Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 14

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдаж байсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Р овогт Н.Г /РД:.../ -д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод иргэн Б.М-ийн толгойн хэсэгт варений шилээр  цохиж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ М нь манай хажуу талын айл байгаа юм. Тэр өдөр миний төрсөн өдөр гээд хүмүүс ирсэн байсан. М бас манайд орж ирсэн байсан. Тэгээд 00-д ортол суултуурын зөөлөвч рүү шээгээд байхаар нь  наана чинь хүүхэд сууна шүү дээ гэхэд би мэдэж байна гэсэн, 00-оос гарч ирээд цохиод авсан. Тэгээд зууралдаад том өрөөний  буйдан дээр очоод унасан, гарт юм баригдахаар нь аваад цохьчихсон. Өөрөө гэрээс гараад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргаан байхгүй, М-ээс уучлалт гуйж, хохиролд 50,000 төгрөг төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгосон ” гэсэн мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08/

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа яваад орой 20 цаг 20 минутанд гэртээ ирсэн. Тэгээд 21 цагийн үед Г-ийн найз Ө, Э нар миний утас руу залгаад “Г-ийн төрсөн  өдөр болж байна, Г-ийн гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь очсон. Намайг ороход Ө, Э, Г болон эхнэрүүд болон хүүхдүүд байсан. Тэгээд бид нар 3 ширхэг 2 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан. Ууж дуусах үед Ө эхнэрийн хамт гэрлүүгээ яваад өгсөн.  Тэгээд би ч бас гэррүүгээ орох санаатай босоод Г-ийн гэрийн нойл руу ороод шээж байх үед Г наад жорлонгийнхоо  суултуурыг өргөөд  бие засаач  гэхээр нь би өргөөд бие засч байнашдээ   гэж хэлсэн. Тэгсэн миний араас түлхээд бие засуулахгүй байсан. Тэгээд бие засч дуусаад гарах гэсэн чинь миний цээжрүү солгой гараараа цохисон. Намайг цохихоор нь  би хариу үйлдэл үзүүлээд баруун гараараа Г-ийн цээж рүү нь цохисон. Тэгсэн гэнэт толгой руу аягаар  цохиод хагалчихсан. Тэгээд би хамт эмнэлэг явъя гэж хэлэхэд хохино гээд үлдсэн. Тэгэхээр нь би өөрөө эмнэлэг рүү явсан. Миний толгой хагарч 5 оёдол Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт  тавиулсан, толгойн баруун хэсэгт жоохон хавдсан. Amoxcliclav. Tab Ketonol 10mg ууж байгаа, боолтоо тогтмол солиулж бай гэсэн. Сэнжтэй шилэн аягаар солгой  гараараа миний толгойн баруун орой хэсэгт цохиж хагалсан. Оёдлын төлбөрийг нэхэмжилнэ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний энэ асуудлыг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Л.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тус өдөр манай нөхөр Г-ийн төрсөн өдөр болж байсан учраас гэртээ тэмдэглэхээр болсон. Орой 20 цагийн үед манай нөхрийн найзууд Э, Ц, Ө, А нар ирсэн. Орж ирэхдээ том 2 литрийн савлагаатай пиво авч ирээд Э, Ө хоёр уусан. Би тухайн үед хоол хийж байсан. Тэгээд бөөнөөрөө юм яриад сууж байхад 21 цагийн орчимд М ганцаараа ороод ирсэн. Орж ирээд хоол унд идэж уугаад, үлдсэн 2 том пивоо ууж, хөзөр тоглож сууж байгаад Ө эхнэртэйгээ 23 цагийн орчимд яваад өгсөн. Тэгээд удалгүй М, манай нөхөр хоёр нойл ороод М-ийг шээж байхад нь манай нөхөр “Чи гадуур нь шээгээд байна шдээ” гээд нуруу руу нь цохих шиг болсон. Тэгтэл М “Чи одоо болилдоо хүн шээж байнашдээ” гээд инээгээд хоорондоо тоглоод байсан. Тэгээд энэ хоёр нойлоос инээд алдан гарч ирээд М надруу ирээд “Танай нөхөр чинь намайг сая ингээд цохьчихлоошдээ” гээд намайг тоглоомоор нударсан. Тэгтэл манай нөхөр “Чи муу эхнэр цохиод байхдаа яадаг юм” гээд инээгээд хүрээд ирсэн. Тэгээд М манай нөхрийн гэдэс рүү тоглоомоор цохих гэж байгаад хүчтэй цохьчихсон. Тэгэхэд манай нөхөр гэдсээ дарж байж байгаад зууралдаад хоорондоо тоглоод байгаа бололтой барьцалдсан чигтээ буйдан руу унаад зууралдаад л байсан. Тэгтэл гэнэт шил хагараад л явчихсан. Энэ үед М-ийн толгойноос цус гараад эхэлсэн, тэгээд Э бид хоёр М-ийн толгойны цусыг арчиж тогтоогоод байж байсан чинь М “Чи муу одоо ямар сонин писда вэ эмнэлэг явъя, оюулахгүй бол болохоо байлаа” гэтэл манай нөхөр “Чадахгүй” гээд суучихсан. Тэгтэл М гараад явчихсан “гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ М-ийн толгойг Г цохьсон байх тухайн үед би хүүхдүүдээ хувцаслаж байсан учир юу болсныг хараагүй. Мөнгөнсүх доошоо тонгойсон байдалтай, амьсгаадсан, толгойноос цус гарсан байдалтай сандал дээр сууж байсан, Г харин хажууд нь зогсож байсан. Би Г-тэй 2009 онд танилцаж одоог хүртэл найзалж байнаа. Г нь маш тусархаг, эвсэг, нийтэч, архи согтуу хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ер нь зөв хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэртээ харих гээд 4 хүүхдээ хувцаслаад байж байсан чинь гэнэт шил хагарах дуу сонсогдоод гайхаад буйдан руу харсан чинь М толгойгоо яаая гээд бариад зогсож байсан. Хүүхдүүд уйлаад байхаар нь хүүхдүүдээ тайвшруулаад байж байсан чинь М гараад явчихсан. .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “1. Б.М-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.М-ийн толгойн хуйхны зүүн талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Б.М-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн

хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/004 тоот дүгнэлт /хх-ийн 57-58/

Шүүгдэгч Н.Г нь урьд нь 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 76-78/

Шүүгдэгч Н.Г-ийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102/

Хохирогч Б.М-ийн цагдаагийн хэлтэст гаргасан” Миний бие эрүүгийн ... дугаартай хэрэгт Н.Г-тэй үл ойлголцсоны улмаас толгойндоо варианы шилээр  цохиулж гэмтэл авсан нь үнэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт  /хх-ийн 109/

Шүүгдэгч Н.Г-ийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос  уучлалт гуйж хохирол төлбөргүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь  2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа хохирогч Б.М-ийг 00-ын суултуур дээр бие заслаа гэж хэлсний улмаас хоорондоо зодолдож, улмаар түүний толгойн хэсэгт варений шилээр цохиж,  толгойн хуйхны зүүн талд язарсан шарх гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2021 оны 12 сарын 03-ны өдөр 05/004 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ч, Э.Э, Т.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 12 сарын 03-ны өдөр 05/004 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Хохирогч Б.М нь гомдол саналгүй болохоо цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, түүнчлэн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Г нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн варений шилний хагархайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Р овогт Н.Г-ийг /РД:.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р овогт Н.Г-ийг /РД:.../ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн варений шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Г нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц