Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00018/И |
Дугаар | 00333 |
Огноо | 2017-07-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 00333
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3б хэсгийн 14-6 тоотод оршин суух Э.Даваажаргалын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоотод оршин суух Б.Хатанбаатарт холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00018/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн банкны Булган аймаг дахь салбарт теллер, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3б хэсгийн 14-6 тоотод оршин суух, Бичээч овогт Эрдэнэ-Очирын Даваажаргал /РД:ГЮ83062701/,
хариуцагч: 1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Шинэ дээвэр ХХК-нд барилгын инженер, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоотод оршин суух, Боржигон овогт Баянжаргалын Хатанбаатар /РД:ГЮ82012299/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2005 онд Б.Хатанбаатартай танилцан, 2006 оны 05 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Х.Анхтулга, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Х.Ухаанзаяа нар төрсөн. Хэдийгээр бид 2 гэрлэлтээ батлуулаад 10 жил болж байгаа боловч энэ хугацаанд нэг гэрт орж тогтвортой амьдраагүй. 2006 онд анхны хүүхэд төрөхөд Б.Хатанбаатар нь оюутан байсан ба энэ хугацаанд Б.Хатанбаатарын зан ааш нь өөрчлөгдөн бидний дунд хэрүүл маргаан гардаг байсан. 2008 онд Б.Хатанбаатар нь Солонгос улс руу ажил хийхээр явсан. Үүнээс хойш холбоо тасарч, 2 жилийн дараа Монголд ирж амралтаа хамт өнгөрүүлээд буцсан. Түүнээс хойш сураггүй байж байгаад 2014 онд Монголд ирээд нэг гэрт хамт амьдарч охиноо төрүүлсэн боловч охиноо төрснөөс хойш хамт амьдраагүй. Би 2005 оноос одоог хүртэл 10 гаруй жил өр зээлтэй, 2 хүүхдийн хамт амьдарч байна. Б.Хатанбаатар нь эцэг хүний үүргээ гүйцэтгэдэггүй, надтай хамт амьдрах хүсэлгүй. Би Булган аймагт тогтсон ажилтай, цалингийн зээлтэй тул хотод очиж амьдрахад хэцүү байдаг. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Б.Хатанбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоот хаягт байршилтай, 43,03 м,кв тайлбатай, Ү-2201037562 бүртгэлтэй, 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Э.Даваажаргал намайг болон хүү Х.Анхтулга, Х.Ухаанзаяа нарыг бүртгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрны гэрчилгээ болон байрыг суллаж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч Б.Хатанбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2006 онд Э.Даваажаргалтай танилцаж, 2006 оны 05 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Х.Анхтулга, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Х.Ухаанзаяа нар төрсөн. Хүү маань 1 настай байхад Э.Даваажаргал надаас салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тухайн үед оюутан байсан болохоор ирж очин, зуны амралтаар хөдөө барилгын ажлаар явж сургалтын төлбөрөө олдог байсан. 5 дугаар курст байхад Солонгос улс руу явах болсныг Э.Даваажаргал мэдээд холбоо барихгүй байж байгаад гэнэт эвлэрье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би Солонгос улсад байх хугацаандаа холбоо барьж байсан. Охиныгоо төрсний дараа хэсэг хугацаанд Улаанбаатар хотод хамт байсан ба Э.Даваажаргал нь гэрээ санаад байна гэж хэлээд явсан. Удалгүй салмаар байна гэж хэлээд холбоогүй болсон. Бидний хооронд санал нийлэхгүй зүйл, зөрчил их байдаг учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоот хаягт байршилтай, 43,03 м,кв тайлбатай, Ү-2201037562 бүртгэлтэй, 2 өрөө байр миний ээж Ш.Мөнхчулууны нэр дээр байдаг, энэ байрны хамтран өмчлөгчөөр Э.Даваажаргал болон хүү Х.Анхтулга, охин Х.Ухаанзаяа нарыг бүртгүүлээд хүү Х.Анхтулгыг 18 насанд хүрэхээр нь хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх, байрны гэрчилгээ болон байраа суллах хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Даваажаргал нь хариуцагч Б.Хатанбаатарт холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухайнэхэмжлэл гаргажээ.
Э.Даваажаргал, Б.Хатанбаатарт нар нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2006 оны07 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүү Х.Анхтулга, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Х.Ухаанзаяа нар нь төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнийхуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаарсарын 02-ны өдрийн 362 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүү Х.Анхтулга, охин Х.Ухаанзая нар нь одоо ээжийнхээ асрамжинд байдаг, хариуцагч нь хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэж байгаа тул 2006 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр төрсөн хүү Х.Анхтулга, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Х.Ухаанзаяа нарыг эх Э.Даваажаргалынх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Даваажаргал нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Хатанбаатар нь өөрийн ээж Ш.Мөнхчулууны нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоот хаягт байршилтай, 43,03 м,кв тайлбатай, Ү-2201037562 бүртгэлтэй, 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Э.Даваажаргал болон хүү Х.Анхтулга, Х.Ухаанзаяа нарыг бүртгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, мөн өдөр уг байрыг суллаж өгөхөөр харилцан тохиролцсон байх ба хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах маргааныг тэдний тохиролцсоноор шийдвэрлэв.
Шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 180000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Бичээч овогт Эрдэнэ-Очирын Даваажаргал, Боржигон овогт Баянжаргалын Хатанбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр төрсөн хүү Х.Анхтулга, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Х.Ухаанзаяа нарыг эх Э.Даваажаргалын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Даваажаргал нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Хатанбаатар нь өөрийн ээж Ш.Мөнхчулууны нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 27/1-49 тоот хаягт байршилтай, 43,03 м,кв тайлбатай, Ү-2201037562 бүртгэлтэй, 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Э.Даваажаргал болон хүү Х.Анхтулга, Х.Ухаанзаяа нарыг бүртгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байрны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, мөн өдөр уг байрыг суллаж өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Даваажаргалд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Даваажаргал, хариуцагч Б.Хатанбаатар нараас тус бүр 90000 /ерэн мянга/ төгрөг гаргуулан Лэндс ХХК-ийн Орхон аймаг дахь салбар /Хаан банк, дансны дугаар 5127104614/-т олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, түүний төлөөлөгч, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийнЭрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН