Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0070/Э |
Дугаар | 2022/ШЦТ/75 |
Огноо | 2022-01-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/75
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2208000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “О” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчиний ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Б /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ныг эхнэр доромжиллоо гэх шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчиний ** тоотод 2021 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчиний *** тоотод 2021 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн Д.Н-ыг эхнэр доромжиллоо гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 03 дугаар тал/,
- хохирогч Д.Н-ын...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө найз Б намайг гандангийн урд байх гэрт хүргэж өгөхөөр явсан. Тэгтэл зам дагуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр суулгаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант дэлгүүрийн хойно гэр хорооллын гудамжинд хүргэж өгөөд 19 км гарлаа 28,500 төгрөг болсон байна гэхэд таксинд сууж яваа эмэгтэй нь согтолттой байсан болохоор олон удаа асуугаад байхад нь “олон хэллээ, согтуу авгай чинь” гээд хэлсэн чинь нөгөө эмэгтэй бид 2-г элдвээр хэлээд байсан, нөгөө залуу нь бэлэн 19,000 төгрөг өгөөд үлдсэнийг нь гэрээс аваад ирье гээд орсон...Гэтэл хашаанаас ногоон куртикгэй залуу гарч ирээд эмэгтэй хүн дээрэлхлээ гээд орилоод Б-тэй барьцалдсан ба салгаж байхад бас 1 залуу гарч ирсэн, түүнийг холдуулахад Б машинтайгаа намайг орхиод зугтаагаад явчихсан...Би тухайн залуучуудад болсон зүйлийг ойлгуулах гээд оролдож байхад хашаанаас малгайтай цамцтай нэг залуу ирээд учир зүггүй шууд нүүр лүү цохиод авсан, би тухайн залуу руу дайрсан чинь дахин ирээд миний нуруу руу өшиглөсөн, тэгтэл 2 найз нь салгаж холдуулаад намайг нэг нь хоргоосон...Тэгтэл цаанаас гүйж ирээд намайг жийгээд газар унагааж хөлөөрөө цээж болон нуруу руу өшиглөөд байхад найз нар нь салгаад холдуулах гэхэд миний хувцаснаас тавихгүй зуурч чирээд байсан...Тухайн өдрийн дараагаас надад гэмтэл учруулсан Б гэх малгайтай цамцтай байсан залуу өөрийн сайн дураар надаас уучлалт гуйж миний толгой болон цээжний зургийг авхуулан өгч эмнэлгийн байгууллагаар дагуулан явж бүх зардлыг гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11, 90 дүгээр тал/,
- шинжээчийн дүгнэлт...Д.Н-ын биед зүүн 6-р хавирганы цууралт, хамар, баруун хацар, зүүн хавирганы нум, зүүн өвдөг, шилбэний зулгаралт бүсэлхий нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- гэрч П.Б-ийн...тухайн шөнө 00 цаг өнгөрч байхад би Бий эхнэр М-тай хамт таксинд сууж явсан...Хашааны гадаа ирээд хэд гарсан талаар М сонсоогүй бололтой дахин дахин асуугаад байсан чинь жолооч залуу уурлаад яагаад байгаа гичий вэ гээд хэл амаар доромжлоод М-тай маргалдаад эхлэхээр нь би өөрт байсан 19,000 төгрөгийг өгөөд, гэрт орж Б-ээс мөнгө авах гээд орсон чинь Г хашаанд байсан модон жорлонгоос гараад таксины жолоочтой маргалдаж байгаа сонсогдсон...М гаднаас орж ирээд Г таксины жолоочтой маргалдаад зодолдох гээд байна гэж хэлсэн чинь Б цээж нүцгэн гүйгээд гарсан...мөн араас нь Б гэрээс гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- гэрч Ч.М-гийн...Тухайн шөнө би хашааны үүдэнд таксины мөнгө хэд гарсан талаар асуухад 28 км гарсан, 1 км газрыг 1500 төгрөгөөр бод гэхээр нь хэд болж байгаа юм гэж асуухад толгойтой юм бол өөрөө бод, архичин минь гэх мэтээр хэлэхээр нь би уурлаж өөдөөс нь маргалдсан...Буяндэлгэр 19,000 төгрөг бэлэн өгөөд үлдсэн мөнгийг гэрээс аваад ирье гэж хэлээд орсон хойгуур намайг элдвээр хэлээд байхаар нь маргалдаад зогсож байхад Г хашаанаас гараад ирсэн ба жолооч Г-тэй маргалдаад машинаасаа буугаад ирэхээр нь би гэр лүү гүйж ороод Г хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байна гэхэд Б цээж нүцгэн сууж байснаа шууд гараад гүйсэн. Тэгээд Б надаас юу болсон талаар асуухаар нь би түүнд болсон зүйлийн талаар хэлсэн чинь гэртээ байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б гэрт орж ирээд Г, Б нарыг цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- гэрч Э.Г-ийн...Тухайн үед М таксины жолооч болон хажууд нь сууж явсан эрэгтэй 2 -той маргалдаад байсан. Би очоод юу болсон талаар асуухад такси барьж явсан залуу чамд ямар хамаатай юм гэхээр нь хамаатай болоод дуугарч байна гэж хэлсэн чинь жолооч нь машинаасаа буугаад ирэхээр нь би түүнтэй барьцалдаж авсан чинь хажууд нь сууж байсан залуу хүрч ирээд мөн заамдаж авсан. Тэгээд маргалдаад зогсож байхад гэрээс Б цээж нүцгэн гарч ирээд жолооч залууг салгаад холдуулсан. Би нөгөө залуутай нь маргалдаад зогсож байхад жолооч залуу машинаа унаад зугтаасан. Тэгээд Б бид 2 тухайн үлдсэн залуутай маргалдаад байж байхад Б хашаанаас гарч ирээд нөгөө залууг шууд цохиод авахаар нь салгаж холдуулсан чинь нөгөө залуу зодолдох гээд Б-ийг улам өдөөд байсан ба салгаад байтал Б нөгөө залууг шууд жийж унагаан өшиглөсөн болохоор Б бид 2 түүнийг салгаад байж байтал цагдаа нар нөгөө зугтаасан найзтай нь хамт хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
- гэрч И.Б-ийн...тухайн үед гаднаас М орж ирээд гадаа таксины жолооч Г-г зодоод байна гэж хэлэхээр нь би дээгүүрх хувцсаа тайлсан чигээрээ хашааны үүдэнд очсон чинь танихгүй 2 залуу Г-тэй барьцалдсан байсан. Би очоод салгах гэхэд машин барьж явсан эрэгтэй нь намайг холдуулахаар нь би түүнтэй маргалдаж эхэлсэн ба тэрээр машинаа унаад зугтаахаар нь би нөгөө үлдсэн залууд хандан “чи хэрүүл маргаан үүсгэж, эмэгтэй хүн дээрэлхлээ” гэж хэлээд маргалдаж байхад Б гэрээс гарч ирээд эхнэр дээрэлхлээ гэж хэлээд тухайн залууг цохиж, өшиглөж эхлэхээр нь би салгасан чинь нөгөө залуу нь Б-тэй зодолдох гээд байсан. Г түүнийг холдуулах гэхэд уурлаад байсан чинь Б дахин очоод түүний хувцаснаас татаад газар унагаад өшиглөхөөр нь мөн салгах гээд холдуулах үед Б хувцаснаас нь тавихгүй газар чирсэн юм. Тэгээд Б-ийг болиулаад байж байхад нөгөө машинтай явсан найз нь цагдаа дагуулаад ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- шүүгдэгч Б.Б-ий...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би байшингийн найр хийгээд найзуудтайгаа архи уусан. Тэгээд эхнэр найз эмэгтэйгээ авч ирэхээр найз Буяндэлгэрийн хамт яваад ирэх үедээ гадаа таксины жолоочтой маргалдаж эхэлсэн бөгөөд гэрт орж ирээд намайг таксины жолооч болон хамт яваа залуу нь доромжилсон гэхээр нь уур хүрээд гараад ирэх хооронд манай 2 найз болох Г, Б 2-г мөн адил хэл амаар доромжлоод зогсож байхаар нь би шууд нүүр болон толгой руу нь гараараа цохиж хөлөөрөө цээж, бүсэлхий орчмоор өшиглөж зодсон. Тийм учраас би прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдлийг ухамсарлан Д.Н-ыг эмнэлгийн байгууллагаар үзүүлэн эмчилгээнд гарсан бодит 842,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан уучлалт гуйж эвлэрсэн байгаа....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-81-84// хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
Тодруулбал, тус хэрэгт цугларсан, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжуудыг шалгахад тус шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт И.Б, Э.Г нар хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
3. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн, тухайн гэмтэл, шарх тус бүртээ үйлдэл шаардсан буюу олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий байсаар атал тухайн олон тооны гэмтэл нийтдээ, эсхүл тус бүртээ, эсхүл зарим нь хөнгөн зэрэгт хамаарах эсэх болон бусад тусгай мэдлэгийн тодорхойгүй, эргэлзээтэй асуудал үүссэн байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, харин тус тусгай мэдлэгийн тодорхойгүй асуудлыг шалгуулах буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар дүгнээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч нь хохирогчийг эмнэлгийн байгууллагад эмчилгэ хийлгүүлсэн, эмчилгээний зардалд 842.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хавтаст хэргийн 10-11, 13-14, 84, 90, 96-97/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг сайн дураар, бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 6, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 60-67, 68-73, 74, 83 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР