Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

       2022          01          20                                   2022/ШЦТ/115

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 2108030000000 тоот хэргийг 2022.01.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойтын 000-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Хар малгайт овогт Д-ын Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буман-Өлзий хорооллын 000 дугаар байранд 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ц.Бгийн нүүрэн тус газарт цохиж, улмаар түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Бгийн: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр... Гэтэл тэр намхан бүдүүн Д.Н гэдэг нь өөдөөс салаавч гаргаад “дуудахгүй юу” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ олон нийтийн газар байгаа гэдгээ мэдэж байна уу” гэхэд шууд намайг үсдэж дараад гараараа миний баруун нүд рүү доороос өлгөж нэг удаа цохиход миний нүүрэнд гал манас хийгээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-24-31/,

- гэрч И.Эгийн “тус 204 тоотоос 2 танихгүй эмэгтэй гарч ирээд хаалга нь хаагдсан. Тэр хоёр эмэгтэйд Байгальмаа эгч та нар чимээгүй бай, унтаж амармаар байна” гэсэн чинь нэг намхан махлаг эмэгтэй нь Байгальмаагийн үснээс нь зулгаахаар нь би салгах гээд очтол нөгөө хүүхэн нь намайг үсдээд салаад зогсож байтал тэр намхан эмэгтэй нь над руу үснийхээ хавчаарыг аваад шилэж миний нүдийг оносон. Над руу хавчаар шидсэн эмэгтэйг Уянга, нөгөө нэг эмэгтэйг нь Н гэх нэртэйг нь сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-7-8/,

- Сэжигтэн М.У.ын: “би гутлаа өмсөөд гараас нь гараад хаалганы үүдээр дөнгөж гарч байтал өөдөөс үл таних 2 эмэгтэй гарч ирээд “болиоч, энд хүмүүс унтаж амарч байна” гэхээр нь би “танай гэрт ууж идсэн юм уу, муу сайн түрээсийн байрны хаягийн п..а” гэх зэргээр хэлсэн. Тэгээд хэн нь түрүүлж цохьсон юм мэдэхгүй, нэг мэдэхэд бид нар хоорондоо үсэлцэд зодолдож байсан ба Отгондаваа хаалгаа хаагаад цоожлоод дотогш орчихсон, бид 4 гадна үлдсэн. Тэгээд хоорондоо үсдэлцээд зодолдож байх үед толгойгоо дээш савахад миний үсний хавчаар хойно зогсож байсан хүүхний нүдийг оночихсон ба “нүд сохолчихлоо” гэж орилоод байсан. ...нэлээн согтолттой байсан. Зарим зүйлийг үнэндээ санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-43-44/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11976 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Бгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-33-34/,

- Яллагдагч Д.Нгийн: “Би У-г өмөөрч маргалдаад Бтай үсдэлцэж байгаад нүүр рүү нэг удаа цохисон байсан. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж гэмшиж байна. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-87-91/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Д.Нгийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Бгийн нүүр хэсэгт нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Ц.Бгийн мэдүүлэг /х.х-ийн 24-31/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11676 дугаартай дүгнэлт /хх-33-34/, Д.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Ц.Бгаас хууль ёсны шаардлагыг тавихад түүнийг үл тоож хохирогчийн нүүр рүү цохих, үснээс зулгаах зэргээр цохиж зодож Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул Д.Нг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Ц.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Д.Нгаас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Д.Н нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бгийн: “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр... Гэтэл тэр намхан бүдүүн Д.Н гэдэг нь өөдөөс салаавч гаргаад “дуудахгүй юу” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ олон нийтийн газар байгаа гэдгээ мэдэж байна уу” гэхэд шууд намайг үсдэж дараад гараараа миний баруун нүд рүү доороос өлгөж нэг удаа цохиход миний нүүрэнд гал манас хийгээд явчихсан. ...Би энэ асуудлаас болж 7 хоног ажилдаа явж чадаагүй ба өөрийнхөө өмнөөс өдрийн 60000 төгрөгөөр хүн цалинжуулж ажиллуулсан. Мөн үс зулгааснаас болж маш их үс унасан. Үс залгуулсан үйлчилгээний хөлс 250000 төгрөг болсон. 7 хоногт 3 өдөр бараа татсан ба хөлсний хүн явуулахад 25000 төгрөг болсон нийт 75000 төгрөг, ингээд надад учирсан нийт хохирол 745000 төгрөгийн хохирол учирсан энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна. Энэ хохирлыг барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй ээ. Надад цалин олгосон баримт дансны хуулгаараа, үс залгуулсан баримт падаанаар байгаа такси хөлслөхөд бол бэлнээр өгчихсөн байгаа” гэж мэдүүлсэн /хх-24-31/ боловч хавтаст хэргийн материалтай танилцаад “...хохирлын мөнгө болох 600000 төгрөг хүлээн авсан. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж /хх-108, 112/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд хохирогч иргэний нэхэмжлэлээс татгалзсан тохиолдолд шүүх санаачилгаараа иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах үндэслэлгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Д.Нгаас жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Д.Н урьд тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эдэлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-76-80/ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, хохирогч Ц.Бг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ц.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Нгийн орлогын байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Мөн өмнө нь адил төрлийн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзээд шүүгдэгч Д.Нд оногдуулсан торгох ял дээр нэмж, 7 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хар малгайт овогт Д-ын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хар малгайт овогт Д-ын Нд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нд оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ял дээр нэмж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоон/ сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Бд 600000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Бгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндийн гэм хор арилгахтай холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Нгаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй, мөн шүүхээс оногдуулсан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Нд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ