Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Н.Уранбайгаль /тээврийн прокурор/,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч О.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Д.З-д холбогдох эрүүгийн ************************ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***************” ХХК-д жолооч, механикч ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4-р хороо************************ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ************************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************** овогт Д-ийн Д.З /РД: ***********************-/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.З нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 55 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 3.20 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт, “Гандантэгчинлэн” хийдийн зүүн замд “Х Б” ХХК-ийн эзэмшлийн “Хонда” маркийн “Инсайт” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас дугуйны хий гарчихсан тээврийн хэрэгслийн дугуйнд хий нэмээд сууж байх үед нь 43 настай, эрэгтэй Б.С-г араас нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 3ам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх 12/,

2. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-18/,

3. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/,

4. Д.Зг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19/,

5. Хохирогч Б.С-гийн:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 13-21 тоотод байх гэрийн хашааны үүдэнд бохирын машин ирчихсэн бохир соруулаад байж байсан чинь тухайн машины урд талын дугуйны хий гарчихсан байхаар нь хошуу олж ирээд хий нэмээд хажуу талд нь сууж байсан чинь миний ард талаас юм цохих шиг болоод би урагшаа сөхрөөд унасан чинь намайг миний ард талаар явж байсан суудлын машин баруун урд хэсгээрээ шүргэж зам тээрийн осол гаргасан байна. ...би осол гарах үед хашааны хаалгаа онгойлгоод үүдэнд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

6. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8088 дугаартай шинжээчийн: -

“...Б.С-гийн биед бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 46-47/,

7. Шинжээч Ж.Г-ийн:

“.... Д.С-ийн биед учирсан гэмтэл нь ар нуруу руу руу мөргөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 51/,

8. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 292 дугаартай мөрдөгчийн:

“...Honda insighd маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.З /*****************/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.32-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Явган зорчигч Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэсэн магадалгаа /хх 66-67/,

9. Иргэний хариуцагч Д.А-ын:  

“...уг тээврийн хэрэгслийг би “Хас” банкнаас зээлийн гэрээ байгуулж 2018 онд авсан байдаг. Одоо зээлийн төлөлт хэвийн төлөгдөн явж байгаа. ...бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх 86/,

10. Шүүгдэгч Д.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гараад гадуур ажил хөөцөөлдөж байгаад Гандангийн Туул 13-04 тоот хашааныхаа гадаа ирээд үеэл Чинзоригтой хамт нэг шил 0.75 граммтай архи хувааж уугаад хэсэг жоохон сууж хэвтэж байгаад одоо түрээсэлж амьдарч байгаа Саппорогийн тэнд байх байр луугаа явахаар өөрийн эхнэр Ариунжаргалын эзэмшлийн ********** маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэглээ жолоодоод гандангийн 13 гудамжаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй нарийхан замаар явж байтал эсрэг урсгалын машинууд хажуугаар ойрхон зөрөөд байхаар нь би зорчих хэсгийн баруун тал руу нэлээн шахаад эсрэг урсгалын машинуудаа хараад явж байтал нүдний буланд замын хажууд хүн сууж байгаа юм шиг харагдахаар тоормос гишгээд зогстол тэр сууж байсан хүний ар нуруу луу нь машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ингээд цагдаа ирээд хэмжилт хийгээд тэр хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлж харуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 80-81/,

11.  Шүүгдэгч Д.З-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 38/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 42/, хохирогч Б.С-гийн эмчилгээний зардлын баримтууд /хх 70/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, “-*******” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.З нь Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.З нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.З-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.З нь:

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 55 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 3.20 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт, “Гандантэгчинлэн” хийдийн зүүн замд “Х Б” ХХК-ийн эзэмшлийн “Хонда” маркийн “***********” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.С-гийн “...миний ард талаас юм цохих шиг болоод би урагшаа сөхрөөд унасан чинь намайг миний ард талаар явж байсан суудлын машин баруун урд хэсгээрээ шүргэж зам тээрийн осол гаргасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8088 дугаартай шинжээчийн “...Б.С-гийн биед бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шинжээч Ж.Гийн “.... Д.С-ийн биед учирсан гэмтэл нь ар нуруу руу руу мөргөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

- 3ам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, Д.Зг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 292 дугаартай мөрдөгчийн магадалгаа, Иргэний хариуцагч Д.А-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Түүнчлэн жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байвал зохино.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.З-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

Хохирогч Б.С нь өөрт учирсан гэмтэл болон бусад хохирол төлбөрт баримтаар 510.960 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.З нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.С гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.З нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлаас илүү төлбөрийг хохирогчид төлсөн. Мөн тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.З-д “хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Д.З-гийн хувийн байдлын тухайд оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

Харин шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ буюу 3.20 хувийн согтолттой авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.З-гАвто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Д.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.З-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ