Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

Улсын яллагч: Б.Мөнх-Од;

Хохирогч: А.Уртнасан;

Шүүгдэгч: М.Баярмаа, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Магванжавын Баярмаад холбогдох эрүүгийн 201525021005 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЗЮ64032867, Боржигон овогт Магванжавын Баярмаа.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн  яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч М.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 28-ны оройн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайлм паб” гэх нэртэй зоогийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч А.Уртнасанг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэр өдөр “Салм” караокед 15 цагт очиж зохион байгуулагч Ариунболдтой уулзаад орой төрсөн өдрөө тэмдэглэхээр захиалга өгсөн. 18 цагт найзуудын хамт ороод сайхан үйлчлүүлсэн. Би ухаанаа алдтал согтоогүй байсан. 23 цаг 40 минутын үед найзуудын хамт гарахаар болоод тооцоогоо авсан. Тооцоо 581.300 төгрөг гарсан байсан. Манай найзууд “архи илүү бичсэн байна” гэж хэлсэн. Би текэн дээр очоод “тооцоо илүү байна, эрүүлдээ тооцооноо шалгамаар байна” гэж хэлсэн. Тэгээд “281.000 төгрөгийг одоо өгөөд маргааш үлдсэн 300.000 төгрөгийг өгье” гэхэд Уртнасан “согтуу авгай чинь ингэж яваад сурчихсан юм уу” гээд хэл амаар доромжлоод байсан. Уртнасан харьцааны соёлгүй байсан. “Ингэж яваад сурсан юм уу” гэдэг үгэнд нь би эмзэглэсэн. Тэгээд маргалдаад Уртнасанг 1 удаа зүүн хацарт нь алгадсан. Бөгжний өнцөг таараад хацарнаас нь цус гарсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж, буруугаа ойлгож байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэхэд эрүүлжүүлэгдсэн. Дараа нь надаас Сүхбаатар дүүргийн цагдаа дээр байцаалт авсан. Би өөрийнхөө 100 хувь буруу гэж үзэхгүй байгаа. Манай хамт явсан найз нөхдөөс мэдүүлэг авааүй байна. Хэнээс болж хохирогчийг алгадсан эсэхийг тодруулах шаардлагатай байна гэв.

 

            Хохирогч А.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Баярмаа эгч манай байгууллагаар үйлчлүүлсэн. Би тайлангаа хийгээд өрөөндөө сууж байсан. Манай байгууллагын зүгээс сайн үйлчилгээ үзүүлсэн. Намайг манай зөөгч дуудаад “тооцоогоо хийхгүй байна” гэж хэлсэн. Би очоод “дараа нь тооцоогоо хийх боломжгүй, санхүүгийнхэн орлогоо шууд хүлээж авдаг” гээд тайлбарлаж хэлсэн. Тайлбарлахад ойлгохгүй намайг хэл амаар доромжилж байснаа цохиод авсан. Хамгаалагч ирээд салгасан. Миний зүгээс хууль ёсны шаардлага тавьсан. Үүнээс хойш надтай холбоо бариагүй. Би нөхөн төлжүүлэх тос авч түрхсэн. Цаашдын эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Эмчилгээний зардал  646.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 335.000 төгрөг, миний баримттай зардал нийлээд 1.098.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Уртнасан /хх-ийн 20/, гэрч Б.Ариунболд /хх-ийн 21/, Б.Бүрэнтогтох /хх-ийн 22/, Х.Оюунцэцэг /хх-ийн 23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4409 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 25/, М.Баярмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, М.Баярмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, М.Баярмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-40/, хохирогчоос шинээр өгсөн “Номадс хосфиталити” ХХК-ийн цалингийн тодорхойлолт зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Прокуророос шүүгдэгч М.Баярмааг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Х.Уртнасанг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй хэмээн үзжээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар М.Баярмаагийн үйлдсэн хэргийн объект нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг чиглэсэн эсэх, нийгмийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн эсэхийг ялгаж дүгнэлгүйгээр “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн”, гэмт хэрэг гарах болсон “шалтгаан”-ыг “үл ялих зүйлээр шалтагласан” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг гарахаас тодорхой цаг хугацааны өмнө үүссэн сэдэлт, шалтгаанд үндэслэл бүхий, тодорхой дүгнэлт өгөлгүйгээр сэдэлтийн талаар алдаа бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд М.Баярмаа Х.Уртнасанд гэмтэл учруулсан шалтгаан буюу гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт нь тодорхой сэдэлттэй, “төлбөр тооцооны” асуудлаас үүдэлтэй үүссэн, тухайлбал М.Баярмаа нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Салм паб”-д өөрийн төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд төрсөн өдрийн арга хэмжээ өндөрлөх үед “Салм паб” үйлчилгээний байгууллага М.Баярмаагаас 581.350 төгрөгийн төлбөр тооцоог нэхэмжилсэн байна. Гэтэл М.Баярмаа нь дээрх төлбөр тооцооноос “281.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг маргааш төлөх” талаар хэлжээ. Үүнээс үүдэлтэйгээр үйлчилгээний байгууллагын ажилтан “төлбөрийг маргааш төлж болохгүй, цаг тухайд нь одоо төлөх ёстой” хэмээн М.Баярмаа нарын хооронд маргаан үүссэн байна. Ингэж “төлбөр тооцоо”-ноос үүдэлтэй маргааны явцад хохирогч А.Уртнасангийн “…та ямар сонин юм, дандаа ингэж яваад сурчихсан юм уу?” гэж хэлсэн үгэнд М.Баярмаа уурлан, хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Нөгөө талаар “Салм паб” үйлчилгээний байгууллагын тухайд “төлбөр тооцоо дутуу төлсөн, огт төлөөгүй” үйлчлүүлэгчээс хэрхэн төлбөр барагдуулж авах талаар байгууллагын тодорхой журамгүй, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “өөрсдөө төлбөрт орохгүйн тулд ямар нэг байдлаар тухайлбал үйлчлүүлэгчийн үнэд хүрэх эд зүйл, бичиг баримтыг барьцаалж авч үлддэг” зэрэг өөрсдийн дур зоргоор асуудлыг шийдвэрлэдэг байдлаас шалтгаалж  үйлчилгээний байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч нарын хооронд үл ойлголцол, өөр хоорондын маргаан үүссэн болохыг нотолж байна.

 

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл шүүгдэгч М.Баярмааг өөрийн төрсөн өдрөөр хэрэглэсэн эд зүйлийн төлбөр тооцоог огтоос төлөхгүйгээр, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөж, агсам тавих зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Баярмаа хохирогч А.Уртнасанг зодож хөнгөн гэмтээсэн үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг бий болгоогүй, харин хувийн таарамжгүй харьцаа, тухайн үеийн маргаан нь үйлдэл, хор уршиг бий болохоос өмнө үүсэж, улмаар үр дагаврыг шууд бий болгожээ.

 

Иймд прокуророос М.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч М.Баярмаа нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Салм паб” нэртэй зоогийн газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “төлбөр тооцоо”-ны асуудлаас үүдэлтэй маргалдаж улмаар хохирогч А.Уртнасангийн “…та ямар сонин юм, дандаа ингэж яваад сурчихсан юм уу?” гэж хэлсэн үгэнд уурлан хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч А.Уртнасангийн /хх-ийн 20/: “…2016 оны 03 дугаар сарын 28-ны оройн 23 цаг өнгөрч байх үед манайд төрсөн өдрөө тэмдэглэж үйлчлүүлж байсан нэг настай эгч байсан. Хамгийн эхлээд манай зөөгч тэр эмэгтэй дээр очоод 581.350 төгрөгийн тооцооны хуудас өгсөн. Гэтэл тэр эмэгтэй тооцооны хуудсыг харчихаад “төлөвлөгдөөгүй тооцоо гарсан байна” гээд тооцоогоо хийхгүй байсан. Манай зөөгч над дээр ирээд “тэр хүн тооцоогоо хийхгүй байна. Та очоод уулзаад өгөөч” гэсэн. Би очоод эхлээд үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсох ёстой учраас “юу болсон юм бэ” гэж асуухад “төлөвлөгдөөгүй тооцоо гарсан байна” гээд 280.000 төгрөгийн тооцоо өгөөд “үлдэгдлийг нь одоо өгч чадахгүй, маргааш өгье” гэж хэлсэн. Би “маргааш өгч болохгүй, бид нар өөрсдөө тооцоо нийлдэг тул арга хэмжээ авахуулна” гэж хэлсэн чинь “тэгвэл өгөхгүй та нар Монгол Улсын нутагт амьдарч байж яахаараа ингэдэг юм, яахаараа өгч болдоггүй юм, хүний боол хийсэн юмнууд…” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “та ямар сонин юм, дандаа ингэж яваад сурчихсан юм уу?” гэж хэлсэн чинь миний нүүр рүү гараараа цохичихсон юм…” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ариунболдын /хх-ийн 21/: “…Тухайн үед болсон асуудлын талаар харсан зүйлгүй. Манайд үйлчлүүлж байсан эмэгтэй манай зохион байгуулагчийн нүүр рүү цохичихлоо гэхээр нь яваад очтол нөгөө эмэгтэй “чи хүрээд ирсэн үү” гэж хэлсэн. Би тэр хүнтэй юм ярилгүй чимээгүй байсан…Тооцооноос болж хэрүүл үүсээд байсан…” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бүрэнтогтохын /хх-ийн 22/: “…2016 оны 03 дугаар сарын 28-ны оройн 23 цагийн орчим манайд төрсөн өдрөө тэмдэглээд үйлчлүүлж байсан эгчийн үйл ажиллагаа нь дуусаж байсан юм…Тэгээд тэр эгч тек нь дээр очоод “тооцоо ямар их гарсан юм бэ? Миний санаснаас их гарсан байна. Маргааш үлдэгдлийг нь хийе” гээд агсраад дайраад байсан. Тэгэхээр нь “ядаж та үнэ хүрэхээр юм үлдээ” гэхэд “үгүй тэгж чадахгүй, Монголын газар нутагт байж та нар ямар сүртэй юм” гээд байсан. “Бид нарыг цаана оффис дээр очихоор “ажлаа хийж чадахгүй байна” гээд загнаад байдаг юм” гэхэд “тэгвэл асуудал болгоё, та нар үйлчилгээний ажилтан хийж байж” гээд дайраад байсан. Менежер ирсэн бөгөөд нөгөө эгч “би угаасаа төлж чадахгүй, шийдэх газраар нь шийд, цагдаа дууд” гээд байсан. Менежер “хамгаалагч дууд” гээд тэр хооронд “…та энд тэнд тооцоогоо хийхгүй яваад сурчихсан юм уу…” гэж хэлсэн чинь баруун талын гараараа менежерийн хацар руу алгадчихсан юм…” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд М.Баярмаагийн сэжигтнээр мэдүүлсэн /хх-ийн 30/ “…Тооцоо авахад зөөгч нь надад 581.000 төгрөгийн тооцооны хуудас өгсөн юм. Тухайн үед би тооцооны хуудсаа авчихаад тэд нарт хандаж “Би согтуу байна, юу авсанаа мэдэж байгаа. Одоо тал мөнгийг нь өгөөд маргааш эрүүл болоод ирж тооцоогоо тулгаад үлдэгдэл мөнгийг чинь өгье. Танай заал зохион байгуулагч 20 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж байсан”  гэж хэлсэн. Гэтэл цаанаас нэг эмэгтэй хүрч ирээд “заал зохион байгуулагч юугаа мэддэг юм, би мэднэ” гээд “согтуу авгай минь та энд тэнд ингээд тооцоогоо дутуу хийгээд сурчихсан авгай юм байна л даа” гээд хэл амаар дайраад байхаар нь би баруун гараараа тэр эмэгтэйг алгадчихсан юм…” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Баярмаагийн буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Уртнасангийн биед “зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4409 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар М.Баярмаагийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Баярмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Уртнасан гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрт нийт 1.103.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

 

Үүнээс мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор 122.200 төгрөгийг (хх-ийн 14 талын ард дугаарлагдаагүй баримт: эмчийн зөвлөгөө 15.000 төгрөг, L&C Cerum тос 96.000 төгрөг, CD бичлэг 11.200 төгрөг) шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Баярмаа дээрх 122.200 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаанд бэлэн мөнгөөр төлснийг хохирогч “авахгүй” гэсэн тул уг мөнгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд тушаалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

Харин хохирогчийн бүрдүүлсэн “Номадс Хоспиталити” ХХК-ийн тодорхойлолт (албан ёсны орлого тодорхойлсон баримт гэж үзэхэд учир дутагдалтай), “BEATY QUEEN Deluxe Medispa”-ийн эмчийн зөвлөгөө (зөвлөгөөнд дурдсан эмчилгээг хийлгэхэд гарах зардлыг хэн бичсэн нь тодорхойгүй, өөр өнгийн балаар бичсэн) зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад тулгуурлаж 981.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Ийм учир хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 335.000 төгрөг (Жнь: нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар), ирээдүйд хийлгэх эмчилгээний зардал 646.000 төгрөг (Жнь: тухайн байгууллагын албан ёсны үнийн санал, тодорхойлолт), бүгд 981.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс М.Баярмаад ял оногдуулахдаа  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч М.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Магванжавын Баярмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярмааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг) 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярмаа торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч А.Уртнасан нь ажилгүй байсан хугацааны цалин болон ирээдүйд хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч М.Баярмаагийн гэм хорын нөхөн төлбөрт төлсөн 122.200 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 900005406 дугаартай дансанд тушаалган, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Уртнасанд  /РД:ЦВ83070101/ олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 2 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ