Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 685

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.М нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: “УНК” ХХК /РД: /.

Хариуцагч: “УБЦТС ” ТӨХК.             

Нэхэмжлэлийн шаардлага: “... “У Б Ц Т С” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс “УНК” ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 580667 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг бүхэлд нь илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

УНК”-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 “... Манай компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 402 айлтай “У Н” хорооллын дулааныг ханган ажилладаг байгууллага юм. “УБЦТС ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь манай компаниас Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлэхгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхгүй байна гэж тайлбарлан 2018 оны 8 дугаар сарын 02 өдрийн байдлаар 103,422,457 төгрөгийн өр үүсгээд байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан Захиргааны гэрээ “эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байх” гэсэн шинж нь захиргааны гэрээ зөвхөн эрх зүйн зохицуулалтаар зөвшөөрөгдсөн хүрээнд байгуулагдахыг ойлгоно. Иргэний эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “гэрээний чөлөөт байдал” нь захиргааны байгууллагын хувьд хязгаарлагддаг. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь захиргааны гэрээ болохын хувьд гэрээний эрх чөлөөт байдлын зарчим хязгаарлагддаг буюу хэн, хэнтэй, ямар агуулгаар гэрээ байгуулахаа сонгох боломжгүй тухайлбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сулжээ” ТӨХК-ийн 2014 оны 4 сарын 2-ны өдрийн А/39 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний загварыг баталсан байна. Тус гэрээнүүд нь гагцхүү цахилгаан эрчим хүч хэрэглэхийг хүссэн хэрэглэгчийн хүсэлтийн үндсэн дээр захиргааны байгууллага болох “У Б Ц Т С” ТӨХК болон хэрэглэгч нарын хооронд хуульд заасан агуулгаар буюу Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм болон холбогдох бусад дүрэм, шаардлагад заасан агуулгаар, тогтоосон үнэ тариф, хууль тогтоомжид заасан эрх үүргийн хүрээнд байгуулагддаг.

Захиргааны гэрээг хууль ёсны гэж үзэхийн тулд гэрээний нэг тал болох захиргааны байгууллагыг төлөөлж хуулиар эрх олгогдсон эсхүл итгэмжлэл бүхий этгээд хэрэглэгчтэй гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх шаардлагатай. Харин “төлөөлөх эрхгүй этгээд” гэрээ байгуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн захиргааны гэрээг илт хууль бусад тооцох хуулийн зохицуулалттай.

 Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг нэг талаас “УБЦТС” ТӨХК, түүнийг төлөөлж Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Д.Т*******, гэрээний мэргэжилтэн Ч.Н******* нар манай компанитай байгуулсан байна. Гэвч уг этгээдүүд нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд түүнд тус компанийг төлөөлж хэрэглэгчидтэй гэрээ байгуулах эрх хуулиар болон гэрээгээр олгогдоогүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.14 дэх хэсэгт заасанчлан тус захиргааны гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлтэй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.12-д зааснаар маргаж буй гэрээ нь талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан гэрээ болсон юм. Учир нь манай компанийн үйл ажиллагааг “Б С П” ХХК эрхлэн явуулдаг байсан бөгөөд тус компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж “Ургах наран” хорооллын айл өрхүүдийн дулааныг тасалдалгүй явуулахын тулд яаралтай үйл ажиллагааг нь хариуцах этгээдийг байгуулах шаардлагын үүднээс “УНК” ХХК байгуулагдан “УБЦТС ” ТӨХК-иас шаардсан гэрээг нь байгуулан ажилласан байдаг.

Манай компанийн зүгээс тухайн үед цахилгаан эрчим хүчний борлуулагчийн хувьд биш үндсэн хэрэглэгчийн хувиар гэрээ байгуулж байгааг тухайн үед мэдээгүй, захиргааны байгууллагаас шаардсан, гаргасан загвар гэрээнд гарын үсэг зуран байгуулсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, захиргаа хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд өдөр тутам эрхлэн явуулдаг үйл ажиллагаагаа иргэд, аж ахуйн нэгжээс илүү мэдэхийн хувьд, чиг үүргээ хэрэгжүүлж байгаагийн хувьд үйл ажиллагааныхаа хэлбэрийг сонгон иргэд, аж ахуйн нэгжтэй харилцдаг. Гэтэл манай компанитай гэрээ байгуулахдаа байгуулах ёсгүй гэрээг байгуулж, үүний үр дүнд манай компанийг хохироосон байна.

Захиргааны байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүдийн зүгээс байгуулах ёсгүй байсан гэрээг манай компанитай байгуулж, улмаар уг гэрээний үр дагавраас үүдэн манай компани алдагдалтай ажиллаж цахилгааны төлбөрийн их хэмжээний өрөнд орох нөхцөл бүрдсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“ ...Эрчим хүчний тухай хууль, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, холбогдох норм тарифт үндэслэдэг учраас нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг гэрээ юм. Захиргааны ерөнхий хуулийн талаар судлаачдын гаргасан тайлбарт, цахилгааны дэд бүтэцтэй холбоотой эрчим хүч болон нийгмийн суурь үйлчилгээг хангахтай холбоотой, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэрээнүүд нь нийтийн эрх зүйн хүрээний захиргааны эрх зүйн гэрээ гэж үзжээ. Үүнийг шүүхээс хууль хэрэглээний түвшинд шийдвэрлэнэ.

Уг гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, 55.1.12, 55.1.14 дэх хэсэгт заасан 3 үндэслэлээр илт хууль бус болох нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлын зүгээс итгэмжлэл олгоогүй. Иймд эрх олгогдсон гэж үзэхгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.14-т заасан шаардлага хангаагүй, илт хууль бус гэрээ гэж үзэж болох нөхцөлийг бүрдүүлж байна.

“У Б Ц Т С” ТӨХК нь борлуулагчийн гэрээ биш хэрэглэгчийн гэрээ байгуулснаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хор уршиг бүхий үр дагаврыг “УНК” ХХК-д үүсгэж байна.

Захиргааны байгууллага өдөр дутамдаа явуулдаг гол үйл ажиллагаагаа хувийн хэвшлийн компанитай байгуулахдаа борлуулалтын гэрээг байгуулах нь зохистой гэж мэргэжлийн хүмүүстээ заавар зөвлөгөө өгөх ёстой байсан атал хэрэглэгчийн гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.12-т заасныг зөрчсөн байна.

Захиргааны гэрээ нь бусад иргэний эрх зүйн гэрээнээс ялгах хэд хэдэн онцлог байгаа. Энэ нь шатлалын онолын хувьд гэрээнээс үүдсэн маргааныг дээд шатны байгууллагад нь хандаж шийдвэрлүүлдэг зохицуулалт бүхий гэрээ гэж ойлгож байгаа. Мөн тус гэрээний 7.2 дугаар зүйлд энэ гэрээтэй холбоотой маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжлийн хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан байгаа. Хэрэв үүнийг нь зохих шатны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах зохицуулалт байдаг. Иймээс шатлалын онолын хувьд уг гэрээг захиргааны эрх зүйн гэрээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд “УБЦТС ” ТӨХК-тай байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Цахилгаан эрчим хүчээр хангах тухай” гэрээ нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч “УБЦТС ” ТӨХК-ийн захирал Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“ ... “УБЦТС” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан нутаг дэвсгэрт эрчим хүч хэрэглэх хүсэлт гаргасан бүх хэрэглэгч нартай татгалзах эрхгүйгээр гэрээ байгуулах үүрэгтэй байдаг.

“УНК” ХХК нь Баянзүрх дүүрэгт 402 айл, өрхтэй Ургах наран хорооллын дулаанаар хангах ажлыг хариуцан ажилладаг. Дээрх айлуудыг дулаанаар хангахын тулд дулааны ялтсан бойлуур ажиллуулдаг ба тус тоног төхөөрөмж нь цахилгаанаар ажилладаг болно. “УНК” ХХК нь 2015 оны 11 сарын 24-ний өдрийн 1014/15 дугаар албан бичгээр “тус ялтсан бойлуурны цахилгаан тооцоо, ашиглалтыг хариуцна”, 2015 оны 11 сарын 24-ний өдрийн 1015/15 дугаар албан бичгээр “402 айлын цахилгаан эрчим хүчний борлуулалтыг авна уу” гэж тус тус хүсэлт гаргаж байсан. Иймд хүсэлтүүдийг нь хүлээн авч манай компаниас хэрэглэгчийн код өгч, цахилгаан эрчим хүчээр хангах 580667 дугаартай гэрээг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийг баримтлан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан болно.

“УНК” ХХК нь нэхэмжлэлдээ дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээ нь төрийн чиг үүрэгт хамаардаг тул энэхүү гэрээг Захиргааны гэрээнд хамаарна гэсэн байна.

Тус асуудлыг салбарын үйл ажиллагааны онцлогт тохируулсан буюу тусгайлсан хууль болох Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдаг ба тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно” гэж заасны дагуу өмчийн хэлбэр үл хамааран ямар ч этгээд хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөл авч энэхүү үйл ажиллагааг эрхлэх эрхтэй байдаг. Иймд тус гэрээ нь Захиргааны гэрээ гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны гэрээг 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан бөгөөд тус хуулийн 52.1-д заасан харилцаа үүсээгүй бөгөөд салбарын тусгайлсан хууль буюу Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д гэрээ байгуулахдаа Захиргааны хууль бус Иргэний хуулиар зохицуулна гэж заасан байдаг тул Захиргааны гэрээнд хамруулах боломжгүй юм.

Иймд Захиргааны гэрээ гэж үзэхээргүй тул Захиргааны ерөнхий хуулийн 55.1.7, 55.1.12, 55.1.14 дэх заалтууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. “УБЦТС” ТӨХК нь эрчим хүч хэрэглэгчдээс авах цахилгаан эрчим хүчний үнийг тогтоодоггүй ба Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу үйл ажиллагаа явуулдаг тул хор уршигтай, үр дагавар бүхий, хохироосон, ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан зэрэг асуудал байхгүй болно.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ дагуу маргаантай асуудлыг урьдчилан шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Мөн цахилгаан эрчим хүч хангах гэрээтэй холбоотой маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус маргаан тул” гэсний дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...“Ургах наран хорооллын 402 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй учраас бойлуурыг ажиллуулж айлуудыг дулаанаар хангадаг. Харин тухайн айлуудын цахилгаан эрчим хүчийг манайх хангадаг. Ялтсан бойлуур нь өөрөө тогоор ажилладаг бөгөөд цахилгааны хэрэглээ нь тоолуураар хэмжигдэнэ. Тухайн тоолуурт гарсан эрчим хүчний төлбөрийг төлүүлэхийг бид хүссэн.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж өөрчлөх, эсхүл дуусгавар болохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан бөгөөд уг заалтад заасан харилцааг гүйцэтгэхдээ салбарын тусгайлсан хууль буюу Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “гэрээ байгуулахдаа захиргааны бус иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байх тул дээрх нэхэмжлэлд дурдсан гэрээг захиргааны гэрээнд хамааруулан үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь манайхтай борлуулагчийн гэрээ байгуулах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Борлуулагч гэдэг ойлголт нь тусдаа өөр ойлголт юм.

Манай байгууллагын хувьд цахилгаан эрчим хүчний байгууллагаас эрчим хүчийг авч, жижиглэн бүх хэрэглэгчдэд борлуулдаг. Нэхэмжлэгч тал манайхтай адил өөрсдөө эрчим хүчийг авч, жижиглэн борлуулагч хийх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл шугам болон тоног төхөөрөмжөө өөрсдийн мөнгөөр барьж, Дулааны цахилгаан станцаас шугамаа татаж Ургах наран хорооллын 402 өрх бүхий айл уруугаа байрлуулж, дулаанаар хангах боломжтой. Гэхдээ нэхэмжлэгч нь гадаад худалдаа эрхлэх эрхээс өөр эрхтэй гэсэн зүйл гэрчилгээнд нь байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Ялтсан бойлуур ажиллуулаад дулааныг 402 айл өрхөд түгээснийхээ төлбөрүүдийг тухайн айлуудаас авч байгаа. Дулааны төлбөрийг авахдаа тухайн дулааныг ажиллуулсан бойлуурын өртөг болон ажилчдын хөлс, цахилгаан эрчим хүчний зардлаа тооцож, ашиг гарган авдаг. Харин эдгээр тооцож авсан мөнгөнөөс цахилгаан хэрэглэсэн зардлаа бидэнд тооцож өгөхгүй байсаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг төлөх ёстой байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар энэ мөнгөн дүн нэмэгдсэн байгаа. Гэтэл үүнийгээ төлөлгүй явсаар тодорхой хэмжээний төлбөрт унаад үүнийгээ бидний буруу гэх мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн манай байгууллага нь Захиргааны байгууллага биш атал өнөөдөр тус шүүхэд хариуцагчаар оролцох боломжгүй юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“УНК” ХХК-тай адил үйлчилгээ үзүүлдэг компаниуд Улаанбаатар хотод их байдаг. Эдгээр компаниудын ихэнх нь ашгийн төлөө байгуулагддаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар дулаан сүлжээний төв шугамаар дамжин ирж байгаа дулааныг хэрэглэгчдэд түгээж, хэрэглэгчдээс мөнгийг нь авч, шаардагдах зардлуудыг хасаж, үлдсэн дүнгээрээ ашиг олдог байгууллага.

Манай байгууллага цахилгаанаар хангадаг байгууллага учраас борлуулагчийн гэрээ байгуулах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч тал ойлгож байгаа атлаа цаг хугацаа хожих арга сэдээд байна гэж үзэж байна.

Иймээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “УНК” ХХК-иас шүүхэд хандан “...“УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс “УНК” ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 580667 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг бүхэлд нь илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбаруудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд буюу өөр бусад нөхцөл байдлыг шалгахгүйгээр шүүхийн шалгалтын цар хүрээг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зүгээс “илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, 55.1.12, 55.1.14-т заасан  үндэслэлд хамаарч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж маргасан бол, хариуцагчийн зүгээс “хэрэглэгчийн код өгч, цахилгаан эрчим хүчээр хангах 580667 дугаартай гэрээг байгуулсан нь Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийг зөрчөөгүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь захиргааны гэрээ биш тус шүүхийн харьяаллын маргаан биш” хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох ёстой гэж татгалзлаа тайлбарлаж байна.

Гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, ******* регистртэй, улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй “УНК” ХХК нь Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “дулаан түгээх” чиглэлээр олгосон 02/2017 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, мөн зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “дулаанаар зохицуулалттай хангах” чиглэлээр олгосон 03/2017 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 110 дугаар тогтоолын дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заагдсан нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх 00256 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй ба эдгээр нь олгогдсон огнооноос хойш гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан Ургах наран хорооллын 8 орон сууцны нийт 402 айл өрхийн дулааныг хангах зорилгоор нэг талаас “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, уг төвийн менежер Д.Т*******, гэрээний мэргэжилтэн Ч.Н******* /хангагч тал/, нөгөө талаас “УНК” ХХК-ийн захирал Б.Б, нягтлан бодогч С.Б /хэрэглэгч тал/ нар 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатай, 580667 дугаартай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулжээ.

Нэхэмжлэгч нь илт хууль бус гэрээ болохыг тогтоолгохыг хүсч байгаа дээрх гэрээг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж үндэслэлийг нь тайлбарлахдаа нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7 “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэх заалтанд хамааруулж, Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу хариуцагч нь гэрээт борлуулагчийн гэрээ байгуулах ёстой байхад цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ буюу шууд хэрэглэгчтэй байгуулдаг гэрээ байгуулснаар хор уршигтай үр дагавар үүсгэсэн, хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.12 “талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан” гэх заалтанд хамааруулж, хариуцагчаас шаардсан гэрээг нь байгуулж ажиллахдаа тухайн үед цахилгаан эрчим хүчний борлуулагчийн хувьд биш үндсэн хэрэглэгчийн хувиар гэрээ байгуулж байгаагаа мэдээгүй, гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14 “төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан” гэж зааснаар гэрээг байгуулсан этгээдүүд нь хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүд биш бөгөөд тэдгээрт компаниа төлөөлж хэрэглэгчидтэй гэрээ байгуулах эрх хуулиар болон гэрээгээр олгоогүй гэжээ.

Шүүх маргааны зүйлээ үндэслэж байгаа дээрх гурван үндэслэлийг хууль зүйн хувьд үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, мөн хууль, зүйлийн 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” захиргааны гэрээг хэрэглэж болно, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Захиргааны гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн ... нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.4 “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг ... эрчим хүчний байгууллагын захиргаа”  гэж зааснаар захиргааны гэрээ байна. Энэ утгаараа нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсч байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох “УБЦТС” ТӨХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны 3/15 дугаар албан бичиг, “УНК” ХХК-ийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны 1026/16 албан бичиг, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3878/2013 дугаар бүхий техникийн нөхцөл, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “УНК” ХХК нь дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх тусгай зөвшөөрлөө хангаж ажиллахдаа өөрөө хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж байсан, үүссэн өр төлбөрийн талаар танилцаж байсан, хариуцагчаас гаргасан албан бичгийн хувийг нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан нь тогтоогдож байна. Үүгээрээ хүчинд автаж, хууран мэхлэгдэж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл байхгүй, гэрээнээс үүсэх үр дагаврыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс цахилгаан эрчим хүчийг борлуулах гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулах үндэслэлгүй, эрчим хүчээр хангагч байхынхаа хувьд эрчим хүчний зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээд л борлуулалт хийж, эрчим хүчийг худалдах эрхтэй байна.

Нөгөө талаас “Ургах наран хорооллын 402 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй учраас бойлуур ажиллуулж айлуудаа дулаанаар хангадаг. Ялтсан бойлуур нь өөрөө цахилгаанаар ажилладаг ба ялтсан бойлуур ажиллуулаад 402 айл өрхөд дулаан түгээснийхээ төлбөрийг тухайн айлуудаас авдаг, ингэхдээ цахилгаан хэрэглэдэг ба хэрэглээ нь тоолуураар хэмжигддэг. Тухайн тоолуурт гарсан цахилгаан эрчим хүчийг манайх хангаж гэрээ байгуулсан, ийнхүү гэрээ байгуулж цахилгаан хэрэглэсэн зардлаа бидэнд тооцож төлөхгүй байгаа” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэж, “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 55.1.14-г зөрчсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. “УБЦТС ” ТӨХК-ийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний шинэчилсэн загвар батлах болон тус гэрээг цахим хэлбэрээр шинэчлэх, сунгах үйл ажиллагааны журам, дэг жаягийг батлах тухай” А/39 дүгээр тушаал ёсоор зөвхөн нэхэмжлэгч “УНК” ХХК-тай бус шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлтэй бүхий л хэрэглэгч нартай нэгэн адил хэрэглэгчдэд үйлчлэх харьяа төвүүдээрээ дамжуулан гэрээ байгуулдаг болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгчтэй байгуулах гэрээг зөвхөн хариуцагч компанийн захирал байгуулах байсан гэж үзсэн ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т: “Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй юм.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 28.3-д “Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г илт хууль бус гэрээ гэж тогтоох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “УНК” ХХК-иас “УБЦТС” ТӨХК-д холбогдуулан гаргасан “...“УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс “УНК” ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 580667 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг бүхэлд нь илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох  ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН