Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баттогтохын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Баттогтохын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 53 780 230 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Онолбаатарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Баттогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Бат-Ололт

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр .нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хашиж байгаад 2013 оны 12 дугаар сарын 26-нд хууль бусаар ажлаасаа халагдсан. Ажпаас халагдсанаас хойш шүүхэд хандсан. Ингэж яваад 2014 оны 09 дүгээр сарын 29-нд анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэр гаргасан. Иймд би анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах хүсэлтэй байна. Ажлаас халагдахаас өмнө би зохих нэмэгдэл аваад нийт 1 300 000 төгрөгийн цалин авдаг байсан. Намайг ажилд эгүүлэн томилсноос хойш миний албан тушаалын цалин 2 удаа өөрчлөгдсөн байна. Нэмэгдлүүдийн хамт 1 950 000 төгрөг, 2 430 000 төгрөг болж 3 өөр дүнгээр цалин өөрчлөгдсөн харагдаж байгаа учраас шүүхээс гурван цалингийн дунджаар бодож миний цалинг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Өнөөдрийн өдрийг хүртэл хугацааны 3 сарын дунджаар цалинг тооцоолж үзэхэд 46 428 837 төгрөгийг шүүхээс гаргуулахыг хүсэж байна Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. 2013 онд ажлаас халагдах үед өөртөө тушаал гаргаж нэмэгдлийн хувийг нэмээгүй учраач 15 хувийн нэмэгдэлтэй явж байсан юм билээ. Намайг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсны дараа “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын цалин 1 500 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Контрактын гэрээ гэдэг бол зөвхөн н.Онолбаатар гэдэг хүнтэй байгуулсан гэрээ биш үр дүнгийн шагналаараа л өөр байдаг. Энэ гэрээ нь Биокомбинатын захиралтай байгуулж байгаа гэдгийг тодруулж байна. 1 500 000 төгрөгийг тодорхой хугацаанд авч байсан. Үүн дээр нэмэгдлүүдийг нэмэхээр 1 905 000 төгрөг болж байгаа. Мөн үүнээс хойш 2015 оны 8 сараас хойш захирлын цалин 1 800 000 төгрөг болж нэмэгдсэн, дээр нь миний докторын зэрэг болон удаан жилийн нэмэгдэл нэмэгдээд 2 430 000 төгрөг болж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 524 хоног ажилгүй байгаа учраас дээрх 3 цалинг нэмээд гуравт хуваагаад дундаж цалинг гаргахад 1 905 000 төгрөг болж байна. Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад 88 604 төгрөг миний нэг өдрийн цалин болж байгаа юм. Ингээд нийт 46 428 837 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгчид тухайн үед захирал хийж байсан хугацааны цалинг олгоно. Харин одоогийн өөрчлөгдсөн хугацааны цалинг олгох боломжгүй гэдгийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/222 дугаартай албан тоотоор тайлбар хүргүүлсэн байгаа. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас 2013 онд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Тэр хугацаанаас давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалинг олгох боломжтой.Төрийн өмчийн хороо, үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь манай байгууллагын захирлыг томилох ажиллуулах асуудлыг шийддэг учраас н.Онолбаатар гэдэг хүн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн захирлаар ажиллаж эхэлсэн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагад одоо захирлаар ажиллаж байгаа н.Онолбаатар гэдэг хүний авч байгаа цалингийн хэмжээгээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ, контракт гэрээ гэдэг нь хоёр өөр гэрээ юм гээд хуульчилж өгсөн байдаг. Контракт гэрээ гэдэг нь тухайн хувь хүнтэй байгуулдаг тухайн хүний ажиллах чадвар, мэдлэг ур чадвартай холбоотойгоор хийгддэг гэрээ юм. Үүнийг нэг төрлийн онцгой гэрээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл н.Онолбаатар гэдэг хүнтэй хэн ямар хуулийн этгээд контрактын гэрээ байгуулсан юм бэ гэхээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар хөдөлмөрийн контрактын гэрээ хийсэн. Энэ нь н.Онолбаатар гэдэг хүний ур чадвар мэдлэгийг үнэлж 1 500 000 төгрөгийн цалин өгье. Энэ нь байгууллага үйлдвэрлэлийн үр ашиг, ажиллагчдын бүтээмж гэх мэт маш олон зүйлийг уялдуулан зөвхөн н.Онолбаатар гэдэг хүнтэй хийсэн онцгой гэрээ юм Түүнээс биш урд нь ажиллаж байсан нэхэмжлэгч нь одоо би н.Онолбаатартай адил цалин авна, хөдөлмөрийн гэрээ нь контрактын гэрээтэй адил юм гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Эдгээр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулиар еөрөөр зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн цалин хөлсийг өөрийнх нь урд авч байсан цалин хөлсний хэмжээгээр тооцож өгнө үү гэж хүсэж байна. Мөн энэхүү зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн урд авч байсан цалингийн дундаж хэмжээгээр цалинг нь олгоно гэж үзэж байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-аас 41 632 324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баттогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 796 513 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56,2, 60.1 дэх хэсгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676 572 төгрөгийн 366 112 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 310 460 төгрөгийг улсын төсөвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Баттогтоход буцаан олгож, хариуцагчаас 366 112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Онолбаатар давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллага нь Төрийн өмчийн байгууллага бөгөөд байгууллагад ажиллагсдын орон тоо, цалин хөлс, тэр дундаа байгууллагын захирал миний цалин хөлсийг хүртэл төрийн байгууллагууд буюу ХХААХҮЯ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдэж шийдвэрлэдэг ба миний хувьд өөрийн дураар орон тоо гаргах, эсвэл хэн нэгэнд дур мэдэн цалин хөлс олгох, ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ тухай би өөрийн биеэр оролцсон шүүх хурлууд дээр олон удаа хэлж, ярьж байсан ба тэр ч байтугай анхан шатны шүүхэд хандан, уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн төрийн байгууллагыг татаж өгөхийг хүсч, хүсэлт гаргаж байсан. Энэхүү хэрэг маргааны жинхэнэ хариуцагч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн төрийн байгууллага буюу манай дээд шатны байгууллага байх ёстой гэж бид үзэж байна.

            Хэдийгээр энэ хэргийн нэхэмжлэгч тал болох Б.Баттогтохыг шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллагын буюу "Биокомбинат" ТӨААТҮГ-ын захирлаар эргүүлэн томилж, түүнд ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн боловч, тухайн шүүхийн шийдвэрийн дагуу буюу 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Баттогтохын цалинг тооцохдоо 1 сарын цалинг 990 000 төгрөгөөр тооцоолсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Баттогтохын цалинг түүний тухайн үед захирлаар ажиллаж байхдаа авч байсан цалинг сүүлийн 3 сарын дунджаар тооцсонд хариуцагч талын зүгээс гомдолтой байна.            Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баттогтохын сарын цалингийн дунджийг тооцоолохдоо 2013 оны 11 дүгээр сарын цалинг 2 546 748 төгрөг гэж тооцоолсон бөгөөд энэ нь үндэслэлгүй тооцоолол гэж бид үзэж байна. Учир нь энэхүү 11 дүгээр сарын цалин болох 2 546 748 төгрөг бол тухайн үед манай байгууллагын захирлаар ажиллаж байсан Б.Баттогтохын амралтын мөнгө давхар бодогдож гарсан цалин бөгөөд үүнийг шүүх анзааралгүйгээр, буруу тооцоолж цалингийн хэмжээг гаргасан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс хэрэв шүүх нэхэмжлэгч Б.Баттогтохын цалинг тооцоолж гаргаж байгаа бол түүний сарын цалинг урьд өмнө гаргаж байсан шүүхийн шийдвэрт заасны дагуу 990 000 төгрөгөөр тооцох ёстой байсан. Ингэж тооцвол түүний нэг өдөрт авах цалин нь 990 000 х 22 хоног=45 000 буюу ажлын 1 өдөрт Баттогтох нь 45 000 төгрөгний цалинг тухайн үед авч байсан. Нэг өдрийн энэ цалингийн хэмжээг Б.Баттогтохын ажилгүй байсан хугацаа буюу 424 хоногоор үржүүлбэл 45 000 х 424 хоног = 19 080 000 төгрөг болж байна. Анхан шатны шүүх нь Б.Баттогтохын ажилгүй байсан хугацааг 524 хоног гэж тооцсон ба манай байгууллагын тооцоогоор 424 хоног Б.Баттогтох нь ажилгүй байсан гэж үзэж байна. Тиймээс хэрэв шүүх Б.Баттогтоход ажилгүй байсан хугацааны цалинг нь олгохоор шийдвэрээ гаргаж байгаа бол 19 080 000 төгрөгийг гаргах ёстой бөгөөд манай байгууллагын төсвийг удирдах дээд байгууллага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэхэмжлэгчид дээрх мөнгийг олгох ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Ажилтныг ажлаас хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой олговор шаардах эрхийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Нэхэмжлэгч Б.Баттогтох нь хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 46 428 837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “тус байгууллага хариуцагч биш” гэж маргажээ.

           

            Нэхэмжлэгч Б.Баттогтох нь Төрийн өмчийн хорооны 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаартай тогтоолоор “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажиллаж байгаад тус хорооны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн олговрыг дундаж цалинг 990 000 төгрөгөөр тооцож /нэг өдрийн дундаж цалин 45 000 төгрөг/ хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байсан үйл баримт хэрэгт авагдсан дээрх шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогджээ. /хх 16-46/

 

            Дээрх шийдвэрийн дагуу Б.Баттогтохыг хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажилд буцаан томилоогүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан журмыг зөрчиж, өмнө нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоохдоо мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчоос төлбөл зохих олговрын хэмжээг 990 000 төгрөгөөр тооцсон шүүхийн шийдвэр гарсан байгааг анхаараагүй нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг ажлаас халагдсанаас хойш үндсэн цалин 990 000 төгрөгөөс 1 500 000 төгрөг, 1 800 000 төгрөг болж тус тус нэмэгдсэн, удаан жилийн болон докторын нэмэгдлийг нэмэхэд 1 950 000 төгрөг, 2 430 000 төгрөг болсон тул цалингийн дундаж 1 905 000 төгрөгийг ажилгүй байсан 524 хоногоор тооцон 46 428 837 төгрөг болно” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн ажил олгогчоос ажилтанд төлбөл зохих олговрыг хамгийн сүүлд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор заасан болохоос тухайн албан тушаал өөрчлөгдсөн цалин хөлсийг шаардах эрхийг олгоогүй юм.

 

            Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 524 хоногийн цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 45 000 төгрөгийг ажилгүй байсан 524 хоногт тооцон 23 580 000 төгрөг /990 000 төгрөг : 22 хоног = 45 000 төгрөг х 524 хоног/-ийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.

           

            Дэээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...41 632 324 төгрөг...” гэснийг “...23 580 000 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...366 112 төгрөг...” гэснийг “...275 8500 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 712 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН