Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 900

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор З.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1230 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Х.Н-д холбогдох 1709006600045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Х-ийн Н, 1957 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянгол дүүргийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ......... оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧМ61021158/;

 

Х.Н нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Шарга морьт”-ын зуслангийн задгай тоотод иргэн Л.М-тай хашаанд үхэр орууллаа гэх шалтгаанаар маргалдаж чулуугаар түүний баруун гуя хэсэгт цохиж, хөл рүү өшиглөж, Л.М-ын биед баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Л.М-ын биед учирсан гэмтлүүд өвчний улмаас үүсэх боломжтой эсэх (элэгний хорт хавдрын улмаас үүсэх боломжтой эсэх)..." асуудлыг шинжилгээний байгууллагаар нэг мөр тодруулах зорилгоор "мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх" гэсэн өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай" гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор З.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Н-гийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус прокурорын газарт гаргасан "...дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор шинжээчийн багт тавьсан зарим асуултад хариу өгөөгүй тул шинжилгээг бүрэн гүйцэд хийж өгнө үү. ..." гэх хүсэлтийг хянаад прокурорын 2017  оны 11 дүгээр сарын 27 өдрийн 106 тоот тогтоолоор “дахин дүгнэлт гаргуулж, шинжээчийг гаргасан дүгнэлттэй холбогдуулан байцаасан тул дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй" гэж үзэж Х.Нгийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн.

            Дээрх шийдвэр гарсны дараа яллагдагч Х.Н, өмгөөлөгч Б.Баясгалан нар нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр дүүргийн прокурорын газарт "...Баттөмөртэй уулзаад юм ярьж байгаад М хүнд зодуулсан гэсэн хэнд зодуулсан юм бол гэж асуухад орон гэргүй Дүгэрээ гэдэгт зодуулсан шүү гэсэн. Энэ талаар Д, А, Б, хэсгийн дарга А мэдэж байгаа, эдгээр хүмүүсээс М Д-д зодуулсан эсэх талаар хууль журмын дагуу шалгаж өгнө үү. ..." гэх хүсэлтийг гаргасан тул яллагдагч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хүсэлтэд дурдсан асуудлыг шалгаж Л.М нь 2017 оны 8 дугаар сард Дүгэрээ гэгч этгээдэд зодуулсан эсэхийг нягталж шалган тодруулах үндэслэлтэй гэж үзэн уг хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэж хүсэлтэд заасан ажиллагааг шалгасан боловч Дүгэрээ гэх этгээд Л.М-ыг зодсон гэх асуудал тогтоогдоогүй тул яллагдагч Х.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн.

            Прокуророос яллагдагч Х.Н-гийн "иргэн Л.М-ын биед дахин шинжилгээ хийлгэх" тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан.

            Түүнчлэн Х.Н-д холбогдох хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018  оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1230 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Х.Н тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...би иргэн Л.М-т гэмтэл учруулсан гэж ямар ч үндэслэлгүй гүтгэгдэж 2017 оны 8 дугаар сарын 3-наас эхлэн өдийг хүртэл 1 жил гаруй хугацаанд цагдаа, прокурор, шүүх зэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Энэ хугацаанд би өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ихэд хохирч байна...2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр намайг гэртээ байхад Д.Э-А /М-ын хүү/ нь манай хашаанд үхрээ оруулж, 20:30 цагийн үед Л.М ирж надтай маргалдаж байгаад үхрээ туугаад явсан. Удалгүй хүүхдүүд нь ирж намайг хэл амаар доромжилж, М-ын хүү Д.Э нь цагдаагийн үнэмлэх үзүүлэн өөрийнхөө унаж ирсэн машинд намайг суу гэж дарамталсан...Л.М-ын биед үүссэн хохирол чухам юунаас болж үүссэн талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шинжээч эмч нарт тавьсан зарим асуултад хариу өгөөгүй байсан. Мөн хохирогчийн биед үзлэг хийлгүй эхний шинжээчийн дүгнэлтийг дахин бичсэн байгаа нь учир дутагдалтай байна...би 2013 онд хүнд хагалгаанд орж эрүүл мэндийн шалтгааны улмаас өвөл, зундаа зуслангийн байшиндаа байдаг. Хагалгаанд орсны хойш 2 кг-аас хүнд зүйлийг өргөж болохгүй, байнгын эмнэлгийн хяналтад байж хэвтэж эмчлүүлдэг бөгөөд Л.М-ын биед гэмтэл учруулах чадваргүй байдлуудыг харгалзан үзэж энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Х.Н-г 2018 оны 8 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Шарга морьт”-ын зуслангийн задгай тоотод иргэн Л.М-тай “хашаанд үхэр орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж чулуугаар түүний баруун гуя хэсэгт цохиж, хөл рүү өшиглөж, Л.М-ын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Н-гийн гаргасан “дахин шинжээч томилуулах” тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар прокурорын тогтоолоор хүлээн авч /хх-78/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон /хх-39/.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...Л.М-ын эмчлүүлэгчийн карт байхгүй тул 3, 4 дүгээр асуултанд хариулах боломжгүй байна...” гэсэн дүгнэлт гарчээ /хх-42/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авсан атлаа шинжээчид тавьсан асуултад бүрэн хариулаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй, яллагдагч Х.Н-д хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс "...Л.М-ын биед учирсан гэмтлүүд өвчний улмаас үүсэх боломжтой эсэх (элэгний хорт хавдрын улмаас үүсэх боломжтой эсэх)..." асуудлыг шинжилгээний байгууллагаар нэг мөр тодруулах зорилгоор "мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх" гэсэн өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь зөв бөгөөд хохирогчийн биед чухам юунаас гэмтэл учирсан, яллагдагч Х.Н-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Прокуророос “...Х.Н-д холбогдох хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан нь үндэслэлгүй...” гэж маргаж байгаа хэдий ч яллагдагч нь гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулалгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй юм.

Иймд “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

                                                                                                           Л.ДАРЬСҮРЭН