Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 15

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн У сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 72 дугаар байрны А-303 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл И овогт П.С-т /РД:.../ холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.С нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Төмөр замын цэцэрлэгийн  гадаа хохирогч С.Б-ын Самсунг А21 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 09 сарын 07-ны  өдөр гэрээсээ гарч төвд явж байгаад Шилжүүлэн ачих ангид хамт ажиллаж байсан Б-тай тааралдсан. Тэр жаахан халамцуу явж байсан. Ингээд бид 2 дэлгүүрээс нэг шил архи авч хувааж уусан, тэгээд би утсыг нь авч яваад зарчихсан. Дараа нь надаас асуухаар нь би зарсан гэж хэлсэн.  Хохиролд 500,000 төгрөгийг Б-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаагийн учрыг ойлгосон ” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 03/

Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнБи Замын-Үүд сумын Төмөр замын шинжүүлэн ачих ангид оосорлогч хийдэг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ гараатай байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 08 цаг болж байхад ажлаасаа буусан. Тухайн өдөр өглөө манай ажлын газрын хүн болох Б, С хоёртой архи уусан ажлын газрын хүмүүсээс салаад С гэх хамт ажилдаг байсан хүнтэй тааран нэг шил 0.5гр Ерөөл архи авч өгсөн бөгөөд уг архийг Замын-Үүд сумын 1 дүгээр баг Төмөр замын цэцэрлэгийн зүүн талд байрлах цагаан тоосгон нэг давхар байшингийн гадаа ууж байгаад шөнө нойргүй хоносон болохоор архи ууж байсан газраа тасраад унтсан байсан. Тэр үед хамт ууж байсан С гэх залуу миний Samsung A21 маркын утсыг миний өмдний хармайнаас авсан байсан. С миний гар утсыг авч яван 30,000 төгрөгөөр зарсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  С-ын гэрт очоод уулзахад С би уг утсыг авч зарсан би төлж өгнөө гэж хэлсэн. С-ын ээж нь хэд хоног хүлээж бай төлж өгнө гэж хэлсэн. Одоо бол С-ын ээж нь би төлж чадахгүй та нар цагдаагийн байгууллагаар энэ асуудлаа шийд гэж байсан. Надтай хамт ажилладаг Б гэдэг залуу Замын-Үүд сумын Gаrnet төвийн В1 давхрын гар утас зардаг газар ажлуулдаг байсан тул 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Samsung A21 маркийн гар утсыг 550,000 төгрөгөөр 2 сарын дотор төлөхөөр авсан. Одоо мөнгөө төлж дуусаагүй шинэ утас байсан... 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С-тай архи ууж байхдаа гар утсаа хулгайд алдсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр С-ыг хайгаад олоогүй. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө С-ын гэрт очиход гэртээ байхгүй байсан. Өдөр гэрт нь дахин очиход гэртээ байсан тэгээд С-аас гар утсаа авмаар байна гэхэд “Б гэх хүн чиний утсыг зарна гээд явж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С-ыг аваад гарч Б гэх хүнийг хайсан. Тэгээд Б гэх хүнийг гадуур хайж зөндөө явсан. Удалгүй С хонгор махны дэлгүүрийн хажууд байдаг С гэх ахад би 30,000 төгрөгөөр зарсан гэж хэлээд намайг дагуулж С гэх хүн дээр очсон. Тэгээд С гэх хүнтэй уулзахад “би тэр утсыг аваагүй Хонгор махны дэлгүүрээс мах аваад гарч байсан хоёр хүүхэнд 30,000 төгрөгөөр зарж өгсөн гэж байсан. Тэгээд удалгүй С миний утсыг төлж өгөхөөр болоод салж явсан. ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13-14, 20/,

Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай нөхөр Б нь Замын-Үүд сумын Төмөр замын шинжүүлэн ачих ангид оосорлогч хийдэг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ гараатай байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 08 цаг болж байхад ажлаасаа буусан. Тухайн өдөр манай нөхөр Б нь өглөө ажлаасаа буусан хойноо ажлын газрын хүмүүстэй архи уусан гэж байсан ажлын газрын хүмүүсээс салаад С гэх хүнтэй тааран нэг шил архи авч өгсөн бөгөөд уг архийг Замын-Үүд сумын 1 дүгээр баг Төмөр замын цэцэрлэгийн гадаа ууж байгаад шөнө нойргүй хоносон болохоор гадаа тасраад унтсан байсан. Тэр үед нь хамт ууж байсан С нь манай нөхрийн утсыг биеэс нь ухаж авсан байсан. Тэгээд тэр дороо хүнд 30,000 төгрөгөөр зарсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр бид хоёр С-ын гэрт очоод уулзахад С би уг утсыг авч зарсан би төлж өгнөө гэж хэлсэн. С-ын ээж нь хэд хоногоос төлж өгнө гээд нөхөр бид хоёрыг хүлээлгээд байсан. Одоо бол С-ын ээж нь би төлж чадахгүй гэж хэлсэн. Замын-Үүд сумын Gаrnet төвийн В1 давхрын гар утас зардаг газраас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Samsung A21 маркын гар утсыг 550,000 төгрөгөөр 2 сарын дотор төлөхөөр авсан. Одоо мөнгөө төлж дуусаагүй шинэ утас байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 сарын 22-ны өдрийн “ Самсунг А21 маркийн гар утас 500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 821/1860 тоот дүгнэлт /1-р хх-ийн 21-23/

Шүүгдэгч П.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /1-р хх-ийн 31/

Хохирогч С.Б-д учирсан хохирлын тооцоо, жагсаалт /1-р хх-ийн 138/

Шүүгдэгч П.С-ын Прокурорыг газарт гаргасан “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн учруулсан хохирлоо нөхөж төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 3/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.С нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Төмөр замын цэцэрлэгийн гадаа хохирогч С.Б-тай архи ууж байгаад түүний Самсунг А21 маркийн гар утсыг хулгайлан авч, худалдан борлуулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 сарын 22-ны өдрийн “ Самсунг А21 маркийн гар утас 500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 821/1860 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.           

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч С.Б-д хэрэгт тогтоогдсон хохирлын үнэлгээний дагуу 500,000 төгрөгийг төлж барагдуулсан нь 1-р х.х-ийн 222 дугаар хуудсанд авагдсан ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөдл байдал болно, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт П.С /РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт П.С-ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц