Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт О-ын Б-т холбогдох эрүүгийн **************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хоол хүргэлтийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **************************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ******************** тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,  

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Ц овогт О-ын Б, /РД: *************************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11-р сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө -********************** тоотод хамтран амьдрагч Э.Э-тай “хаалга нээж өгөөгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж дух, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №10933 дугаартай шинжээчийн:

“...Э.Э-ын биед дух, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 21-22/,

3. Хохирогч Э.Э-ын:

“...Би О.Б гэх залуутай анх 2013 оны үед танилцаад 2019 онд гэр бүлийн харилцаатай болсон. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа Н гэдэг 01 нас 03 сартай эрэгтэй хүүхэдтэй, хүүхэд маань миний төрсөн эцэг Энхбаатарын гэрт Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо 361 гармын цаана Р гэх газар байдаг. Би нөхрийн хамт Баянгол дүүргийн 4-р хороо, ****************тоотод 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээслэн амьдарч байна. Манай нөхөр О.Б нь “**********” төвд худалдагчаар ажиллаж байгаад одоо ажилгүй байгаа. Би өөрөө гэртээ хүргэлтийн хоол хийдэг. 2021 оны 11-р сарын 06-ны өдөр нөхөр бид 2 гэртээ байсан. Бид 2 хамт байхдаа Б-ын найзуудаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Манай нөхөр 2021 оны 11-р сарын 06-ны 19 цагаас хойш намайг гэрт байхад зодож биед минь халдаж зодсон 20 цаг өнгөрч байхад бид 2 эвлэрсэн тэгээд зурагт үзээд пиво ууж байсан. Тэгсэн гаднаас миний найз Х нөхөр Б /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ нар ирсэн бөгөөд манай гэрт байж байгаад 23 цагийн үед буцаад явсан. Энэ хооронд Б согтсон байсан бөгөөд намайг “архи авч өг” гэж хэлэхээр нь архи авч өгөөгүй. Б гэрээс гараад явсан хашаа явсан талаар мэдэхгүй байна. Би шөнө гэртээ ганцаараа унтаж байхад 03 цаг өнгөрч байхад гэрийн хаалга тогшоод байсан хаалга нээж өгөхөд манай нөхөр О.Б “чи хаалга нээж өгөхгүй байх чинь яасан юм” гээд намайг зодож эхэлсэн. Би бүтэн цаг гаран гэртээ нөхөртөө зодуулсан. Тэгээд би гэрээсээ гарч зугтаагаад зам таарсан танихгүй хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр надтай гэр бүл болсноос хойш буюу хүүхэд гарсны дараагаас сард 1 удаа зодож цохидог байсан. Би нөхөртөө зодуулах болгондоо цагдаад дуудлага өгч байгаагүй. Толгой руу гараараа, гар утас, гуталтай байхдаа толгойд өшиглөсөн маш олон удаа өшиглөж зодсон. Хөл гар хэсэгт гар хөлөөрөө цохиж зодсон, зүүн мөр хавдсан зүүн чихний хэсэгт цохисон эрүү маш их хөндүүртэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

4. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийн хамтран амьдрагч болох Э-тай 2014 онд анх танилцаж байсан бөгөөд хамтран амьдраад 2 жил орчим болж байна. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань 1 ой 3 сартай. Манай эхнэр Э нь одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд миний ажилд туслалцаа үзүүлдэг. 2021 оны 11-р сарын 06-ны өдөр би гэртээ амарч байсан харин орой нь би өөрийн эхнэр болох Эын хамт 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан ууж байтал эхнэрийн найз Х Б 2 манайд 21 цагийн үед орж ирсэн. Бид 4 нэмж 2.5 литрийн савлагаатай 2 том пиво уусан. Би нэлээн согтож үргэлжлүүлэн архи уумаар болж өөрийн багын найз А-тай уулзахаар 23 цаг үед гэрээсээ гарсан гэрт Э ганцаараа үлдсэн. А бид гурав 0.75 литрийн архийг гэрийнхээ ойролцоо байх нэг буудалд орж уучхаад би буцаад 02 цагийн үед гэр лүүгээ буцсан. Гэрийнхээ гадаа ирээд хаалгаа тогштол манай эхнэр Э- гэрийн хаалга нээж өгөхгүй байж байгаад нэлээн удаж байж гэрийн хаалгаа нээсэн. Энэ үед миний уур хүрч эхнэр Э-ыг том өрөөнд дагуулж орж байгаад түүний толгой нүүр хэсэг рүү нь гар болон хөлөөрөө 3-4 удаа цохисон. Түүний дараагаар эхнэр Э гэрээс гараад яваад өгсөн. Би ч бас гэрээс гараад орц дотроо тасарч унасан байсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 48-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Э.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Б нь:

2021 оны 11-р сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө ****************** тоотод хамтран амьдрагч Э.Э-тай “хаалга нээж өгөөгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж дух, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

- Хохирогч Э.Э-ын “...03 цаг өнгөрч байхад гэрийн хаалга тогшоод байсан хаалга нээж өгөхөд манай нөхөр О.Б “чи хаалга нээж өгөхгүй байх чинь яасан юм” гээд намайг зодож эхэлсэн. Би бүтэн цаг гаран гэртээ нөхөртөө зодуулсан. ...Манай нөхөр надтай гэр бүл болсноос хойш буюу хүүхэд гарсны дараагаас сард 1 удаа зодож цохидог байсан. Би нөхөртөө зодуулах болгондоо цагдаад дуудлага өгч байгаагүй. Толгой руу гараараа, гар утас, гуталтай байхдаа толгойд өшиглөсөн маш олон удаа өшиглөж зодсон. Хөл гар хэсэгт гар хөлөөрөө цохиж зодсон, зүүн мөр хавдсан зүүн чихний хэсэгт цохисон эрүү маш их хөндүүртэй байна...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №10933 дугаартай шинжээчийн “...Э.Э-ын биед дух, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр ... хамтран амьдрагч” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь шүүгдэгч О.Б-аас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, нөгөө талаас ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэл тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц-ууд овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ