Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

             Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

            Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч Я.Д,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 221300000004 дугаартай, шүүгдэгч Б.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн .... сумын .........дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 7, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б-ы Ж-, регистрийн дугаар:БД.................

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын 04 дүгээр багийн нутагт байсан хохирогч Б.С-ын 61-73 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос түүний Sumsung Galaxy А02s загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргаагүй. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд өмгөөлөгчийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд ирүүлсэн.” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

1.3. Шүүгдэгч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

            Хоёр: Эрүүгийн 221300000004 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-09 дэх тал/,

            2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

            3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

            4. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23 дахь тал/,

            5. Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

            6. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

            7. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-21-241 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дэх тал/,

            8. Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: Хавтаст хэргийн 74 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 86 дахь талд авагдсан хохирол барагдуулсан баримт, хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ж-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

Шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А дэмжин оролцож, шүүгдэгч Б.Ж-т хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Ж- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын 04 дүгээр багийн нутагт байсан хохирогч Б.С-ын 61-73 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос түүний Sumsung Galaxy А02s загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-09 дэх тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

- Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус сумын төвд гэрт байж байгаад шөнийн 21 цагийн орчимд өөрийн 61-73 БӨА улсын дугаартай Фургон загварын машинаар ганцаараа гарч сумын төв хэсэгт явж байгаад хүргэн дүү болох Т.Е-тай уулзсан. Бид хоёр сумын төв хэсгээр явж байгаад 23 цагийн орчимд тус сумын 4 дүгээр багт оршин суудаг Х.Н-ийн гэрийн хажууд очиж зогсож, машинаасаа бууж хоёулаа гэрт нь орсон. ...Гэрт нь дөнгөж сууж байгаад өөрийн гар утсыг халааснаас гаргаж нэг хүнтэй утсаар ярих гэсэн боловч байхгүй болохоор машины урьд хэсэгт үлдээгээд ороод ирсэн байна гэж бодоод гэрээсээ ганцаараа гарсан. Х.Н-ийн гэрийн хашааны гадна байсан машинд очиж жолооч талын хаалгыг онгойлгох гэсэн боловч онгорхой байсан. Машины хаалгыг онгойлгож урьд хэсэгт байсан өөрийн утсыг авах гэсэн боловч гар утас байхгүй. Зөвхөн гар утасны гадна талын хамгаалалт болон хамгаалалтын хажуугийн халаасанд байсан өөрийн иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, юнителийн сим картын үр 1 ширхгийг халааснаас гаргаж үлдээгээд явсан байна. ... Sumsung Galaxy А02s загварын, хөх өнгийн өөрийн барьж байсан гар утас хулгайлагдсан. Энэ жил 500.000 төгрөгөөр худалдаж авсан, 2021 онд үйлдвэрлэгдсэн, шинэ хайрцагтай гар утас байсан. ...Х.Н-ийн гэрийн гадна очиж зогсож машинаас бууж машины хаалгыг хаасан байсан Харин түлхүүрээр хаалгануудыг цоожлоогүй байсан. ...машин дотор үлдээгээд явсан гар утсыг авахаар гарч ирж жолооч талын хаалганы хажууд ирэхэд хаалга онгорхой байсан. ...хаалга, цоож, цонх эвдрээгүй. ...Хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23 дахь тал/,

- Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүргэн ах Б.С-ын машинд сууж бид хоёр сумын төв хэсгээр явж байгаад 23 цагийн орчимд тус сумын 4 дүгээр багт оршин суудаг Х.Н-ийн гэрийн хажууд очиж зогсоод машинаас бууж хоёулаа гэрт нь орсон. ...Гэрт нь дөнгөж ороод сууж байхад хүргэн ах маань Х.Н-ийн гэрээс гараад явсан байсан. Нэг удалгүй орж ирж машины урьд хэсэгт үлдээгээд явсан гар утас маань байхгүй болсон байна гэж хүмүүсээс асууж эхэлсэн. ...Х.Н- ах манай гэрт орж ирж алдсан уу гэж асуухад хүргэн ах маань машин дотор үлдээгээд явсан байсан гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гарч гадаа байсан хүмүүсээс машины хажууд хэн нэгэн очсоныг харсан уу гэхэд тус сумын 3 дугаар багт оршин суух Д.А-и, Б.Ж- нар машины хажууд очиж хажууд нь байсан өөрсдийн мотоциклтэй яваад өгсөн гэж хэлсэн. Хүргэн ах машин дотор байсан гар утасны гадна талын гэрийг авч хаяж, дотор нь байсан иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх юнителийн сим картын гэрийн хамт үлдээгээд, зөвхөн гар утсыг аваад явсан байна гэж харуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ж- бид хоёр мотоциклийг унаж авч сумын дээд хэсэгт байдаг Х.Н-ийн гэрт очсон. Би түрүүлж орж ирж суугаад надтай хамт явж байсан Б.Ж- гадаа үлдсэн байсан. ...Б.Ж- орж ирээгүй удсан болохоор яагаад орж ирэхгүй байгаа юм бол гээд Нурланбекийн гэрээс гарахад гадаа мотоциклийн хамт байхгүй байсан. Гадаа зогсож байсан хүмүүсээс Б.Ж-ыг асуухад дөнгөж сая нэг хүнийг гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан гэж хэлсэн. Би буцаж гэрт ороод сууж байхад хэсэг хугацааны дараа Б.Ж- ганцаараа орж ирсэн. ...Б.Ж- бид хоёр мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцож явж байхад Б.Ж- би гар утас олж авлаа гэж надад хэлж байсан. Би тухайн үед Б.Ж-оос ямар утсыг хаанаас олж авсан бэ гэж асуугаагүй. ...Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Ж- манай гэрт орж ирж андройд гар утасны цэнэглэгчийг асууж аваад явсан байсан. Тухайн үед Б.Ж-той нөгөө өчигдөр олж авсан утсыг цэнэглэн гээд байгаа юу, ямар утас юм бэ ямар утас байсан бол кодтой бол код нь нээгдэхгүй байх чи алга болгосон хүнтэй буцааж өгсөн нь дээр байх гэж хэлж байсан. Ямар утас байсныг харж үзээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...2021 онд үйлдвэрлэгдсэн Sumsung Galaxy А02s загварын барьж ашиглаж байсан гар утас 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх БӨА-21-241 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хашааны гадна харахад Б.С- гэх залуугийн Пургон загварын улсын дугаарыг нь анзаараагүй, тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн хажууд дөхөөд очиход эзэнгүй, ямар нэгэн хүнгүй болохоор туслах талын хаалгыг онгойлгоход мотор дээр нь хөх өнгийн хавтгай дэлгэцтэй, гадна талд гэртэй, Б.С- гэх иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримттай гар утас байхаар хулгайлж аваад хөдөө байдаг гэр рүүгээ явсан. ...Хулгайлж авсан гар утсаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Ж- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ж-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын Sumsung Galaxy А02s загварын гар утсыг хулгайлж, Б.С-д 310.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ж- нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А дэмжин оролцож, шүүгдэгч Б.Ж- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  өгнө үү ” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Ж- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч Б.Ж- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 73 дугаар хуудас/ тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Долоо: Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-ы Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК