн буюу анх хохирогчийн эрүүг нь хүчтэй базаж дээш өргөж хүч хэрэглэсэн, мөн Д.Д, Б.Н нарын маргааныг салгах явцдаа эрүү, хүзүү хэсэг рүү нь түлхэж хүч хэрэглэсэн болох нь дээрх нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд огт үгүйсгэгдээгүй байгаа болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Дээрх үйл баримт бүхий үндэслэлийн хүрээнд дүгнэхэд “шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг цагаатгуулах” тухай түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.902.140 төгрөг /хх-53-56/ нэхэмжилсэн, үүнээс холбогдох нотлох баримт, хохирогчийн мэдүүлгийн хүрээнд шүүх эмнэлэгт үзүүлсний 8000 төгрөг, эмнэлгийн 20,000 төгрөг нийт 28.000 төгрөгийг /хх-20-21, 56, шүүх хуралдааны тэмдэглэл/ хангах үндэслэлтэй, харин түлш шатахуунд зарцуулсан гэх 282.120 төгрөг нь тус хэргийн улмаас учирсан хохирол буюу зардлуудтай ямар шалтгаант холбоотой болохыг нотолсон баримтын эх сурвалж, үндэслэл хангалтгүй, мөн гэмтсэн 2 шүдийг ямар эмнэлэгт, хэзээ, эмчилгээний ямар төрөл, хэлбэрээр эмчлүүлэхээр гэрээ, хэлцэл хийсэн, үнэ ханш нь ямар хэмжээтэй эсэхэд хамаарах хууль ёсны ба үндэслэл бүхий баримтгүй байх тул хангах боломжгүй, харин хохирогч гэмт улмаас учирсан хохирол, эмчлүүлэх зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Тус шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирлыг, мөн хохирогчид учирсан 2 шүдний эмчилгээний зардлыг ижил төрлийн эмнэлгүүдийн үнэ ханшийг харилцан судалсны үндсэн дээр нөхөн төлөхөө илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хавтаст хэргийн 73, 88-89, шүүх хуралдаанд гаргасан ял шийтгэлийн баримт/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь ам бүл 2, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, малчин болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 62-67, 68-72, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин Г.Ц-ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэж, 1000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байхаас гадна тус Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацааны болон бусад шаардлага, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, 12.12 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд тус тус нийцэж байх тул Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгж буюу 1000.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Г.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-оос 28.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д олгосугай.
5. Шүүгдэгч Г.Ц цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР