Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Хохирогч болон түүний өмгөөлөгч Д.Даваа,    

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г-од холбогдох 2108000001753 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, яс үндэс халх, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Одонтын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн С*йн Г, регистрийн дугаар:*****,       

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** дүгээр гудамжны ** тоотод иргэн Д.Б-ыг нуруун тус газарт нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч С.Г согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дүгээр гудамжны ** тоотод иргэн Д.Б-ыг онцлох шалтгаангүйгээр нуруун тус газарт нь хутгалж,  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :           

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Одонт *** тоотод хүн хутгалуулсан... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Одонтын *** тоотод...байшингийн үүдэнд нийт 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см бариул нь 10 см шар өнгийн үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-07 дугаар тал/,  

- хохирогч Д.Б-ын...2021 оны 11 сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад гэрийн баруун хойн дуу чимээ гараад байхаар нь гарч очсон чинь Г ах Г гэх залуутай барилцаж аваад зогсож байсан, Г ахыг орж унтаач гэсэн чинь надаа юм хэлээгүй...Г гэх залуу нь намайг ална шүү “п..минь”  гэж хэлэхэд нь эрүүл болоод надтай уулзаарай гэж хэлсэн, Гнамайг ална шүү гээд занаад байхаар нь хэрэлдэж зогсож байсан чинь Г ах миний ард зогсож байснаа гэнэт миний зүүн талын бүсэлхий нуруу хавьд хутгалчихсан ба ээжийг дуудаад түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэн цагдаа нар ирээд намайг аваад явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20 дугаар тал/,  

- шинжээчийн дүгнэлт... Д.Б-ын биед бүсэлхийн нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

- гэрч Д.Д-ын...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрт хүү Болдбаатарын хамт байж байхад хүргэн С.Г хойно хашааны гадаа хүнтэй маргалдаад байсан болохоор нь Б Г ахыг гэрт нь оруулж унтуулъя гээд гарсан. Удалгүй хэрүүл маргаан болоод хүү Болдбаатар Г ах намайг нуруу руу хутгалчихлаа гэж орж ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- гэрч Л.Г-ийн...2021 оны 11 сарын 16-ны өдөр Г-ын гэрийн гадаа 0,33 хараа нэртэй архи хувааж уусан, бид хоёр шалихгүй зүйлээс болж маргалдаж байсан чинь урд гэрээс Б гэх залуу гарч ирсэн, Г-ыг яах гэж архи уугаад байгаа юм, гэртээ ор гэж хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би архиныхаа халуунд Б-ыг харааж зүхээд элдвээр хэлсэн юм. Тэгээд би явлаа гээд гэр лүүгээ яваад өгсөн. Г Б-ыг хутгалсныг би мэдээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,           

- шүүгдэгч С.Г-ын...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зүс таних Г хамт нэг шил 0,5-ийн Хараа нэртэй архи хувааж уусан...бид хоёр манай хашаан дотор гэрийн ард муудалцаад байх шиг байсан, би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Тэгээд Б гэрээс гарч ирээд бид хоёрыг салгаад намайг архи уулаа гэсэн...уур хүрээд нуруу хэсэг рүү нь хутгаар дүрчихсэн...Би хутга хаанаас авснаа санахгүй, тухайн үед тасарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :        

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :   

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...”хохирогчийг хутгалсан тухай”...мэдүүлэг /хх-36/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаан, эргэлзээтэй байдалгүй болно.    

Иймд шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

  1. Хохирол, хор уршиг:      

Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт цуглараагүй байх боловч шүүгдэгч нь хохирогчид эрүүл мэндийн даатгал болоод эмчилгээний төлбөрт нийтдээ 670.000 төгрөгийг зарцуулсан тухай мэдүүлсэн, баримт судлуулсан, хохирогч тухайн хохирлуудыг үгүйсгээгүй /шүүх хуралдааны тэмдэглэл/, гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, тэтгэврийн орлоготой, хөрөнгө болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 39, 42-50, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

2. Бусад асуудал

Уг хэрэгт 1 ширхэг хутга хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-од оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-од оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                        

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   С.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР