| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00335/И |
| Дугаар | 00334 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6д-3-8 тоотод оршин суух, Чойсүрэнгийн Отгонжаргалд холбогдох, 66000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00335/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ч.Отгонжаргал нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай компанитай Хувь хэрэглэгчид хөдөлгөөнт интернетийн үйлчилгээ үзүүлэх 354625 тоот гэрээ байгуулан 98677761 интернет төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2011 оны 11 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сарын интернетийн төлбөр болох 44000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч Ч.Отгонжаргалыг төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул интернетийн төлбөр 44000 төгрөг, гэрээний 5.14-т заасны дагуу 1724 хоногийн алданги 22000 төгрөг, нийт 66000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ч.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. Хэдийгээр гэрээг 2011 онд байгуулж 2 сарын хугацаатай тус компаний үйлчилгээг ашигласан нь үнэн байна. Тухайн үед нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч төлбөрөө төлөхгүй байна гэж үзэн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр буюу 44.000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд суутгасан байна. Гэвч гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, үлдэгдэл төлбөрөө гарсан талаар нөгөө талдаа огт мэдэгдээгүй байна. Хэрвээ гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаан бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байдаг ба түүнчлэн гэрээг цуцалсан даруйдаа төлбөрөө нэхэмжлэх боломжтой байхад 6 жилийн дараа үйлчилгээний төлбөр, алданги гэх 66.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Гэвч нэхэмжлэгч компани алданги болох 22.000 төгрөгнөөс татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлж, маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч, үндсэн төлбөр 44.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Ч.Отгонжаргалаас 66000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 66000 төгрөгнөөс 44000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул алданги 22000 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 44000 төгрөг болгон багасгаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Жи-Мобайл ХХК нь Ч.Отгонжаргалд холбогдуулан 66000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 22000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ч.Отгонжаргал нь 44000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чойсүрэнгийн Отгонжаргалд холбогдох, 66000 /жаран зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 22000 /хорин хоёр мянга/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ч.Отгонжаргал нь 44000 /дөчин дөрвөн мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН