Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч У.Анхжаргал,   

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б-ад холбогдох 2108000001514 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Аргалант ** дүгээр багийн Аргалын уул, наадмын талбай гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд:

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1010 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ж-гийн Б, /РД: ******/,

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна иргэн Г.О-ийн нүүр, гуяан тус газар нь цохиж түүний өмчлөлийн Эл Жи Жи-4 загварын гар утас, Багшийн алдар тэмдэг зэрэг эд хөрөнгийг  авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

 

1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :    

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна иргэн Г.О-ийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон болох нь:    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.10.05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О нь бусдад дээрэмдүүлсэн...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

- иргэн Г.О-ээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,  

- хохирогч Г.О-ийн... 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар байрны гадна явж байтал саарал цамцтай, 1.70 см өндөр нуруутай, 40 гаран насны бололтой шар царайтай эрэгтэй хүн миний нүүр лүү нэг удаа гараараа цохиод дараа нь миний зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөөд гарт байсан LG маркын цагаан өнгийн гар утсыг булаан авч, мөн дээлний энгэрт байсан багшийн гавъяа гэдэг тэмдгийг хүчтэй угзарч салгаж аваад байрны дээшээ гүйгээд явсан...би араас нь хөөж хүмүүсээс тусламж гуйсан боловч хэн нэгэн хүн надад туслаагүй, би араас нь удаан хөөж юм ярилцсан...Би шүүх эмнэлэгт үзүүлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дүгээр тал/,   

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн... 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 15 цаг 02 минут 24 секундэд Угсармалын 15 дугаар байрны урдуур явган хүний зам дагуу хохирогч Г.О болон араас нь хүн дагасан байдалтай алхаж байгаа дүрсийг сум зааж харуулав...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/,     

- гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан...Г.Од 1-5 хүртэл дугаарласан 5 ширхэг гэрэл зургийг таниулахад: №1 дугаартай эрэгтэй мөн байна. Би уг хүнийг харц болон нүүрний төрхийг нь хараад таньж байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-30 дугаар тал/,  

- шинжээчийн дүгнэлт...Г.О-ийн биед баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.../хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,  

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...гар утсанд  200.000 төгрөгийн үнэлгээ тогтоов.../хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, 

- шүүгдэгч Ж.Б-ын...би дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргах зүйл байхгүй. Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт архи уучихсан согтуу явж байгаад ногоон дээлтэй үл таних эмэгтэй хүн ганцаараа гартаа гар утас барьчихсан, **-р байрын гадна талд орц руу орох гэж байхад нь явж очоод гар утсыг нь аваад явчихсан...Тэгээд би тэр булааж авсан цагаан өнгийн гар утсыг Хар хорин захын үүдний хэсэгт танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарчихсан юм. Би одоо надаас гар утас худалдаж авсан хүнийг танихгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

            - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :                      

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тухайн нотлох баримтуудын хууль ёсны байдлыг үгүйсгэн няцаах талаар санал, дүгнэлт гаргаагүй.               

Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.      

2. Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн хүсэл зоригийг хүчээр няцааж, бие махбодид нь шууд хүч хэрэглэн халдаж довтолсон болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.    

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

3. Хохирол, хор уршиг :        

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын 200.000 төгрөг төлөгдөөгүй  /хавтаст хэргийн 38, 88 дугаар тал/ байх бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт         

Тус шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-56, 59-64, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.              

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд хохирогч нь дээрэмдүүлэх тухайн үед 66 настай буюу өндөр настай байсан, мөн дээрэмдүүлснийхээ дараа шүүгдэгчийн араас нь удаан хөөж мөнгө өгч эд зүйлсээ эгүүлэн авах талаар түүнд удаа дараа хэлсэн байх боловч шүүгдэгч нь хохирогчийг өдрийн цагаар дээрэмдэж эд зүйлсийг нь авч явахдаа “таны багш байлаа гээд юу байхав, ямар шагналтай чинь хамаагүй, харгис багш байсан гэсэн биз дээ, манай найзад мөнгө хэрэгтэй” гэх мэтээр хэлж буюу илтэд басамжлан улмаар зугтан явсан байх тул хохирогчийг өндөр насны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.              

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, хөрөнгө орлого,  эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-66-68, 70, 73, 75-76, 77-82, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.        

2. Бусад асуудал     

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ын биечлэн эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 200.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.О-д олгосугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 7. Шүүгдэгч Ж.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.01.10-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ж.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР