Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч С.Энхням,       

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Э-д холбогдох 2208000000027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Их наран *** тоотод оршин суух хаягтай, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Б овогт Ч-ын Э /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг “паспорт нуулаа” гэж уурлан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :                

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг “паспорт нуулаа” гэж уурлан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,  

- хохирогч Б.Б-ы...Нэг ангийн Э манай гэрт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүүхдийн хамт ирсэн ба бид 2 архи ууж байгаад орой нь Э явсан. Маргааш нь залгаад миний гадаад паспорт танай гэрт байна уу, би хайгаад олохгүй байна гэхээр нь гэртээ хайсан боловч олоогүй. Тэгсэн орой нь би хашаанаас олсон болохоор манай хашаанд унагаасан байхаар чинь оллоо гэж хэлсэн ба Э 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 агийн үед нэлээн согтолттой гэрт ирээд, намайг унтаж байтал нүүр лүү өшиглөсөн...Паспортоо нэхсэн болохоор гаргаж өгсөн чинь гарч уулзъя гэхэд нь хувцсаа өмсөөд гарч очтол хашааны үүдэнд...намайг машинд суучих пизда минь гэхээр нь хойд суудал дээр нь суусан чинь жолоочийн эсрэг талын суудлаас намайг цохих гээд байсан...Тэгээд машинаас  буусан чинь намайг тонгорч газарт унагаад хөлөөрөө нуруу, бүсэлхий, толгой, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөөд байсан. Би арай гэж босч зугтаагаад гэртээ харьсан. Миний бие их өвдөж байсан бөгөөд толгой өвдөөд байхаар нь гэртээ 3 хоног хэвтээд, цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дугаар тал/,

- шинжээчийн дүгнэлт...Б.Б-ы биед дух, хоёр нүдний зовхи, хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, 

- шүүгдэгч Ч.Э-ийн...Миний бие өөрийн багийн найз Б-ыг паспорт нуулаа гэх шалтгааны улмаас нүүрэнд нь өшиглөх, газарт тонгорч унагаан нуруу, бүсэлхий, толгой нүүрэн хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас биед гэмтэл учруулсан. Би маш ихээр гэмшиж байна, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :                   

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :             

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.   

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-31-32/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.   

2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.  

Тодруулбал, тус хэрэгт цугларсан, шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжуудыг шалгахад хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, өөр бусад этгээд эсхүл хохирогч өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.     

3. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан олон тооны гэмтлүүд, хохирогчийн мэдүүлэгт дурдсан зодсон үйлдлийнх нь арга, хэлбэр зэргээс үзэхэд шүүгдэгчийн гэмт үйлдэл нь “онц харгис хэрцгий шинж” бүхий байгаа талаар зохих дүгнэлт хийгдээгүй орхигдсон байгааг тэмдэглэж, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрлэв.  

Иймд шүүгдэгч Ч.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3.Хохирол, хор уршиг :       

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирогчид эмчилгээний төлбөрт 350.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хавтаст хэргийн 75, 76/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт    

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хавтаст хэргийн 33, 35-37, 39/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг сайн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “М” ХХК-д жолоочоор ажилладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 41-46, 48, 50-53, 56, 57-65, 66  шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.       

2. Бусад асуудал       

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Ч.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР