Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0007

 

Л.Н- нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.Н-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Н- нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Л.Н-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байх үед нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албанаас халсан. Ажлаа хүлээлгэн өг гэсний дагуу төрийн алба тасралтгүй байх зарчим, төрийн тусгай албан хаагчийн хувьд тушаал шийдвэрийг биелүүлэх үүднээс ажлаа хүлээлгэн өгсөн ба зөрчил дутагдал, түүнтэй холбоотой баримт, ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй, тушаалыг гардуулж өгөлгүй эрхийг нь зөрчжээ.

Өмгөөлөгчийн зүгээс Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чт 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр дөрвөн асуудлаар лавлагаа, тодорхойлолт баримтуудын хуулбарыг хүссэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зд/1565 албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Н-т холбогдох хэсгийг хэсэгчилэн, хүний нөөц нь хуулбар үнэнгээр баталгаажуулан гаргаж өгсөн, хүсэлтэд дурдагдсан асуудлууд цагдаагийн байгууллагын нууцад хамаардаг гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзсан.

Л.Н- Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд хандах эрх нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс буюу тушаалын он сар өдөр, дугаар, хуулийн үндэслэл, шийдвэрийн утга агуулгатай танилцаж мэдсэн, тушаалын хувийг гардан авсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, цагдаагийн хурандаа цолыг сэргээж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.Н- нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 729 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил хүлээлцсэн тэмдэглэлтэй тус тус танилцаж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан баримтуудаас үзэхэд тэрээр төрийн албанаас халагдсан тухайгаа мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, Л.Н-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.8 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалын Л.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн  тогтоолгох, цагдаагийн хурандаа цолыг сэргээх, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг  гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх тухай нэхэмжлэгч Л.Н- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалаар Л.Н-ыг хугацаа заахгүйгээр халж, цолыг хураасан эрх зүйн маргаан бүхий акт нь хуульд нийцсэн эсэх, түүний хууль зүйн үндэслэл нь нотлох баримтад тулгуурласан эсэх, зөрчлийн хэм хэмжээнд тохирсон эсэх, сахилгын шийтгэл ногдуулах боломжтой эсэх асуудлыг хянаж шийдвэр гаргах ёстой. Гэтэл батлагдсан удирдамжийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд явуулсан шалгалтын дүнгийн танилцуулгын дүгнэлт, санал хэсэгт тусгагдаагүй асуудлуудаар шүүх дүгнэлт хийх, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр  тушаалд заагаагүй хуулийн үндэслэлүүдийг шүүхийн шийдвэрт тусган тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж байгаа нь буруу, гомдолтой байна.

Л.Н- нь Төсвийн шууд захирагч гэх тодорхойлолтод хамаарагдахгүй, тушаалд төсвийн болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн заалтууд баримталсан нь үндэслэлгүй болох талаарх тайлбар, баримтуудад тодорхой үнэлэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн “орон нутаг дахь Цагдаагийн газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 4.1.38, 16.1.18-д зааснаар төсвийн хувьд шууд захирагч юм” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан ойлголт байна. Төсвийн тухай хуулийн 16.1.18 гэсэн заалт нь хуульд алга, хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д Төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн гэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийг төлөвлөх, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Н- биш болох нь менежерийн үр дүнгийн гэрээ, түүнийг дүгнэсэн акт, талуудын эрх, үүргээр бүрэн тодорхойлогдож байгаа.

Тийм байхад төсвийн болон нягтлан бодох бүртгэлийн хуулиар хариуцлага хүлээх субъект биш хүнийг зөрчил гаргасан гэж дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй. Тэгээд ч 2013 оны 08 дугаар сард БНХАУ-ын Шилийн гол явсан асуудал, 2013 оны 12 дугаар сард “Мига Эрин” ХХК-тай нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээний асуудлууд нь тухайн үедээ зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалд ёс зүйн асуудлаар хариуцлага хүлээлгэсэн асуудал байхгүй байхад шүүхээс цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдлоо гэх мэтээр дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өргөдлөөр шалгаад үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 02-нд танилцуулаад 2014 оны 11 дүгээр сарын 05-нд тушаал гарсан гэж үзвэл тогтоогдсон эсэхээс үл хамаарч илрүүлсэнээс хойш 1 сар өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулахгүй гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хурал хойшлох үед хэргийн оролцогч Ц.Болормаа шүүх хурлын танхимд хуулбар үнэн гэсэн гарын үсэг зурж, гаргаж өгсөн баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй байна.

3. Шүүхийн шийдвэрт “...12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т зааснаар иргэн хуульд тусгайлан заасан, мөн хуулийн 6.1-д заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул Л.Н- нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна...” гэжээ. Ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зориуд буруу тайлбарлаж /2 өөр утга байхад/ хуулийг буруу хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 12.1.1-д хуульд тусгайлан заасан гэсэн бол мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хуль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж хуульчилжээ. Нэг үгээр хэлбэл хүлээн авсан, мэдсэн гэсэн хоёр тусдаа ойлголт юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалыг гардан авсанаас хойш 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй гэж үзсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоол хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Л.Н-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалаар үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.

Л.Н- нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хурандаа цолыг эгүүлэн олгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анх шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-д “Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэлээр Л.Н- дээрх нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” 2236 дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар “хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа шаардахгүйгээр шууд шүүхэд хандах эрх нээлттэй гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.

Улмаар Л.Н- нэхэмжлэлийн шаардлагаар анхан шатны шүүх 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Л.Н- нь хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын үүрэгт ажил, албан тушаалаас халж, түүний цагдаагийн хурандаа цолыг хураасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалыг нэхэмжлэгч Н.Нямжав нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзийгийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тушаалыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж, тушаалыг Л.Н-т танилцуулж, Л.Н- нь уг тушаалтай танилцаж гарын үсэг зурсан тухай” 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн баримт, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажлыг цагдаагийн хурандаа Л.Н-аас цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарт хүлээлцүүлж, Л.Н- нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ажил хүлээлгэн өгсөн баримт дээр гарын үсэг зурсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Л.Н- нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх түүний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байжээ.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Н- нэхэмжлэлд үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар Л.Н- нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Н- “Цагдаагийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох болон цагдаагийн хурандаа цолыг эгүүлэн олгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг хийлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                           

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                        О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР