Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/15 |
Огноо | 2022-01-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Д-д холбогдох 2116001550006 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогтой Л-н Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Д-н Говь-Алтай аймгийн Цогт сумын Далан багийн нутаг дэвсгэр “Нарийн дөрөлж” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг чулуугаар цохиж, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, толгойн орой, зүүн чамархайд зулгаралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Л.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... Намайг ганц хүүхдийнхээ толгойг залгисан... гэж хэлсэн гэж хэлэхээр нь би жоохон чулуу аваад цохисон миний буруу...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Очоод мэнд мэдээд би Б.Б, Д хоёрт хандаж “...Б.Б ах та яагаад хөдөө гэрийн урд явж байгаа малыг хөөсөн юм бэ? Зун танай дүү М багийн эмч болохоор нь дуудлага дуудах гээд очсон тэгтэл танай ээж Д багийн эмч амралтаа авсан завгүй байна аа, малдаа тэмдэг хийнэ гээд байна гэхээр нь би хүний бие муудаад хамаг бие нь чичрээд байна, уначихаад байна гэж хэлсэн чинь сум руугаа аваачиж үзүүл, эсхүл дуудлагаа дууд гээд намайг загнаад багийн эмчээ явуулаагүй...” гэж хэлсэн. Б.Б хариуд “...тэр чинь ямар хамаатай юм бэ...” гэж хариулсан юм. Тэгэхээр нь би та нар хүнтэй эвтэй харьц гэж хэлтэл Д нь газраас томхон чулуу аваад гартаа атгаж байгаад миний толгойны орой /урд/ хэсэгт цохисон. Тэгээд миний толгойны оройноос цус гарсан... Тэгээд гэртээ байж байгаад 16 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ Н-тай хамт мотоциклиор явсан юм. Яваад Нарийн дөрөлж гэх газарт бид 2 явж байтал зам дээр Б.Б, Д, О, Ц нар мотоциклийнхоо хажууд сууж байсан юм. Яг зам дээр байгаа болохоор нь зогсож уулзсан юм. Д-д хандаж “...миний толгойг яагаад чулуугаар хага цохичихвоо...” гэтэл Д “...чиний толгойг хагалахад яадаг юм бэ...” гэж хэлээд бид нар хэрэлдэж маргалдсан юм. Тэр үед О хүрч ирээд одоо та нар больцгоо садан төрөл хүмүүс байж гэж хэлээд ирж болиулсан юм. Тэгээд О намайг хоёулаа ийшээ гараад уулзъя гээд дагуулаад хүмүүсээс зайдуу гараад зогсож байтал ирчтэй, хүчтэй чулуу ирж миний толгойны баруун талын чихний урд хэсэгт цохисон юм. Тэгээд би шууд чулуугаар оногдсон хэсгээ гараараа дараад нүд харанхуйлаад газарт унасан юм. Тэгээд хартал Д над руу чулуу шидсэн бололтой цаашаа Б.Б, Ц нар руу алхаж байсан юм. Би О-оос “...хэн миний толгой руу чулуу шидсэн бэ...” гэж асуутал Д эгч шидчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр талууд/,
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.Б, Д эгч С нар хоорондоо малын бэлчээрээс болоод маргалдаад муудалцаад хэрэлдээд байсан. Би нээх тоолгүй гар утсаар хүнтэй яриад хажууд нь зогсож байсан. Тэгээд би хоорондоо муудалцаж бариад сүйд болохгүй байх гэж бодоод, мөн ах дүүсийн хүүхдүүд болохоор нь нээх тоолгүй байж байтал С болон Б.Б 2 нэг нэгнээ заамдаад авсан бөгөөд утсаар ярьж байгаад дахиад хартал С-н толгойноос нь цус гараад нүүр хэсэг рүү нь урссан байсан юм. Тэгэхээр нь би больцгоо юу болоод яагаад байна аа гээд салгасан чинь Д эгч хажуугаас нь чулуу шидээд байхаар нь болиулаад салгасан. Тэгсэн чинь манай эхнэр ирээд юу болоод зодоон болоод байна гээд надаас асуухаар нь би зодолдоогүй энэ хүмүүс хоорондоо маргаад муудалцаад байхаар нь би салгачхаад байж байна гэж хэлээд эхнэр бид 2 гэр рүүгээ явсан юм. Бид хоёрыг гэр рүүгээ явахад С мотоциклио унаад гэрээрээ ороод хүргэнээ аваад хөдөө явна гээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр талууд/,
Гэрч Ө.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Ц-н хамтаар хөдөө байдаг гэрээсээ сумын төв дээр орж ирсэн юм ... Бэргэн эгч Д манай эхнэр рүү залгаад ханьтай хөдөө гаръя гэж хэлсэн юм ... Б.Б ахын хашааных нь гадаа очиход Б, эхнэр Ч, Б.Б ах, Д эгч 4 зогсож байсан юм. Очтол шууд өмнөөс Д эгч хурдан ирэхэд яадаг юм бэ? С ирээд дээрэлхээд байна гэж хэлсэн. Тэгээд яасан юу болсон гэсэн чинь С ирээд дээрэлхээд, доромжлоод байхаар нь чулуугаар толгойг нь хагалчихлаа гэж хэлсэн... Сумаас гарахад цаг 17 цаг өнгөрч байсан байх ... Араас С нь мотоцикльтой хүргэнтэйгээ хоёулаа сундлаатай ирээд зогссон. Ирээд шууд Д эгчийг чи миний толгойг яасан хагалдаг юм бэ? гэж хэлээд мотоцикльноосоо буугаад шууд бид нар дээр хүрээд ирсэн юм. Ирчихээд шууд Д эгч дээр очоод хэрэлдээд муудалцах гээд байсан тэр үед манай эхнэр Ц, Б.Б ах нар Д эгчийг өмөөрөөд хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан юм. Би мотоциклийнхоо хажууд байж байгаад хэрэлдээд болихгүй байхаар нь та нар садан төрөл хүмүүс байж яагаад юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд Н-н хамтаар тэд нарыг болиулсан юм. Тэгээд С-г миний ах тайвшир гээд цаашаа салгаад тайвшруулаад алхсан. Тэгээд миний үгэнд ороод би С-г сугадчихсан тайвшруулаад явж байтал гэнэт С-н баруун талаас чулуу орж ирээд цохитол газарт шууд уначихсан юм. Тэгээд би иргэж хараад та нар чинь нэгнийгээ аллаа шүү дээ, садан төрөл байж гэж хэлсэн юм. С ахын баруун чихнийх нь урд хэсгээс цус гоожиж байсан юм. Босч ирэхдээ та нарыг нь ална гэж хэлээд тэд нар руу явах гээд дайраад байхаар нь би болиулсан юм. Тэгээд тайвшруулаад суулгатал хэн намайг чулуугаар цохичихвоо гэхээр нь Д эгч цохичихлоо гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар талууд/,
Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... С 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад хүнтэй уулзана гээд алхаад явсан... Ирсэн чинь толгой нь хагарсан, толгойноос нь цус гарчихсан цус болчихсон байсан юм. Яасан юу болсон бэ гэсэн чинь сая Б.Б болон эхнэртэй нь тааралдсан чинь эхнэр нь чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрийн ойр зуурын юм хийж хэсэг байж байгаад 16 цагийн орчимд хөдөө мал руугаа явсан юм... шууд яваад Нарийн дөрөлж гэх газарт хүртэл зам дээр Б.Б эхнэр, хүргэн, дүүтэйгээ дөрвүүлээ хоёр мотоцикльтой сууж байсан юм ... Очоо зогстол С миний толгойг яагаад хагалчихваа гэсэн чинь Д эгч яадын чиний толгойг хагалахад гэж хэлсэн. Тэгээд С, Д нар хэрэлдээд, Б.Б эхнэрээ өмөөрөөд хэрэлдээд муудалцаад байсан ... О хэсэг мотоциклийнхоо хажууд байж байгаад та нар одоо ах дүүс хүмүүс байж боль боль гэж хэлээд салгах гээд бас очсон юм... Тэгээд О бид хоёр голоор нь ороод салгаад болиулаад О нь С-г аваад цааш алхаад явсан юм. Тэгээд явж байтал гэнэт С-н баруун талаас толгойн хэсэгт нь чулуу ирээд оносон. Д эгч чулуу шидээд би яаг чулуу онож байхыг нь харсан. Чулуунд оногдоод С нь газарт унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр талууд/,
Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Д эгч С ирээд дээрэлхэж, дээрэлхэж явчихлаа гээд загнаад байсан юм. Тэгэхээр нь яасан, юу болсон гэтэл хэл амаар доромжлоод ахыг чинь дээрэлхсэн гэж хэлсэн. Д эгч С ахыг чинь дээрэлхээд байхаар нь би толгой дээр нь чулуугаар цохиод явуулчихлаа гэж хэлсэн... С ирээд миний толгойг яагаад хагалчихваа гэсэн чинь Д эгч би хагалчихсан гэсэн чинь С чи муу миний толгойг хагалдаг хэн бэ? гэж хэлээд Д эгч руу дайраад хэрэлдээд дээрэлхээд байхаар нь би та чинь яаж байгаа юм бэ? гэсэн чинь, яадын гээд, та нарыг ална гээд хэлээд байсан юм. Тэгтэл манай нөхөр болиоч та нар ах дүү нар байж, та нар чинь ах дүүс байж арайчдээ гэж хэлээд С ахыг манай нөхөр аваад салгаад явсан. Тэгтэл хүн гэнэт ёоёолоод орилсон юм. Гайхаад хартал С газарт уначихсан, манай нөхөр хажууд нь байж байсан. Би Д эгчид та яаж байгаа юм, яагаад чулуугаар цохичихвоо хүн алчихлаа гэж хэлтэл өмнөөс юу ч хэлээгүй дугараагүй... Д эгчийн шидсэн чулуу С ахыг оносон юм. Тухайн үед би Б.Б ахын хажууд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр талууд/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С ирчихээд мэнд мэдчихээд надтай мал, өвч бэлчээрийг хэрүүл хийгээд над руу дайраад байсан юм. Тэгээд сүүлдээ та хоёр хүүхдийнхээ толгойг залгисан шүү дээ гээд байхаар нь манай эхнэр уурлаад чулуугаар цохичихсон юм. Чулуугаар тогойных нь духны урд талд цохичихсон юм ... Бид нарыг хэрэлдэж муудалцаж байхад манай хүргэн О та нар садан төрөл хүмүүс байж яагаад байгаа юм бэ? больцгоо гэж хэлээ бид нарын голоор ороод болиулсан. О С-г дагуулаад бид нараа жоохон холдоод явсан юм. Тэгтэл манай эхнэр чулуу аваад С руу шидсэн бөгөөд С-н толгойг оносон бөгөөд С шууд толгойгоо бариад газарт суучихсан юмаа. О ах дүү хүмүүс байж нэгнийгээ аллаа гэж Д-д хандаж хэлсэн юм. С хэсэг толгойгоо барьж сууж байснаа та нарыг бүгдийг нь алнаа гээд босоод ирэхээр нь О болиулаад дахиад цаашаагаа дагуулаад алхаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар талууд/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 380 дугаартай “...1.2. Б.С-н биед баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, толгойн орой, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Б.С-н биед учирсан гэмтлүүдээс баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр талууд/
Хохирогч Б.С-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 79-81 дүгээр талууд/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Д нь Говь-Алтай аймгийн Цогт сумын төв болон Далан багийн нутаг дэвсгэр Нарийн Дөрөлж гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан чулуугаар цохиж түүний биед баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, толгойн орой, зүүн чамархайд зулгаралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан болох нь шүүгдэгч Л.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн шүүх хуралдаанд өгсөн болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.С-г шүүгдэгч Л.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад чулуугаар цохисон талаар мэдүүлсэн хохирогч Б.С, гэрч Н.Б, Ө.О, Б.Ц, С.Н, ББ нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээч Д.Даваахүүгийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар гэсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Л.Д нь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүх, сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /ХХ43-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ75/, хохирогч Б.С-д 5,000,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ104/, хохирогч Б.С-н Прокурорын газарт гаргасан “... Б.С миний бие Д-с хохирлоо барагдуулж авсан ... Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /ХХ105/, Говь-Алтай аймгийн Цогт сумын 2-р багийн Засаг даргын 2021 оны 11 дүүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт /ХХ83/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Д-н хохирогчийн зүй бус харилцаанаас шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ. Үүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзээд оногдуулсан ялаас чөлөөлж болох эрх хэмжээг шүүхэд олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт гэж ойлгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд түүнийг гэм буруутайд тооцсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй, түүнчлэн хохирогчийн зүй бус харилцааны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас түүнийг чөлөөлөх нь дээрх зохицуулалтад нийцэхээр байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.С-д хохиролд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.С-д хохиролд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА