Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-ын Д-эд холбогдох эрүүгийн 2113000000118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, цэргийн тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц-ын Д, регистрийн дугаар БМ..........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх эрэг” гэх газар байрлах хилийн 0285-р ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гаднаас өөрийнхөө эзэмшлийн 56-51 БӨТ улсын дугаартай “Land cruiser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 10.1-т заасан заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг уг авто машинаар дайрч авто осол гаргасны улмаас амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол гарч, Ц.Д-эд Эргүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Нэг талд бага насны хүүхэд амь насаа алдсан бол нөгөө талд нь тэтгэвэрт гарчхаад шүүгдэгчийн ширээнд сууж байгаа хоёр талд ч харамсалтай хэрэг гарсан. Тийм учраас бид гэм буруугийн талаар маргахгүй байна.” гэв.

1.3 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн хооронд энэхүү гэмт хэрэг гарсан. Тухайн үед болсон асуудал бүх талаараа шалгагдаж, нотлогдвол цохих байдал бүрэн нотлогдсон.

...Шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

1.4. Шүүгдэгч Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

1.5 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Анх охин маань нас барснаас хойш 3 хоногийн дараа нэг машинтай хүмүүс манайд ирсэн. Тэрнээс хойш Ц.Д-ийг ганц л удаа харсан. Уулзаж ч байгаагүй уулзах санаачилга гаргаагүй. Хэдийгээр санамсаргүй үйлдсэн ч гэсэн надтай хамт уйлж, надтай хамт зовж, миний жаргал зовлонг хуваалцаж болох байсан.

... Маш  их гомдолтой байна. Миний зүрхэнд багтмааргүй, итгэмээргүй харамсалтай зүйл болсон. Энэ хүртэлх хугацаанд, шүүх хуралдааны танхимд ч хүртэл Ц.Д-эд ганц ч илүү үг хэлж, харааж байгаагүй. Бүх юм хуулийн дагуу шийдэгдэнэ гэж Монгол улсын хуульд л итгэсэн. Хохирлыг хуулийн дагуу барагдуулж өгөх байх. Та бүхнээс энэ хэргийг шударгаар, үнэн  мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

            Хоёр: Эрүүгийн 2113000000118 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-04, 06-08 дахь тал/,

            2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 09-15 дахь тал/,

            3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,

            4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 04 дэх тал/,

            5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

            6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28-29, 35, 38 дахь тал/,

            7. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

            8. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

            9. Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48 дахь тал/,

            10. Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дэх тал/,

            11. Гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66 дахь тал/,

            12. Насанд хүрээгүй гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 дахь тал/,

            13. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 93-97 дахь тал/,

            14. “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн БӨА-21-151 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 107-112 дахь тал/,

            15. Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа /1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

            16. Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 129-130, 246 дахь тал/ зэргийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б-ээс:

1. Хохиролтой холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 206-228 дахь тал/ зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс:

1. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,

2. Хилийн 0311 дүгээр ангийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 210 дэх тал/,

3. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/422 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,  

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/,

6. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4400.000 төгрөг тус тус төлсөн талаарх баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Д-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг,

Шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- дэмжин оролцож, шүүгдэгч Ц.Д-эд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх эрэг” гэх газар байрлах хилийн 0285-р ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гаднаас өөрийнхөө эзэмшлийн 56-51 БӨТ улсын дугаартай “Land cruiser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 10.1-т заасан заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг уг авто машинаар дайрч авто осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- “Зам тээврийн осол болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөх эрэг” гэх газарт Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0309 дүгээр салбарын албан хаагчдын амины орон сууцны урд тал байв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-04, 06-08 дахь тал/,

- “...Цогцсын үзлэгээр 1.12 см-ийн урттай, толгойдоо 44 см-ийн хар өнгийн үстэй, 7-8 орчим насны эмэгтэй хүүхдийн цогцос байв. Цогцсын баруун хацарт боолттой, боолтыг авахад 7х2 см-ийн хэмжээтэй ангайсан шархтай, хэвлийн баруун дээд хэсэгт боолттой, боолтыг нээн үзэхэд 3.5х1 см-ийн нэвтэрсэн шархтай байв.  Цогцсын хүзүүний баруун хэсэгт 5х1 см-ийн хэмжээтэй зулгаралттай, баруун талын мөрөнд 2х2 см-ийн хэмжээтэй  улаан хүрэн өнгийн цус хуралттай байв. Баруун талын суганы доод хэсгээр 7х2 см-ийн улаан хүрэн өнгийн өнгөцхөн шархтай. Мөн баруун хөлийн тохойны дээд хэсэгт 6х2 см-ийн хэмжээтэй зулгаралттай, зүүн хөлийн тохойны дээд хэсэгт 2х2 см-ийн зулгаралттай байв. Бүсэлхийн ард зүүн хэсгээр 9х2 см-ийн хэмжээтэй зулгаралттай байв. Зүүн гарын доод алга хэсгээр 4х1.5 см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралттай байв.  Зүүн талын мөрийн ар хэсэгт 4х1 см-ийн зулгаралттай байв. Цогцсын биеийн галбир зөв, хоёр нүд нь аниастай, хоёр талын хүүхэн хараа жигд өргөссөн, хамар чихний мөгөөрс бүтэн, нүдэнд үзэгдэх хэсгүүд бүтэн байв. Цогцос хөрсөн, дээд мөчдөд хөшилт бүрэн үүссэн. Толбо биеийн дарагдаагүй хэсгээр тод үүссэн, дарахад арилахгүй. Нас бараад 10-12 цаг болсон байв.  Ам хамарнаас улаан хүрэн өнгийн зүйл гарч байв...” гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 09-15 дахь тал/,

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гаас хүүхдийн унадаг дугуйг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна, ямартай ч үдээс хойш манай заставын ажилчдын байрны гадна шинээр ирсэн алба хаагч албаны машинаас ачаа буулгаж байсан. Тэрний хажууд саарал өнгийн “Land cruiser” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Хажууд нь жагсаалын даргын охин уйлаад байхаар нь яваад очиход охин Б.А- газарт хэвтэж байхаар нь дээш өргөж авахад түүний царай нь цав цагаан болчихсон, баруун талын хацар нь шалбарсан цус гарчихсан байсан. ... Машин дотор охин маань ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Тэгээд Хөх хөтөл багийн эмнэлэгт ирж сувилагч нарт үзүүлэхэд охиныг маань нас барсан гэж хэлсэн. ...Миний охиныг Ланд Круйзер загварын тээврийн хэрэгсэл мөргөсөн ба улсын дугаарыг нь санахгүй байна.

... Ц.Д- мөнгө төгрөг төлсөн асуудал байхгүй. Оршуулгын зардал болон бусад зардалд хонь 11 тус бүрийн үнэ 350.000 төгрөг нийт 3.850.000 төгрөг, чихэр хүнсний зүйлд 2.500.000 төгрөг, Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн ангид ажилладаг нөхрийн төрсөн дүү З.А-ы замын зардалд 1.300.000 төгрөг, шарилын хаяг 150.000 төгрөг, оршуулгын зан үйлийн эд зүйлс, ном уншуулсан зардал 1.250.000 Хөх эргээс Хөх хөтөлийн эмнэлэгт талийгаачийг хүргүүлсэн 150 литр бензин 1 литр нь 1850 төгрөгөөр 277.500 төгрөг, оршуулгын ажилд зарцуулсан бензин 1050 литр 1 литрийн үнэ 1850 төгрөгөөр 1.942.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 21.870.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28-29, 35, 38 дахь тал/,

- Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....би ямар машин яаж байгаад мөргөсөн юм бэ гэхэд ахмад хилчин Ц.Д- машинаараа мөргөсөн гэж хэлсэн. ... Би тэд нараас Б- зүгээр үү гэхэд хэн ч дуугарахгүй байсан, би дахиад охиныхоо нэрийг хэлээд уйлаад бие сульдахад манай 2 ажилтан миний хоёр талаас түшээд тайвшир охин чинь нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

- Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл гэнэт хүүхэд уйлсан ба би эргэж харахад 5-6 насны 2 эмэгтэй хүүхэд байсан ба нэг нь унадаг дугуй тэвэрсэн байдалтай нөгөөх нь хажууд нь уйлаад байсан. Тэгээд жолооч машинаа зогсоогоод цонхоо буулгаж хараад хүүхэд уйлж байгааг хараад машинаасаа буугаад хүүхэд алчихлаа гээд өвдөг сөхрөөд машиныхаа урд суусан. ...Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хүүхэд нь 5-6 орчим насны эмэгтэй хүүхэд байсан ба баруун талын хацар нь шалбарч, арьс нь хууларсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Застав дээр хүүхэд машинд мөргүүлсэн гэх дуудлагын дагуу Заставын 10-41 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6 настай Б.А- гэх охин эмнэлэгт ирсэн ба их эмч дуудлаганд явсан байсан тул тус өдрийн ээлжийн сувилагч миний бие болон эмийн санч К.Б-, ахлах сувилагч М.Б бид гурав хүлээн авч үзэхэд уг охин нас барсан, амьгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,

- Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А-ын баруун талын хацрын арьс шалбарсан байсан ба өөр ил харагдах гэмтэл шарх хараагүй. ...Б.А-ыг мөргөсөн тээврийн хэрэгсэл нь ногоон өнгийн Ланд Круйзер 80 загварын тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...орон дээр хэвтүүлээд үзлэг хийхэд ухаан алдсан, биеийн дийлэнх хэсэг хөхөрсөн, баруун хацарны арьс шалбарсан байдалтай байсан ба баруун талын хэвлий хэсэгт цоорсон байдалтай, цоорсон хэсэгт бага зэргийн нарийн гэдэс цухуйсан байдалтай, амьсгаатай байсан. Тэгээд эхлээд нүүрний шархыг дараа нь гэдэсний шархыг нь цэвэрлэж дуусаад хүчилтөрөгчийн аппаратаар хиймэл амьсгал өгч байхад Б.А-ын ам хамраас нь цус гараад амьсгал хураасан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд цаана байсан машин асаад зүүн гар тал руугаа эргээд урагшаа явахдаа дугуйны хажууд байсан Б-ыг дайраад гарчихсан. Тэгээд Б- босож ирээд ахиад дугуйн дээрээ уначихсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал/,

- Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Талийгаач Б.А-ын биед баруун хацаранд шарх, хэвлийн баруун дээд хэсэгт нэвтэрсэн шарх, хүзүү, баруун мөр, баруун, зүүн хөл, бүсэлхийн ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.А-ын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Талийгаач Б.А-ын биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Б.А- нь дотор эрхтний цус алдалтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх цогцост хийсэн 32 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-97 дахь тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн БӨА-21-151 дугаартай “Toyota land cruiser маркийн 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2005 онд импортлогдсон ногоон өнгийн тээврийн хэрэгсэл 2021 оны 8 дугаар сарын байдлаар 15.000.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 107-112 дахь тал/

- Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Жолооч Ц.Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №84 дугаар дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130, 246 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Д- нь 2021 оны 7 сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөх эрэг” гэх газарт байрлах хилийн 0285 дугаар ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гадна өөрийн эзэмшлийн 56-51 БӨТ улсын дугаартай “Land cruiser” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.1/а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас  тухайн машины хажууд унадаг дугуй унаж тоглож байсан Б.А-ын дайрч амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Ц.Д- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна. 

Гэтэл шүүгдэгч Ц.Д- нь 2021 оны 7 сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.1/а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,  жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаагүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон мөрдөгчийн магадалгаа хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.А-ын цогцост баруун хацаранд шарх, хэвлийн баруун дээд хэсэгт нэвтэрсэн шарх, хүзүү, баруун мөр, баруун, зүүн хөл, бүсэлхийн ард зулгаралт зэрэг гэмтэл учирсан байх ба Б.А- нь дотор эрхтний цус алдалтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орсон хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч Ц.Д-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаагүй зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж тус тус журамлажээ.

Шүүгдэгч Ц.Д-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг түүний цуснаас дээж авч шалгахад, түүний цусан дахь спиртийн агууламж 0,6 хувь промилль илэрч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №84 дугаар дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчээс “Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ганц, хоёр аяга айраг уусан гэж маргажээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна.” гэж хуульчилсан. Уг заалтын “...2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс” гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь заалтын агуулга, зорилго, зориулалтад тулгуурлаж тайлбарлавал, үйлдвэрлэлийн технологиор болон гэрийн нөхцөлд ердийн аргаар исгэсэн, найрлагадаа 2 хувиас дээш этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааг согтууруулах ундаанд хамааруулан ойлгоно. Уг ундааг хэрэглэсэн хэмжээнээсээ шалтгаалж найрлагадаа 2 хувиас дээш этилийн спирт агуулагдсан байж болох ба үүнд гэрийн нөхцөлд, уламжлалт аргаар исгэсэн айраг, хоормог, тараг зэрэг малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн бүх төрлийн ундаа хамаарна.

Иймд шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг түүний цуснаас дээж авч шалгахад, түүний цусан дахь спиртийн агууламж 0,6% промилль илэрсэн учраас тэрээр архи, эсхүл айраг уусан эсэхээс үл хамааран согтууруулах “ундаа” хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх эрэг” гэх газар байрлах хилийн 0285-р ангийн 0309 дүгээр салбарын алба хаагчдын орон сууцны гаднаас өөрийнхөө эзэмшлийн 56-51 БӨТ улсын дугаартай “Land cruiser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 10.1-т заасан заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ыг уг авто машинаар дайрч авто осол гаргасны улмаас амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Д- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.А-ын  амь насыг  болгоомжгүйгээр хохироосон байна.  Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Б.А-ын  амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн “автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Ц.Д-эд холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Ц.Д-ийг “Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Д-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгах бүрэн боломжтой байсан гэж үзэв.

Тав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Ц.Д-ийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас охин Б.А-ын амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзэх бөгөөд хохирол, хор уршиг нөхөн сэргээгдэх боломжгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гаас эд хөрөнгийн бодит хохирол 11.400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг, нийт 21.400.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А- нь сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт авагдсан нэг ч нотлох баримт байхгүй байх тул зохих нотлох баримтуудаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2.5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүхээс 1 дэх хавтаст хэргийн 206-228 дахь талд авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хохирогч талд учирсан бодит хохирол, хор уршгийн хэмжээг 9.498.600 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гийн өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 600.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.

Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

            Мөн талийгаачийн ах З.А-ы оршуулгын ажилд оролцохоор ирж, буцсан зардал гэж 1300.000 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх хуулийн үндэслэлгүй байхгүй байна.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гаас нэхэмжилсэн 11.400.000 төгрөгөөс нотлох баримтаар нотлогдсон 9.498.600 төгрөгийг Ц.Д-ээс гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгож, үлдэх өмгөөллийн хөлс 600.000 төгрөг, талийгаачийн ах З.А-ы оршуулгын ажилд оролцохоор ирж, буцсан зардал гэх 1300.000 төгрөг, нийт 1900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Д-ээс гэмт хэргийн хор уршигт 5000.000 төгрөг төлж өгсөн баримтаа гаргаж өгсөн ба шүүгдэгч Ц.Д-ээс 4498.600 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.Д- нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хуульд заасан ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Д- нь шүүхээс гаргуулсан хохирлоос 4400.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүхээс гаргуулсан хохирлоос үлдсэн 98.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгож шийдвэрлэлээ.

Зургаа: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Д-эд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А- “Хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан прокурорын саналыг дэмжих нь зүйтэй” гэх саналыг,

Шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- дэмжин оролцож, шүүгдэгч Ц.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Үлдэгдэл хохирлыг цаашид төлж өгнө гэдгээ илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, улсын яллагчаас санал болгосон 3 жилийн хорих ялыг 1 жил 5 сарын хорих ял болгон оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Д- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь 1 дэх хавтаст хэргийн 155 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Д-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд болон шүүгдэгч Ц.Д-ийн хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Д-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Ц.Д-эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 

Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ц.Д-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Долоо: Бусад асуудлаар:

Шүүгдэгч  Ц.Д- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүүхдийн унадаг дугуй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Ц.Д-ийн эзэмшлийн 15.000.000 төгрөгийн үнэтэй, 56-51 БӨА улсын дугаартай, Land cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ц-ын Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-эд оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Д- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь хохиролд 9400.000 /есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, түүнээс 98.600 /ерэн найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгож, илүү нэхэмжилсэн 1900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-гаас сэтгэл санааны хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүүхдийн унадаг дугуй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн эзэмшлийн 15.000.000 төгрөгийн үнэтэй, 56-51 БӨА улсын дугаартай, Land cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК