Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 12

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ч.Э-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А овогт Ч.Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 12 дугаар 21-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Б.Б ахыг Г-ын гэрээс 16 цагийн үед очиж аваад Э эгчийн гэрт очиж грашинд байсан машинаа Б.Б ахад үзүүлэх гээд очсон. Учир нь Б.Б ах надаас машин авах санаатай Замын-Үүд суманд надтай хамт ирсэн юм. Тэгээд граш аа онгойлгоод машинаа үзүүлэх гэтэл манай дүү Ч.Э хүрч ирээд “Юу хийгээд байгаа хулгайч нар вэ, машин тэрэг хулгайлаад” гээд бид хоёр руу дайрахаар нь би “Чи одоо юу яриад байгаа юм би машин тэргээ үзүүлэх гэж байна, наад хүн чинь ямар хамаатай юм” гэтэл “Тэр чинь хамаагүй хулгай хийгээд байна та нар” гэтэл Б.Б ах уурлаад Ч.Э-ыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь цохиод авсан. Тэгэхээр нь би өмөөрөөд “Та одоо яаж авирлаад байгаа юм бэ?” гэсэн чинь Б.Б ах “Чи муу юу гэж хуцаад байгаа юм” гээд намайг цохихоор нь би бултаад зөрүүлээд зүүн гараараа ам руу нь цохьсон. Тэгтэл доошоо суугаад “чи муу шүд унагачихлаа” гээд андуураад манай дүү Ч.Э-ыг дахиад цохиод авсан. Тэгээд Б.Б гараад явсан. Удалгүй цагдаа нар хүрч ирсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус өдөр Г найзынхаа гэрт 1 шил архи уугаад, хоол идээд сууж байхад Ч.Э над руу ирээд “За машинаа үз” гэсэн. Тэгэхээр нь би Ч.Э-тэй хамт яваад нэг хашаанд очоод Ч.Э тухайн хашаанд байх гражийн хаалгыг онгойлгосон. Тэгтэл Ч.Э гэх залуу ирээд “Юу хийгээд байгаа хулгайч нар вэ” гэхээр нь би гайхаад Ч.Э-т хандаж “Энэ намайг хулгайч гээд байх юм юу болоод байгаа юм бэ, чи одоо юу хийгээд байгаа юм бэ” гэтэл Ч.Э Ч.Э-той хэрэлдээд байсан. Тэгээд над руу хулгайч гээд уурлаад байхаар нь миний уур хүрээд Ч.Э гэх залууг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь цохьсон. Тэгээд “би ер нь болилоо, явлаа” гээд арагшаа хараад явж байтал ардаас Ч.Э “миний дүүг яаж байна аа” гээд миний амруу цохьсон. Би тухайн үед эргэж хараад Ч.Э намайг цохьчихлоо гэж бодоод дахиад баруун гараараа зүүн шанаа хэсэг нь цохьсон. Тэгээд тэр хашаанаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус өдрийн өглөө босоод ганцаараа 200 гр архи уучхаад, халуураад эгчийнхээ нөхөр М-ын гэрт очиж 2 найзтай нь хамт 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд ард талын гудамд байдаг дүүгийнхээ гэр рүү очтол гражны хаалга онгорхой байж харагдахаар нь машин хулгайлах гэж байна гэж бодоод уур хүрээд яваад очтол нэг том биетэй ах зогсож байсан. Би тэр ахад хандан “Та яагаад хулгай хийх гээд байна аа” гэсэн чинь юу хуцаад байгаа юм гээд намайг баруун гараараа зүүн шанаа руу цохиод авсан. Тэгсэн чинь миний амнаас цус гараад байж байтал цаанаас манай ах Ч.Э намайг өмөөрөөд “чи манай дүүг яаж байгаа юм” гээд тэр ахыг цохиод авсан. Тэгтэл тэр ахын амнаас нь цус гараад “шүд уначихлаа” гэж байсан. Тэгээд би босоод очтол намайг дахиад нэг цохиод унагаасан. Удалгүй тэр ах яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод манай хүргэн Т-ийн гэрт гэрийг нь сахиж үлдсэн байх хугацаанд манай хоёр дүү Ч.Э, Ч.Э нар болон Ч.Э-ийн дарга гэх нэг ах ирчихсэн байсан. Эд нар манайхаас өглөө гарч яваад өдөр ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгээд хоорондоо 69 машины талаар ярилцаж хэрүүл маргаан хийж байгаад Ч.Э-ийн дарга манай дүү Ч.Э-ыг баруун гараараа зүүн шанаа руу нь цохиж унагаасан. Манай дүү Ч.Э босохгүй газарт хэвтээд өгсөн чинь манай дүү Ч.Э даргыгаа “чи манай дүүг яаж байна аа” гээд нэг удаа цохиод авсан. Тэгээд би “больцгоо” гээд орилсон чинь манай дүү Ч.Э босож ирээд Ч.Э-ийн даргатай уулзаад “эр улсууд байна даа ганц хоёр шүд яах вэ дээ, цагдаа сэргийлэх болоод яах вэ” гээд ярилцаж байсан. Би тэгээд ажилтай байсан тул гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04/024 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Б-ын биед үүдэн доод 2 шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр

үүснэ.

4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 88-90/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 12 дугаар 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод иргэн Б.Б-ын үүдэн доод 2 шүдний мултрал гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ч.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б болон, гэрч Ч.Э, Ч.Э нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04/024 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ч.Э-т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Э-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.     

Хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Ч.Э-ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч.Э /РД:.../-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Ч.Э-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 450,000 төгрөгийн торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н