Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 11

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Э-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 01-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Х аймгийн Г суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн  дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Д аймгийн З сумын ...-р баг, .. тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сум дундын 9-р шүүхийн 2014 оны 12-р сарын 02-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Б овогт П.Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 12-р сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод эхнэр З.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 28-ны орой эхнэртэйгээ маргалдаад 2, 3 удаа цохьсон. Тэгээд хүүхдүүд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би тухайн үед согтуу байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг гэр бүлээсээ төлж барагдуулсан” гэжээ.

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод өөрийн амьдардаг гэртээ З.Т-ыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ. /хх-ийн 29-30/

Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 12-р сарын 28-ны өдөр 12-13 цагийн хооронд манай ажлын газрынхан монето задлаад 15 цагийн үед ганцаараа гэртээ ирэхэд нөхөр гэртээ байгаагүй. Хүүхдүүд байсан. Тэгээд би дарга З.Ц-ийг ирж хоол ид гээд дуудсан. З.Ц нь манайд 18 цагийн үед ганцаараа ирсэн... би дэлгүүр ороод 0,5 литрийн соёрхол архи аваад бид 2 хувааж ууж дуусгаад Ц дахин 0,5 литрийн архи аваад ууж байсан чинь манай нөхөр П.Э гаднаас орж ирсэн. Тэгээд  бид гурван архи хувааж ууцгаагаад сууж байгаад манай нөхөр Ц-ийг яв гээд  хөөгөөд байх шиг байсан. Би тухайн үед согтсон байсан. ...тэгээд Ц гараад явсан. Энэ асуудлаас болж манай нөхөр П.Э нь намайг хардаад хэрүүл хийж байгаад гараараа хоёр удаа нүүр рүү цохьсон. Тэгсэн чинь миний хамар амнаас цус гарч эхэлсэн. Удалгүй цагдаа ирээд П.Э-ыг аваад явсан. Надад гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна”  гэжээ. /хх-ийн 10/

Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т 0,5 литрийн соёрхол архи задлаад бид хоёр хувааж ууж дуусгаад, би дахин нэг шил 0,5 литрийн  соёрхол архи авч уугаад талд нь ороод байж байтал түүний нөхөр П.Э нь гаднаас халамцуу орж ирээд бид гурав ойр зуурын юм ярьж сууж байгаад үлдсэн архиа хувааж уусан.  ... тэгээд 22 цаг өнгөрч байхад гараад гэртээ ирээд амарсан. Тэдний дунд болсон зодоон цохионы асуудлыг мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 16/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 44/

2021 оны 12-р сарын 31-ний өдрийн 04/034 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-  З.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо.

- З.Т-ын биед хамрын нуруу хэсэгт зулгаралт, хамрын нуруу хацар хоёр нүдний дээд доод зовхи, зүүн эрүү, баруун  нүдний склерт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 20-21/

Шүүгдэгч П.Э нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55/

Шүүгдэгч П.Э-ын  байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хх-ийн43/

Шүүгдэгч П.Э-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56/

2022 оны 01-р сарын 25-ны өдрийн 5/04 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 57-59 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 12-р сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод архи ууж согтуурсан үедээ  эхнэр З.Т-ыг бусадтай хардаж маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу хэсэгт зулгаралт, хамрын нуруу хацар хоёр нүдний дээд доод зовхи, зүүн эрүү, баруун  нүдний склерт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч П.Э-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Э-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12-р сарын 28-ны өдөр 12-13 цагийн хооронд манай ажлын газрынхан монето задлаад 15 цагийн үед ганцаараа гэртээ ирэхэд нөхөр гэртээ байгаагүй. Хүүхдүүд байсан. Тэгээд би дарга З.Ц-ийг ирж хоол ид гээд дуудсан. З.Ц нь манайд 18 цагийн үед ганцаараа ирсэн. ... би дэлгүүр ороод 0,5 литрийн соёрхол архи аваад бид хоёр хувааж ууж дуусгаад Ц дахин 0,5 литрийн архи аваад ууж байсан чинь манай нөхөр П.Э гаднаас орж ирсэн. Тэгээд  бид гурав архи хувааж ууцгаагаад сууж байгаад манай нөхөр Ц-ийг яв гээд  хөөгөөд байх шиг байсан. Би тухайн үед согтсон байсан. ...тэгээд Ц гараад явсан. Энэ асуудлаас болж манай нөхөр П.Э нь намайг хардаад хэрүүл хийж байгаад гараараа хоёр удаа нүүр рүү цохьсон тэгсэн чинь миний хамар амнаас цус гарч эхэлсэн. Удалгүй цагдаа ирээд П.Э-ыг аваад явсан. Надад гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна”  гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 44/, 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн 04/034 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч П.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Э болон түүний өмгөөлөгч Э.Б нар шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч З.Т-д хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч П.Э-т ял оногдуулахдаа хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь торгуулийг ялыг сайн дураар төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Э /РД:.../ -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Ц