| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/113 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
2022 01 20 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2108028000000 тоот хэргийг 2022.01.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мон-Лаа 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигин овогт Г-ын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран паб-бааранд 10-н жилийн нэг ангид сурч байсан гэх Б.Бтэй маргалдан улмаар тус пабын гадна Б.Бий нүүрэн тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх, газарт унагаж толгой, нүүрэн тус газарт нь өшиглөх зэрэг байдлаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Бий: “Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран гэдэг нэртэй паб руу 19 цагийн орчим орсон. Г.Б хажууд сууж байсан хүмүүстэй үл ойлголцоод маргалдаж эхэлсэн. Би Г. хамгаалаад “одоо боль” гээд ардаас нь татсан чинь миний нүүрэн тус газар мөргөчихсөн. Бид хоёр пабаас гараад зодолдож эхэлсэн. Г.Б нь намайг газар унагааж өшиглөж цохисон ба үүнээс болж миний хөмсөг, уруул задарсан. Дээрх гэмтлүүд нь Г.Б намайг цохиж, өшиглөж учруулсан гэмтлүүд. Миний эмчилгээнд шаардагдах эмчилгээний зардлыг бүгдийг барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-19-20/,
- Гэрч Б.Шын: “Б.Г бид хоёр ардаас нь дагаад гартал хоорондоо зодолдсон. Тэгтэл Б.Бий хөмсөг нь задраад цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-30/,
- Гэрч Б.Гийн: “Тухайн үед Б.Б, Г.Б хоёр хажууд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Тэр хүмүүстэй зодоон цохион хийгээгүй. Нэг мэдсэн чинь Б.Бээ, Г.Б хоорондоо “чи намайг цохисон барьсан” гээд маргалдаад байсан. Тооцоогоо хийх гээд байж байтал Б.Бээ, Г.Б тамхи татах гээд гарсан ба нэг мэдсэн чинь Б.Бий уруул ам нь хавдчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-32-33/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11210 дугаартай: “Б.Бий биед хөмсөг, уруулд няцарсан шарх, дух, хацар, хамар, өвдөгт зулгаралт, зовхи, хацар, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-35-36/,
- Шинжээч эмч Н.Тгийн: “Зүүн хөмсөг, дээд уруулын няцарсан шарх, гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-40/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “01 минут 45 секундэд мярайлаг биетэй эрэгтэй хүн нь өндөр туранхай эрэгтэй хүний ардаас нь тэвэрч аван нүүрэн хэсгээр нь цементэн шалан дээр өргөж унагаж байгаа харагдах ба үргэлжлүүлэн зүүн хөлөөрөө нүүрний зүүн хэсэг орчим нэг удаа өшиглөж эсрэг талд нь гаран баруун хөлөөрөө толгойны баруун хэсэг орчим 1 удаа өшиглөхөд туранхай өндөр залуу нь гараараа хамгаалсан байдалтай байгаа харагдах ба 01 минут 50 секундэд пабны үүднээс өөр нэг эрэгтэй хүн гарч ирэн мярайлаг эрэгтэй хүнийг болиулах гэж оролдож байгаа харагдана... 01 минут 57 секундэд мярайлаг эрэгтэй хүн нь туранхай, өндөр эрэгтэй хүний баруун хавирга орчим баруун гараараа 1 удаа цохиж байгаа харагдах ба үргэлжлүүлэн зүүн хөлөөрөө нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөхөд сүүлд гарч ирсэн эрэгтэй хүн мярайлаг биетэй эрэгтэй хүнийг холдуулан салгаж маргалдаж байгаа харагдах ба туранхай өндөр эрэгтэй хүн 2 өвдгөн дээрээ сууж нүүр, ам хэсгээс нь цус гарсан гэмээр байдалтай цементэн дээр шингэн зүйл дусаж байгаа харагдах ба ... хяналтын камерын бичлэг дуусав” гэх тэмдэглэл /хх-7-14/,
- Яллагдагч Г.Болд-Эрдэнийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр... найз Б.Б, Г, Ш нарын хамт 17 цагийн орчим тоглож дуусаад Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хорооллын орчим байдаг Б.Бий гэрийн гадаа очоод 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Бид хэд бөөнөөрөө паб орж тухтай сууя гэж ярилцаад 21 дүгээр хорооллын орчим байдаг Наран пабад орж суусан. Бид дөрөв нийлээд 0,75 литрийн архийг хувааж ууж байх зуур би хажуу талын суудал дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад байж байх үед /тухайн хүмүүстэй юунаас болж маргалдсан талаар санахгүй байна/ Б.Б хүрч ирээд намайг болиулах гээд оролдох үед нь би өөр хүн байна гэж андуураад мөр хавьцаа нь цохичихсон юм. Тэгээд надтай маргалдаж байсан хүмүүс яваад өгсөн ба үүнээс болж Б.Б бид хоёр маргалдаж зодолдсон юм. Яг хаашаа нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Тухайн хяналтын камерын бичлэгт би бичигдсэн байна. Ноосон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, арай мярайлаг биетэй нь би байгаа юм. Өндөр туранхай биетэй, халзан, юүдэнтэй цамцтай эрэгтэй хүн нь Б.Б байна. Б.Бийг газар өргөж унагаад газар унасных нь дараа өшиглөж цохисон хүн нь би байна. Би эмчилгээний зардлыг бүгдийг барагдуулсан байгаа. Би өөрийн хийсэн үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин тийм үйлдэл гаргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-144-145/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь пабад бусадтай маргалдсаныг болиулах шаардлага тавьсан хохирогч Б.Бийг цохисон гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Б.Бий нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, үүрч газарт унагаж толгой, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “хөмсөг, уруулд няцарсан шарх, дух, хацар, хамар, өвдөгт зулгаралт, зовхи, хацар, уруулд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Б.Бий мэдүүлэг /хх-ийн 19-20/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11210 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/, Г.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь “бусадтай маргалдаж байхдаа Б.Бийг цохисон” гэх шалтгааны улмаас нэг ангид хамт сурч байсан гэх Б.Бтэй маргалдаж хохирогчийн нүүр рүү нь цохих, толгойгоороо мөргөх, үүрч газарт унагаж толгой, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр цохиж зодож Б.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь “эмнэлгийн зардлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж /хх-ийн 153/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.Бэс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Б нь хариуцан арилгах үүрэгтэй байна. Хохирогч нь эмчилгээтэй холбогдон 155550 төгрөг зарцуулсан баримтыг гаргаж өгсөн /хх-86/ ба хохирогчоос Прокурорын газарт “...Г.Б хийсэн хэрэгтээ гэмшин миний биед учирсан гэмтлийн эмнэлгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан үнэн болно. Иймд миний бие Г.Бд гомдол саналгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт / хх-153/ гаргаж, иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх хохирогчийн хүсэлтийг хангаж, өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Г.Бэс жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-137/
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Бийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй” гэх хүсэлт гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болон шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б-ийн орлогын байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Г-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Г-ын Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бд оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд сар тутамд 200000 төгрөг төлөх байдлаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Бд 300000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Б нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Г.Бэс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Г.Бд мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал Г.Бд холбогдох 2108020000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ