Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

М.Хүрэлсүхийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/01210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Хүрэлсүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Бадралд холобгдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч М.Хүрэлсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр миний бие Сүхбаатар дүүрэгт байрлах Эрүүл мэндийн яамны эсрэг талд байрлах кофе шопд иргэн С.Бадралд 40 000 000 төгрөгийг бэлнээр зээлүүлэн өгсөн. Гэвч иргэн С.Бадрал хэдэн сарын турш худал ярин мөнгийг маань буцааж өгөхгүй явсаар байсан. Би Бадралтай нийтдээ 10 удаа уулзаж, удаа дараа мөнгөө нэхсэн боловч тэр болгонд удахгүй өгнө хэмээн явсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзсан бөгөөд бид иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж авсан юм. Уг гэрээгээр би С.Бадралд дахин боломж олгож 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүүгүй, барьцаагүй зээлийн гэрээ байгуулсан. С.Бадрал ч би гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгийг чинь өгнө гэсэн боловч гэрээний хугацаа дуусаж 100 хоног хэтрээд байна. Иймд  Хүрэлсүх миний бие иргэн С.Бадралд 2014 онд зээлүүлсэн 40 000 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн 100 хоногийн алдангийн 20 000 000 төгрөгийг хамт, нийт 60 000 000 төгрөгйиг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Бадрал иргэн М.Хүрэлсүхээс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 40 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Хариуцагч зээлсэн мөнгөө өгдөггүй удаа дараа шаардуулаад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр талууд зээлийн гэрээг нөхөж байгуулсан. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 100 хоногийн алданги болох 20 000 000 төгрөгийг үндсэн зээл 40 000 000 төгрөгийн хамт зээлдэгч С.Бадралаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бадрал шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Бадралаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 60 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Хүрэлсүхэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 522 950 төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 60 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг нотлох, шүүхээс үнэн зөв шудрага шийдвэр гарахад нөлөөлөх чухал ач холбогдолтой баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасны дагуу Ус сувгийн удирдах газраас гаргуулах талаар хүсэлтээ бичгээр гаргасан байсан энэ үед шүүх хуралдааныг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчид эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Хүрэлсүх нь хариуцагч С.Бадралд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 000 000 төгрөг, алдангид 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор нэхэмжлэгчээс зээлсэн болох нь дээрх зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4, 44/ 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алдангийн талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.       

            Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг дараах байдлаар өөрчилж зөвтгөх нь зүйтэй байна.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд “Дэлгэрсүх” ХХК-ийн касснаас авч мөнгийг бэлнээр өгсөн, уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэж тодорхойлсон байгаа нь хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс тооцон нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 71 хоногийн алдангийг тооцож үзэхэд 14 200 000 төгрөг, үндсэн зээл 40 000 000 төгрөг, нийт 54 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.           

Шүүх хариуцагч С.Бадралд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хариуцагч С.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагч С.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх 10, 40, 41/

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/01210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...60 000 000...” гэснийг “...54 200 000...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...522 950...” гэснийг “...428 950...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Бадралын төлсөн 457 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН