Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б-ын Д-д холбогдох эрүүгийн 2213000080020 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ..... сумын .......... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ө овогт Б-ын Д-, регистрийн дугаар БА.........

Шүүгдэгч Б.Д-гийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Д- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Г-ийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч Б.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Г-ийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч Б.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

1.2. Шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2213000080020 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:

1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

2. Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

3. Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

6. Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

Харин шүүгдэгч Б.Д-гаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Д-гаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй  болно.

Шүүгдэгч Б.Д- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Г-ийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч Б.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн “Тус аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Бишээ овогтой Дорж, /утас: 89142563, регистрийн дугаар БА........../-оос гаргасан тус аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой Б.Д- гэгч архидан согтуурсан үедээ миний эрх чөлөөнд халдаж зодсон” гэх зөрчлийн талаар харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

- Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:“...Архи дууссаны дараа Б.Д-, Б- бид гурав уг айлаас гараад хашааны гадна бие засаж, хоорондоо юм яриад зогсож байтал Б.Д- надад хандаж чи яагаад гэрлэхгүй яваад байна, наад юм чинь ажиллахгүй байдаг юм биш биз дээ гэж хүнийг доромжилсон. Тэгэхэд нь би ч гэсэн Б.Д-д хандаж чинийх ч гэсэн ажиллахгүй байдаг байх, одоо хүртэл эхнэр аваагүй, эхлээд өөрөө эхнэр авчихаад надад наад үгээ хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед надыг цохино гэж огт бодоогүй байсан ба санамсаргүй зогсож байхад гэнэт миний зүүн талын шанаа тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохисон ба тэр үед миний бие ухаан алдаж газарт унасан. Газарт унасны дараа миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөж чамайг алчих уу гэж хэлээд зодсон. Тэр үед би ухаан орсон ба босч аваад зугтаачихсан...”,

“...Надад эмчилгээний зардал болон сэтгэл санаагаар өвдөж шаналсны хохирлыг Б.Д- бүрэн барагдуулж өгсөн. Надаас Б.Д- удаа дараа ирж уучлалт гуйсан ба бид хоёр сайн дугаар эвлэрсэн. Цаашид би Б.Д-д ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

- Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр үед миний бие нэлээн согтох шинжтэй байсан ба Б.Д-, Б.Д- хоёр хоорондоо маргалдаж нэг нэгэндээ үг хэлээд зогсож байсан юм. Нэг мэдэхэд Б.Д- Б.Д-ийг цохиж унагаад өшиглөж байсныг би харсан ба очоод салгаад авъя гэхэд өөрөө согтуу байсан болохоор салгаж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд Б.Д-, Б.Д-, Х.М- нар манай гэрээс гараад явчихсан юм. Манай хашааны гадна Б.Д-, Б.Д- хоёр хоорондоо үйл ойлголцож, улмаар Б.Д- нь Б.Д-ийг зодчихсон байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай “...Иргэн Б.Д-ийн биед тархины доргилттой, баруун нүдний доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай, баруун хацарт хавдартай, цус хуралттай, зүүн шанаанд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хөмсөгний дунд, дээд хэсэгт шархтай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, ар нуруунд зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтлүүд нь бүгд 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид гурав хашааны гадна бие засаад зогсож байсан ба би Б.Д-ид нэг юм хэлсэн юм шиг байна лээ. Тэр ч надад нэг юм хэлэх үед би Б.Д-ийн зүүн талын шанаа тус газар гараараа нэг удаа цохиж тэр газарт унасан. Газар унасны дараа толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн байна лээ. Тухайн үед нэлээд согтуу байсан ба ухаан санаа бүрэн бүтэн, өөрийгөө жолоодох чадвартай байсан. Үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би Б.Д-оос уучлал гуйсан. Учирсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Д-гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Б.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамар тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Д-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д-гийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.  

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Д-ийн “...Надаас Б.Д- удаа дараа ирж уучлалт гуйсан ба бид хоёр сайн дугаар эвлэрсэн. Цаашид би Б.Д-д ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримтаар /хавтаст хэргийн 58 дахь тал/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Б.Д-д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг Б.Д-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Д- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Д- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550.000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Харин хуульд заасан хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Долоо.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.  

Шүүгдэгч Б.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар         шүүгдэгч Б.Д-г 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК