Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 13

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н.Т-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Агаарын цэргийн 0253 дугаар тусгай ротын ахлах планшитчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Д аймгийн У сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Н.Т /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ... тоотод иргэн Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Төд удалгүй манай гэрт М хүрээд ирсэн. Тэгээд гэрт орж ирэнгүүтээ над руу дайраад боогоод ноцолдоод газарт унахын алдад ширээн дээр байсан пиавр шар өнгийн ваарыг баруун гараараа аваад толгой руу нь цохьчихсон. Мөн ноцолдож байхдаа баруун гараараа нэг удаа, зүүн гараараа нэг удаа М-ын нүүр хэсэгт нь цохьсон. Удалгүй М О рүү залгаад цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн. Урьд өмнө нь манай эхнэртэй нийлж архи дарс уугаад яваад байдаг байсан. Тухай бүрд нь би эхнэр битгий уруу татаад бай гэж хэлдэг байсан. Хэрэг учрал болох үед намайг заамдаад бариад авсан, мөн намайг боогоод унагаах гээд байхаар нь би цохьсон юм. Зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй ваараар цохьчихсон. “...Миний бие хийсэн хэргээ хүлээж байгаа, мөн уг үйлдлийг гаргасандаа гэмшиж байна, хохирогчийн хохирлыг барагдуулсан байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 50-51/

Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цаг 00 минутын орчимд О, А, бид гурав 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 23 цаг 30 минутын орчимд би А-ыг гэрийнх нь гадаа хүргэж өгчихөөд гэртээ хариад байж байтал А миний ... дугаарын утас руу залгаж “Намайг архи уулаа гээд манай нөхөр Т загнаад байна” гэж надад хэлэхээр нь би гэрт нь очиход А-ын нөхөр болох Т нь “Эхнэр дагуулж архидлаа гээд” шууд над руу дайран ширээн дээр байсан ваар авч миний толгойн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд Т-тай барилцаад гэрийнх нь үүдэн хэсэгт гарсан ба тухайн үүдэн хэсэгт харанхуй байсан бөгөөд намайг хоёр удаа нүүрэн тус газар гараараа цохьсон. Яг аль гараараа цохьсон талаар би санахгүй байна. Тэгээд Т намайг тавиад гэрлүүгээ яваад орсон. Би О-ийн ... дугаарын утас руу залгаж “Намайг хүн зодчихлоо цагдаа дуудаарай” гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд удалгүй хэсгийн төлөөлөгч Э ирж намайг эмнэлэгт үзүүлсэн. Миний толгой хагарсан бөгөөд хоёр оёдол тавиулсан мөн баруун нүд хавдаж хөхөрсөн зүүн нүдний доод хэсэгт язарсан, дээд уруул мөн язарсан. Хэрэг болох үед Т-ын эхнэр А байсан өөр хүн байгаагүй. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Т-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /хх-ийн 11-12/

Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: М нь толгойн орой хэсэгт өнгөц зүсэгдсэн шархтай, зүүн нүдний доод хэсэгт язарсан жижиг хэмжээний шархтай баруун нүд хавдсан, дээд уруул хавдсан байдалтай байсан. Толгойн орой хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх нь 3х0.2 см харьцаатай байсан бөгөөд 3 номерын утсаар 2 оёдол тавьсан даралт 150х100 хэмжээтэй ихэссэн байсан, зүрхний цохилт 113 байсан. Даралт буулгах эм өгөөд толгой хэсэгт шархыг цэвэрлэн оёж боолт хийсэн. Толгойн орой хэсэгт үүссэн гэмтэл нь иртэй хатуу биетээр үүсэх боломжтой. Нүүрэн тус газар үүссэн гэмтэл биен тус газар үүссэн гэмтэл нь хатуу биетээр цохиулахад үүсэх боломжтой гэмтэл гэжээ.  /хх-ийн 20-21/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой О эгчийнд М ах бид гурав байж байгаад 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уучхаад гэртээ харихаар болж М ахаар гэрийн гадна хүргүүлсэн бөгөөд гэрт ороход нөхөр Т нь намайг “Архи уулаа” гээд хэрүүл өдөөд байсан. Б ахын ... дугаарын утсаар залгаж дуудсан бөгөөд М ах гаднаас орж ирэхэд Т нь шууд урдаас нь дайрахад М ах Т-ын хүрэмний энгэрээс нь барьж авахад Т шууд ширээн дээр байсан ваарыг авч толгой тус газар нь цохисон бөгөөд хоёул барилцаад гараад явсан гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй Т гаднаас орж ирсэн бөгөөд хэсгийн төлөөлөгч Э удалгүй ирж М ах болон Т-ыг аваад явсан. Харин тухайн үйл явдал болсны дараа хоёр нүд нь хавдсан байсан мөн толгойн тус газраа оёдол тавиулсан байсан. Гэрт байхад бол ямар нэгэн хоолойноос боох болон цохих үйлдэл гаргаагүй харин гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй харин эрүүл үедээ байнга уурлах авир их гаргадаг. Намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэж хэрэлдэж эхэлсэн. Би Т-тай 2014 онд Улаанбадрах суманд танилцаж гэр бүл болцгоосон, гэрлэлтийн баталгаатай гэр бүл. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй, гурван хүүхдийнхээ хамт Дорноговь аймаг Улаанбадрах сум ... тоотод оршин суудаг. Манай нөхөр нь Дорноговь аймгийн Сайншанд суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЕБС-д суралцаж 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Тэгээд хөдөө мал маллаж байгаад 2011 онд цэрэгт явж алба хааж ирчхээд 2012 онд халагдаж ирсэн, цэргээс халагдаж ирчхээд Улаанбадрах сумын зэвсэгт хүчний 253 дугаар ангид галч хийж байгаад 2015 онд ахлагчийн сургуульд суралцаж төгсөөд тус цэргийн ангид планшитчин хийж байгаа. Манай нөхөр түргэн ууртай, ааш муутай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн гэжээ. /хх-ийн 24-25, 28-29/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06/

Шинжээчийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 04/020 дугаартай дүгнэлт: 1. Б.М-ын биед толгойн орой дээр шарх, зүүн нүдний дор язарсан өнгөц шарх, баруун нүдний доод талд болон уруулын баруун дээд тал зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37-38/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 45-46/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 62/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/02 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 64-65, 69/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ... тоотод иргэн Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь толгойн орой дээр шарх, зүүн нүдний дор язарсан өнгөц шарх, баруун нүдний доод талд болон уруулын баруун дээд тал зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Б.М /хх-ийн 11-12/, гэрч Г.Ч /хх-ийн 20-21/, А.А /хх-ийн 24-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 04/020 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Т-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.Т нь эмчилгээний зардалд нийт 1,000,000 төгрөгийг хохирогч Б.М-т бэлнээр өгсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ваарны 7 ширхэг хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ваарны 7 ширхэг хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б