Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нарт холобгдох

Гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Цолмонбаатарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Гомбосүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Энхболд нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг 120-н мянгатын автобусны буудлын замд 73-79 УБХ улсын дугаартай "Тоёота корса" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1, 2.7-д тус тус заасныг зөрчиж намайг мөргөж миний зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлийг учруулсан. Миний бие нь энэ гэмтлийг авахаасаа өмнө 2003 онд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Үүний улмаас 4 жилийн дараагаар энэ гэмтлийн хор уршиг гарч нуруу, нугасны гэмтэлтэй байна гэсэн оношоор Хятад улсад хүзүүний нугалам солиулах хагалгаанд 2007 онд орсон. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 28-нд хариуцагч Д.Энхболд нь намайг мөргөсний улмаас миний өмнө авсан гэмтэл сэдэрч хүндэрсэн. “Ачтан” эмнэлэгт хэвтсэн. Тус эмнэлэг намайг өмнө нь хагалгаанд орсон газраа оч гэсний дагуу би 2014 оны 08 дугаар сарын 27-нд Хятад улс руу явж шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу гарсан. Үүний дагуу би 2014 оны 08 дугаар сарын 29-нд Хятад улс руу чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбараас байнга эм авч ууж байгаа. Энэ осолд орсоны улмаас миний хөл,толгой, нуруу өвддөг болж, улмаар мэдрэлд нөлөөлөх болсон.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасагт 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Уг ослоос болж миний бие 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 04-н сар хүртэл эм тариа, тан авах, шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэх зэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хэд хэдэн удаа галт тэргээр болон тээврийн хэрэгслээр явсан...Иймд Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн миний бие нь биедээ авсан гэмтлийг Хятад улс руу явж эмчлүүлэх, эм авах, буүдалд байрласны төлбөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэгт 12 492 850 төгрөгийг зарцуулсан...биедээ авсан гэмтлийг эмчлүүлэх, рентген зураг авахуулах, эм авах, эмнэлэгт хэвтэх зэргээр Хятад улс руу галт тэргээр Улаанбаатараас Замын-Үүд, Замын Үүдээс Улаанбаатар хот руу явахад 290.950 төгрөгийг зарцуулсан...уг иргэний хэрэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан ноториатаар батлуулах, эмнэлгийн хятад баримтыг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулга хийлгэх, Монгол банкны юанийн ханшийн лавлагаа авах, Улаанбаатар Төмөр замын тасалбар түгээх газраас лавлагаа авах зэрэгт 39.800 төгрөгийг төлсөн. Би "Их Монгол маунтинг" ХХК-ны захирал, манай компани нь "Монгол буйдан" ХХК-тай 2014 оны 3 сард 4 давхар, 2 айлын орон сууцыг барихаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг барилгын гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд сарын 5 000 000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан. Ажилгүй өвчтэй байсан хугацааны буюу 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудын авах ёстой байсан цалин 4 сарын төлбөрт сарын 5 000 000 төгрөг бөгөөд нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжилнэ, миний төрсөн охин Г.Болортуяа нь миний эмчилгээг цаг алдахгүй эмчлүүлэхийн тулд Төрийн банкнаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1.6 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авч, эцэг Б.Гомбосүрэн миний "Худалдаа хөгжлийн банк"-ны данс руу 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж би уг мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Энэ 10 000 000 төгрөгийг зээлж авсан 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 2 817 570 төгрөг төлсөн, Б.Гомбосүрэн миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-нд "Хүрмэн" эмийн сангаас эм тариа авахад 132 250 төгрөг төлсөн, Уг эрүүгийн хэргээс болж учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийн тулд өмгөөлөгч авсан. Өмгөөллийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг 2014 онд шүүхэд гаргасан. Эхний нэхэмжлэл нь хуулийн дагуу байгаагүй тул дахин нэхэмжлэл гаргасан. Ямар учраас эдгээр хүмүүсээс нэхээд байгаа вэ гэхээр Д.Энхболд тээврийн хэрэгслийг унаж яваад хохирогчийн биед гэмтэл учруулсан. 165 тоот тогтоолоор 1 жилийн ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол хэвээр батлагдсан. Ц.Цолмонбаатарыг Д.Энхболдын машин Ц.Цолмонбаатарын нэр дээр байсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 болон 499.3-т зааснаар нэхэмжилж байна. Мөн Б.Гомбосүрэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар дутуу авсан цалингаа нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Энхболд миний бие 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангарьд компаний захирлын машин болох 73-79 УБХ улсын дугаартай Корса маркийн машинтай 120 мянгатын гэрлэн дохионы уулзвар дээр иргэн Б.Гомбосүрэнг шүргэж, хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед миний бие Б.Гомбосүрэнд эрүүл мэнд, болон эмчилгээний төлбөрт 1 сая гаруй төгрөгийг өгч байсан.

Тэгээд миний бие хэргийн газрыг орхиж явсан гэдэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар 2014 оны 08-р сарын 27-ны өдөр шийтгүүлсэн. Миний бие тухайн үед иргэн Б.Гомбосүрэнгийн эрүүл мэнд, эмчилгээний гэм хорын төлбөрт 1 сая гаруй төгрөг төлсөн. /Төлбөр төлсөн баримт нь тухайн үеийн хавтаст хэрэгт байгаа болно./ Тэр тогтоосон эмчилгээний бодит зардал мөнгийг миний бие бүрэн төлж барагдуулсан” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нараас 6 876 670 төгрөгийг гаргуулж Б.Гомбосүрэнд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 43 123 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гомбосүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нараас 124 997 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Цолмонбаатар давж заалдах гомдолдоо: “...2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 73-79 УБХ дугаартай “Тоёота корса” маркийн автомашиныг Д.Энхболд жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Гомбосүрэнг хөнгөн гэмтээсэн байсан. Энхболд нь миний машиныг надаас зөвшөөрөлгүй авч явсан. Энэ машиныг тухайн үед компанийн хашаанд байсныг түлхүүр тааруулан авч явж дээрх ослыг гаргасан. Энэ хэргийн улмаас Гомбосүрэн нь надаас 50 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс намайг гэм буруутай гэж үзэн 6 876 670 төгрөгийн хохирол гаргуулах шийдвэр гарсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь хариуцагч “Хангарьд хамгаалалт” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хариуцагч Ц.Цолмонбаатар, Д.Энхболд нараас эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.Энхболдоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Ц.Цолмонбаатараас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирол гаргуулахаар шаардсан байна.

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор “Д.Энхболд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “Хангарьд хамгаалалт” ХХК-ийн захирал Ц.Цолмонбаатарын эзэмшлийн 73-79 УБХ улсын дугаартай Корса маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гарган иргэн Б.Гомбосүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж нэг жилийн хорих ял оногдуулж”, уг шийтгэх тогтоолыг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс  тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хууль бусаар, гэм хор учруулсан гэм буруутай этгээд болох хариуцагч Д.Энхболд нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тул дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч болох хариуцагч Ц.Цолмонбаатар нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

Хариуцагч Ц.Цолмонбаатар нь уг автомашиныг Д.Энхболд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажлын хашаанд байхад нь түлхүүр тааруулж авч явсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа ч хариуцагч Ц.Цолмонбаатар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Энхболд ашиглахад өөрт нь буруу байгаагүй гэх нөхцөл байдлаас үзэхэд түүнийг тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй, ашиглах боломж олгоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх хариуцагч Ц.Цолмонбаатарыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.

            Харин шууд гэм хор учруулсан этгээд болон тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээдийн хариуцлагыг хувь тэнцүүлэн гаргуулахаар хуульд тухайлан заагаагүй байхад гэм хорын хохирлыг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь учир дутагдалтай байх боловч энэ талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

 

Ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой зардал гарсан болох нь хэрэгт авагдсан эм, эмчилгээ, сувилгаа, ор хоногийн төлбөр, Улаанбаатар хотоос Замын Үүд хот руу, Замын Үүд хотоос Улаанбаатар хот руу ирж очсон унааны зардал зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчид учирсан гэмтэл, уг гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээ сувилгааны зардал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоотой гэж дүгнэж хариуцагч нараас 6 876 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Д.Энхболдод 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна. Хариуцагч Д.Энхболд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цолмонбаатарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН