| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108015981565 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн ***суманд төрсөн, *** настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа барилга дээр замаск хийдэг гэх, Архангай аймаг, ***, **-р баг, Д гэх байнгын хаягт бүртгэлтэй, ам бүл 2, авга эгчийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Хувьсгалчдын **** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Г-гийн У, РД:********,
Холбогдсон гэмт хэргийн талаар :
Шүүгдэгч Г.У нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран нугаралт Ноно” гэх хуурамч хаягаар “...Уран нугаралт, гимнастикийн ангидаа элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.М-ээс сургалтын урьдчилгаа төлбөр гэж 45.000 төгрөгийг хамт амьдардаг найз Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5363***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан, мөн
2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...уран нугаралт, гимнастикийн ангидаа элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Б-ээс сургалтын урьдчилгаа төлбөр гэж 40000 төгрөгийг хамт амьдардаг Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5363***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар 21 дүгээр хороолол 19 дүгээр хороо гэх групп дээр “Уран нугаралтын сургалтад хямдралтай үнээр элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х-өөс сургалтын төлбөр гэж 10.000 төгрөгийг иргэн Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 2018***** тоот дансаар, 50.000 төгрөгийг иргэн Х.Ц-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5721***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...уран нугаралтын сургалт орно” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.С-ээс сургалтын төлбөр гэж 55.000 төгрөгийг өөрийн найз залуу болох П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5018***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед фэйсбүүк цахим сүлжээнд “...Уран нугаралт, сургалт орно” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Г-гээс сургалтын төлбөр гэж 120,000 төгрөгийг найз П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 2018***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...Уран нугаралт, сургалтад бүртгэнэ, хямдралтай тул яараарай” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Э-аас 250.000 төгрөгийг өөрийн найз залуу болох П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5018***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
1.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.У нь :
1.1. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран нугаралт Ноно” гэх хуурамч хаягаар “...Уран нугаралт, гимнастикийн ангидаа элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.М-ээс сургалтын урьдчилгаа төлбөр гэж 45.000 төгрөгийг хамт амьдардаг найз Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5363***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- иргэн М.М-ээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.07.20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо **** тоот гэртээ Уран нугаралт Ноно гэх фэйсбүүк хаягтай***-р хороолол ** дүгээр хороо гэх групп дээр уран нугаралтын сургалтад хямдралтай үнээр элсэлт авч байна гэх хаягаар холбогдож залилуулсан...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
- цахим хаягт үзлэг хийсэн...21-р хороолол, 19-р хороо, 3-4 хороолол зарын групп, Содон хороолол оршин суугчид” гэх нэртэй фэйсбүүк группт үзлэг хийсэн...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,
- эд зүйлд үзлэг хийсэн...гэрч Хадсүрэн овогтой Бийн 5363***** дугаарын данс руу орсон орлого : ...2021.07.20-ний өдөр 5030**** тоот данснаас А 9169** 45.000 төгрөг орсон...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
- хохирогч М.М-ийн...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 60/132 тоот гэртээ байх үедээ өөрийн M M гэх нэртэй фэйсбүүк хаягаас 21-р хороолол 19 дүгээр хороо гэх нэршилтэй фэйсбүүк групп дээр байршуулсан “...Уран нугараач Ноно...” гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч тухайн групп дээр уран нугаралтын хямдралтай элсэлт авч байна, цөөн тооны хүүхэд бүртгэнэ гэж байсан. Тэгээд би тэр хүнтэй холбогдож өөрийн хүүхдээ сургалтад хамруулах санаатай харилцаж, сургалтын төлбөрийн урьдчилгаа 45.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13:42 цагийн орчим би өөрийн Хаан банкны 5030**** дугаартай данснаас тэр хүний Хаан банкны 5363***** дугаартай Х.Б гэх данс руу гүйлгээний утга дээр нь А 9169** гэж бичээд 45.000 шилжүүлсэн...Сургалт 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ сургалтад явах цагаа өөрсдөө тохир гэж байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчим нөгөө хүний 8929*** дугаар луу өөрийн 9169** дугаараас холбогдож хүүхдийнхээ сургалтын талаар асуутал гар утсаа шууд салгасан, дахин холбогдоогүй, намайг фэйсбүүкээр болон гар утсаар блок хийсэн байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
- эд зүйл хүлээн авсан...М.М 5363***** дугаартай данс руу өөрийн 5030**** дугаартай данснаас гүйлгээ хийсэн 1 ширхэг хуудас, фэйсбүүк хаягаар харилцсан 13 ширхэг хуудас...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 67-79 дүгээр хуудас/,
- гэрч Х.Б-ийн...2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр манай найз охин У нь надад дансныхаа дугаарыг өгөөч над руу хүн мөнгө шилжүүлэх гээд байгаа, мөнгө орохоор нь хэлээрэй гэсэн. Ярьснаас хойш 13 цаг 42 минутад 5030**** тоот данснаас 45,000 төгрөг орж ирсэн ба утган дээр “А 916***” гэж бичсэн байсан...бусдыг залилж байгааг мэдсэн зүйл байхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ мэдүүлэг,
- Х.Б-ийн эзэмшдэг 5363***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудас/,
- гэрч П.Т-н...найз У нь өөрөө уран нугардаг зүйл байхгүй, уран нугаралтын дугуйлан хичээллүүлдэг зүйл байхгүй...У-ас нэг юнителийн дугаар аваад түр нэг утсанд хийгээд барихад нэг хүнээс 45.000 төгрөгөө авъя гэсэн мессеж ирэхээр нь би У-д маргааш нь хэлэхэд мэдэхгүй гэхээр нь за гээд өнгөрсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
- шүүгдэгч Г.У-ын...2021 оны 7 дугаар сарын 20-ний өдөр “21-р хороолол 19 дүгээр хороо” гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын хямдралтай элсэлт авч байна, цөөн тооны хүүхэд бүртгэнэ” гэж зар тавиад Mгэх хүнтэй фэйсбүүкээр чатлан 45,000 төгрөгийг 5030**** гэсэн дугаартай Хаан банкны данснаас Бийн 5363***** дугаартай хаан банкны данс руу шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...уран нугаралт, гимнастикийн ангидаа элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Б-ээс сургалтын урьдчилгаа төлбөр гэж 40000 төгрөгийг хамт амьдардаг Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5363***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоот гэртээ байхдаа “Содон хорооллын зарын нэгдсэн фэйсбүүк групп дээр Уран нугараач Ноно гэх фэйсбүүк нэртэй хаягаас хүүхдийн сургалтад хамрагдуулна гэх зарын дагуу 40,000 төгрөг хаан банкны 5363***** дугаартай Б гэх данс руу шилжүүлж залилуулсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар тал/,
- хохирогч Ц.Б-ийн...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Содон хорооллын нэгдсэн групп дээр “Уран нугараач Ноно” гэх нэртэй фэйсбүүк хаягаас уран нугаралтын сургалт орно гэсэн байсан. Би өөрийн B гэх нэртэй фэйсбүүк хаягаас тэр хүнтэй холбогдоход 1 сарын төлбөр нь 40,000 төгрөг 200,000 төгрөгөөс хямдарсан, өнөөдөр бүртгүүлэхгүй бол хямдрал нь дуусаж байгаа гэж байсан. Тэгээд би тэр хүний Хаан банкны 5363***** дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5007***** дугаартай данснаас 40,000 төгрөгийг 23 цаг 29 минутад шилжүүлсэн. Тэр хүн надад хэлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сургалт хичээл нь эхэлнэ гэж байсан ба холбогдох гэтэл болохгүй блок хийсэн байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр тал/,
- гэрч Х.Б-ийн...2021 оны 07-р сарын 20-ний өдөр манай найз охин У нь надад дансныхаа дугаарыг өгөөч, над руу мөнгө шилжүүлэх гээд байгаа юм чи мөнгө орохоор нь хэлээрэй гэсэн...23 цаг 29 минутад 5007***** тоот данснаас 40,000 төгрөг орж ирсэн ба утган дээр “Nandin-Erdene 10 nastai” гэх утгатай мөнгө орж ирсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,
- хохирогч Ц.Б 5007***** дугаарын данснаас Х.Б гэх 5363***** дугаарын данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн баримт, харилцсан чатууд /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,
- шүүгдэгч Г.У-ын... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Содон хорооллын оршин суугчдын нэгдсэн групп” гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын сургалт орно, цөөн тооны хүүхэд бүртгэнэ” гэж зар тавиад В гэх хүнтэй фэйсбүүкээр чатаар холбогдож 40.000 төгрөгийг 5007***** гэсэн дугаартай хаан банкны данснаас Б-ийн 5363***** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Би тухайн үйлдлийг ганцаараа хийсэн ба Б нь энэ асуудлын талаар огт мэдээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
1.3. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар 21 дүгээр хороолол 19 дүгээр хороо гэх групп дээр “Уран нугаралтын сургалтад хямдралтай үнээр элсэлт авч байна” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х-өөс сургалтын төлбөр гэж 110.000 төгрөгийг иргэн Х.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 2018***** тоот дансаар, 50.000 төгрөгийг иргэн Х.Ц-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5721***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 201 дүгээр тал/,
- хохирогч Д.Х-ийн...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод эхнэр Хишигт болон 10 настай Э, 6 настай Э гэдэг нэртэй 2 охины хамт амьдардаг ба бага охин Э нь уран нугарах сонирхол авьяастай...Би “21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо” гэсэн фэйсбүүк групп пэйжэд гишүүн ба 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гар утсаараа фэйсбүүк ашиглаж байхдаа “21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо гэсэн фэйсбүүк групп пэйж дээр “Уран нугараач” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Содон хороолол”-д Уран нугаралтын дугуйланд секц хичээллэх гэж байна, яаралтай 2-3 хүүхэд аваад анги дүүрлээ, хичээлийн шинэ жилээс өмнө 40%-ийн хямдрал зарласан байна” гээд пост оруулчихсан байхаар нь тухайн хүнтэй фэйсбүүк мэссэнжэрээр холбогдож хүүхдээ элсүүлэх болон сургалтын хувцас хэрэглэлийн мөнгийг хамт тооцож тохиролцоод эхлээд 110.000 төгрөгийг 2 сарын сургалтын төлбөр гэж 5363***** гэсэн дугаартай Б гэсэн хүний данс руу, 50.000 төгрөгийг хувцасны мөнгө гээд 5721**** гэсэн дугаартай Ц гэх хүний данс руу шилжүүлсэн юм...Тэр хүн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сургалт эхэлнэ гэж хэлж байсан ба 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тэр хүний 8929*** гэсэн дугаар луу залгаад сургалт юу болж байгаа талаар асуутал гар утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр өөрийнх нь хаягийг хайж үзтэл гарч ирэхгүй устчихсан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,
- гэрч Х.Б-ийн...2021 оны 07 сарын 21-ний өдөр 08 цаг 27 минутад 5009*** тоот данснаас 110.000 төгрөг орж ирсэн ба “H.E 800***” утгатай мөнгөнүүд орж ирэхээр нь би Уянгын 5721**** тоот данс руу шилжүүлж өгсөн...бусдыг залилж байгааг мэдсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар тал/,
- гэрч Х.Ц-гийн...2021 оны 07-р сарын 21-ний 13 цаг 39 минутад 5009820790 тоот данснаас 50,000 төгрөг орж ирсэн ба “Х.Э” гэх утгатай орж ирснийг Төрийн банкны 10520***** дугаартай данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал/,
- иргэн Х.Бийн 5363***** тоот дансанд 5009*** дугаарын данснаас “H.E 800***” гэх утгатай 110.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр тал/,
- Х.Ц-гийн 5721**** дугаартай дансанд 5009**** дугаарын данснаас 50.000 төгрөгийг “Х.Э” гэх утгатай шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал/,
- шүүгдэгч Г.У-ын... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “21 -р хороолол 19 дүгээр хороо” гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын дугуйланд секц хичээллэх гэж байна, яаралтай 2-3 хүүхэд аваад анги дүүрлээ, хичээлийн шинэ жилээс өмнө 40%-ийн хямдрал зарласан байна” гэж зар тавиад Х, Х гэх хүнтэй фэйсбүүкээр чатлан 110.000 төгрөгийг 2 сарын сургалтын төлбөр гээд 500**** гэсэн дугаартай Хаан банкны данснаас Бийн 5363***** дугаартай хаан банкны данс руу, 50.000 төгрөгийг хувцасны мөнгө гээд 5009**** дугаартай хаан банкны данснаас Ц-гийн 5721*** гэсэн дугаартай данс руу шилжүүлж авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн уран нугаралтын сургалт болоогүй ба би тухайн хүнээс авсан мөнгөө өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулчихсан. Би тухайн үйлдлийг ганцаараа хийсэн ба Т, Ц нар нь энэ асуудлын талаар огт мэдээгүй юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
1.4. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...уран нугаралтын сургалт орно” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.С-ээс сургалтын төлбөр гэж 55.000 төгрөгийг өөрийн найз залуу болох П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5018***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт орчим явж байхдаа Содон хорооллын зарын нэгдсэн фэйсбүүк групп дээр Уран нугараач Ноно гэх фэйсбүүк нэртэй хаягаас хүүхдийн сургалтад хамрагдуулна гэх зарын дагуу 55.000 төгрөг залилуулсан...гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- хохирогч Ц.С-ийн...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Содон хорооллын нэгдсэн зарын групп дээр Уран нугараач Ноно гэх нэртэй фэйсбүүк хаягаас уран нугаралтын сургалт орно гэсэн байсан. Би өөрийн T гэх нэртэй фэйсбүүк хаягаас тухайн хүнтэй холбогдож 8 настай Амингоо гэх хүүхдээ бүртгүүлье гэж харилцсан. Надад 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөнгөө шилжүүлэхгүй бол хөнгөлттэй сургалтаас хасагдах гэж байна гэж хэлэхээр нь би хаан банкны 5025*** дугаартай данснаас Хаан банкны 5018***** дугаартай Пүрэв Т гэх данс руу 55,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн анх хэлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сургалт Содон хорооллын 105 дугаар байранд эхэлнэ гэж байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээгээд нөгөө хүний фэйсбүүк хаягаар харилцсан чатаа харах гэтэл бүх харилцсан зүйлсээ устгасан. Гар утасны дугаар нь холбогдохгүй болсон байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
- гэрч П.Т-н... Миний хаан банкны дансыг манай найз охин болох У 2021 оны 07-р сарын дундуур буюу наадмын дараагаас ашиглаж эхэлсэн ба миний интернэт банкны нууц үгийг мэддэг болоод ашигладаг байсан ба карт надад явдаг байсан...У уран нугардаг зүйл байхгүй, уран нугаралтын дугуйлан хичээллүүлдэг зүйл байхгүй...Манай найз охин Муушиг гээд апп-р мөрийтэй тоглоод байдаг байсан ба тэмцээн зохиох гэж байгаа юм гээд мөнгө ордог байсан болохоор тоодоггүй байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
- П.Тн 5018***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 86-92 дугаар тал/,
- шүүгдэгч Г.У-ын... Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Содон хорооллын оршин суугчдын нэгдсэн групп” гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын сургалтад хамрагдуулна, цөөн тооны хүүхэд бүртгэнэ” гэж зар тавиад T гэх хүнтэй фэйсбүүкээр чатлан 55.000 төгрөгийг 5025**** гэсэн дугаартай хаан банкны данснаас Т-гийн 5018***** дугаартай хаан банкны данс руу шилжүүлж авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн уран нугаралтын сургалт болоогүй ба би тухайн хүнээс авсан мөнгөө өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулчихсан. Би тухайн үйлдлийг ганцаараа хийсэн ба Т нь энэ асуудлын талаар огт мэдээгүй юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
1.5. 2021 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед фэйсбүүк цахим сүлжээнд “...Уран нугаралт, сургалт орно” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Г-гээс сургалтын төлбөр гэж 120.000 төгрөгийг найз П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 2018***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Миний захын хажууд явж байхдаа Содон хорооллын зарын нэгдсэн фэйсбүүк групп дээр Уран нугараач Ноно гэх фэйсбүүк нэртэй хаягаас хүүхдийн сургалтад хамрагдуулна гэх зарын дагуу 120.000 төгрөг залилуулсан...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар тал/,
- цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр тал/,
- хохирогч Б.Г-гийн...Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Содон хорооллын нэгдсэн групп дээр Уран нугараач Ноно гэх нэртэй фэйсбүүк хаягаас уран нугаралтын сургалт орно гэсэн байсан. Тэгээд би тэр хүнтэй хүүхдийнхээ фэйсбүүк хаягаар холбогдсон. Тэгээд тэр хүнтэй харилцаад 3 хүүхэд явуулах гэсэн юм гэхэд та яаралтай мөнгөө хийгээрэй гэсэн ба 2021 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчим эхнэрийнхээ 5087*** дугаартай данснаас 120.000 төгрөгийг Хаан банкны 5018***** дугаартай Т гэсэн данс руу шилжүүлсэн. Тэр хүн хэлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сургалт эхэлнэ гэж байсан ба хүлээгээд нөгөө хүн хариу хэлэхгүй байхаар нь асуух гэтэл надтай харилцсан бүх зүйлсээ устгасан байсан......гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,
- гэрч П.Т-н...Миний хаан банкны дансыг манай найз охин болох У 2021 оны 07-р сарын дундуур буюу наадмын дараагаас ашиглаж эхэлсэн ба миний интернэт банкны нууц үгийг мэддэг болоод ашигладаг байсан ба карт надад явдаг байсан...У уран нугардаг зүйл байхгүй, уран нугаралтын дугуйлан хичээллүүлдэг зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/,
- П.Т-н 5018***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 86-92 дугаар тал/,
- шүүгдэгч Г.Уянгын...Би 2021 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Содон хорооллын оршин суугчдын нэгдсэн групп гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын сургалт орно, одоо хямдралтай” гэж зар буюу пост тавиад Г гэх хүнтэй фэйсбүүкээр чатлан 3 хүүхдийн сургалтын төлбөр гээд 120.000 төгрөгийг 508***** гэсэн дугаартай хаан банкны данснаас Тн 5018***** дугаартай хаан банкны данс руу шилжүүлж авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн уран нугаралтын сургалт болоогүй ба би тухайн хүнээс авсан мөнгөө өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулчихсан. Би тухайн үйлдлийг ганцаараа хийсэн ба Т нь энэ асуудлын талаар огт мэдээгүй юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.6. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Уран Нугараач Ноно” гэх хуурамч хаягаар “...Уран нугаралт, сургалтад бүртгэнэ, хямдралтай тул яараарай” гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Э-аас 4 хүүхдийн сургалтын төлбөр, хувцастайгаа нь гэж 250.000 төгрөгийг өөрийн найз залуу болох П.Т-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5018***** тоот дансаар шилжүүлэн авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа “Уран нугараач Ноно” гэсэн хаягаас уран нугаралтын сургалт явуулна гэсэн фэйсбүүкийн постын дагуу 5018***** тоот данс руу 4 хүүхдийн төлбөр гээд 250.000 төгрөг өгч залилуулсан...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 159 дугаар тал/,
- хохирогч Б.Э-аас 250.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, болон Г.Утай харилцсан чатны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 160-163 дугаар тал/,
- хохирогч Б.Э-ы...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн “E” гэсэн фэйсбүүк хаягаараа орж фэйсбүүк орж байхад 3, 4-р хорооллын зарын групп дээр “Уран нугараач Ноно” гэсэн хаягаас “Уран нугаралт сургалтад бүртгэнэ, хямдралтай тул яараарай” гэсэн постын дагуу чатаар холбогдоод Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо нарангийн голд явж байхдаа Хаан банкны 5040**** тоот данснаас 4 хүүхдийн сургалтын төлбөр, хувцастай нь 250.000 төгрөг шилжүүлсэн ба “4 хүүхдийн сургалтын төлбөр” гээд явуулсан. Над руу 8977*** гэсэн дугаараас танай танай охиныг бүртгэж авлаа, хувцасны мөнгө орсон байгаа гэсэн...Тэрнээс хойш огт холбогдоогүй, фэйсбүүк нь гарч ирэхгүй байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар тал/,
- гэрч П.Т-н...Миний хаан банкны дансыг манай найз охин болох У 2021 оны 07-р сарын дундуур буюу наадмын дараагаас ашиглаж эхэлсэн ба миний интернэт банкны нууц үгийг мэддэг болоод ашигладаг байсан ба карт надад явдаг байсан...У уран нугардаг зүйл байхгүй, уран нугаралтын дугуйлан хичээллүүлдэг зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/,
- П.Т-н 5018***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 86-92 дугаар тал/,
- шүүгдэгч Г.Уянгын... Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “3, 4 дүгээр хороолол зарын групп” гэсэн фэйсбүүк пэйж дээр “Уран нугаралтын сургалтад бүртгэнэ. Хямдралтай тул яараарай” гэж зар буюу постыг өөрийн “Уран нугараач Ноно” гэх хуурамч фэйсбүүк хаягаас тавиад Еnее Bat гэх хүнтэй фэйсбүүкээр чатлан хүүхдийн сургалтын төлбөр гээд 250.000 төгрөгийг 5040*** гэсэн дугаартай хаа- банкны данснаас Тгийн 5018***** дугаартай хаан банкны данс руу шилжүүлж авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн уран нугаралтын сургалт болоогүй ба би тухайн хүнээс авсан мөнгөө өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулчихсан Би тухайн үйлдлийг ганцаараа хийсэн ба Т нь энэ асуудлын талаар ог мэдээгүй юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч Г.У мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-191, 110-111, 2хх-06, 44, 117/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2. Тус шүүгдэгчийн үйлдсэн “залилах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг дараах үндэслэлээр зөв гэж үзэв.
2.1. Шүүгдэгч залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт зорилгын хүрээнд цахим хэрэгслээр буюу “Уран нугараач Ноно” гэх хуурамч фэйсбүүк хаягийг залилах гэмт үйлдлийн арга хэрэгсэл болгосон байх ба ингэхдээ тус цахим хэрэгслээр худал, бодит бус мэдээ, мэдээллийг түгээх, дамжуулах зэргээр бусдыг хуурч төөрөгдүүлэх буюу зохиомол байдлыг зориудаар бий болгоход чиглэсэн аргаар хэрэгжүүлсэн нь тогтоогдсон.
2.2. Шүүгдэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20, 21, 23, 23-аас 24-нд шилжих шөнө, 25-ны өдрүүдэд үйлдсэн залилах 6 удаагийн гэмт үйлдлүүд нь ;
- залилах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох “бага хэмжээнээс 50.000.000 төгрөг хүртэлх“ байх шинжийг тус тус хангасан, түүнчлэн
- нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг давтан үйлдсэнийг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй,
- тухайн залилах гэмт хэрэг нэг бүрд тус бүр ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй,
- шүүгдэгч нь залилах хэд хэдэн удаагийн гэмт үйлдлийг өөрийн болон ар гэрийнхээ амьжиргаа, ашгийн төлөөх үйл ажиллагааны үндсэн эх үүсвэр, арга хэрэгсэл болгосон гэх нотлох баримтын эх сурвалж хангалтгүй буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй гэж үзэх үндэслэл, үйл баримтгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн залилах 6 удаагийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөв гэж үзэв.
3. Шүүгдэгч залилах 6 удаагийн гэмт үйлдэл хийхдээ гагцхүү өөрөө үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, харин хохирогч нараас мөнгө авахдаа өөрийн найз Х.Б, Х.Ц, П.Т нарын эзэмшдэг банкны дансаар дамжуулан авсан боловч тухайн хохирлын мөнгийг тэднээс шүүгдэгч өөрөө эгүүлэн авсан байх бөгөөд тухайн гэрч нар залилах гэмт хэрэг тус бүрт хамтран оролцоогүй болох нь Х.Б, Х.Ц, П.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Г.У мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон.
4. Хохирогч Д.Х-өд учирсан хохирлыг яллах дүгнэлтэд буруу тодорхойлсныг шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд зөвтгөсөн ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
5. Г.У анх сэжигтнээр мэдүүлэхдээ...нийт 21 хүнээс “Уран нугаралтын сургалтад хамруулна” гэж мөнгө авсан, гэхдээ хохирлыг барагдуулсан, дуусаагүй 6 хүний хохирлыг төлж амжаагүй” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гагцхүү хууль заасан үндэслэл, журмын дагуу баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авах ёстой байтал Г.У-ыг сэжигтнээр баривчлаагүй атлаа сэжигтнээр мэдүүлэг авсан /1хх-218-219/ байх тул тус нотолгооны чадваргүй мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтэд бичиж, шинжлэн судалсныг үнэлэх, зөвтгөх боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалж бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдсон байх ёстой атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 16.2, 32.3, 32.4 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор бодитой хэрэгжүүлээгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, харин шүүгдэгч өөр бусад залилах гэмт үйлдлүүд хийсэн эсэхийг нэгтгэн шалгуулахаар хэргийг прокурорт буцаах буюу түүний эрх зүйн байдлыг дордуулан дүгнээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу мөрдөгч, прокурор “гэмт хэргийн шинжтэй бүхий үйлдэл, мэдээлэл”-ийг илрүүлсэн бол мухарлан шалгаж бодит байдлыг тогтоох ёстой болохоос хэн нэгэн хохирогч болох этгээд гомдол, мэдээлэл гаргаагүй, хохирлоо төлчихсөн бол гэмт хэргийн шинжгүй мэтээр таамаглаж, шалгахгүй орхигдуулах ёсгүй болохыг анхааруулан тэмдэглэв.
Иймд шүүгдэгч Г.У-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч нь хохирогч М.М-т 45.000 төгрөг, Б.Г-д 120.000 төгрөг, Ц.С-т 55.000 төгрөг, Ц.Б-т 40.000 төгрөгийг тус тус барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба харин хохирогч Б.Эд 250.000 төгрөг, хохирогч Д.Х-өд 160.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байх тул /шүүх хуралдааны тэмдэглэл/ тус хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь Улаанбаатар хотод авга эгчийндээ амьдардаг, анх удаа тус хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой, хөрөнгө орлогогүй болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-60-66, 80-83, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.У-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-гыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ас нийт 410.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д 250.000 төгрөг, хохирогч Д.Х-өд 160.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР