| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/202/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2022-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч О.Б
Шүүгдэгч Г.Н
Иргэний нэхэмжлэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Н-д холбогдох 2116001660003 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овогт Г-н Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н-н 2021 оны 06 дугаар сарын эхэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул, 3-р багийн **** тоотод оршин суух иргэн О.Б-н Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хундаганы мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 679.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Н-н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, асуултад хариулсан “...6 сарын эхээр сум ороод эдний гэр рүү ороод 3 аягыг нь авсан ... Цоожийг нь юмаар хөшөөд онгойлгож орсон ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч О.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... 6 дугаар сарын 7, 8-ны үед хөл хорио болоод манай хүүхдүүд бүгд мал дээрээ очсон. 12 дугаар ангийн хүүхэд шалгалтаа өгөөд ирье гээд явсан чинь авдар дээр байсан гурван мөнгөн аяга алга болсон байсан ... Нэг аягаа аваагүй ... 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн ... Үнэлгээ хийлгэсэн мөнгөтэй нийлээд гурван зуун хэдэн мянга болсон ... Миний хохирлыг барагдуулаад өгөх юм бол өөр гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Иргэний нэхэмжлэгч Б.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... Би тухайн аягыг 8 сард Т-с авсан. Би хурим болох гээд аяга авмаар байна гээд ярьж байсан. Хоёр аяга та авах юм уу гээд надад үзүүлсэн. Ямар үнэтэй юм гэхэд 1,300,000 төгрөг гэсэн. Тэгээд би хүнээс ноолуурын мөнгө авахыг шууд шилжүүлүүлээд авсан. Би хулгайн аяга гэж мэдээгүй авсан. Сүүлд нь О.Б аяга алдсан гээд ярихаар нь би хоёр аяга хүнээс авсан гээд хэлсэн чинь ирж үзээд миний алдагдсан аяга байна гээд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 08 сард би Д.Т гэх залуугаас 2 мөнгөн аяга 1.300.000-д худалдан авсан юм. Гэтэл уг аяга нь хулгайн аяга болж таараад, О.Б гэх эмэгтэй ирж, уг 2 аягыг үзээд миний аяга мөн байна авна гэхээр нь би мөнгөө олж авч байж өгнө гэж хэлээд өгөлгүй явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг аягыг Б-н эхнэр Б гэх хүн 09 сард манайд ирж үзээд манай аяга байна гэж хэлээд явсан. Одоо өөрийн 1.300.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 06 сарын 13-ны өдөр би Эрдэнэ сум руу мал авахаар Н-той хамт явсан юм. Би Э.Б, Г.Б бид 4 хамт явсан юм ... Бид хэд 300-аад мал худалдаж авсан Н 40, 50 мал худалдаж авсан. Тэгээд буцаж ирэх замдаа Хүрэмт гэх газар хоноглосон юм. Тэгэхэд нэг мөнгөн аяга гаргаж ирээд өөрөө цай ууж байсан тэгээд намайг та аяга сонирхох уу гэж хэлээд намайг үзье гэхэд мотоцикль дээрх ганзагалаанаасаа хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хундаганы жижиг мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын аяга 1 ширхгийг надад гаргаж ирж харуулсан. Тэгээд би үзэж байгаад буцаагаад өгсөн юм . Энэ аягыг үзүүлэхэд Б, Б 2 байхгүй байсан юм. Тэгээд хоноод маргааш нь малаа туугаад манайд малаа тууж ирсэн юм. Тэгээд гэр лүүгээ Н явж хонож ирээд намайг та аваадах гээд ятгаад байсан тул 11 эм ямаагаар 2 аягыг нь худалдаж авсан юм. Хуучны дунд гарын аяга, хундаганы жижиг аягыг нь авсан юм. Тэгээд надад байж байгаад би хоёуланг нь Т-т бэлэн мөнгөөр нь 1.200.000 төгрөгөнд өгсөн юм...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 15-16 дугаар талууд/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай нэг гэр сумын төв дээр байдаг юм. Уг гэрээ эзэнгүй орхиод 7 хоногийн хугацаанд хөдөө 2021 оны 06 дугаар сарын эхээр яваад ирэхэд гэрийн цоож эвдлэн хулгай орж, 3 ширхэг мөнгөн аяга авдарнаас алдагдсан байсан юм... Хаалганы цоож эвдлээд орсон байсан юм. Авдар онгорхой байсан. Тэгээд авдарнаас авсан байна билээ... Хуучны шар модон үндсэн тагштай дунд гарын мөнгөн аяга, 2000 оны үед Л гэх хүнээс худалдаж авч байсан. Тэр үед 14 эм ямаагаар худалдаж авсан юм. Нэг ямаа нь 80.000-90.000 төгрөгийн үнэтэй байсан гэхээр 1.200.000 төгрөг орчимд худалдаж авч байсан юм. Овоо их мөнгө орсон хүнд аяга байгаа. Энэ аягаа би 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Жижиг хундаганы мөнгөн аяга 1 ширхэг. Энэ 2000 онд манай нагац ах Б гэх хүнээс бэлгэнд авч байсан аяга, тагш нь шинэ цагийн үеийн аяга юм. Энэ аягаа 1.000.000 төгрөгөнд үнэлнэ. 3 дахь мөнгөн аяга нь хуучны мөнгөн аяга, задлуулаад 2000-аад оны дунд үеэр Улаанбаатар хотод хийлгэсэн. Хүрэн сүүлийн үеийн тагштай аяга байгаа юм. Энэ аягаа 300.000 төгрөгөнд үнэлнэ. Манай эхнэр Д гэх хүнд 2 мөнгөн аяга байна гэхээр нь очиж үзэхэд манай 2 аяга мөн байсан юм. Шинэ цагийн аяга нь О гэх хүнд зарагдсан бололтой. Н гэх залуу л зарсан байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,
Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 09 сард би нутгийнхаа О гэх хүнтэй уулзаад наймаа ярихад намайг чи мөнгөн аяга авах уу? гэхээр нь сонирхъё гээд гэрт нь очиход надад 1 жижиг хундаганы аяганаас арай том, 2 дунд гарын аяга үзүүлсэн юм. Таны аяга юм уу гэхэд үгүй ээ би Н гэх залуугаас худалдаж авсан аяга гэж хэлсэн. Би хоёр аягыг нь 1.200.000 төгрөгт аваад явсан юм. Тэгээд би уг аягыг нь Д гэх сумын төв дээр байдаг хүнд 1.300.000 төгрөгнөөс мөнгөний хэрэг болоод байхаар нь зарсан. Одоо тэр 2 аяга Д ахынд байгаа байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал, ар /,
Гэрч Ё.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 онд хүүхдийн даахь боллоо ах мөнгөн аяга байна уу? гээд надаас ерөөлийн аяга, 1 ширхэг мөнгөн аяга аваад явсан юм. Ерөөлийн жижиг аяга нь хуучны дунд гарын аяга юм. 1 нь шинэ цагийн нэлээд том аяга юм. Тэр 2 аяга авъя гэхээр дандаа худлаа хэлээд хөдөө очихоор сум дээр байгаа гээд сум дээр уулзахад хөдөө байгаа гэж хэлээд байдаг юм. Саяхан уулзахад Н нь цагдаад байгаа шүү мөнгөн аягаа аваарай гэж надад хэлсэн юм. Эхлээд надад О-т зарсан гэж хэлээд, дараа нь надад Д-д зарсан гэж хэлээд, бүр сүүлд нь цагдаад байгаа гэж хэлсэн юм... Эдгээр хоёр аягыг үзлээ. Миний аяга биш байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал, ар /,
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Чандмань сумд хувиараа бизнес эрхэлдэг хот хооронд ачаа зөөдөг юм ... 2021 оны 07 сарын эхээр байх надад ноолуураа өгөөд зөрүүгээ аваагүй байсан тул 1.300.000 төгрөгийг Т гэх манай нутгийн залуугийн данс руу хийлгэж байсан. Ямар учиртай мөнгийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 84 дүгээр тал, ар/
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 06 сарын 10-д гаргаад байх /цаг хугацааг сайн санахгүй байна/ О ах Н гэх тэр залууг дагуулж ирээд Б бид дөрөв Эрдэнэ сумаас явж бог мал худалдан авч ирсэн ... Эрдэнэ сумаас наашаагаа малаа туугаад яваад хээрээр бид хэд хоноглосон юм. Гэтэл Н мөнгөн аяга гаргаж ирээд цай ууж байсан юм. Би тэр аягыг нь барьж бол үзээгүй харахад хуучны нэлээн нүнжигтэй эд шиг л харагдсан. 2 дунд гарын аяга л гаргаж ирсэн юм. Өврөөсөө уг аягануудыг гаргаж ирсэн. Өвөр нь түнтийчихсэн овоо зүйл байгаа бололтой харагдаж байсан. Аяганы наймаа О ахтай яриад байсан тул би сайн ажиглаагүй юм... Ямар ч байсан 2 дунд гарын бололтой аяга гаргаж ирсэн байсан юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 86 тал, ар/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 29-32 дугаар талууд/
Гэрч Д.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 33-36 дугаар талууд/
Гэрч Ё.М-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 40-42 дугаар талууд/
Иргэний нэхэмжлэгч Б.Д-с дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, хундаганы хуучин мөнгөн аяга 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
Хулгайд алдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг гэрч Д.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/
Гэрч Д.Т-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27 дугаар тал/
Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-621/2371 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 70-73 дугаар талууд/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 06 дугаар сарын эхэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул, 3-р багийн 1609 тоотод оршин суух иргэн О.Б-н Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хундаганы мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч 679.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Н-н шүүх хуралдаанд өгсөн “...6 сарын эхээр сум ороод эдний гэр рүү ороод 3 аягыг нь авсан ... Цоожийг нь юмаар хөшөөд онгойлгож орсон...” гэсэн агуулгатай мэдүүлэг, хулгайд алдагдаж биет байдлаар олдсон гэх мөнгөн аягануудыг Г.Н-с Ц.О худалдан авч, Д.Т-т худалдсаныг Б.Д 1,300,000 төгрөгөөр худалдан авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Д, гэрч Ц.О, Д.Т, Н.М, Г.Б нарын зөрүүгүй мэдүүлгүүд, алдагдсан эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, гэрийн хаалганы цоожны эвдэрсэн байдлыг тусгасан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, алдагдсан аягануудыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд гэсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Энэ нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч О.Б-н эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар тал/, Хулгайд алдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг гэрч Д.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/, хохирогч О.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Нэг аягаа аваагүй ... 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн ... Миний хохирлыг барагдуулаад өгөх юм бол өөр гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д-н “... Одоо би өөрийн 1,300,000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал, ар/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Н-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) жил хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч Г.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.
Шүүгдэгч Г.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б-д 679,000 (зургаан зуун далан есөн мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсээс биет байдлаар хуучны дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны хундаганы мөнгөн аяга 1 ширхэг олдсон байх тул эдгээр эд зүйлсийн үнэ 499,000 (дөрвөн зуун ерэн есөн мянга) төгрөгийг хасч, үлдсэн 180,000 (нэг зуун наян мянга) төгрөг болон үнэлгээний төлбөрт хохирогчийн төлсөн 165,500 (нэг зуун жаран таван мянга таван зуу) төгрөг, нийт 345,000 (гурван зуун дөчин таван мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч О.Б-д, биет байдлаар хураагдсан хуучны дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны хундаганы мөнгөн аяга 1 ширхэг аягануудыг худалдан авснаас учирсан хор уршигт 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Д-д тус тус олгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэг шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Г-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-н эдлэх 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялыг 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.Н-д сануулсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Г.Н-с 345,000 (гурван зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулан, хохирогч О.Б-д, 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Б.Д-д тус тус олгож, энэ хэрэг шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА